Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Гаднын хөрөнгө оруулалттай уурхайг дагасан сууринг сум болгох нь аюултай”

 Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, мандатын тоог тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдэв. Шинэчлэн найруулсан хуулийн дагуу холимог тогтолцоогоор 48:28 харьцаатайгаар сонгуулийг зохион байгуулна. Мажоритар тогтолцоогоор 48 хүнийг сонгох учир ийм тооны мандат байна гэсэн үг. СЕХ-ноос зургаан аймагт тус бүр нэг, бусдад нь хоёр мандат байх санал оруулснаа танилцуулав. Мөн нийслэлд нийт 14 мандат ногдох юм. Хүн амын тооллогод үндэслэн мандат хуваарилах ёстой ч үүнийг харгалзаагүй юм биш үү хэмээн Ж.Батсуурь эргэлзэв. СЕХ-ны дарга Н.Лувсанжав “Өмнөх сонгуулийн тойргийн хүн амын тоо 20 хувиас дээш, доош хэлбэлзсэн нөхцөлд өөрчлөхөөр хуульд зохицуулсан. Дундговь аймгийн хүн ам 22 хувиар буурч, Өмнөговь 24,нийслэлийн Баянзүрх дүүргийнх 14.4, Сонгинохайрханых 15.9 хувиар өссөн. Бусад аймаг, дүүргийн хүн ам 20 хувь дотроо багтсан. Тэгээд ч УИХ-аас мандатын тоог гаргасан учир тойргийг өөрчлөх шаардлагагүй гэж үзсэн” хэмээн хариулсан. Тогтоолыг хэлэлцэхийг олонх дэмжлээ.

Бор-Өндөрийг “булаацалдав”

Хэнтий аймгийн Дархан сумын нутагт орших 10 мянга гаруй хүн амтай Бор-Өндөр баг гэж бий. Орон нутгийн ИТХ-ын хүсэлтээр уг багийг сум болгох тухай тогтоолын төслийг Засгийн газраас оруулж, өчигдөр тус Байнгын хороогоор анхны хэлэлцүүлгийг нь хийлээ. Бор-Өндөрийн нүүрсний уурхайг түшиглэн боссон хотод дэд бүтцээс эхлээд хөгжил цэцэглэсэн. Тиймээс ч хүн амынх нь тоо өссөөр эдүгээ 10 мянгад хүрчээ. Илүү “томоор хөдлөх” гэхээд багийн статус нь саад болдог гэнэ. Иймэрхүү өнгөц шалтгаан хэлж буй нь гол нь Дархан сумын ИТХ хуралдаж чадахгүй байгаагаас асуудал эхтэйг өчигдөр гишүүд онцлов. Дарханы ИТХ-ын 25 гишүүний дөрвийг тус сумаас нь, 11-ийг Бор- Өндөрөөс сонгохоор хуваарилсан аж. Тиймээс 1500 хүнтэй Дархан сумынхан 10 мянган хүнтэй Бор-Өндөр багт хамаг суудлаа алдахгүйн тулд сум болгон тусгаарлаж, “хөөх” шийдвэр гаргасан бололтой.

Сумдыг цөөлж, засаг захиргааны нэгжээ томсгох төрийн бодлогоос ухарсан асуудал оруулж ирлээ хэмээн олон гишүүн дургүйцсэн. Хажууд нь 1500-хан хүн амтай Дархан сум байхад энэ хоёрыг нэгтгэчихэд л асуудал шийдэгдэнэ гэсэн санал олонход байв. Засгийн газрын ХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар “Энэ зарчмын хувьд зөв. Гэвч хуулиар орон нутгийн иргэд, ИТХ-ын саналыг харгалзана гээд заачихсан учир яах ч арга байгаагүй” гэсэн тайлбар өглөө. Д.Загджав нүүдлийн соёл иргэншилдээ хоргодож, хөгжлийг хойш ухраахын оронд дэд бүтэц хөгжсөн Бор-Өндөрийг нийслэлийн дүүрэг болгох санал ч гаргаатахлаа. Тэрбээр “Хаа байсан Багахангайг нийслэлд нэтгэж болсон юм. Бор-Өндөрийг яагаад болдоггүй юм” хэмээн зөрүүдлэв.

Ж.Батсуурь түүх өгүүлж, “Уг нь Бор-Өндөр чинь Дорноговь аймгийн нутаг дэвсгэр байсан юм. 1980-аад онд л үйлдвэрийн тэнцвэрт байдлыг хангана гээд тэр хэсгийг тасдаж, Хэнтий аймагт өгчихсөн түүхтэй. Түүнийг сум болгож, цаана нь 1500 орчим хүнийг “хаяж” болохгүй. Ер ч тэгээд өмнө нь Дорноговьд байсан юм, буцаагаад өгчихвөл яасан юм дээ” гэлээ. Ийнхүү уурхай дагаж бий болсон хот ч баг нэрэндээ баглагдсан уг газрыг нийслэл, эсвэл Дорноговь аймаг руу авахаар “булаацалдав”. “Монголросцветмет” нэгдлийн хөрөнгө оруулалттай Зүлэгт хэмээх тосгон Дорноговьд байдаг аж. Сумын төвөөсөө хэдхэн км зайтай тосгоны хүн ам өргөжиж, хот шахам болсон учир дээрх шиг зөрчил үүсчээ. 2001 онд Зүлэгт тосгонд сумын төвийг нүүлгэснээр энэ асуудлыг шийдсэн туршлага байгааг Ж.Батсуурь ярив.

Цаашид уул уурхай дагаж хот суурин газар олноор байгуулагдана, хөгжинө. Тэр хэрээр бүгдийг нь сум болгож, засаг захиргааны нэгжээ олон болгоод байх уу. Гаднын хөрөнгө оруулалттай компанийн уурхайг дагасан сууринг сум болгоод байвал үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө. Энэ жишгээр явчихвал Хатгал, Оюутолгой, Тавантолгой, Бэрх гэх мэтээр олон сум нэмэгдэх нь хэмээн Су.Батболд сануулсан юм. “Орон нутгийн сонгуулиас болж төрийн бодлогынхоо эсрэг шийдвэр гаргахаар сууж буй нь буруу. Ер нь Монгол Улс одоо хэдэн сумтай юм. 329, 330, 331 гээд л олон тоо хэлэх юм. Хэнтий аймгийн Засаг дарга дөрвөн жил болж байхад яахаараа ИТХ-аа хуралдуулж, асуудлаа шийдэж чаддаггүй юм. Түүнд хариуцлага тооцох ёстой. Хэдэн хүн хэрэлдсэний зоргоор сум байгуулж болохгүй” хэмээн Ч.Сайханбилэг бухимдав. Ч.Хүрэлбаатар сайд түүнд “329 сумтай” хэмээн тайлбарлана лээ. Ц.Батбаяр Дархан сумын төвийг Бор-Өндөр руу шилжүүлэх шийдвэр гаргах санал гаргасан ч үүнийг орон нутгийнхнаас асуулгүйгээр УИХ шууд шийдэх эрхгүй гэнэ. Тиймээс энэ асуудлыг хойшлуулавэ.

Цэцийн дүгнэлтийг хүлээж авсангүй

Гэмт хэрэг үйлдэж байх мөчид нь бариагүй бол гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй гэсэн асуулгатай заалт УИХ-ын тухай хуулийн 6.6.1-д бий. Энэ нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо хэлэлцээд “Хүлээж авахгүй” гэсэн шийдвэр гаргасан. Э.Бат-Үүл “ Цэц яагаад гишүүний бүрэн эрхэд халдах боломж олгосон шийдвэр г аргасан юм бол. Франц зэрэг оронд бол Парламентын гишүүний бүрэн эрхийн хугацаанд шүүх, хуулийн байгууллага байцаах ч эрхгүй байдаг” гэлээ. Энэ асуудал Цэцийг шүүхэд чиглэв. Ний нуугүй хэлэхэд Монголд ямар хууль хэрэгжихийг үеэ өнгөрөөсөн улст өрчид шийддэг боллоо. Тэд Монголын хувь заяагаар тоглож байна. Хамгийн улстөржсөн төрийн байгууллага нь Цэц. Саналаа нууцална. Тухайн асуудалд Цэцийн хэн гэдэг гишүүн ямар санал өгсөн нь нууц учир үүнийхээ ард нуугдаад, захиалгат шийдвэр гаргах боломж бүрддэг. Үүнийг ил болгох, ямар шалгуураар Цэцийн гишүүнийг томилох, УИХ-тай уялдаатай ажиллах гэх мэтээр өөрчлөлт хийх ёстой” хэмээн Х.Тэмүүжин хатуухан шүүмжиллээ.

С.ТУУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.