Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.РАГЧАА: Сумын даргын ажлаа орхиод цагдаа болсон хүн дээ, би

Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ойг өнгөрсөн онд Монгол, Орос улс өргөн тэмдэглэсэн билээ. Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулахад чухал нөлөө үзүүлсэн энэ дайнд МАХЦ-ийн анги салбарууд хоёр чиглэлээр давшиж, байлдааны үүргээ амжилттай биелүүлсэн түүхтэй. Энэ түүхийн гэрч болсон нэгэн бууралтай ярилцлаа. Үхэр жил гарахад 99 насны босго давах энэ буурлыг Баастын Рагчаа гэнэ. 1923 онд Ховд аймгийн Цэцэг сумд төрсөн тэрбээр бага сургуулийн нярваас эхлээд сумын даргаар ажиллаж, Улаанбаатарт шилжиж ирээд цагдаагийн байгууллагатай амьдралаа холбон 26 жил үүрэг гүйцэтгээд тэтгэвэртээ гарсан аж. Тэрбээр чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдад улсаас тусламж болгон өгсөн орон сууцдаа үр хүүхэд, ач зээгээ тойруулан амьдарч буй юм.

-Өнгөрсөн зун, намраар чөлөөлөх дайны ялалтын ойг Монгол, ОХУ-д тэмдэглэлээ. Цар тахлын улмаас хөл хориотой байсан учраас өөр өөрийн нутаг дэвсгэртээ л арга хэмжээ зохион байгуулсан. Таныг ЦЕГ-ын удирдлага хүлээн авч хүндэтгэл үзүүлснийг тухайн үед хэвлэлүүд мэдээлж байв. Хоёулаа ярилцлагаа цэргийн албанд татагдсан үеийн тань дурсамжаас эхэлье.
-Би Ховд аймгийн Цэцэг сумын уугуул хүн. 1943 онд 20 настайдаа нутгаасаа цэргийн албанд татагдаж, Завхан дахь ангид алба хааж байтал хошууч генерал Д.Дамдинхүү тэргүүтэй хүмүүс жанжны нэрэмжит шалгалт хийхээр ирлээ. Улмаар “Ариун цэврийн зааварлагчийн курст танайхаас хоёр хүн явах хэрэгтэй” гэж ангийн удирдлагад үүрэг болгосон юм билээ. Хөвсгөл, Увс, Ховдоос татагдсан залуус Завханд албаа хааж, тэднээс шалгалт авахаар болж, бичиг үсэг гадарладаг 10-аад хүнээс курст явах хүнийг сонгосон юм. Ингээд уйгаржин монгол бичиг овоо гадарладаг болохоор би хамгийн эхэнд л шалгарч. Надтай хамт Ховдын Чандманиас татагдсан Очирхуяг гэдэг цэрэг тэнцэж, Д.Дамдинхүү генералтай хамт бид хот руу ирлээ. Маргаашаас нь Цэргийн госпитальд 30-аад хүний хамт курст суув. Тэдгээрээс госпитальд хоёр хүн авч үлдэж, бусдыг нь цэргийн анги, салбаруудад хуваарилсан юм. Тэр авч үлдэх хоёр хүний нэг нь би болж таарлаа. Нөгөө нь Өвөрхангайн Шанх сумын харьяат Жигмэддорж гэдэг ах үлдэв. 1945 онд чөлөөлөх дайнд манай улс оролцохоор болж, танкийн хороо шинээр байгуулан, түүнд эмнэлгийн алба нээхэд тийш нь биднийг хуваариллаа. Тус хорооны дарга Дагвадорж ирж биднийг авч явсан юм. Танкийн хороонд бага эмчээр Галсанов гэж буриад ажиллаж байв. Уг нь тэр хүн дайнд явах ёстой байж л дээ. Дайнд хороогоороо явчихаар ар талд байрлал, ангиа хамгаалах хүн бас хэрэгтэй бололгүй яах вэ. Тийм үүрэгтэйгээр нэг салаа цэрэг үлдээсэн юм. Тэдний дунд Жигмэддорж бид хоёрын нэгийг үлдээхээр боллоо. Гэтэл архи их уудаг, дандаа согтуу явдаг учраас цэргүүдэд хуваарилах архийг уучихна гэж бодсоных уу, Галсановыг үлдээж, биднийг авч явсан юм. Тэр үед цэргийн ангиудад архи их олгодог байв. Бодвол, дайн, тулалдаанд ороход нь зориг оруулах гэж л архи өгдөг байсан юм байлгүй дээ. Танкийн хорооны эмнэлгийн дарга Купров гэж орос эмч тийм шийдвэр гаргасан юм. Ингэж дайнд оролцоод, буцаж ирээд 1947 онд цэргээс халагдсан хүн дээ.
-Монгол, Зөвлөлтийн армийн дайчид чөлөөлөх дайнд хэд хэдэн чиглэлээр давшсан. Та аль хэсэгт нь багтаж тулалдаанд оролцож байв. Нүд халтирам дүр зурагтай олон таарсан биз?
-Манай танкийн хорооныхон Долнуур, Жэхэ чиглэлээр давшсан. 1945 оны наймдугаар сарын 10-наас эхлээд давшиж, есдүгээр сарын 2-нд Япон бууж өгөх хүртэл Хятадын нутагт том, жижиг тулалдаан, тулгаралтад оролцож явжээ. Цэргийн эмч, сувилагч би фронтоос шархадсан цэргүүдээ үүрэх, мөлхөж чирэх зэргээр зөөж байлаа. Тэнд сум, тэсрэх бөмбөгийн шархтай ч хүн байна, машин нь осолдож гэмтэж, бэртсэн цэргүүд ч тааралдана шүү дээ. Машинтай орос цэргүүд явж байгаад онхолдож, амиа алдсантай ч таарч байлаа. Эмнэлгийнхэн бид тэдний хажуугаар зүгээр хараад өнгөрч болохгүй, заавал очно. Амиа алдсан цэргүүдийн цогцсыг оросууд авахаар хоёр машинтай ирэхэд нь тусaлж л байв. Дайны цагт эмнэлгийн ажилтны үүрэг гүйцэтгэх чинь үнэхээр ярвигтай юм билээ. Би нас өндөр болоод зарим зүйлээ мартжээ. Олон ч үйл явдалтай тулгарч байлаа. Бид эмнэлгийн зориулалттай тусгай тоноглосон машинтай явна л даа. Нэг шөнө фронтын шугамаас шархадсан цэрэг аваад явж байтал машины гэрэл харсан дайснууд бидний зүг буудаж, бид ухарч замын хажуу руу гарч харанхуй газарт нуугдан өглөөтэй золгосон юм. Тэр үед давшиж яваа манай хорооныхон ч хүрч ирэв. Өөрсдийнхөө цэргүүдийн хамгаалалт дор бид ар тал руу нөгөө цэргийг гаргаж, хээрийн эмнэлэгт хүргэсэн ч удалгүй нас барсан зэрэг харамсалтай явдал бишгүй учирч байж дээ.
-Шархадсан, амиа алдсан цэргүүдээ тулааны талбараас гаргадаг байв уу, эсвэл давхар өөр үүрэг гүйцэтгэсэн үү?
-Цэргийн эмнэлгийн бид чинь худаг, ус шинжлэх үүрэг давхар хүлээнэ. Япончууд ухрахдаа худаг, усанд хор хийчихээд яваад өгдөг байсан юм л даа. Тийм учраас бид мотоциклтой явдаг толгойн сэргийлэхийн цэргүүдийн араас л хамгийн түрүүнд шахам явж байж л буудаллах газрынхаа худаг, усанд шинжилгээгээ хийнэ. Буух газраа, худаг усны баримжаагаа ч мэдэхгүй явж байгаа, дээр нь цөл учраас бэрхшээл их байсан. Худаг, ус хордуулах гэж байхтай ч таарч хөөцөлдөнө. Нэг удаа япон, баргын хорлон сүйтгэгч нар морьтой явж худаг хордуулах гэж байхад нь бид таарчихав. Манай хорооныхон ч ойрхон явсан юм. Хорлон сүйтгэгч нар биднийг харж зугтахад хорооныхныхоо чиглэлд тэднийг хөөлөө. Манайхан БТ-7 гэдэг жижиг, хурдан танктай тосон ирж, хоёр морьтой хорлон сүйтгэгчдийг баривчилж билээ. Иймэрхүү явдлыг бид огт тоохгүй, өдөр тутам л болдог л үйлдэл гэж үзэж байлаа. Тэр ч байтугай ташуу энгэртэй дээл өмсөн, орхимж нөмрөн, овоо, уул тахих нэрээр тагнуул хийж байсан хүнтэй ч таарч байв. Нэг өвөрмонгол эрийг дундаа суулгачихсан явж байсан япончуудыг ч бид олзолж явсан.
-Цэргээс халагдаад л нутгаа бараадсан уу?
-Дайнаас ирээд удаагүй байхад мотомеханикжуулсан хуягт бригад, танкийн хороотой нэгдэж том анги болж, даргаар нь Д.Нянтайсүрэн томилогдож, Хэнтийд байрлана. Тэнд шинээр эмнэлэг байгуулагдах учраас дэргэдээ эмийн сантай байх ёстой гэсэн яриа гарав. Тиймээс мэргэжлийн эмийн санчгүй учраас намайг халалгүй аваад үлдчихлээ. Бусад маань халагдаад явчихсан. Би гэдэг хүн ч хурдхан халагдаж, харихаа л бодож байтал үлдээчихээр сэтгэл санаа тиймхэн л байна биз дээ. Тэгтэл удалгүй ангийг томсгох биш, бүр жижгэрүүлж, алба хаагчдаа олноор нь цомхотгох шийдвэр гарснаар халагдаж, нутгаа зорьж билээ.

Би цэрэгт явахаасаа өмнө хүнтэй гэрлэж, хүүхэдтэй болсон байв. Эхнэр минь надаас нэг эгч, нялх хүүхэдтэй хоцорч байсан юм. Хадмууд минь 1920-иод оны үед Дамбийжаад баригдан, Тахийн шар нуруунаас урагш түүний хүрээлж байсан газарт хүргэгдсэн юм билээ. Дамбийжанцан тухайн үед тусгаар улс байгуулах гэж байсан юм уу, ямар нэг шалтгаанаар Ховдын Дарви, Зэрэг хавиас баахан хүн тийш нь аваачиж л дээ. Ардын хувьсгал ялсны дараа тусгай төлөөлөгч нар очиж Дамбийжааг устгаж, түүний харьяанд байсан хүмүүсийг тараасан юм билээ. Хадмууд минь Ховдын Зэрэг сум руу нутгаа бараадаж явтал бага хүүхэд нь нүүдлийн ая даахаа больж, Говь-Алтайн Тонхилын гол орчимд амсхийх зуур үр хүүхэдгүй нэг залуу гэр бүлтэй таарч, тэнд бага охиноо үлдээж. Тэр нь миний хань болсон юм.
-Цэргээс халагдаад цагдаагийн байгууллагад шууд орсон юм уу?
-Үгүй ээ. Уг нь манайх цөөнгүй хэдэн малтай л айл байлаа. Намайг цэрэгт байхад буюу 1944 оны мичин жилийн зуднаар манай мал барагдаж, бод, бог нийлээд 100 хүрэхтэй, үгүйтэй толгой л үлдсэн байв. Тиймээс ажил хийж амьдарна гэж шийдээд аар саар ажил хийх болсон. Тухайлбал, Ховдын Цэцэг сумдаа сургуулийн аж ахуй хийж үзлээ. Сургуулийн удирдлага нь өмч хөрөнгө идэж, ашиглаж байгаа нь надад мэдрэгдээд байв. Нэг л зүйлээс энэ бүхэн нь тодорхой болсон юм л даа. Дотуур байрны хүүхдийн хоолны мөнгө гээд хэдэн төгрөг улсаас өгнө. Түүнийг нь “Сургуулийн хүүхдийн хоолны махыг би бэлтгэчихье” гээд захирал нь авчихдаг байв. Дэлгүүрээс сургуулийн дотуур байрны хүүхдийн хүнсэнд зориулсан гэж бичсэн падаан оруулаад ирнэ. “Би энэ бүхнийг аваагүй, ямар учиртай юм бэ” гэж лавлахад сургуулийн захирал “Ноднин аваад хэрэглэсэн юм, төлөхгүй бол болохгүй” гэж байж билээ. Ноднингийн юмыг энэ жил төлдөг гэж тухайн үед юу байх вэ дээ. Тиймээс сургуулийн удирдлага болохгүй зүйл хийж байна гэдгийг эдгээр явдалд үндэслээд мэдэж авч байлаа. Улмаар Тонхил руу шилжин нүүгээд ажиллаж байтал “Цэцэг сумын албан тушаалтнуудыг улсаас шалгаж байна гэнэ. Дэлгүүрийн худалдагчийг шалгахаар болоход тэр хүн амиа хорлочихсон” гэсэн яриа дуулдав. Зайлуул, идэж ууж байсан нь шалгалтаар илрээд л тийм алхам хийсэн бололтой юм. Тэр үеэс л өөрийгөө хуулийн талын мэдлэг, мэдрэмжтэй болсон гэж ойлгодог доо.
-Тэгэхээр цагдаа болохоосоо өмнө цөөнгүй ажил хийж байжээ?
-Цэргээс халагдаад хань, ууган хүүтэйгээ сум дамжин явж төр, захиргааны байгууллагад ажилласан хүн дээ. Ховд аймгийн Цэцэг сумдаа сургуульд цөөхөн сар ажиллаад, гэр бүлийн хүнээ дагаж Говь-Алтайн Тонхил руу шилжсэн юм. Уг нь эмнэлгийн мэргэжлийн хүн гээд цэрэгт сурсан мэргэжлээрээ ажиллах гэтэл сонгууль болж намайг захиргааны байгууллагад авчихсан л даа. Анх сумын орлогч дарга болоод тэндээсээ Тамч сумын дарга хийж үзлээ. Нэгдэл болж томроход нь ажлаа өгч, хот бараадсан. Энэ хоорондоо архивын курс ч төгссөн. Өөрөөр хэлбэл, сумын даргын ажлаа орхиод цагдаа болсон хүн л дээ, би. Цагдаагийн байгууллагад ороод паспортын байцаагчаас эхлээд сэргийлэн хамгаалагч, Налайхын сэргийлэн хамгаалах тасгийн дарга, ахлах байцаагч, Октябрийн районы цагдан сэргийлэх хэлтэст ахлах байцаагч зэрэг ажил хийж цагдаагийн байгууллагад 30 шахам жил ажилласан байна.

Налайхад ажиллаж байх үед эхнэрийн минь бие муудаж, аргагүйн эрхэд хот руу шилжсэн юм. Ингээд одоогийн Баянгол дүүргийн буюу тухайн үеийн Октябрийн раойны цагдан сэргийлэх VI ангид урьдчилан сэргийлэх ахлах байцаагчийн албан тушаалд томилогдсон. Намайг цаашаа гэх газар тухайн үед байгаагүй ээ. Уг нь Баянзүрхийн буюу тухайн үеийн Найрамдалын раойны цагдан сэргийлэх ангид томилохоор болж байтал хуучин ажиллаж байсан газрынхан маань хөөцөлдөж байгаад энэ ажилд томилуулсан юм. Баянголын сэргийлэхээсээ л тэтгэвэртээ гарснаас хойш 30 гаруй жил болж байна даа.
-Хот руу шилжих, цагдаагийн ажилтан болох санаа хэрхэн төрөв?
-Тамч сумын даргаар ажиллаж байхад хилийн цэргийн ангийн байр, байдалтай танилцахаар ДЯЯ-ны хэлтсийн даргаар ажиллаж байсан С.Рэнцэнхорлоо хурандаа очиж, Алтайн нурууг давах зам мэдэхгүй учраас би замчилж явсан юм л даа. Тахийн шар нурууны наад бэлд манай сумын хоёр баг байдаг байв. Хоёр багийнхаа иргэдтэй уулзахаар олон удаа явж, газар гайгүй сайн мэддэг болсон болохоор надаар газарчлуулж билээ. Тэр үед намар цаг сан. Малын тоо бүртгэл хийгээд дуусаж байсан үе. Хилийн цэргийн ангиудаар ороод буцахад нь малынхаа тоо, данс бүртгэлийг аваад аймгийн төвийг зорив. Шаргын говийг гаталж явтал машины урдуур бөхөн харайгаад. Гэтэл С.Рэнцэнхорлоо дарга “Энэ цагаан зээрээс ганцыг буудаж аваад явъя” гэж байдаг шүү. Би машины цонхоор лавшруулан хартал зээр биш, бөхөн байв. Бөхөн чинь хатирч явдаг амьтан шүү дээ. Явдлаар нь би бөхөн гэдгийг таньж, хориотой амьтан байна гэж хэлтэл “Өө больё. Чамтай яваагүй бол ч хориотой амьтан агнаж балрах нь байна” хэмээж билээ. Хот газар бараадах, цагдаагийн байгууллагад орж ажиллах санааг энэ хүн төрүүлсэн гэхэд хилсдэхгүй.
-Таныг 60 нас хэвийсэн хойноо тэтгэвэртээ суусан гэж сонссон. Яагаад тийм удаан ажиллуулсан юм бол?
-Сэргийлэхэд ороод муу нэртэй явсангүй, үүргээ зохих ёсоор, сайн биелүүлж байна гэж хамт олон минь дүгнэж байж. Тиймээс л тэтгэвэрт гарах гэхэд минь байлгаад байсан болов уу. Миний хувьд өндөр мэргэжил эзэмшсэн биш. Нас 99 хүрлээ, бие муудах тал руугаа орж, барьсан, тавьснаа мэдэхээ болих тал руугаа орох шинжтэй.
-Ноцтой хэрэг цөөнгүйг илрүүлсэн биз?
-Цагдаад байхдаа өдөр, шөнөгүй л гудамжаар алхдаг байлаа. Тэгж явахдаа тухайн үед гарч байсан хулгайн цөөнгүй, ноцтой хэрэг илрүүлжээ. Хотод орж ирээд удаагүй, цагдан сэргийлэх VI ангид ажиллаж байхад “Үсийг нь сэргээх гэж гадаа салхинд тавьсан байсан хурган дотортой дээл хулгайлсан хэрэг гарлаа” гэсэн мэдээлэл бидэнд ирэв. Эргүүлд явж байхдаа хашаандаа мотоцикл засаад байдаг нэгэн айлынхаар орж үзмээр санагдаад очлоо. Мотоциклоос гадна 1-2 машин ч байв. Гэрийн эзэн “Би хүмүүсийн гуйснаар машин, мотоциклыг нь засаж өгдөг юм” хэмээн угтсан л даа. Гэтэл удалгүй гаднаас нэг эмэгтэй орж ирээд дээлээ тайлан цааш нь хураачихлаа. Өнөөх дээл нь айлаас алга болсонтой төстэй санагдаад болдоггүй. Алдсан хүнтэй нь очиж уулзахад товч шилбэ, өнгө зэрэг нь таарч байв. Мотоцикл засаад байгаа нь бас сэжигтэй санагдаад судалж үзэхэд хотод унаагаа алдсан 2-3 ч хэрэг гарчээ. Улмаар холбогдох албаныханд мэдээллээ баталгаажуулснаа хэлэхэд нарийвчилсан шалгалт хийгээд дээлийн хулгайг ч, мотоцикл алдсан хэргүүдийг ч илрүүлж байсан юм. Алдагдсан мотоциклын эд ангиуд амбаараас нь олдсон л доо.

Илрүүлсэн өөр нэг хэргийн талаар энд ярья. Айлаас бас л эд зүйл хулгайлсан хэрэг гарсан юм. Гэмт этгээд хог, новшоо хийсэн шуудайг нь суллан хулгайлсан зүйлээ хийгээд аваад явсан байв. Тэр хүнийг илрүүлэн шүүх зохих ял шийтгэлийг нь оноон хорих анги руу явуулжээ. Гэтэл 2-3 жилийн дараа түүний хийсэн үйлдэлтэй ижил аргаар айлаас эд зүйл тоносон хэрэг гарлаа. Уг нь “тэр хүн ял шийтгэлээ эдэлж байгаа даа” гэж бодож байсан хэдий ч сураг тавимаар санагдаад хүмүүжиж буй ангиас нь лавлатал “Манай зарим хоригдол Нисэхийн ойролцоо гадуур ажил хийж байгаа” гэв. Тэгэхээр нь бүр сайн нягталмаар санагдаад тухайн газарт нь очтол “ар гэрийн гачигдлаар чөлөө авсан, удахгүй ирэх ёстой” гэлээ. Гэвч ирсэнгүй, оргоод явсан нь тодорхой болов. Тиймээс өмнөх хэргийг нь илрүүлэхдээ гэр орныг нь тогтоож авсан учраас хаягаар нь очтол байдаггүй. Гэтэл энэ хооронд тухайн хүн хулгайлсан эд зүйлээ Дарханд аваачиж борлуулчихаад, заримыг нь буцаан авчрахад нь отож байгаад баривчилсан. Энэ мэтээр олон хэрэг илрүүлж явжээ.

Заримдаа эргүүл хийж байхдаа шонгийн мод руу авирч ийш тийш хараачилна. Нэг удаа ийнхүү харж байтал гэрийн эзэд байхгүй хашааг давуулан гадагш нь юм шидээд байв. Тиймээс араас нь явж хөөж баривчилж байлаа. Шөнө эргүүл хийж байхдаа эзгүй хонох ямар айлууд байгааг судалж, хяналтаа тавина. Гэтэл нэг шөнө эзгүй айлын цонхоор бүдэг гэрэл гараад байв. Очтол цонхыг нь хагалан хулгайч орчихсон ухаж байх үйлдэл дээр нь баривчилсан. Барихаасаа өмнө сайн хартал өмнө нь ч бас хулгайн хэрэгт холбогдож байсан, нэр, зүсийг нь мэдэх хүн байв. Нэрээр нь дуудаж цонхон дээр ирмэгц нь үсдэж аваад ойролцоо байсан харуул хамгаалалтын хэсэгт хүргэн, улмаар жижүүрийн бүрэлдэхүүн дуудаж хүлээлгэн өгч билээ. Хулгай хийж байсан хүн тухайн үедээ бас л өндөр настайд тооцогдох нэгэн байв. Түүнийг суллагдаж ирэхэд нь ажилд оруулан би өөрөө хяналт тавьж байлаа. Тэр хүн засрахгүй хулгайч гэхэд ч хилсдэхгүй. Ажлаа хаячихаад Толгойтод айлд очоод бас хулгай хийж, эсгий туурга аваад үүрч явахдаа баригдсан даа.
-Төр, засгаас энэ хугацаанд цөөнгүй шагнал, урамшуулал хүртсэн байх, тийм үү?
-Монгол, Оросоос олон шагнал урамшуулал хүртсэн. Цэргийн хүндэт медаль, Алтан гадас, Цэргийн гавьяаны, Цэргийн гавьяаны улаан тугийн одон гээд цөөнгүй шагнал, урамшуулал хүртэж байлаа. Өнгөрсөн зун л гэхэд чөлөөлөх дайны болон эх орны дайны ялалтын ойн медалиар шагнууллаа. Уг нь хэдэн жилийн өмнө Чингэлтэй дүүргээс Сүхбаатарын одон, Гавьяат хуульчид тодорхойлж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар З.Энхболдыг ажиллаж байхад нь хүргүүлсэн гэсэн. Чимээгүй л байна. Том хүү минь энэ жил 80 хүрч байна. Эм зүйн мэргэжилтэй, ДЭМБ-ын шугамаар Энэтхэг, Хятад, Европын орнууд, ЭМЯ-нд эм зүйн асуудал хариуцсан хэлтсийн даргаар ч ажиллаж байв. Түүнийг Гавьяат эмзүйчид тодорхойлсон л гэдэг. Бас л сураггүй байх юм билээ.

2
Зөв, гоёЗөв, гоё
2
Савж уналааСавж уналаа
2
Хөөрхөн юмХөөрхөн юм
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.