Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Виртуал хөрөнгийн үйлчилгээг зохицуулах хуультай болно

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын “саарал жагсаалт”-аас Монгол Улс гарсан боловч ФАТФ-ын 15 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлж, виртаул хөрөнгөтэй холбоотой харилцааг зохицуулсан үндэсний хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх үүрэг хүлээсэн хэвээр байгаа. Энэ “даалгавар”-аа биелүүлэхээр Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлж эхэлжээ.

Дижитал хэлбэрээр арилжих, шилжүүлэх боломжтой бөгөөд төлбөр, тооцоо, хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглаж болох үнэ цэн бүхий биет бус хөрөнгийг виртуал хэмээн тодорхойлдог аж. Монгол Улсын хувьд виртуал хөрөнгө, криптовалют нь хууль, эрх зүйн баримт бичгээр зохицуулагддаггүй, албан ёсоор төлбөрийн хэрэгсэлд тооцогддоггүй. Мөн Монголбанкнаас зөвшөөрөл олгодоггүй, үйл ажиллагааг нь хянан зохицуулдаггүй.

Криптовалют нь Үндэсний төлбөрийн системийн хуульд тодорхойлсон цахим мөнгө биш бөгөөд цахим мөнгөний аль ч шинжийг агуулдаггүй. Өөрөөр хэлбэл, цахим мөнгө, криптовалют хоёр нь тусдаа ойлголт. Блокчэйн технологид суурилсан криптовалютыг Монгол Улсад бараа, үйлчилгээний төлбөрт ашигладаггүй бөгөөд иргэд сайн дураараа арилжааны хэрэгсэл болгон ашиглаад багагүй хугацаа өнгөрч буй.

Виртуал хөрөнгө эзэмшигч болон үйлчилгээ үзүүлэгч этгээд Монгол Улсад хэдийн бий болсон ч эрх зүйн зохицуулалтгүй өдий хүрсэн. Хүчин төгөлдөр мөрдөж буй хууль, тогтоомжид энэ харилцааг зохицуулсан зүйл, заалт бий, эсэхийг судлахад Иргэний хуульд биет бус хөрөнгийн тухай заалт байдаг ч виртуал хөрөнгийн нарийвчилсан зохицуулалт үгүй. Татварын ерөнхий хуульд цахим хөрөнгөөс татвар авах талаар байхгүй боловч биет бус хөрөнгийг зарж борлуулах, түрээслэхээс олсон орлогод татвар ногдуулахаар заасан. Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд хөрөнгө, орлогын мэдүүлэгт виртуал хөрөнгийг бүртгүүлэх шаардлага тавиагүй, Төвбанк (Монголбанк)-ны тухай хууль болон Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд ийм төрлийн үйлчилгээ үзүүлэгч нь ямар байгууллагаас тусгай зөвшөөрөл авах болон зохицуулж, хяналт тавих үүргийг хэн хүлээх талаарх заалт байхгүй.

Сэжигтэй гүйлгээ, арилжааны тохиолдлыг мэдээлэх, хэрэглэгчээ таньж мэдэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээг тогтмол явуулах зэрэг үүргийг виртуал хөрөнгөөр санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч этгээдэд хүлээлгэдэг жишиг олон улсад бий. Харин манай холбогдох хуулиудад энэ талаар зохицуулалт байхгүй. Эл байдал нь технологийн шийдлийг буруугаар ашиглаж, эдийн засгийн хор хөнөөл, аюул учруулах эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж төсөл боловсруулагчид үзжээ. Үүгээр зогсохгүй хариуцлагын тогтолцоогүй, виртуал хөрөнгө эзэмшигч өмч хөрөнгөөрөө хохирсон тохиолдолд хэрхэн зохицуулах, төр ямар байдлаар оролцох, маргааныг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй байгаа нь олон эрсдэл дагуулах бодитой нөхцөл үүсгээд буй. Иймд Монгол Улсад виртуал хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, ФАТФ-аас гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлээс сэргийлэх үнэлгээнд муу дүн авахгүйн тулд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ.

Виртуал хөрөнгийн тодорхойлолтыг олон улсын стандарттай уялдуулан томьёолж, түүгээр үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэх, хяналт тавихтай холбоотой нийтлэг болон нэмэлт шаардлагыг олон улсын жишигт нийцүүлэн, харилцааг зохицуулах нь уг төслийн зорилго. Түүнчлэн зарж борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн орлогоос татвар ногдуулах, тухайн үйлчилгээ үзүүлэгчийг санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчийн нэгэн адил НӨАТ-аас чөлөөлөх эрх зүйн орчныг бий болгох, хууль зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх зохицуулалт төсөлд бий.

Бэлтгэсэн: А.Амина

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.