Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.Алтантуяа: Эмч нарт илүү их хамгаалалт хэрэгтэй байна

“Монголын Эмнести интернэшнл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Алтантуяатай цар тахлын халдвар дэгдсэн энэ өдрүүдэд эмч, эмнэлгийн ажилтнуудын эрх хэрхэн зөрчигдөж буй талаар ярилцлаа.

-Нийтийн бэлэн зэрэгт шилжсэн өдрүүдэд эмч нар 24 цагийн туршид ажиллаж байна. Гэхдээ тэдний зөрчигдсөн эрхийн талаар дуугарч байгаа нь цөөхөн. Танай байгууллага “Нүцгэн гараар “Ковид-19” цар тахлын эсрэг тэмцэгчид” олон улсын тайлан гаргасан. Монгол болон олон улсын эмч нарын ажиллаж буй орчин нөхцөлийн талаар харьцуулсан мэдээлэл өгнө үү?

-“Ковид-19” цар тахлын үед тэргүүн эгнээнд ажиллаж буй эрүүл мэндийн болон зайлшгүй шаардлагатай ажилтнуудын эрхийн асуудлыг 63 орны хүрээнд судалсны үндсэн дээр “Эмнести Интернэшнл” уг тайланг гаргасан. Бид дэлхийн олон мянган эмч, эмнэлгийн ажилтан амь насаа алдаж, хувийн хамгаалах хэрэгслийн хомсдолд орж, аюултай орчинд ажиллаж буйг хөндсөн. Цаашлаад аюулгүй байдлаа хангуулах асуудлаар удирдлагадаа хандсаны төлөө ажлаас халагдах зэргээр ажил олгогчдын хэлмэгдүүлэлт, зарим тохиолдолд бүр олон нийтийн зүгээс гутаан доромжлох, хүчирхийлэх явдалтай тулгарч байгааг тайландаа өгүүлсэн. Тайланг олон нийтэд танилцуулах явцдаа эмч болон эмнэлгийн салбарын өнөөгийн нөхцөл, цар тахалд хариу үзүүлэх бэлэн байдал ямар байгаа талаарх хэлэлцүүлгийг эмч, хуульч, багш, сэтгүүлч зэрэг олон салбарын хүмүүстэй хийсэн. 

Бусад улс оронд үүссэн хүндрэл бэрхшээл Монгол Улсад мөн л давтагдаж байна. Тухайлбал эмч эмнэлгийн болон бусад шаардлагатай ажилтнуудад хувийн хамгаалах хэрэгслийн хомсдол, түүнээс үүссэн эрүүл аюулгүй орчинд хөдөлмөрлөх эрх нь зөрчигдөж байна. Халдварын голомт болоод байгаа орон нутгийн эмнэлгийн ажилтнуудын хэлж байгаагаар нэг удаагийн бээлийгүй, нэг маскаа бүтэн өдөр зүүж байгаа, эмнэлгээс өгч буй маскны нөөц хүрэлцээгүйгээс аргагүйн эрхэнд өөрийн мөнгөөр худалдан авсан гэх мэдээ байна. Мөн ажилтнуудыг тээвэрлэх тусгай унаагүйгээс харанхуй шөнө хол газар явган явах, шаардлагад нийцэхгүй байранд тусгаарлах, илүү цагаар ажиллуулсан ч цалин хөлс, шагнал урамшил, нөхөн олговрыг бүрэн олгохгүй байгаа зэрэг олон асуудал бий.  Дэлхийн 63 орны Засгийн газрууд эрүүл мэндийн ажилтнуудаа ямар ч хамгаалалтгүйгээр тэргүүн шугам руу илгээсэн шиг нөхцөл байдал манай улсад нүүрлээд байна. Бусдын алдаанаас яаралтай сургамж авч эмч, эмнэлгийн ажилтан бусад шаардлагатай ажилтнуудын амь нас, аюулгүй байдлыг эн тэргүүнд анхаарах хэрэгтэй.

-Хамгийн гол нь эмч, ажилтнуудыг нийгэм даяар шүүмжилж, элдэв доромж үгээр хийсэн ажлыг нь үгүйсгэж буй. Энэ хүний эрхийн зөрчил мөн үү?

-Дэлхийн ихэнх улс оронд эрүүл мэндийн ажилтнууддаа талархах, хүндэтгэл үзүүлэх зэрэг хандлага давамгайлж байгаа бол цөөн улсад улс орны иргэд эрүүл мэндийн ажилтнуудаа гадуурхах,  гутаан доромжлох зэргээр бие сэтгэлийн хүчирхийлэл үзүүлсээр. Монгол Улсын хувьд ч мөн адил нийгмийн нэг хэсэг нь талархаж байхад, нөгөө хэсэг нь эрүүл мэндийн ажилтнуудыг үг хэлээр гутаан доромжлох, шүүмжлэх, халдвар тээгч вирус мэтээр сэжиглэн харилцах асуудлууд гарч байна. Эмчийн ажил хийж, халдварын голомтод ажиллаж байгаагаараа тэд нийгэмд чичлэгдэж байна. Төр засаг эрүүл мэндийн болон зайлшгүй шаардлагатай ажилтнуудаа доромжлол, хүчирхийлэлд өртүүлэхгүй байхад анхаарч, урьдчилан сэргийлэх, тус үйлдлүүдийг багасгах, арилгах арга хэмжээ авах үүрэгтэй. 

Гэтэл коронавирусийн халдвараас сэргийлж зай барих, халдвар хамгааллын дүрмийг мөрдөх шаардлага тавьсан эмч, эмнэлгийн ажилтны эсрэг гаргасан иргэдийн бүдүүлэг авир, ааш халдлагаас хамгаалж чадаагүй, тэр бүү хэл ажилтандаа хариуцлага тооцсон эмнэлгийн удирдлагын талаарх мэдээлэл бидэнд ирсэн.  Хүртээмж муутай эрүүл мэндийн тогтолцоо, бодлогын алдаа, буруу төлөвлөлт иргэдийг ихээр бухимдуулж, өрөөндөө сууж буй дарга нар биш энгийн ажлаа хийгээд явж байгаа эмч, сувилагчид гутаан доромжлолын бай болж байна. Энэ нь мэдээж хүний эрхийн зөрчил юм.

– Эмч нар өвчтэй хүмүүсийг эмчилж байгаад халдвар авлаа. Төр, ард түмний өмнө тангараг өргөж ажилласан тэд хохирчихлоо. Үүний хариуцлагыг төр хариуцах ёстой юу?

-Халдвар авах эрсдэл өндөр ажлын байранд ажиллуулахын тулд хувийн хамгаалах хэрэгслээр хангалттай хангах, ажлынх нь ачааллыг тэнцүүлж ядраахгүй байлгах, сэтгэл санааны түгшүүрийг арилгаж, мэргэжлийн сургалтад хамруулах, сэтгэл зүйч болоод нийгмийн ажилтны зөвлөгөө зөвлөмж, туслалцаагаар хангах учиртай. Мөн халдвараас урьдчилан сэргийлэх тарилга, эм бэлдмэлээр хангах, ажиллах орчны эрсдэлийн зэргээс шалтгаалсан нэмэлт нөхөн төлбөр олгох гэх мэтээр цогц арга хэмжээ авах үүргийг төр бүрэн хүлээдэг. Хэрвээ эдгээр арга хэмжээг бүрэн авсан ч тухайн ажилтан  халдвар авсан тохиолдолд ялгаваргүйгээр эмчлэх, эмчилгээний зардлыг төр бүрэн хариуцах, мэргэжлээс шалтгаалсан өвчин гэж үзэн зохих тэтгэмж, нөхөн олговор олгох ёстой.

Мөн ажлын байрныхаа аюулгүй байдалд санаа зовниж буй эмч эмнэлгийн ажилтны үгийг удирдлага нь сонсох үүрэгтэй. Үгээ хэлснийх нь төлөө ямар нэг хариу арга хэмжээ авч дарамтлах ёсгүй. Улсын эмнэлэг гэлтгүй хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд ч буй ажилтнуудынхаа ажиллах нөхцөлийг сайжруулах, аюулгүй байдлыг нь хангаж, халдвар авахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Хөл хорионы үеэр ажилласан Төрийн банкны ажилтнуудын халдвар хамгааллын хүрээнд авсан арга хэмжээг иргэд  сошиалаар хэлэлцэн шуугисан.  Хувийн хэвшил тийм хамгаалалтаар ажилтнуудаа хамгаалж байхад харамсалтай нь төрийн  байгууллагад эсхүл хөдөө орон нутаг, сумдын эмнэлэгт  ажиллаж буй гэдгээрээ эмч, ажилтнууд хувийн хамгаалах хэрэгслээр дутуу хангагдаж болохгүй. Харамсалтай нь, бидэнд ирж байгаа мэдээгээр ХӨСҮТ-ээс бусад газарт нэг удаагийн бээлийнээс авхуулаад шаардлагатай хамгаалах хэрэгслийн нөөц, шаардлагад нийцсэн тусгаарлах байр дутмаг байна. 

Төвлөрсөн цэвэр бохир усны системгүй, боловсон нойлгүй сумдын эмнэлэгт тусгаарлалтын асуудал хөндөгдлөө гэхэд ариун цэврийн байгууламж болоод хогийн цэгийн ариутгал устгалын асуудал хүндрэлтэй. Энэ талаар төлөвлөж, бэлтгэл ажил хангасан эсэх нь асуудалтай байна. Тиймээс төрийн холбогдох байгууллагууд бусад улсын алдаанаас яаралтай суралцаж, хариу арга хэмжээг шуурхай авах хэрэгтэй болов уу. Энэ бол төрийн үүрэг. “Эмнести Интернэшнл”-д маш олон орны эмч нар  “Хувийн хамгаалах хэрэгслээр хангагдсан тохиолдолд ямар ч өвчтөнтэй ажиллахаас бид айхгүй, Бид өнөөг хүртэл шаргуу ажиллаж ирсэн. Цаашид ч бэлэн байна. Гэвч зохих дэмжлэг, хамгаалах хэрэгсэл, хамгаалалтгүйгээр ажиллахад бэрх байна” гэдгээ хэлсэн. Үнэхээр зохих хамгаалалтаар бүрэн  хангачихвал эмч нар болон бусад зайлшгүй шаардлагатай ажилтнууд айдасгүйгээр ажлаа хийнэ шүү дээ.

-Ер нь эмч нар 24 цаг чардайж, зарим нь бие засах ч эрхгүй живх зүүн ажиллаж буй. Бие махбод хийгээд сэтгэл санааны хохирлыг хэн барагдуулах вэ. Олон улсад энэ тохиолдолд ямар хариу ажил зохион байгуулдаг вэ?

-Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд тэр дундаа эмч, сувилагч нар уртасгасан цагаар, зарим тохиолдолд ээлжийн амралт, завсарлагагүйгээр ажилладаг. Хэт их ачаалал, гэр бүлээсээ хол урт хугацаанд хүнд нөхцөлд ажилласнаар нойргүйдэх, сэтгэл санааны тогтворгүй байдал үүсэх, стресс нэмэгдэх, сэтгэл гутралд орох зэргээр сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ. “Хүн биш вирус шиг”-ээр харилцах нь стресст оруулж, түгшүүр, сэтгэл санааны дарамт учруулснаар эмч нарыг шантраах, ажиллах хүслийг нь мохоох шалтгаан болсон талаар манай тайланд дурдсан. Олон улсад эрүүл мэндийн ажилтнуудын дунд хийсэн судалгаагаар Ковидын голомтод ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдийн 75 хувь нь сэтгэл түгшүүрийн байдал өндөр гарсан. 

Мэдээж энэ асуудлыг эерэгээр шийдвэрлэж чадсан олон улсын туршлагыг Монгол Улсын хувьд эрт авснаар асуудал хүндрэхээс сэргийлэх боломжтой. Жишээ дурдахад, ДЭМБ-аас гаргасан эрүүл мэндийн ажилтнуудад үзүүлэх сэтгэцийн эрүүл мэндэд дүн шинжилгээ хийх удирдамжийг дагаж мөрдөх, ажлын уян хатан хуваарийг гаргах, хүний эрхэд ээлтэй хүний нөөцийн менежмент хийх зэрэг арга хэмжээнүүдийг авч болох юм. 2020 оны есдүгээр сарын 30-ны байдлаар бусад улс оронд 7000 гаруй эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтан нас барсан нь Засгийн газрууд эрүүл мэндийн ажилтнуудаа хамгаалах цогц бодлого, эрсдэлийг тооцон бууруулах арга хэмжээ аваагүй, эсвэл арга хэмжээ нь сул, эсвэл арга хэмжээг санхүүжүүлэх нөөц хөрөнгөө бүрдүүлээгүй, эсвэл нөөц хөрөнгөө үр ашиггүй зарцуулснаас үүдэлтэй байсан. Хамгийн наад зах нь ээлжээсээ буусан сувилагч нийтийн тээврээр зорчсоноосоо болж халдлагад өртсөн нь төрийн зүгээс урьдчилан харж сэргийлж болох асуудал байсан.

Хэрэв, вируст халдварын голомтод ажилласан эрүүл мэндийн ажилтнуудыг зөөвөрлөдөг тусгай тээврийн хэрэгслээр хангасан бол тэд олон нийттэй хутгалдан автобус, нийтийн тээврээр зорчиж, өөртөө болоод бусдад вирус халдварлуулах эрсдэл үүсгэхгүй юм. Харьцангуй хойно саяхан цар тахлыг дотооддоо алдсан, эмч сувилагч нар ч ажлын байран дээрээсээ халдвар авсан тохиолдол бүртгэгдээд буй манай орны хувьд бусдаас аль болох хурдан суралцаж, хэрэв тэгсэн бол гэж амаа барихгүйгээр ажиллах боломжтой. “Монголын Эмнести Интернэшнл”-ээс хийсэн хэлэлцүүлэг, эрүүл мэндийн салбарын удирдлагуудтай хийсэн уулзалтаас харахад халдварын голомтод ажилласан, сэжигтэй тохиолдлыг зөөвөрлөж, тусгаарласан, тусгай багт орж ажиллан тандалт, шинжилгээ хийсэн, ариутгал, хангамж хариуцсан зэрэг эмч, эмнэлгийн болон зайлшгүй шаардлагатай ажилтнуудыг зөөвөрлөх тусгай ариутгал, халдваргүйжүүлэлтийн стандартад нийцсэн тээврийн хэрэгсэл, тохь тухтай тусгаарлах байр байхгүйгээс тэд нийтийн тээврээр зорчих, түргэн тусламжийн машинаар хүргүүлэх, хөл хорионы үед хэдэн км зайг явган туулж байгаа тохиолдол  гарч байна.

-“Ковид-19”-ийн үед ажиллаж буй эмч нарын цалин хөлсийг олон улсын түвшинд үнэлбэл ямар байх ёстой вэ?

-Улс орнуудын эдийн засгаас хамааран цар тахлын үеийн цалингийн асуудал өөр өөр байна. Гэвч илүү цагийн болон хязгаарлалтын үеийн цалинг шударгаар олгохгүй байх, мэргэжлээс шалтгаалсан өвчин туссан, нас барсан үед нөхөн олговор олгохгүй байх зэрэг асуудал хэд хэдэн оронд гарсан. Олон улсын хүний эрхийн баримт бичгүүдэд заасны дагуу цалин хөлсийг шударгаар тогтоох, аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон ажлын нөхцөлийг бүрдүүлэх, амрах, зав чөлөөтэй байх, ажлын цагийг зохистой хязгаарлах, ээлжийн амралтыг цалин хөлстэй эдлүүлэх эрхүүдийг заасан байдаг.  Монгол Улс нэгдэн орсон хүний эрхийн гэрээнийхээ хүрээнд хүнд нөхцөлд ажиллаж буй эмч, сувилагч бусад шаардлагатай ажилтан, албан хаагч нартаа цалин, хөлсийг гүйцэтгэж буй ажлын ачааллыг шударгаар үнэлэн, нөхөн олговрыг олгох үүрэгтэй. 

Монгол Улс Коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг 2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр баталсан. Өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа энэ хуулийн 7 дугаар бүлэгт “цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаанд ажлын тусгай горимоор томилогдон ажиллаж байгаа төрийн албан хаагчид нэмэгдэл, нэмэгдэл хөлс, нөхөх олговор, урамшуулал олгох асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан. Засгийн газраас хэвлэл мэдээлэлд өгч буй ярилцлагаас эмч, эрүүл мэндийн ажилтнуудад илүү цагийн хөлс, мөнгөн тусламж, урамшуулал өгч байна гэж харагдаж байгаа. Гэвч энэ нь зайлшгүй шаардлагатай бүх ажилтнуудыг хамарч байгаа эсэх, эрсдэлийн зэрэгт нь тохирсон эсэх, гэрээний онцлогоос нь үл хамааран эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж буй бүх хүн, үүнд түргэний тэргэний жолооч, эмнэлгийн хог хаягдлыг хариуцан ажиллаж буй эмнэлгийн бүх ажилтнаас гадна бусад нийтийн тээвэр, ариутгал, ариун цэврийн байгууламж, үйлчилгээнд гарч буй хүнд олгож байгаа эсэх талаарх бүрэн ил тод мэдээлэл бидэнд байхгүй байна.

-ЭМЯ-ны төлөөлөлтэй та бүхэн уулзсан. Ямар хариулт өгч, эмч нарт чиглэсэн ямар ажил хийсэн бол?

-Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа болон бусад холбогдох албаны хүмүүстэй 2020 оны аравдугаар сард уулзсан. Уулзалтын үеэр хүний нөөцийн бэлэн байдлыг хангахад онцгой анхаарах, эрүүл мэндийн ажилтны эрх ашиг зөрчигдөх, ажлаас халшрах хам шинж үүсэхээс урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллах шаардлагатай байгааг дурдсан. “Монголын Эмнести Интернэшнл”-ийн зүгээс нэн тэргүүнд эмч нарыг хамгаалах, хувийн хамгаалах хэрэгслийн хомсдолгүй байлгах, хувийн хамгаалах хэрэгсэл, хүний нөөц, эмнэлгийн орны талаарх мэдээллийг нээлттэй, ил тод байлгах, эмнэлгийн удирдлагууд ажилтнуудаа сонсох “Намайг сонсооч” аян өрнүүлэх, цаашид эрүүл мэндийн байгууллагуудаар тайланг нээлттэй хэлэлцүүлэхэд хамтран ажиллахыг хүссэн. 

Энэ оны эхнээс эхлэн тасралтгүй ажиллаж байгаа ажилтнууд ядран ажлаас халшрах, өвдөх,  биеэр амрах боломжгүй зэрэг асуудал үүсэж байгаа бөгөөд цаашид коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах чиглэлээр ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнуудыг нь зөөвөрлөх автобус унаатай болгох, ажилтны орон байрны асуудлыг шийдвэрлэх, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх тал дээр нэн тэргүүнд анхаарах шаардлагатай нь харагдсан. Эрүүл мэндийн яамны удирдлага, албан хаагчид Тохиолдлын удирдлагын тогтолцооны үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд манай зөвлөмжтэй уялдуулан нэмэлт өөрчлөлт оруулах, эрүүл мэндийн ажилтныг зөөвөрлөх автобус унааны хэрэгцээг гаргах талаар анхаарч ажиллахаа мэдэгдээд энэ сард эргэн ярилцахаа илэрхийлсэн.  Эрүүл мэндийн ажилтнууд “Ковид-19” цар тахлын тэргүүн эгнээнд байгаа бөгөөд тэд өөрсдийгөө болон гэр бүлийн эрсдэлийг үл харгалзан бидний төлөө ажилласаар байна. Тэд бас хүн. Робот биш тул өвдөх эрсдэлтэй. Тиймээс эрүүл мэндийн ажилтнуудыг хамгаалахгүйгээр бид эрүүл байх боломжгүй юм.

1
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.