Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.МЯГМАРСҮРЭН: Гадаадын гурван улсын саналаас татгалзсан

БНХАУ-ын Юньнань мужид болсон Гранфондо олон улсын дугуйн уралдаан. 2018 он

“Төр, засаг нь спортын салбараа олигтой дэмждэггүй орны тамирчин байх хэцүү ч би шантрахгүй” гэж ярих энэ залууг Б.Мягмарсүрэн гэдэг. Тэрбээр дугуйн спортоор 16 жил хичээллэж, сүүлийн таван жилд дотоод, гадаадын олон тэмцээнд амжилттай оролцон, эх орныхоо нэрийг өргөж явна. Уулын дугуйн спортын үндэсний аваргаар тав дахь удаагаа тодроод буй түүнтэй эрсдэл ихтэй эр зоригийнх нь талаар ярилцлаа.

-Та ямар арга, техникээр уралддаг вэ? 

-Уулын дугуй нь бартаат замд уралддаг учир тамирчнаас техник, ур чадвар их шаарддаг. Маш богино хугацаанд тухайн тамирчнаас бүхий л эрч хүч, хурд, зориг тэвчээр гаргана. Би энэ төрөлд нэлээд туршлага хуримтлуулсан тамирчны нэг байх. Дугуйн спорт нэлээд өндөр өртөгтэйд ордог. Учир нь уулын дугуй, тоног хэрэгсэл маш чухал болохоор багагүй үнэтэй. Би дугуйгаа “Атилла” брэндээс захиалгаар хийлгэж, уралддаг.

-Үндэсний аварга шалгаруулах тэмцээн салхитай, хүйтэн өдөр болсон. Байгал, цаг агаарын нөхцөл байдал амжилтад тань нөлөөлөв үү? 

-Тэмцээний өмнөх өдөр 7-8 градусын дулаан байв. Харин маргааш нь гэнэтхэн хасах нэг градус болчихсон. Тамирчдад төдийгүй Дугуйн холбооныхонд хүртэл гэнэтийн зүйл болсон. Цаг агаараа урьдчилан харсан ч тийм хүйтэн байна гэж төсөөлөөгүй. Биеийн дулаанаа алдах, хүйтэн нөхцөлд судас, булчин агших зэрэг хүндрэл тамирчдад үүссэн. Миний хувьд байрлалаа авахын тулд нэлээд шахаж уралдсан учир эхний тойргоо хэдий хугацаанд туулснаа хэмжээгүй. Дугуйн холбооноос таван минут, таван секундэд туулж рекордоо эвдсэн гэж мэдээлсэн.

-Дугуйн спортын юунд нь дурлаж хичээллэв?  

-Аав минь дугуйчин байлаа. Түүнийг дагаад дугуй унаж сурсан төдийгүй энэ спортоор хичээллэх, уралдах сонирхолтой болсон. Би дугуйн тамирчин болоогүй байсан ч спортоос холдохгүй. Аавын цуглуулсан уралдааны бичлэг, зургийг үзээд, дугуйчны нүдний шил, хувцас нь гоё санагддаг байв. Ийм хувцас өмсөөд, ингэж уралдана даа гэж л мөрөөдсөн. Хамгийн анх 2003 онд жил гаруй бэлтгэл хийгээд залуучуудын улсын аваргад оролцон түрүүлж билээ. Хийж байгаа зүйлээсээ урам авч цааш үргэлжлүүлж, илүү гүн рүү нь орсон.

-Анхны багш тань аав нь байжээ.

-Аав надад дугуй унахыг сургаж, энэ спортоос салахын аргагүй болтол “дурлуулсан”. Харин дугуйн спортын А үсгийг спортын мастер, ахмад дасгалжуулагч Н.Нармандах багш минь зааж байлаа.

-Больё, орхиё гэж шантрах тохиодол байв уу?

-Тийм үе олон шүү дээ. Дэмжлэггүй, ивээн тэтгэгч муутай орны тамирчин байх их хэцүү. Хүний нутагт ямар ч мөнгө, хоол ундгүй олон хонож байсан үе надад бий. Тэр үед “Ер нь больё, ингэж өөрийгөө зовоогоод юу хийх вэ” гэж бодсон ч чадаагүй. Гадаадын гурван улсаас “Манай улсад амьдар, зардал мөнгийг чинь даана, иргэншлээ сольчих” гэсэн санал ирсэн. Би тэр бүх саналаас татгалзсан. Эх орон шиг сайхан зүйл үгүй шүү дээ.

-Та амжилтаасаа дурдаач.

-2005 оноос хойш тууштай хичээллэж байна. 2014 онд дэлхийн чансаа олгох тэмцээнд хоёрдугаар байрт орж, олон улсын хэмжээний мастерын болзол хангасан. Түүнээс хойш миний хамгийн шилдэг гэх амжилтууд хөвөрсөн дөө. 2016 онд улсын аварга болж, Дэлхийн дугуйн холбооноос чансааны оноо авч, мэргэжлийн уралдаанд оролцох эрхтэй болов. Сүүлийн гурван жилд БНХАУ-д болсон дугуйн спортын дотоодын чанартай бүхий л тэмцээнд өрсөлдөж, муугүй амжилт үзүүлсэн. Нэг жилд 100 гаруй тэмцээнд орсон гэхээр сүүлийн гурван жилд 300 гаруй медаль авсан байх нь. Нийт тэмцээнийхээ 70-80 хувьд нь эхний байруудад шалгарчээ. Беларусийн нэр дээр бүртгэлтэй “Ферей” гэх багт легионер тамирчнаар уралдаж, улсынхаа “Аттила” клубт харьяалагддаг.

-Хамгийн дурсамжтай тэмцээн тань юу вэ?

-2016 онд БНХАУ-д болсон тэмцээнд оролцохоор очихдоо дугуйгүй явсан. Түрээсийн дугуйгаар уралдаад, Хятадын өндөр зэрэглэлийн нэртэй тамирчдыг ардаа орхив. Тэр үйл явдал БНХАУ даяар шуугиан тарьж, миний тухай бичсэн сурвалжлагч нь өөрийн тамирчдын нэр хүндийг унагасан гэх хэрэгт холбогдсон гэж дуулсан юм. Тэр л хамгийн дурсамжтай нь. Азийн шилдэг дугуйчдын тоонд монгол тамирчин үргэлж байдаг. Монгол дугуйчид оролцсон тэмцээн чансаа өндөртэй болж, улсынхаа нэрийг тахалж байгаа гэж бардам хэлнэ.

-Тамирчид тэмцээн уралдааны шагналаас өөр орлогогүй шахам байдаг. Дугуйн спортынхон ч мөн адил уу?

-“Ковид-19”-өөс шалтгаалж олон тамирчин спортоо орхилоо. Учир нь тогтсон цалингүй спортынхонд маш хүнд туссан. Хүн л болсон хойно амьдралаа бодох уу, карьераа үргэлжлүүлэх үү гэсэн сонголттой тулгарлаа. Би ч адил энэ сонголт дээр ирсэн. Гэтэл эхнэр минь “16 жил тасралтгүй зүтгэчихээд, одоо үр шим нь гарах гэж байхад бууж өгч болохгүй. Хайран санагдахгүй байна уу” гэх зэргээр урмын үг хэлж их дэмжсэн.

-Танд энэ спорт юу өгөв?

-Зүйрлэшгүй эрүүл мэндийг өглөө. Одоогоор шүднээс өөр эмнэлэгт очиж үзээгүй. Ханиад томуу гэдэг чинь их хол. Бид бэлтгэлээ хотоос зайдуу хийдэг тул өдөр бүр цэвэр агаарт гардаг. Үүнээс шалтгаалж дархлаа сайтай болсон байх. Мөн олон улсын тэмцээнд оролцож, аялж зугаалж, хүмүүстэй танилцах боломж олгодог.

-Дугуйн спортын хамгийн хүнд нь юу вэ?

-Дугуй эрсдэл ихтэй, эр зоригийн спорт. Тамирчин хүний хувьд тооцоо, мэдрэмж чухал. Хэрвээ бартаат замд хурд, хүчээ буруу тооцвол эрсдэлтэй. Өндөр хурдтай явдаг учир хутганы ирэн дээр л уралдаж байна гэсэн үг.

-Бэлтгэлээ яаж хийдэг вэ. Амралтын өдөр гэж байх уу?

-Өдөр бүр бэлтгэл хийдэг. Том тэмцээний дараа дээд тал нь хоёр долоо хоног амарна. Амжилт гаргаж байж л ар гэрээ тэжээх бага сага мөнгө орж ирэх учраас амжилтаа ахиулахыг эрмэлздэг. Би ШУТИС-ийг уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн ч ажиллаагүй, спортоо хөөсөн. Оюутан байхдаа Азийн оюутны тоглолт, дэлхийн аваргын тэмцээнд оролцож байв.

-Ойрын үед зорьж буй тэмцээн бий юү?

-Азийн аварга шалгаруулах тэмцээнээс манай тамирчид бөөн гараатай төрөлд алтан медаль аваагүй. Түрүүлчих юм сан гэж боддог. Цаашлаад тамирчин хүн бүрийн оролцохыг хүсдэг олимпыг зорьж байна. Монгол Улс 1964 оноос хойш дугуйн спортоор олимпод өрсөлдөж байгаагүй. Учир нь олимпод орохын тулд Европын томоохон тэмцээнүүдээс оноо цуглуулах хэрэгтэй. Оноогоороо эхний 50-д орсон бол нэг квот өгдөг.

-Та дугуйгаараа хэр хол аялж байв?

-Улаанбаатараас Дархан-Уул аймаг руу 350 гаруй км л явсан.

Бэлтгэсэн: У.Түвшинбаяр

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.