Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.БИЛГҮҮН: “Домино” жүжигт тоглох үедээ мэргэжилдээ улам дурласан

Залуу уран бүтээлч Б.Билгүүнийг “Залуус” буландаа урилаа. Тэрбээр хуучнаар Санкт-Петербургийн Театр урлагийн академи буюу одоогийн ОХУ-ын Театрын урлагийн их сургуулийг хүүхэлдэйн театрын жүжигчин мэргэжлээр дүүргэсэн юм.

-Урлагийн мэргэжил сонгосон шалтгаан тань юу вэ?
-Сайн дуулдаггүй, хөдөлгөөний эвсэл муутай ч багаасаа урлагт дуртай хүү байлаа. Монголын хүүхдийн ордны драмын дугуйланд суралцдаг байсан минь урлагийн мэргэжил сонгоход нөлөөлсөн. Багшдаа их загнуулсан ч өөрийнхөөрөө байх боломж минь урлаг учраас энэ мэргэжлээ сонгосон.
-ОХУ-ын урлагийн сургуулийн шалгалтыг хэрхэн давав?
-“ОХУ-д хүүхэлдэйн жүжигчнээр суралцах оюутнуудыг шалгаруулна” гэсэн мэдээлэл сонсоод хоёр найзтайгаа очиж бүртгүүлсэн. Нэг нь одоогийн UBS телевизийн хөтлөгчөөр ажиллаж буй Н.Сувд-Эрдэнэ, нөгөө нь З.Булган. Эхлээд орос хэлний шалгалт авсан. Уг шалгалтыг давсан хүүхдүүдээс мэргэжилтнүүд шүлэг, дуу, эвсэл, сонсгол, анхаарал, монолог гэх зэргээр шигшиж, 17-г нь үлдээсэн. Үүний дараа ОХУ-ын Соёлын яамны мэргэжилтэн, ОХУ-ын Театрын урлагийн их сургуулийн Хүүхэлдэйн театрын факультетийн декан ирж шалгаад 10 хүүхэд тэнцүүлсэн юм. Гарын доорх материалаар хүүхэлдэй хийлгүүлж, түүгээрээ этюд үзүүлэх, шууд нөхцөл өгч, хэд хэдээр нь хамт этюд хийлгэх зэргээр шалгасан санагдана.
-Сургуулиа төгсөөд Оросын театрт ажиллах боломж байсан уу?
-Байсан шүү. Манай ангийнхан диплом хамгаалахдаа тоглосон жүжгийг Санкт-Петербург хотод чансаагаараа нэгдүгээрт жагсдаг БТК (Большой театр кукол)-ынхан урын сандаа авсан. Орчин үеийн чиглэлийн жүжгүүд тавьдаг театр л даа. Сургуулиа төгсөөд манай ангийнхан хэсэг хугацаанд тоглоод, биднийг нутаг буцсаны дараа орос жүжигчдээр дүр нөхүүлэн тоглодог болсон гэсэн. Манай уран чадварын багш “Handmade” гэж хувийн театртай. Биднийг театртаа авч үлдэх сонирхолтой байсан. Орост хувь уран бүтээлч амжуулж л чадвал хэдэн ч театрын жүжигт, хэдэн ч кинонд зэрэг ажиллах боломжтой нь сайхан.
-Алдартай ямар уран бүтээлчдээр хичээл заалгаж байв?
-Оросын одоогийн уран бүтээлчдээс миний хамгийн хүндэлдэг жүжигчин Константин Хабенский манай сургуулийн төгсөгч юм билээ. Оросын театрын уран бүтээлчид дунд цуутай, мундаг хүмүүсээр хичээл заалгах хувь тохиосонд талархаж явдаг. Тухайлбал, манай тайзны ярианы багш гэхэд А.С.Пушкины нэрэмжит театрт насаараа гол дүр бүтээсэн Александр Марков гэж хүн бий. Ангийн багш Яна Тумина орчин үеийн хүүхэлдэйн театрын том төлөөлөгч, алдартай найруулагч.
-Ирээд Улсын хүүхэлдэйн театрт хэсэг хугацаанд ажиллаад гарчихсан. Яагаад үлдсэнгүй вэ?
-Хүүхэлдэйн театртаа удаан ажиллаж чадаагүй ээ. Уг нь биднийг ОХУ руу явахад “Төгсөөд 10-уулаа Улсын хүүхэлдэйн театрт ажиллах ёстой” гэсэн утга бүхий гэрээнд гарын үсэг зуруулсан. Гэтэл төгсөөд ирэхэд орон тоо байгаагүй. Театртаа ирээд цалингүй дагалдан жүжигчнээр ажилласан л даа. Бидний тав нь одоо Улаан-Үд хотын “Ульгэр” театрт ажиллаж байна. Хоёр нь саяхнаас Улсын хүүхэлдэйн театрт орсон. Улсын хүүхэлдэйн театрын одоогийн удирдлага боломж бололцоогоороо манай ангийнхнаас авч ажиллуулж байгаа.
-Жүжигчин байхын амтыг хэзээ анх мэдэрч, шунав?
-Тавдугаар ангидаа найруулагч Х.Дамдин гуайн “Наргиа” хүүхдийн цувралд тоглож байв. Тэр үед их гоё санагдсан. Оюутан байхдаа бид ангиараа “Домино” жүжгээ хоёр жилийн турш тасралтгүй тоглосон юм. Тэр жүжигт ажиллах үедээ мэргэжилдээ дурлаж, шунасан гэж болно.
-Тайзан дээр байхдаа юу мэдэрдэг вэ?
-Гайхамшгийг мэдэрдэг. Хоёр цагийн турш тухайн дүрд “амьдраад”, эргээд өөрийн амьдралд шилжих мөч гайхамшигтай. Яг л өөр ертөнцөөр аялах мэт. Үзэгчдийн сэтгэл хөдлөл, жүжигчний сэтгэл ханамж хамгийн гол нь. Манай багш “Хийж буй зүйлээсээ сэтгэл ханамж ав” гэдэг байлаа.
-Найруулагчаар ажиллах бодол бий юү. Тайзан дээр тоглох, найруулахын аль нь “амттай” бол?
-Найруулагчаар ажиллах талаар бодох төдий л байна. Сайн найруулагчийн бүтээл үзэгчийн дотор заавал нэг юм бодуулж үлдээдэг. Ухаарал, харамсал, эргэлзээ гээд юу ч байж болно. Тухайн зүйлийг үзэгчийн өмнө харж байгаагүй өнцгөөс харуулж, бодох зүйл үлдээх нь найруулагчийн давуу тал гэж би боддог. Өөрийгөө бэлэн болоогүй, түүхий байна гэж голдог. Тодорхой хэмжээнд боловсорсон гэж үзсэн хойноо заавал хийнэ. Гэхдээ одоогоор надад тайзан дээр тоглох нь л илүү “амттай” санагдаж байна.
-“Гэгээн Муза” академиас зохион байгуулсан хоёр хүний жүжгийн уралдаанд Японы алдарт зохиолч Рюүносүкэ Акүтагавагийн “Кэса, Морито хоёр” жүжгээр оролцохыг тань үзсэн. Жүжгийн ямар төрөлд илүү дуртай вэ?
-УДЭТ-ын туслах найруулагч О.Итгэл энэ жүжигт ажиллахыг санал болгож, жүжигчин Т.Энэрэлийн хамт тоглосон. Би орчин үеийн хүүхэлдэйн болон пластик театрын төрөлд их сонирхолтой.
-Ямар уран бүтээлчийг харж суралцдаг, үлгэр дуурайл авдаг вэ?
-Зогсолтгүй уран бүтээл туурвидаг, бүтээлч талаас нь “Фантастик” продакшныхан үнэхээр мундаг. Найруулагчийн хувьд гэвэл Д.Золбаяр, Ж.Сэнгэдорж, Д.Бямбасүрэн нарыг хүндэлдэг. Тэдний уран бүтээлийг үзэх дуртай.
-Тэгвэл төсөөлье л дөө. Харж үлгэр дуурайл авдаг уран бүтээлчтэйгээ ямар нэг уран бүтээлд хамтран ажиллах завшаан гарлаа гэж бодъё. Тэгвэл хэний, ямар бүтээлд тоглох вэ?
-Дээр дурдсан найруулагч нарын ямар ч бүтээлд дуртайяа тоглоно.
-Одоо аль нэг театр, студи, продакшн бараадъя гэж боддог уу?
-Тийм бодол байхгүй ээ. Бүтээлч, санаа нийлсэн ямар ч хүмүүстэй хамтарч, уран бүтээл хийхийг хүсдэг.
-Дэлгэцийн урлагт хорхойсдог уу. Энэ төрлийн уран бүтээлд тоглох, найруулах бодол бий юү?
-Хэдийгээр би театрын урлагийн сургууль төгссөн ч кинонд их дуртай. Өөрийгөө сорихыг ч хүсдэг. Гэхдээ дэлгэцийн уран бүтээл хийхэд авьяас, туршлагаас гадна онол, мэдлэг, боловсрол, судалгаа гэхчлэн олон зүйл хэрэгтэй. Тиймээс энэ чиглэлээр суралцах бодол бий.
-Та одоо “Сити” их сургуульд багшилдаг юм билээ. Залуу хүн уран бүтээл хийхээс багшлахыг илүүд үзсэн нь ямар учиртай вэ. Оюутнуудтай ажиллах сонирхолтой юу?
-Би уран бүтээл, хичээл аль алиныг нь амжуулахыг хичээдэг. Одоо “Сити” их сургуульд тайзны хөдөлгөөний хичээл цагаар заадаг. Тав дахь жилдээ багшилж байна. Оюутнуудтай ажиллах их сонирхолтой, сурах зүйл ч бишгүй. Цаашдаа уран чадварын багшаар ч ажиллах хүсэлтэй.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.