Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.БЯМБАЖАРГАЛ: УРТЫН ДУУГ ХӨГЖИМГҮЙ, ГАНЦААРАА ДУУЛАХ САЙХАН

 Ардын дууг хүрээ хэв маягаар дуулж, сайхан инээмсэглэл, цээл хоолойгоороо олны танил болсон “Түмэн эх” чуулгын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Г.Бямбажаргалтай ярилцлаа.

-Та сүүлийн үед ямар уран бүтээл хийж байна. Уран бүтээлийн олз омог их байна уу?

-Оны өмнөхөн Орхон, Дархан-Уул аймагт тоглоод ирсэн. Ирэх дөрөвдүгээр сарын эхээр ӨМӨЗО-д “Хүрээ хүүхнүүд” тоглолтоо хийхээр бэлтгэлдээ орчихоод байна. Шинэ оны эхэнд танай сониноор уншигч түмэнтэйгээ уулзаж байгаа нь энэ жилийн ажлын маань эрч хүчийг нэмж байна. Төмөр туулай жил амжилт бүтээлээр дүүрэн, зөөлөн, сайхан жил болох байх.

-Танай удамд дуучин хүн бий юү. Ер нь хэзээнээс дуулах болсон бэ?

-Байхгүй. Харин хүй боож авсан ээж маань сайхан дуулдаг, авьяастай хүн байсан гэсэн. Аав, ээж намайг тэр хүнийг дуурайсан гэж ярьдаг. Хүүхэд байхаасаа л урлагийн үзлэг, соёлын арга хэмжээнд оролцдог, дуулж, бүжиглэх сонирхолтой хүүхэд байсан. Чингис, Чулуунжав гээд дуу хөгжмийн багш нар маань дуулах сонирхлыг минь төрүүлж өгсөн ачтай хүмүүс.

Яагаад заавал ардын, уртын дууг сонгож дуулах болсон юм бэ?

-Уг нь би СУИС-д орохдоо ардын жүжигчин А.Загдсүрэн багшийн удирдсан дуурийн дуулаачийн ангид орсон. 14 хоног хичээллээд л надад тохирохгүй, чадахгүй гэдгийг мэдсэн. Хөдөө өссөн надад гамм унших нь миний дуулах арга барилаас их хол хөндий байсан тул багшдаа уртын дууны ангид орох хүсэлтэй байгаагаа хэлснээр төрийн шагналт, ардын жүжигчин Н.Норовбанзад багшийн шавь болсон. Тэр үед СУИС зургаан жилийн с у р г а л т т а й байлаа. Сүүлийн гурван жилд нь Норовоо багшийн бие нь ядарч, би соёлын тэргүүний ажилтан Ц.Дэлгэр багшийн ангид шилжсэн.

СУИС төгсөж байхдаа зөвхөн уртын дуу дуулдаг байлаа. 1997 онд “Түмэн эх” чуулгад орохоор шалгуулахдаа “Уртын дуу л дуулж чадна” гээд хэдэн дуу дуулж шалгуулсан. Тэгтэл чуулга цөөн дуучинтай тул ардын дуу зайлшгүй сур гэлээ. Анх “Хөх торгон цамц”-ыг дуулж сурсан. Тухайн үеийн манай ахмадууд залуу үеийнхэндээ зааж сургадаг, халамжтай хүмүүс байсан. Дуучдаас гадна олон жилийн туршлагатай ахмад хөгжимчид ардын дуу дуулах арга барилыг харамгүй зааж өгсөн.

-Таныг дуучин Ж.Алтанцэцэгийн ардын дууны цомог гарахад тусалсан гэж сонссон?

-Алтанцэцэг бид хоёр СУИСийн дуулаачийн ангийн нэг төгсөлтийнх. Ерөнхий эрдмийн хичээлдээ хамт сууна. Өнгөрсөн жил Алтаа студи байгуулаад намайг ирж сонирхооч гэсэн. Мөн студидээ ардын дуу дуулах сонирхолтой байгаагаа хэлэхээр нь чуулгынхаа хөгжимчдийг тоглуулж, дуулах арга барил дээр нь зөвлөж, зааж тусалсан. Дуулаачийн мэргэжлээр төгссөн дуучин болгон бүх төрлийн дуу дуулна гэж байхгүй. Тиймээс эстрадын дуучин ардын дуу дуулна гэдэг хүнд.

-Тэгвэл та өөрөө хэчнээн цомог гаргаж байсан бэ?

-“Түмэн эх” чуулгад орсныхоо дараа уртын зургаа, ардын болон зохиолын тус бүр дөрвөн дуутай “Урьхан хонгор салхи” цомгоо анх гаргаж, өөрийгөө ямар дуучин, ямар төвшинд дуулж байна вэ гэдгээ шалгасан. 2004 онд “Дөрвөд далай нутаг мину зэ” гэсэн төв халх болон баруун монгол ардын дууны цомог, өнгөрсөн онд “Дөрвөн цагийн тал” цомгоо гаргасан. Харин энэ жилдээ багтаад уртын дууны хоёр цомог гаргах бодолтой байна. Мөн хөгжимчин Чулуунцэцэгтэй хамтарсан “Хүрээ хүүхнүүд” тоглолтынхоо дуунуудыг цомог болгохоор төлөвлөж байгаа.

-Та дуулж байхдаа их гоё инээмсэглэдэг. Бас сайхан шүдтэй. Ер нь нүүрний баясгалантай дуулах хэцүү байдаг уу?

-Ер нь би инээд муутай. Мэргэжилдээ дуртай болохоор дуулж байхдаа дотроосоо гэрэлтэж, үзэгчдэд сайхан эрч хүч өгөх ёстой гэж боддог. Албаар инээнэ гэж байхгүй л дээ. Манай эмээ их сайхан шүдтэй хүн байсан гэдэг. Ер нь манай гэрийнхэн шүд сайтай.

-Дуучин хүнд хувцас их чухал байдаг. Таныг хараад байхад тайзан дээр их гоё гуталтай гарч ирдэг? –

Эмэгтэй хүн, тэр тусмаа урлагийн хүн болохоор сайхан харагдаж, зөв бүрэн хувцаслахыг хичээдэг. Гоё ганган гуталд дуртай. Тиймээс эндээ загварын гутал захиалж хийлгэдэг. Манайхан “Бямбаа яасан гоё гутал өмсөө вэ, хэнээр хийлгэсэн юм” гэдэг. Гэхдээ бас захиалж хийлгэсэн гутлаа нийтийнх болгочихгүй санаатай.

-Тоглолтын гутал захиалгаар хийлгэхэд үнэтэй юү?

-Нэг гутлыг 120 мянган төгр өгөөр хийлгэдэг. Өдөр болгон тоглолтод ордог болохоор гутал дороо мууддаг. Хүмүүсийн өмнө халцарсан, майжгий гуталтай гарах онцгүй шүү дээ. Хүмүүст байнга сайхан харагдаж, урлагийн хүн байна гэдэг бурхнаас өгсөн хишиг гэж боддог.

-Та багадаа их сэргэлэн хүүхэд байсан уу. Ер нь ямар зан чанартай вэ?

-Шударга. Ер нь их түргэн зантай. Бас шаардлага өндөртэй. Өөртөө ч, хүүхдүүддээ ч өндөр шаардлага тавьдаг. Гэхдээ юмны эцсийг харахдаа муу юм шиг байгаа юм. Багадаа бол сэргэлэн, сурлага сайтай хүүхэд байсан. Бүлгийн дарга хийгээд л явж байлаа.

-Дуулахаас өөр ямар авьяастай вэ?

-Хүүхэд байхдаа сагс, волейбол, теннис тоглодог байсан. Одоо чөлөөт цагаараа усан санд сэлэх дуртай. Бас хөгжим тоглох сонирхолтой. Чингис багшийнхаа ачаар ятга, шанз, ёочин зэрэг үндэсний хөгжимд ганц хоёр дуу тоглох дайны болсон. Гитар сайн тоголно. Одоо харин хумсаа ургуулаад, гоёчихсон болохоор болохгүй байна.

Хэрвээ дуучин болоогүй бол ямар мэргэжлийг сонгох байсан бол?

-Хэрэв дуучин болоогүй, хотод амьдардаг байсан бол сэтгүүлч болох байсан гэж боддог. Сэтгүүлчийн мэргэжил их сайхан. Олон хүнтэй уулзаж, өдөр бүр шинэ мэдээлэл авч, түүнийхээ хэрээр мэдлэгтэй болдог. Охиноо сэтгүүлч болгох бодолтой. Одооноос бэлтгэж байгаа. Биднийг бага байхад одоогийнх шиг мэдээлэл хөгжөөгүй байлаа. Урлагийн бригад ирж тоглохоор ийм гоё дуучин болохсон л гэж боддог байсан.

-Охин гэснээс гэр бүлийнхнээ танилцуулахгүй юу?

-Хоёр хүү, нэг охинтой. Нөхөртэйгээ дунд сургуульд нэг анги байсан. Одоо мал аж ахуй, газар тариалангийн салбарт ажиллахын хажуугаар бизнес эрхэлдэг. Том хүү Их сургуулийн Физик электороникийн сургуулийн нэгдүгээр дамжаа. Охин “Сант” сургуулийн долдугаар анги. Дөрвөн настай бага хүү цэцэрлэгт явдаг. Харин би эцэг эхээс есүүлээ.

-Танайх Увс аймгийн Өмнөговь сумынх гэсэн. Нутаг усаа их санадаг уу?

-Нутагтаа байнга очдог болохоор гайгүй. Өмнөговь сумандаа очоогүй байж байгаад зургаан жилийн дараа очсон. Нутгийнхаа барааг хараад өөрийн эрхгүй нулимс гардаг юм билээ.

-Хөдөө байхдаа мал хариулдаг байв уу?

-Сумын төвд багш айлын хүүхэд байсан. Малд их хайртай. Ангийнхныг аав ээж нь мориор сургуульд хүргэж ирэхээр нь морийг нь унаж давхина. Ойрхон байдаг найзуудынхаа гэрт очиж, хонь, ямаа саадаг байсан.

-Багш нарынхаа талаар ярихгүй юу. Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад гуайн шавь тийм ч олон байдаггүй байх?

-Тийм ээ. Норовоо багшийн дөрвөн отгон шавийн нэг нь. Хамгийн отгон нь ҮДБЭЧ-ын гоцлол дуучин Б.Батмэнд. Багш маань надад урдын дуу дуулах суурийг тавьж өгсөн. Уртын дуучин ямар нугалааг хаана оруулж, яаж дуулах ёстойг заадаг байлаа. Харин Дэлгэр багш маань дуу бол амьсгааны урлаг гэдгийг ойлгуулж өгсөн. Одоо ид дуулж байгаа дуучид үндсэндээ Дэлгэр багшийн шавь нар. Танай сониноор дамжуулаад багшдаа сайн сайхныг хүсье.

-Тэгвэл хүндэлж явдаг дуучин тань хэн бэ?

-ҮДБЭЧ-ын дуучин, ардын жүжигчин А.Нэргүйг хүндэлж, биширч, тэр хүнээс үлгэр жишээ авч явдаг. Дуулах арга барилын хувьд ч, амьдрал, хувь хүний хувьд ч сайхан, түвшин хүн л дээ.

-Хүн болгон мөрөөдөлтэй байдаг. Таны мөрөөдөл юу вэ?

-Хүүхдүүдээ эрдэм номтой сайхан хүн болгохыг мөрөөддөг. Дуучин болоод явж байгаа нь миний мөрөөдөл биеллээ олж байгаа хэрэг. Хүний хүсэл хязгааргүй шүү дээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Москва ороод ирэхдээ Ломоносовын сургуулийн хажуугаар хоёр удаа гарсан юм. Очмоор санагдаад орой нь тэр сургуулийн хажууд очиход ямар гоё байсан гээч. Гэрэлтүүлэг, гудамж, цэцэрлэг нь яг л орд харш шиг. Тэгээд би бага хүүгээ энэ сургуульд сургана гэж бодсон. Эх хүний мөрөөдөл юм даа.

-Тэгвэл ажил мэргэжлийнхээ хувьд юу хийж бүтээхийг хүсэж байна?

-Зүгээр нэг урлагийн хүн гэсэн нэр зүүгээд амьдралаа дуусгамааргүй байна л даа. Урлаг их хатуу. Залуу насыг нь авчихаад, хөгшрөөд ирэхээр шууд л голдог. Хориод жил урлагт зүтгэжээ. Тэгэхээр үлдсэн хугацаанд эрчимтэй ажиллахыг л бодож байна даа.

-“Түмэн эх” чуулгынхан гадаад дотоодод их тоглодог. Монгол үндэсний урлагийг хаана ч сайхан хүлээж авдаг байх. Танд үндэсний урлагаа сурталчлаад явж байхад юу бодогддог вэ?

-Чуулгынхнаараа явахад хүмүүс бишрээд л тэр ч гоё, энэ ч гоё гэдэг юм. Сүүлийн гурван жил Итали, Францад ганцаараа тоглож, ямар ч хөгжимгүйгээр уртын дуу дуулж байна. Ингэж дуулахад уртын дууны донж маяг, дуучнаас гарч байгаа авиаг үзэгчид мэдэрч сонсдог юм билээ. Надаас өөр миний уртын дууг хэн дуулж чадах юм бэ гэсэн омогшил төрж, сайхан байдаг. Тиймээс уртын дууг ганцаараа дуулах сайхан санагдсан.

-Та дээр ярьж байсан. Уртын дууны дөртэй бололгүй ардын дуу дуулбал хэв маяг алдагддаг гэж. Энэ талаараа ярихгүй юу?

-Анх чуулгад орсныхоо дараа Дэлгэр багш дээрээ очоод “Яана аа багш аа, ардын дуу дуул гээд байна” гэсэн багш чинь маань эхний нэг, хоёр жилдээ тэсээд, уртын дуугаа л дуулаад бай. Өөрийн гэсэн хоолойтой болсон хойноо л ардын дуу руугаа орох хэрэгтэй гэж хэлсэн. Эргээд бодоход энэ үг яалт ч үгүй үнэн байсан. Уртын дууг дуулахдаа урт амьсгаа аваад увуулж, цувуулж гаргадаг бол ардын дууны мөр болгон дээр амьсгаа авч, гаргадаг. Тэгэхээр амьсгаагаа тогтоогоогүй байж ардын дуу дуулахаар уртын дууны хэв маягийг алдагдуулчихдаг юм билээ.

-Амьсгаа авч сурах нь дуулахад их чухал байдаг юм аа даа?

-Чуулгад ирээд удаагүй байхдаа Чулуунцэцэг, Базарбат гавьяаттай “Уяхан замбуу тивийн наран” дууг нэг их мундаг амьтан үндэсний цөөхүүлтэй дуулдаг юм байна. Тэгсэн миний амьсгаа хаана байгаагаа анзаарсан. Түүнээс хойш Базараа ахаас дасгал авч, давтдаг болсон. “Базараа ах, дасгал өгөөч” гээд л байн байн гуйна. “Бямбаа ямар зовлонтой юм бэ” гэдэг байлаа.

-Амьсгаагаа зөв авахын тулд ямар дасгал хийдэг юм бэ?

-Уухай уншиж, Цагаан лонх тоолуулна. Уухайлахдаа уртын дууны цохилт, шигшилт, шуранхай гээд бүх чимгийг хийж, хоёр октавын хооронд дуулдаг. Тэгж байж амьсгаа сууж, хоолойн цараа өргөсдөг. Шуранхайг хүмүүс буруу ойлгодог шиг санагддаг. Энэ нь хамар, нармайгаар дуугарахыг хэлдэг. Хоолойгоо амрааж, хамар, нармайгаар дуугарч байгаа хэрэг. Тэгэхээр шуранхай орсон дуунд хоолой их амардаг юм.

-Та хэдэн цагаан лонх уншдаг байв?

-Цагаан лонх унших гэж үхэж алдана. Арван хэд болоод л тасарч унана. Тэгэхэд Базараа ах 30 хол гаргаж уншина шүү дээ. Уухайг ч маш сайхан уншина. Уртын дууг жигд амьсгаагаар дуулах ёстой. Үүний тулд багш маань лааны гэрлийг нэгэн жигд сүүмэлзүүлж, үлээх дасгал хийлгэдэг байсан. Хүмүүс амьсгаагаа цээжээрээ авдаг бол бид бүсэлхийнээс доош хэвлийгээр авна. Базараа багш дуулахад хормой нь түмбэс хийнэ. Тиймээс дуучид амьсгаагаа хэр зөв, сайн авч байгааг мэдье гэвэл хормой нь яаж хөдөлж байгаагаар харж болдог.

-Тэгвэл таны усанд сэлэх сонирхол амьсгалын дасгалд тань нөлөөлдөг үү?

-Усанд сэлэхдээ би хэвлийгээр амьсгаагаа авдаг шиг байгаа юм. Усан дотор нэлээн удаж байж амьсгаа авдаг. Ер нь амьсгаа зөв авч сурах нь олон талын ашигтай. -Танд их баярлалаа. Уран бүтээлийн улам их амжилт хүсье.

Р.ОЮУНЦЭЦЭГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.