Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ГАЗРЫН ТОС МОНГОЛД ЮУ АВЧРАХ БОЛ

Мэнэнгийн тал Монголынх уу, Хятадынх уу? гэдэг асуултыг дахин тавихаар шийдлээ. Мэнэнгийн тал уг нь Монгол Улсын газар нутаг. Тэнд манай 2.7 сая гаруй иргэний 74 мянга нь амьдарч, Дорнод аймгийн харьяат хэмээн бүртгэгдэж, Монгол Улсын иргэний үнэмлэх өвөртөлдөг юм. Нэгэн цагт Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын цагаан дээлийн энгэрийг тамгалж асан газрын тосны нөөцөөсөө болоод өнөөдөр БНХАУ манай энэ газар нутагт өөрийн тусгаар “улсыг” байгуулан, тусгай объект бий болгосон төдийгүй Монголын Засгийн газарт “тулган шаардалт” тавьж буй нь энэхүү асуултыг дахин тавихад хүргэлээ.

НҮБ дэлхийн улс орнуудын аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэгтэй дэлхийн байгууллага. Манай улс энэ байгууллагын бүрэн эрхт гишүүн нь болоод 49 дэх хавраа угтаж буй. Хүйтэн дайны үед буюу 20 жилийн өмнө Монгол Улс коммунизмын замналтай хоёр том хөршийнхөө дунд бүрэн найдвартай хамгаалагдаж байлаа. Харин одоо ардчилал зах зээлийн чөлөөт нийгэмд газар нутгаа буу, шийдэм барьсан “дайснууд”-аас биш, мөнгө, доллараар “зэвсэглэсэн” харийнхнаас яаж хамгаалах вэ? Үүнд монголчууд бид биш, “дэлхий” бидний өмнөөс санаа тавин, сэтгэл чилээж эхэллээ. Ядаж байхад яндаж боломгүй далай шиг арвин их баялагтай.

Энэ нь Монголыг эдүгээ Чингис хаанаар биш “Mining”-аар овоглоход хүргээд байгаа. НҮБ-ын шинжээч ноён Барах Ханна өнгөрсөн оны сүүлчээр Монгол Улсыг “Miningolia” улс болсныг дэлхий даяар цоллон, энхтайвнаар зэрэгцэн оршиж, даяаршин нэгдэж буй өнөөдрийн нөхцөлд манайх шиг байгалийн арвин баялагтай улс орныг дайн байлдаанаар биш, “ногоон”- оор худалдан авч эдийн засгийн колони улс болгодгийг анхааруулж байсан. Энэ жишээнд Монгол Улс ороогүй ч эдийн засгийн ийм “дайнд” өртөж болзошгүйг онцолж байсан юм.

Түүний энэ анхааруулга өнөөдөр Монгол Улсад бодитоор бий боллоо. БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петрочайна Дачин Тамсаг” компани Дорнод Монголын Мэнэнгийн тал, Тамсагийн сав нутагт 2005 оноос эхлэн хайгуулын үйл ажиллагаа явуулж, 119.2 сая тоннын нөөц бүхий газрын тос илрүүлээд байгаа. Энэ нь урьдчилсан нөөц хэдий ч Монголыг газрын тосны нөөцөөрөө дэлхийн 97 орноос 39-т жагсахад том хувь нэмэр оруулсан. Энэ жагсаалт жилээс жилд магадгүй сар, өдрөөр нэмэгдэх нь гарцаагүй.

Жилийн дараа дэлхийд эхний 10-т орсон байхад ч гайхаад байх хэрэггүй. Учир нь БНХАУ-ын төрийн Үндэсний газрын тосны корпорацийн (CNPC) хөрөнгө оруулалттай энэ компани Мэнэнгийн тал болон өөрийн эзэмшлийн лицензийн гурван талбай бүхий сав газарт жилд 180-190 цооног өрөмддөг гэсэн мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл энэ орд газарт хамаг хөрөнгөө хаяж байгаа гэсэн үг. Өнгөрсөн таван жилийн хугацаанд энэ компани Монголд хэчнээн хэмжээний хөрөнгө оруулсныг манай төрийн байгууллагууд нууцалдаг. Үүнийгээ гэрээнд заасан хоёр талын нууц гэдгээр тайлбарладаг. Олон нийт энэ компанитай холбоотой, ялангуяа Монгол Улсад ямар ашиг, орлого оруулсныг нь мэдэхийг хүсдэг. Тиймээс бид нэлээд олон байгууллага, хувь хүмүүстэй уулзаж эрэн сурвалжилсны эцэст хэдэн “тоо” олж авсан юм.

Энэ бол “Соко” болон “Петрочайна Дачин Тамсаг Монгол” компанийн 1997-2009 оны олборлолт, экспорт болон Монгол Улсын төсөвт төвлөрүүлсэн орлогын талаарх мэдээлэл юм. Хэдийгээр энэ тоо баримтыг дэлгэснээр нууц задруулсан “ял” тулгаж магадгүй ч, Монгол Улсын Үндсэн хуулиар газрын дорхи баялаг ард түмний өмч хэмээн хуульчилсныг үндэслэн Монголын газрын тос Монгол Улсад ямар ашиг орлого оруулсныг ард түмэн мэдэх эрхтэй гэж үзлээ. Газрын тос нь алт зэс, нүүрснээс илүү эрхтэй байж, нууц гэрээгээр халхавчлах ямар ч шалтгаангүй билээ. Тус компанийн эзэмшиж буй энэ ордоос 1998-2009 оны хооронд 3,788,316.30 баррель газрын тос олборлосноос улсын төсөвт газрын тосны орлогоос 58,484,679.40 төгрөг, газрын тосны болон бусад орлогоор 1,504,958.63 төгрөг төвлөрүүлжээ.

Үүнийг Монгол Улсын Засгийн газарт ногдох хувьтай харьцуулбал 20 гаруй хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл нууц гэгдээд байгаа Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр Монголын Засгийн газар 40 хувийг нь эзэмшиж буй гэх боловч хуваасан ашиг нь үүнээс бага байгаагийн цаана гэрээний нууц оршиж байна уу. Монголын Засгийн газар газрын тосны хайгуул, олборлолт, экспортод Хятадын талынхтай эн зэрэгцэхүйц хөрөнгө оруулж чадаагүй. Гэхдээ газрынхаа баялгаар “хувь нийлүүлж”, Мэнэнгийн талыг Хятадын “эзэмшилд” олгосныхоо төлөө өнгөрсөн 11 жилийн хугацаанд 59-хөн тэрбум төгрөг авсан байх юм. Ядаж боловсруулах үйлдвэр байгуулах хэмжээнд манай Засгийн газар одоо хятадуудыг хүлээн зөвшөөрүүлж чадахгүй бол улс орны эрх ашиг гэж яриад яах билээ.

Монгол Улс өнөөдөр Хятад шиг нефтийн хэрэглээ нь өдрийн хэдэн мянган баррелиар хэмжигддэггүй. Гэхдээ жижиг улс оронд ч өөрийн гэсэн жижиг хэрэгцээ, хэрэглээ бий. Үүнийгээ л хангах гэж газрын хэвлийгээ гаднынханд дэлгээгүй гэж үү, бид. Гэтэл одоо Хятадын тал хөрөнгө оруулагч компанийнхаа төдийгүй Засгийн газрынхаа түвшинд Монголын Засгийн газрыг дээрэлхэж, ашиг сонирхлоо тулгаж буй нь эдийн засгийн түрэмгийлэл, энх цагийн байлдан дагуулалт биш гэж үү. НҮБын шинжээч Барах Ханна улс орныг дайн байлдаанаар биш, “ногоон”-оор худалдан авч эдийн засгийн колони улс болгодог гэсэн нь Мэнэнгийн тал болох гээд байгаа юм биш үү.

Манай Засгийн газар “Петрочайна Дачин Тамсаг Монгол” компанийг албан ёсоор олборлолтын үйл ажил лагаанд шилжих гэж буйтай холбогдуулан Бүтээгдэхүүн ху ваах гэрээг шинэчлэх саналыг Хятадын талд 7-8 удаа тавьжээ. Гэвч өнөөдрийг хүртэл тодорхой хариу сонсоогүй байгаа гэнэ. Учир нь Мэнэнгийн талын ашиг сонирхол ганц “Петрочайна Дачин Тамсаг Монгол” компанийн биш, БНХАУ-ын Засгийн газрын хэмжээний асуудал болж өндөрт гараад байгаа юм байна. Тиймээс хоёр орны Засгийн газрын хэмжээнд энэ асуудал яригдаж эхэлсэн ч Хятадын тал өөрийн ганц болзлыг тулгаж байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ нь Мэнэнгийн талд боловсруулах үйлдвэр байгуулахгүй, харин БНХАУын өмнөд хил рүү буюу Мэнэнгийн талаас 100 гаруйхан км-т байх газрын тос боловсруулах үйлдвэр рүүгээ шууд нефтийн хоолой татаж, түүхий эдээ нийлүүлэх.

Ингэснээр Монголд нефтийн үйлдвэр байгуулах шаардлагагүй, харин бэлэн болсон нефтийн бүтээгдэхүүнийг Монголд худалдана хэмээн гэдийж байгаа юм байна. Үүнийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд Монголоос хэчнээн ч баррель газрын тосны нөөц илрүүлсэн Монголыг түүхий эд нийлүүлэх бааз хэвээр байлгах сонирхол нуугдаж байгаа юм. Ганцхан “Петрочайна Дачин Тамсаг” компани Монголд газрын тосны хайгуул хийдэггүй. Одоогийн байдлаар БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай таван компани Монголд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ тохиолдолд Монголын эрх ашиг ганц “Петрочайна Дачин Тамсаг” компаниар зогсохгүй цаашид үргэлжилнэ.

“Газрын тосны энэ асуудал Засгийн газрын хэмжээний биш улс орны чинь хэмжээний асуудал болно шүү” хэмээн Хятадын талын хэлсэн нь үнэн бол энэ заналхийлэл үү, сануулга уу. Персийн булангийн дайн, Ойрхи Дорнодод байнга гардаг мөргөлдөөн, байсхийгээд л НҮБ-аас энхийг сахиулах хүч илгээдэг байгалийн баялагтай орнуудын түгшүүр газрын баялагтай нь тэртусмаа газрын тостой холбоотой байдгийг монголчууд мартах ёсгүй. Уг нь манай Засгийн газар гаднын хөрөнгө оруулагчдад найр тавин энэ салбарынхаа үүдийг анх нээхдээ хожмоо, хэдэн жилийн дараа газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зорилго тавьсан. Энэ талаар ч 1991 онд Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн Бүтээгдэхүүн хуваах гэрээний талаар Засгийн газрын тогтоол батлахдаа заалт болгон оруулж байсан. Гэвч одоо “Петрочайна Дачин Тамсаг Монгол” ХХК Монголд боловсруулах үйлдвэр байгуулах нь байтугай автозам, төмөр зам ч тавихгүй нь бараг л тодорхой болж байна.

Хятадын талын тулгаж байгаа 100 гаруйхан км үргэлжлэх нефтийн хоолойгоор газрын тосоо урсгахыг зөвшөөрсөн тохиолдолд Монголын тал Бүтээгдэхүүн хуваах гэрээг хэчнээн ашигтай байгуулсан ч хяналт тавих боломжгүй. Хятадын талаас тогтоосон нөөц болон тэдний талын тайлан мэдээгээр л ашиг хүртэнэ гэж ажиглагчид үзэж буй. Ер нь газрын тосны нөөцтэй улс орнуудын төдийгүй их гүрнүүдийн хувьд ч нефтийн хоолойн асуудал нь маш өндөр стратегийн ач холбогдолтой. Үүнтэй холбоотой маргалдаан, үл ойлголцол дайн мөргөлдөөнд хүртэл хүргэж байсан гашуун түүхийг дахин сануулахад илүүдэхгүй. Магадгүй үүнтэй холбоотойгоор Оросын талын ашиг сонирхол ч хөндөгдөж мэдэхийг үгүйсгэх аргагүй юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.