Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гайд өртсөн ганган машинууд

Энэ долоо хоногийн эхээр Шотландын Абердиншир тойрогт 528.000 паундын үнэтэй Pagani Zonda S загварын уралдааны машин осолд орж, даатгалын компанийг 300.000 паундын өрөнд унагасан байна. Машиныг мото спортын домог болсон хүмүүсийн нэг болох Сэр Жак Стюарт туршилтын жолоодлого хийж яваад осол хийсэн гэсэн цуу тараад байгаа. Машины эзэмшигч нь газрын тосны магнат Гарет Жонес юм байна. Ослыг тойрсон дуулиан Европ даяар дэгдээд байгаа бөгөөд Их Британийн сэтгүүлчид үйл явдалтай холбогдуулан хамгийн үнэтэй 10 машины ослын жагсаалтыг гаргасан байна.

1.    Ferrari 250 GTO. Бүх үеийн “Ferrari” загварын машинуудаас хамгийн шилдэг нь гэж тооцогддог 19 сая паундаар үнэлэгдсэн “Ferrari 250 GTO” ослын жагсаалтыг тэргүүлжээ. Энэ загварыг 1962-63 онд ердөө 36 ширхэгийг үйлдвэрлэсэн агаад тухайн үедээ маш их мөнгө буюу 18.000 ам доллараар АНУ-д зарагдаж байжээ. Нэрээ хэлэхийг хүсээгүй эрхэм энэ машиныг 2008 онд дуудлага худалдаанаас 28.5 сая доллараар худалдан авчээ. Осол гарсаны дараа ч нэрээ хэлэхийг хүсээгүй эзэмшигч нь хөдөлгөөнд оролцож байхдаа машины араас орж, хосгүй төмөр хөлгөө яйруулсан байна.
2.    Ferrari 250 GT Spyder. Ferrari-гийн гайхамшигуудын нэг болсон энэ загвар 1953-1964 оны хооронд 275 ширхэг үйлдвэрлэгдсэн энэ машин 2008 оны дуудлагын худалдаагаар 10 сая доллараар зарагдсан агаад мөн л нэрээ хэлэхийг хүсээгүй азгүй нэгэн худалдаж авсан байна. Калифорнийн наран шарлагын газрын ойролцоо тавьсан машин нь хар салхинд дайрагдан харах аргагүй болсон гэнэ.


3.    Ferrari 250 GT TDF. Дахиад Ferrari, дахиад нэрээ нууцалсан азгүй худалдан авагч. Машин сонирхогчдоос “Tour de France” хоч авсан 1.65 сая доллараар үнэлэгдсэн энэ загварыг 1954-59 оны хооронд 100 орчмын үйлдвэрлэсэн бөгөөд 2003 онд АНУ-ын Коннектикут мужид болсон шоуны үеэр хашлага мөргөн мажийсан байна.


4.    Ferrari Enzo. 1.5 долларын үнэтэй энэ машиныг 2006 онд Шведийн бизнесмэн “Бүдүүн Эриксон” хочтой саятан Бо Стефан хурд хэтрүүлэн давхиж яваад цааш нь “харуулсан” тухай яриа байдаг. Ослын газар ирсэн цагдаа нарт шал согтуу саятан  “Би жолооны ард суугаагүй. “Dietrich” гэх герман залуу машиныг минь барьж яваад онхолдуулчихаад зугатаад явчихсан” хэмээн балайрсан байна. Осол гарсаны дараахан түүнийг Малибугаас албадан гаргажээ. Ferrari-г үүсгэн байгуулсан хүний нэрээр нэрлэгдсэн энэ загварыг 2002 онд 400 ширхэгийг үйлдвэрлэснээс 20 орчим нь ослоор үгүй болжээ.


5.    Jaguar XJ220. 900.000 паундын үнэтэй энэ машиныг 1992, 1994 онуудад нийт 281 ширхэгийг үйлдвэрлэсэн бөгөөд тусгай тоноглолгүй ердийн загвар нь 361.000-400.000 паундаар зарагдсан. Тухайн үедээ хурдны дээд амжилв тогтоож цагт 359 км/ц хурдалж байв. Нэрээ хэлэхийг хүсээгүй өмчлөгч нь “Goodwood Festival Speed” шоунд оролцож байгаад машинаа эвдэлсэн байна.


6.    Buggatti Veyron. Ширүүн бороон дундуур 160 км/ц хурдтай давхиж явсан 39 настай Эвэй Сони гэх залуу 830.000 паундын үнэтэй энэ машиныг онхолдуулжээ. Өөрийнх нь ч биш ахынх нь машин байсан аж. Осол 2007 оны гуравдугаар сард Их Британийн Чертси хотод болсон аж. 1930-аад онд нэрд гарсан Францын “нисгэгч” Пьерр Вероны дурсгалд зориулсан энэ загварыг 2005 оноос эхлэн үйлдвэрлэсэн бөгөөд одоогоор 121 ширхэгийг хийгээд байгаа гэнэ. Судлаачид ойрын 10 жилдээ ийм машин хийгдэхгүй хэмээн мэргэлж байгаа.


7.     Pagani Zonda. Энэ загварыг жилдээ ердөө 10 орчмийг захиалгаар хийдэг агаад үнэ 669.000 паунд. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард жолоодлоггүй болсон ачааны машинд шахуулсан Pagani Zonda-гийн жолооч замын хажуугаар тавьсан машинуудыг мөргөж “төмөр хөлгөө” сүйтгэжээ. Жолоочийн нэрийг нийтэд зарлаагүй. 1999 оноос хойш 106 ширхэг үйлдвэрлэгдээд байгаа энэ загварын машинууд хэд хэдэн удаа осолд орсон. Сонирхолтой нь бүгдээрээ Азийн хотуудад осолдон жагсаалаас гарчээ.


8.    Mclaren F1. 1998 гуравдугаар сарын 31-нд 391 км/ц хурдлан дээд амжилт тогтоож байсан 640.000 паундын үнэтэй энэ машин 106 ширхэг үйлдвэрлэгдсэн. Мистер Бен нэрээр алдаршсан Рован Аткинсон 1999 оны намар ганган машинаараа найз бүсгүйтэйгээ зугаалж яваад осолдсон байна. Тэрбээр ослоос шалбархайгүй гарсан ч найз бүсгүй нь хүнд гэмтсэн байна. Нэрт жүжигчин болсон явдалд уучлалт хүсээд “Би бурхны авралаар л мэнд үлдсэн” гэж “The Observer” сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.

9.    Pagani Zonda S. Энэ ослын тухай хамгийн түрүүнд өгүүлсэн.

10.    Жагсаалтын хамгийн сүүлд мөн л “нэрээ хэлэхийг хүсээгүй” баян эрхмийн хөлөглөж явсан Mersedes Benz SL 300 бичигджээ. 1952 онд үйлдвэрлэгдсэн энэ машин 500.000 паундын үнэ хүрдэг. Нийтдээ 3000 орчим хийгдсэн ч одоо нүдний гэм болсон. Осол Сиэтл хотод гарсан гэдгээс өөр тодорхой зүйл байхгүй.

О.Тогоо "Өнөөдөр" Сонин
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.