Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.ГАНЗОРИГ: Ерөнхий прокурорыг шахсан асуудал байхгүй

-Улсын Ерөнхий прокурор М.Алтанхуягийг Ерөнхийлөгч хүсэлтийнх нь дагуу чөлөөлж, өнөөдөр (өчигдөр) Тамгын газрын дарга Д.Дорлигжавын нэрийг УИХ-д санал болгосон байна. Шинэ Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн цагаас л М.Алтанхуягийг огцруулах асуудал хөндөгдсөн. Тиймээс түүнийг шахаанд орж өр гөдлөө өгсөн гэсэн яриа байна. Үүнийг та юу гэх вэ?

-Манай зүгээс бол тийм асуудал байгаагүй.

-Нэг албан тушаалтныг өөрчилснөөр шүүхийн байгууллагын шинэчлэлийг хийж чадах уу?

-Бид шүүх эрх мэдлийн хүрээний байгууллагын шинэтгэлийг гүнзгийрүүлэх тухай хөтөлбөр боловсруулаад явж байна. Өнгөрсөн сарын 15-нд ҮАБЗ-ийн хурлаар уг хөтөлб өрийг хэлэлцээд дэмжсэн. Үү ний хүрээнд шүүх, эрх мэдлийн бай гууллагын бо ловсон хүчнийг шинэчлэх, тогтолцоог өөрчлөх, үйл ажиллагааг нь зохицуулах хуулийг боловсронгуй болгох арга хэмжээ авч байна. Шүүх эрх мэдлийн хүрээний нэг чухал байгууллага нь прокурор. Тиймээс энэ бол хөтөлбөрийн хүрээнд хийж буй, шударга ёсыг тогтоож, шүүх эрх мэдлийн байгууллагыг шинэчлэх ажлын нэг хэсэг юм.

-Намын харьяаллаар нь “ялгаварласан” юм биш үү?

-Ерөнхий прокурор бол өргөн эрх мэдэлтэй, төрийн өндөр албан тушаал. Уг албан тушаалд намаас түдгэлзсэн хүнийг томилдог. Ерөнхий прокурор хүн намын байр суурийг баримталж ажиллах боломжгүй. Ингэвэл шүүн таслах үйл ажиллагаа шударга байж чадахгүй. Шударга ажиллах хүнийг л энэ албанд томилох ёстой. Ерөнхийлөгч шударга байх явдлыг энэ томилгооны гол шалгуур болгож байгаа.

-Тэгэхлээр М.Алтанхуяг шударга ажиллаж чадаагүй гэсэн үг үү?

-Шүүх, прокурорын байгууллага шударга бус ажиллаж буй нь иргэдийн гомдол, мэргэжлийн байгууллагуудын судал гаа, хэвлэлийн мэдээллээс тодорхой харагдаж байгаа. Бид гадаад, дотоодын 6-7 байгууллагын сүүлийн таван жилд хийсэн судалгааг авч үзсэн. Судалгаанд оролцогчдын 70-90 хувь нь “Шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа хангалтгүй, тэд шударга бус ажиллаж байна” гэж хариулсан байгаа. Иргэд шүүх, прокурорын байгууллагын үйл ажиллагаанд ийм дүгнэлт өгч энэ хүмүүсийг өөрчлөх талаар санал гомдол гаргаж байгаа учир Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасан үүргийнхээ дагуу ажиллаж байгаа юм.

-Төрийн албан хаагчид намын харьяаллаас гар сан ч үзэл баримтлал, итгэл үнэмшил нь шууд өөрчлөгдчихгүй. Ерөнхий прокурор өргөдлөө өгсөнтэй холбоотойгоор оронд нь АН-аас Б.Дэлгэрмаа, Д.Дорлиг жав, МАХН-аас Ц.Шаравдорж, Ж.Бям бадорж нарын нэрийг дэвшүүлэх таамаг өрнөлөө. Цаана нь намын харьяалал байсаар байгаа юм биш үү. Д.Дорлигжав гуайг ямар шалгуураар онцолж сонгосон бэ?

-Хууль дээдэлж, шударга ажиллах чадвартай, үнэнч үү гэдгийг хамгийн гол шалгуур болгоно. Мөн төрийн болон хуулийн байгууллагад ажилласан жил, арга туршлагыг үндэслэсэн. Д.Дорлигжавыг Ерөнхийлөгч сонгож, УИХ-тай зөвшилцөхөөр санал болгосон. Шүүх эрх мэдлийн байгууллагын шинэтгэлийн тухай хөтөлбөрийг боловсруулахад оролцсон байдлыг нь ч бас харсан.

-Таны бодлоор нэр нь хэвлэлээр “сойгдсон” эрхмүүд тэр шударга гэсэн тодорхойлолтод тэнцэх үү?

-Би Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх учир тэдний талаар хувийн бодол, байр сууриа илэрхийлэх боломжгүй.

-Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг МАХН-ын бүлэг холбогдох төслүүдийг өргөн барихаар хамт ярилцахар түр хойшлуулъя гэсэн. Холбогдох өөр ямар хуулийн төсөл байна вэ. Түүнийг хэзээ өргөн барих вэ?

-МАХН асуудлыг судлахаар Ажлын хэсэг байгуулсан юм билээ. Бид тэдэнтэй уулзаж, санал солилцоно. Тэд нэг их удалгүй бүлгээрээ хэлэлцэх байх. Дөрвөн жилийн хугацаанд 20 гаруй хуулийг шинээр болон нэмэлт, өөрчлөлт оруулж боловсруулахаар дээрх хөтөлбөрт тусгасан.

Одоо Шүүхийн шинэтгэлтэй холбогдолтой Шүүхийн, Шүүгчийн эрх зүйн байдлын, Шүүгчийн хамтын нийгэмлэгийн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн тухай гэсэн дөрвөн хуулийг боловсруулаад байна. Дахин нэг ярьж нэгтгээд Засгийн газраас санал аваад УИХ-д өргөн барина.

-Анхаарлын төвд байгаа бас нэг асуудал бол Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тухай хуулийн төсөл. Үүнийг нууцын зэрэглэлтэйгээр өчигдөр Бүлгүүдээр хэлэлцсэн. Тусгай зөвшөөрөл шинээр олгохыг л төсөлд хориглосон юм уу?

-Энэ асуудлыг эхлээд ҮАБЗ дээр хэлэлцсэн. Тэнд тавьсан илтгэл нь нууцын зэрэглэлтэй байсан. Төрийн нууцад хамаарах зарим нарийн мэдээлэл байсан. Тиймээс төслийн танилцуулгад дурдсан мэдээллүүдийг нууцлах шаардлагатай байсан. Ерөнхийлөгч өнгөрсөн сарын 20-нд тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, шинээр олгохыг зогсоох чиглэл гаргаж, ҮАБЗд бичиг явуулсан. Харин энэ хуулийн төсөлд зөвхөн шинээр тусгай зөвшөөрөл олгохыг хориглохоор тусгасан. Шилжүүлэх ажил нь хуулийн дагуу үргэлжилнэ гэсэн үг.

-Уул уурхай, лицензтэй холбоотой хууль хэрэгжихэд бэрхшээл үүсдэг. Элдэв ашиг сонирхол хөндөгддөг, хамгаалдаг. Энэ төслийг хэлэлцэхээс МАХН-ын бүлэг завсарлага авчихсан байна. Хуулийг хэрэгжүүлэхэд иймэр хүү бэрхшээл гарах болов уу?

-Аливаа хуулийг хэрэгж үүлэх гэж л баталдаг. Тиймээс эргэлзэх зүйл байж болохгүй, хууль батлагдвал шинээр лиценз олгохыг заавал зогсооно.


С.ТУУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.