Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.БАТАА: Зорчих эрхийг хязгаарлах ял хүний эрхийг дээдлэн хамгаалах суурь зарчимд нийцсэн

Монгол Улсын 2015 оны Эрүүгийн хуульд зорчих эрхийг хязгаарлах ялыг шинээр оруулсан. Гэвч уг ялыг гэм буруутай хүнд оноолгүй хоёр жил хагас болж, энэ оны эхнээс хэрэглэж байна. Монгол Улсад шинэ төрлийн гэж хэлж болох уг ялыг анх удаа Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэрэглэж хоёр ч хүнд ногдуулжээ. Тус шүүхийн шүүгч Б.Батаатай энэ төрлийн ял, хэрэгжилтийн талаар ярилцав.

-2015 оны Эрүүгийн хуульд анх удаа зорчих эрхийг хязгаарлах ялыг хуульчилсан шалтгаан, ач холбогдол нь юу байв гэдгээс ярилцлагаа эхэлье.
-Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан олон улсын гэрээ, конвенцод нэгдэн орсон. Тэдгээрт аливаа улсад хууль ёсоор оршин суугаа хэн ч улсынхаа дотор чөлөөтэй зорчих эрхтэй байхаар тусгасан байдаг. Монгол Улсын Үндсэн хуульд ч энэ эрхийг баталгаажуулсан. Харин 2015 оны Эрүүгийн хуульд анх удаа энэ эрхийг ялын түвшинд авч үзэх шинэ үзэл санаа бий болсон. 2002 оны Эрүүгийн хуульд энэ төрлийн ял байгаагүй. Уг ял дэлхий дахинд ч харьцангуй шинэ төрлийнх. Хүмүүсийг нийгмээс тусгаарлаж, хорих ял оноон шоронд хорьсноор гэмт хэрэгтэй бодитой тэмцэж чадаж байна уу, Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлоон байгуулах зорилготой нийцэж чадсан уу гээд олон асуулт гардаг. 2015 оны Эрүүгийн хуульд зорчих эрхийг хязгаарлах ялыг шинээр ялын төрөл болгон оруулсан нь хорих ялыг бууруулах, боломжтой заримыг нь нийгмээс тусгаарлаж, хорихгүйгээр төрийн хяналтад байлгах замаар нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тухайн хүнийг зохих хэмжээгээр цээрлүүлэх бодлогын илрэл гэж үзэж болно. Улсынхаа дотор өөрийн дураар явах боломжгүй болно гэдэг нь нэг төрлийн цээрлэл.
-Цөөнгүй оронд энэ төрлийн ялыг хэрэглэдэг туршлага бий юм билээ. Ер нь улс орнууд хэдийнээс хүний зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оноох болсон юм бол?
-Дэлхийн улс орнуудад 1960-аад оноос энэ төрлийн ялын талаар ярьж эхэлсэн гэдэг. Өөрөөр хэлбэл, техник, технологийн дэвшилтэй холбоотойгоор зорчих эрхийг нь хязгаарлах санаа гарч иржээ. 1980-аад оноос зарим улс, оронд хэрэглэж эхэлсэн. Өнөөдөр дэлхийн 20 гаруй улсад энэ төрлийн ялыг хэрэглэж байгаа. Үүнийг хэрэгжүүлэхэд яах аргагүй техник, технологи хэрэгтэй. Ял шийтгүүлсэн хүн бүрийг хянаад явах төрийн албан хаагч байхгүй. Тиймээс техник, тоног төхөөрөмж, технологи ашиглах хэрэгтэй болж таарна. Үндсэндээ нийгмийн хөгжлөө дагаад бий болсон ялын төрөл. Англо-Саксоны эрх зүйн тогтолцоотой АНУ, Австрали, Канад зэрэг улс уг ялыг хэрэглэж байна. Мөн манай улстай адил эх газрын эрх зүйн тогтолцоотой ХБНГУ, Франц, ОХУ-ыг дурдаж болно. Монголд энэ төрлийн ялыг бий болгосноор олон улсын жишиг, хүн төрөлхтний хөгжилтэй хөл нийлүүлсэн. Орчин үеийн эрүүгийн эрх зүйн хөгжилд ялын төрлийг нэмэх, олон сонголттой болгох, дээд, доод хэмжээ нь өргөн хүрээтэй байх нь нэг талаасаа гэмт хэрэг үйлдсэн хүнд тохирсон ял онооход ач холбогдолтой. Нөгөө талаасаа хүний эрхийг дээдлэн хамгаалах суурь зарчимд нийцэж байгаа юм. Энэ агуулгаараа 2015 оны Эрүүгийн хуульд энэ ялын төрлийг нэмж оруулсан гэж ойлгож байна.
-Ер нь зорчих эрхийг хязгаарлах гэж юуг хэлж байна вэ. Манай хууль тогтоомжид хэрхэн тусгалаа олсон байдаг юм бол?
-Чөлөөтэй зорчих эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр, нийгмийн хэв журам сахиулах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, бусдын эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах зорилгоор, хуулиар эрх олгогдсон албан тушаалтан хязгаарлах учиртай. Хууль сахиулах байгууллагын хүрээнд өргөн хэрэглэдэг эрхийн хязгаарлалт юм. Тухайлбал, хууль сахиулагч таныг зогсоох, түр саатуулах явдал. Цагдаа, хууль сахиулах байгууллагын ажилтан автомашинаар зорчиж буй иргэнийг зогсоон бичиг баримтаа шалгуулахыг шаардах, тодорхой үндэслэлээр хэлтэс, тасаг руугаа очих ёстой хэмээж буй нь чөлөөтэй зорчих эрхийг хязгаарлаж буй наад захын хэлбэр.

Шилжин суурьшихыг хязгаарлах нь мөн үүний нэг жишээ. Аливаа сонгуулийн үеэр ч юм уу, эсвэл засаг захиргааны байгууллагын шийдвэрээр шилжилт хөдөлгөөнийг зогсоодог шүү дээ. Газар чөлөөлөх, албадан нүүлгэх нь мөн зорчих эрхийг хязгаарлаж буй аргуудын нэг. Түүнчлэн Гамшгийн тухай хуулиар хөл хорио тогтоох, онц байдал зарлах нь зорчих эрхийг хязгаарлаж байгаа хэлбэр. Хууль хяналтын байгууллагын эрх бүхий албан тушаалтан дуудах нь ч мөн адил зорчих эрхийг хязгаарлаж байгаа явдал. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед улсын хилээр гарахыг хориглох, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах, яллагдагчаар татах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, эцэст нь зорчих эрхийг хязгаарлах ял ногдуулж буй нь зорчих эрхийн хязгаарлалт юм.
-Энэ ялыг ямар гэмт хэрэг үйлдсэн хүнд оноохоор хуульчилсан байдаг вэ?
-2015 оны Эрүүгийн хууль 2017 оны долдугаар сарын 1-ээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Гэхдээ Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэх эдийн засаг, техник, технологийн боломж байгаагүй учраас бэлтгэл ажлыг хангах үүднээс тодорхой хугацаагаар хойшлуулахаар хууль тогтоогчид шийдвэрлэсэн. Энэ хугацаа нь дуусаж, 2021 оны нэгдүгээр сарын 1-ээс уг ялыг оноох, хэрэглэх хуулийн боломж нээгдсэн юм. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 19 бүлгийн 206 гэмт хэрэгт энэ ялыг ногдуулахаар хуульчилсан. Тодруулбал, 29 дүгээр бүлэгт заасан хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэргээс бусад бүлэгт зорчих эрхийг хязгаарлах ял тусгасан. Өөрөөр хэлбэл, нийт гэмт хэргийн 67 хувьд нь уг ялыг сонгон оноож болохоор заажээ. Хорих ялтай хэрэгт ч ялын сонголт болж орсон нь бий. Хорих ялгүйд нь ч сонгон хэрэглэж болохоор байгаа. Тэгэхээр тухайн гэмт хэргийн шинж, үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршиг, гэм буруутай этгээдийн хувийн байдал зэрэг олон зүйлийг тал бүрээс нь харгалзан аль ял тохирох вэ гэдэгт шүүх дүгнэлт өгнө гэсэн үг юм. Магадгүй зарим хэргийн тохиолдолд хорих ял шийтгүүлээд хорих ангид сууж байснаас илүүтэй тодорхой эрх чөлөөгөө хязгаарлуулаад нийгмийн өмнө, гэр бүлийнхээ өмнө үүрэг хүлээн төрийн хяналтад ажиллаж амьдран, үр хүүхдээ тэжээн тэтгээд явж байх нь нийгэмд ч ашигтай, гэм буруутай хүндээ ч цээрлэлтэй.
Энэ мэт олон хүчин зүйлийг тал бүрээс нь авч үзэх боломжийг нэмэгдүүлснээрээ ач холбогдолтой. Үүнийг харгалзан хууль тогтоогчид 2015 оны Эрүүгийн хуульд зорчих эрхийг хязгаарлах ялыг шинээр оруулсан болов уу.
-Шүүхийн практикт Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх анх удаа энэ ялыг хэрэглэж, хоёр ч хүнийг шийтгэсэн байна. Ямар үндэслэлээр уг ялыг оноов?
-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс одоогоор хоёр хэргийн хоёр шүүгдэгчид энэ төрлийн ял оноосныг практикт анх удаа гэж та үзэж байх шиг байна. Энэ хоёр хэргийг би хянан шийдвэрлэсэн. Нэг нь, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, нөгөө нь 11.4-1-т заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдсон хоёр хүнд зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлээ. Энэ хоёр хэргийн тухайд өмнө дурдсан бүхий л нөхцөл байдлыг тал бүрээс нь харж үзсэн. Жишээ нь, 11.6-2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хувьд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах гэсэн гурван төрлийн ялаас сонгож хэрэглэхээр байсан юм. Эдгээрээс зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх хэд хэдэн үндэслэл байна гэж шүүх дүгнэсэн. Тухайлбал, шүүгдэгч нь “Нарантуул” зах дээр тэрэг түрж, ачаа бараа зөөж, эхнэр, дөрвөн хүүхдээ тэжээдэг нэгэн байсан. Харин цар тахалтай холбоотойгоор тухайн хүн ажил хөдөлмөр эрхлэхээ больж дөрвөн хүүхдийнхээ 400 000 төгрөгөөр арай ядан амьдрах болсон. Бага хүүхэд нь нялх учир эхнэр нь ажил хийх боломжгүй. Тэгэхээр ийм хүнд торгох ял тохирох уу. Торгох ял шийтгэх гэхээр тэр дөрвөн хүүхдийн мөнгөнөөс авах гээд байна шүү дээ.

Тиймээс уг ял тохирохгүй гэж шүүх үзсэн. Харин шүүгдэгч “Нарантуул” зах хэзээ нээгдэж үйл ажиллагаагаа явуулна гэж хүлээх вэ. Өөр ажил олж хийе, яаж хүүхдүүдийн мөнгөөр амьдрах вэ. Найз нөхөдтэйгөө яриад барилгын засал чимэглэл хийх гэж байгаа. Энэ хэргээ шүүхээр хурдан шийдвэрлүүлж, нэг тийш болгочихоод ахуй амьдралдаа анхаарахгүй бол болохгүй нь” хэмээн мэдүүлдэг. Тэгэхээр ажил эрхэлж, эхнэр, хүүхдэдээ зориулмаар байгаа хүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оноочихоор гэр бүлээ тэжээх гээд буй зорилгод нь, мөн хүүхдүүд нь сөргөөр нөлөөлөх гээд байгааг шүүх харгалзан үзсэн. Өөрөөр хэлбэл, дөрвөн хүүхдийн тэжээн тэтгүүлэх эрх нь хөндөгдөх гээд байна гэж дүгнэсэн. Тэгэхээр зорчих эрхийг нь хязгаарлах ял тохиромжтой гэж үзээд түүнд хуульд заасан хэлбэрүүдээс үр нөлөөтэйг нь сонгон оноохоор шийдвэрлэсэн. Уг ялын хүрээнд эрх бүхий байгууллагын хяналтад тодорхой газраас гарахыг хориглох, тодорхой газарт очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эсхүл эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг сонгон ногдуулах боломжтой. Тэр хүнд хаягаа өөрчлөхгүй, тухайн хаягтаа тогтмол амьдрах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналт дор ажиллаж амьдрах, зайлшгүй шаардлагаар хаягаа өөрчлөх бол заавал зөвшөөрөл авахаар тогтоосон. Түүнчлэн хийх гэж буй ажлаа тодорхой болгоод тухайн ажил болон амьдарч буй газрынхаа хооронд л явах маршрут тогтоож, ийш тийшээ дураараа аялах, явах боломжгүй болгосон.
-Эмнэлэгт хандах зэрэг нэн шаардлагатай тохиолдолд тогтоосон маршрутыг зөрчих болбол хэрхэх вэ. Оноосон ял, шийтгэл биелүүлэхийг зөрчсөн гэж үзэх үү?
-Гэнэтийн гай зовлон учрах, яаралтай тусламж авах тохиолдолд шүүхээс тогтоосон үүрэг зөрчигдөх эрсдэл бий. Гэхдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, хяналт тавьж буй албан тушаалтандаа мэдэгдсэн бол зөрчилд тооцохгүй, зорчих эрхийг хязгаарлах ялаас зайлсхийсэн гэж үзэхгүй. Өөрийнх нь болон ойр дотнын хэн нэгний бие нь өвдөж эмнэлгийн яаралтай тусламж авахаар болж, түргэн тусламжийн машинаар, эсвэл өөрийнхөө тээврийн хэрэгслээр эмнэлэгт хүргэж байгаа тохиолдолд ял эдлэхээс зайлсхийсэн гэж үзвэл хэт өрөөсгөл болно. Бусдаар төрийн хяналтад байж, тогтоосон маршрутаар зорчин, үүргээ биелүүлээд байгаа хүнд ямар ч асуудал үүсэхгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид нэг сараас таван жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах ялын ерөнхий хугацааг тогтоогоод тусгай ангид заахдаа тодорхой төрлийн гэмт хэрэг болгонд ялгаатай байхаар хуульчилсан. Дээрх иргэний тухайд зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлан, төрийн хяналтад ажиллаж, амьдрахаар болсон. Төрийн хяналтад ажил, гэрийнхээ хооронд яваад ирэхээр хувь хүний зан үйлд ч эерэг нөлөөтэй, хөдөлмөрлөж олсон орлогоо гэр бүл, хүүхдүүдээ зориулах нөхцөл нь ч илүү сайн бүрдэх боломжтой.
-Шүүгч тогтоолоо танилцуулмагц шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнууд энэ ялд хяналт тавих төхөөрөмж болох бугуйвч зүүх үү, эсвэл шийтгэх тогтоол албажихаар ял шийтгэлийг нь эдлүүлэх юм уу?
-Тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүлээлгэн өгснөөр тогтоол гүйцэтгэх ажиллагаа явуулна. Тус байгууллага шүүхийн шийтгэх тогтоолд заасан зорчих эрхийг хязгаарлах ял ногдуулахдаа ямар үүрэг хүлээлгэсэн, агуулгыг хэрхэн тодорхойлсон бэ гэдгийг анхаарч үзээд шүүхээс тогтоосон үүргийн хүрээнд хөдөлгөөнийг хязгаарлаж, хяналт тавих юм.
-Зарим хуульч, судлаач нар 2015 оны Эрүүгийн хуульд орсон зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаа арай урт байна гэж шүүмжлэхтэй таарсан. Та энэ талаар ямар байр суурьтай байдаг бол?
-Бусад оронд хэрэглэж байгаатай харьцуулахад манайд хугацаа нь арай урт байна гэж судлаачид шүүмжилж байгаа. Таван жил урт хугацаа байна, дээд тал нь гурван жил байх ёстой гэж шүүмжлэх хуульчид бий. “Нээлттэй нийгэм форум”-аас хийсэн судалгааны дүгнэлтэд “Бусад улсын жишигтэй харьцуулахад таван жилийн хугацаа нь 1.7 дахин урт байна” гэсэн байна билээ. Хугацааны хувьд ийм байдлаар шүүмжлэлтэй хандахаас гадна нийт гэмт хэргийн 67 хувьд зорчих эрх хязгаарлах ял шийтгэхээр хуульчилсан нь хэт өргөн хүрээнд хавтгайруулж байна гэж дүгнэх судлаач ч бий. Гэхдээ нэгэнт сонгох хэлбэрээр орсон учраас тэр ял тохирох уу, үгүй юү гэдгийг талууд шүүх дээр мэтгэлцэнэ, эцэст нь шүүх л дүгнэж ял онооно шүү дээ. Хэрэг болгон өөр, хүн бүр адилгүй, хохирол ч ялгаатай. Түүгээр ч зогсохгүй ял шийтгүүлж буй хүнд үзүүлэх нөлөө нь хүртэл адилгүй. Зарим хүнд 500 000 төгрөгөөр торгох ял дэндүү хүнд тусаж байхад өөр нэгэнд нь нийтэд тустай ажил хийх нь хэцүү санагдана. Үндсэндээ мөнгө нэг хүнд цээрлүүлэх зорилгоо хангах жинхэнэ ял болж байхад нөгөө хүнд “ашгүй дээ” гээд баярлаад гарч гүйх ялын нөлөөгүй зүйл болж хувирахыг ч үгүйсгэхгүй. Энэ бүхнийг шүүх тал бүрээс нь харж байгаад тодорхой төрлийн ялыг, тодорхой хэмжээгээр ялгамжтай оноодог.

Зорчих эрхийг хязгаарлах ялын доторх хэлбэр нь хэд хэд байна гэдгийг дээр хэлсэн. Тэндээс хорих ял оноох хэмжээний гэмт хэрэг байгаад шүүх энэ хүнийг нийгмээс заавал тусгаарлаад яах вэ гэж дүгнэн зорчих эрхийг нь хязгаарлах ял оноож буй бол хугацаа хийгээд үүргийн төрөл нь өөр өнгө аястай, хязгаарлалт нь хатуу чанга байна. Харин хорих ялгүй гэмт хэрэгт торгох уу, нийтэд тустай ажил хийлгэх үү гэдгээс сонгон зорчих эрх хязгаарлаж буй бол бас нэг өөр байх юм. Энэ ялын хувьд иргэнлэг, хүмүүнлэг гэж хэлж болно. Зарим хүн гэм буруутай хүний толгойг илэх гэж байна гэхийг үгүйсгэхгүй. Тэр талаас нь харвал өрөөсгөл. Дээр өгүүлсэнчлэн тохирох хүндээ тохирсон ял бол жижиг ч байсан цээрлэл болж чаддаг. Дундад зууны үеийн хуульч эрдэмтэн хэлэхдээ “Аливаа ял шийтгэл хүнд, хөнгөндөө байдаггүй. Хамгийн гол нь тохирсон байхдаа, тэр хүнд үр нөлөө үзүүлж чадсан, эсэхдээ мөн чанар нь оршдог юм” гэсэн байдаг. Ялын талаарх энэ сургаал номлол өнөөдөр ч үнэ цэнээ алдаагүй. Ялын сонголт ийнхүү нэмэгдсэн нь тохирсон ял оноох боломж нь өсөж байна гэсэн үг. Торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих гэсэн дөрвөн ялын сонголт байлаа гэж бодоход эндээс гарсан хэрэг, тухайн хүнд аль нь тохирох вэ, эцсийн дүндээ тэр иргэнийг цааш нь түлхээд хэцүү хүн болгох уу, эсвэл нийгмээс тусгаарлалгүйгээр хашрааж, засаж авах уу гэдгийг л дүгнэх, хэрэглэх боломжийг хууль тогтоогчид олгосон гэж үзэж болно. Тухайн хүнд тохирох, цээрлэл болох, үр нөлөөгөө өгөх, эсэх нь тухайн хэрэг шийдвэрлэх цаг мөч болгон дээрээ л яригдана даа. Нийгмийн шинжлэх ухааны хувьд туйлын үнэн гэж байдаггүйг бид сайн мэднэ. Харин хэр үнэн байсан гэдгийг цаг хугацаа харуулдаг. Тиймээс байж болох хамгийн боломжтой үр дүнг л шүүх дүгнэдэг. Адилхан зүйл ангитай хэрэгт шүүх ялгаатай ял шийтгэлээ гэж зарим хүн шүүмжилдэг шүү дээ. Шинэ хуулиар ялын сонголт нэмэгдсэн, ялын дээд, доод интервал өссөн. Тэр дундаас нөхцөл байдалд нь тохирсон, зөв зүйтэй дүгнэлтийг хийж чадах л юм бол хуулийн хүмүүнлэг чанар нэмэгдсэн гэж хэлж болно.
-Хорих ял оноолгүй, гэм буруутай хүнд шүүх хэтэрхий зөөлөн хандлаа гэж шүүмжлэх хүн цөөнгүй байдаг. Хүнийг хорьж цагдсанаараа гэмт хэргийн гаралт буурч байгаа болов уу?
-Хорих ял их ногдуулж, олон хүн шоронд хорьсноороо эрүүгийн нөхцөл байдал өөрчлөгдөж, гэмт хэрэг буурдаггүй. Ялангуяа, XXI зуунд ийм зүйл ярих нь бүр ч утгагүй. Хамгийн гол нь тохирсон, мэдэрсэн ял л үр нөлөөтэй. Магадгүй анх удаа гэмт хэрэг үйлдсэн нэг залууг хорих ялаар шийтгээд шоронд суулгалаа гэж бодъё. Тэр хүн хорих ангиас цээрлэгдсэн хүн болж гарч ирж болох ч хүмүүжиж ирэх нь эргэлзээтэй. Энэ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаатай огт холбоогүй юм. Анх удаа гэмт хэрэг хийж, алдаж эндсэн залууд нэг удаа боломж олгоод, нийгмээс тусгаарлахгүй, хорих газар луу шилжүүлэхгүйгээр, өөр арга замаар засаж авах боломж бололцоог эрэлхийлбэл 20 жилийн дараа ямар их зүйл хийж бүтээсэн, гэр бүл, үр хүүхдээ тойруулан сайхан амьдарч байхыг бид тааж мэдэхгүй шүү дээ. Иймд харлуулах бараан зүйл байсан ч цайруулах гэгээн зүйл бий, эсэхийг нь заавал харах учиртай. Энэ ялын ач холбогдлыг энэ талаас нь харах боломжтой. Уг ялын үр дүн, нөлөө нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналтаас ихээхэн хамаарах болов уу. Шүүхийн шийтгэх тогтоолд тусгасан хөдөлгөөний хязгаарлалтад хяналтаа сайн тавьж, хэрэгжүүлж чадах юм бол тухайн хүнд бодитой “ял”, бодитой “цээрлэл” болох юм. Хэн ч төрийн байгууллагын хяналт, эрхшээл доор амьдрахыг хүсэхгүй шүү дээ.

10
Зөв, гоёЗөв, гоё
1
Хөөрхөн юмХөөрхөн юм
1
ХарамсалтайХарамсалтай
0
Савж уналааСавж уналаа
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 thoughts on “Б.БАТАА: Зорчих эрхийг хязгаарлах ял хүний эрхийг дээдлэн хамгаалах суурь зарчимд нийцсэн

  • Avatar Зочин says:

    Үнэхээр мундаг хүн шүү. Ийм л хүмүүс шүүгч байх хэрэгтэй. Б.Батаа шүүгчийн шийдвэрийг уншихад л маргах боломжгүй, хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрдэг.

  • Avatar Зочин says:

    Шуухийн хуулийн нарийн мон чанарыг энэ шуугч ойлгоцтой тайлбарлажээ хумуус хуулийн нарийн учрыг ойлгохгуй учир зовхон оорийн бодлоор шуух буруу шийдлээ гэж ярьдаг цаанаа холбогдогчийн эрх зуйд аль нь нийцэхийг бодож хунэлэг энэрэнгуй гэсэн зарчимдаа нийцуулдэг байхнээ

  • Avatar зочин says:

    ийм шударга чадварлаг шүүгч олон байгаасай

  • Avatar Зочин says:

    Хууль хэрэглээг энэ шүүгчээс суралцах хэрэгтэй