Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гаазын зурвас руу тусламж оруулахыг Египет зөвшөөрөв

Израилийн хамтаар Гаазын зурвасыг гурван жилийн турш бүслэн хаагаад байсан Египет олон шахалтад автан хоригийг султгах зарим нэг арга хэмжээ авахаар боллоо. Гэхдээ зөвхөн хүмүүнлэгийн тусламж ачсан цувааг нэвтрүүлэх бөгөөд хязгаарлагдмал тооны хүмүүсийг гарч орохыг зөвшөөрч байгаа аж. Хязгаарлагдмал тооны хүмүүс гэдэгт өвчтэй хүмүүс, гадаадад сурдаг оюутнууд хамаарах юм байна. Гэхдээ аюулгүй байдлыг хангах үүднээс чингэлэгтэй ачаа, барилгын материал оруулахгүй гэдгээ албаны хүмүүс мэдэгдсэн. Барилгын материалыг Гаазын зурвасыг хянаж байгаа “Хамас” бүлэглэл цэргийн зориулалтаар ашиглаж магадгүй хэмээн болгоомжилж байгаа юм.

АНУ-ын зүгээс Гаазын зурвасыг бүслэн хаасан явдлыг шүүмжилж, хамгаалалтаа буулгахыг Израиль, Египетэд хандан уриалсан. Дэд ерөнхийлөгч Ж.Байден Египетийн Ерөнхийл өгч Хосни Мубарактай уулзсаныхаа дараа “Гаазын зурваст үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдэхийн тулд өөр арга зам хайх ёстой” хэмээн мэдэгдсэн. Израиль, Египетийн харилцаа төдий л сайн биш ч аюулгүй байдлаа хангах үүднээс Гаазын зурвасыг бүслэн хаах асуудал дээр санал нэг байдаг. Бүс нутгийн гол өрсөлдөгчдийн нэг болох Ираны зүгээс дэмжлэг хүлээдэг “Хамас” бүлэглэл 2007 онд Гаазын зурваст хяналтаа тогтоож, шууд хиллэх болсон нь Египетийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж эхэлсэн тул бүслэн хаах бодлогыг тус улс дэмжсэн юм. Израильтай хамтран ажиллаж байгаад дургүйцсэн хөдөлгөөн тус улсад гарч эхэлсэн агаад Арабын ертөнцийн зарим улс Хосни Мубаракийг Израилийн тагнуул хэмээн буруутгасан.

Зургадугаар сарын 8-нд Ираны “Улаан загалмай” нийгэмлэг Гаазын зурвас руу хүмүүнлэгийн тусламж ачсан гурван усан онгоц, ачааны нэг нисэх онгоцыг илгээхээр болсноо зарласан. Египетийн тал цувааг Суэцийн сувагт саатуулж магадгүй байгаа. Тус улсын албаны хүн цувааг хаалт нэвтрэх оролдлого хийсэн тохиолдолд гал нээнэ гэдгээ мэдэгдсэн.

Гаазын зурваст хоригдоод гурван жил болж байгаа “Хамас” бүлэглэл хилийн хориог султгах Египетийн шийдвэрийг талархан хүлээн авч байгаагаа мэдэгдээд, “Бүх хориг хэзээ нэгэн цагт дуусгавар болно. Гаазын иргэд чөлөөтэй зорчих өдөр ирнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Ойрын өдрүүдэд Израилийн тал хоригийг сулласан Египетийн шийдвэрийг эсэргүүцээгүй ч албан ёсны тайлбар хийхээс татгалзжээ. Гэхдээ тус улс үүнтэй төстэй алхам хийж магадгүй гэж шинжээчид таамаглаж байна. Ямар ч тохиолдолд усан онгоцыг Гаазын боомтод оруулахгүй ачааг шалгасны дараа газраар оруулна гэдгээ Израилийн Ерөнхий сайд мэдэгдсэн. Зөрүүдлэн зүтгэж олон нийтийн анхаарлыг Гаазын зурвас руу татах нь Тель-Авивт ашиггүй гэж ажиглагчид үзэж байгаа юм.

Гэвч даваа гаригт Израилийн харуулууд боомтоос гарч явахыг завдсан дөрвөн шумбагчийг буудан алсан. Алагдсан хүмүүс исламын зэвсэгт бүлэглэл “Ал-Акса Мартур”-ын гишүүд байсан аж.

О.Тогоо

 

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.