Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“БЯЛУУ” хэнд ногдох вэ

Хойд хөршийн нийслэлийг 18 жил удирдсан Ю.Лужковыг сүр дуулиантайгаар халснаас хойш их хотын хувь заяаг хэнд даатгах вэ гэсэн асуудал Кремлийг тойрсон ярианы сэдэв болж байна. ОХУ-ын хөгжлийн цөм болсон, эдийн засаг, бизнес, эрх мэдлийн энэ “бялуу” хэнд оногдох талаар улс төр судлаачид, тоймчид Ю.Лужковыг ажлаа өгөхөөс ч өмнө өөрсдийн хувилбараа дэвшүүлж байсан юм. Эрх баригч “Нэгдсэн Орос” намын удирдлага Москва хотын захирагчийн албан тушаалд нэр дэвшигчдийг өнгөрсөн бямба гаригт зарлалаа.


“НЭГДСЭН ОРОС”-ЫН НЭР ДЭВШИГЧИД

ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевт өргөн барьсан нэр дэвшигчдийн жагсаалтад “Нэгдсэн Орос”-ын дөрвөн гишүүн багтжээ.

Төрийн Думын тэргүүн Борис Грызловын хэлснээр аравдугаар сарын 11-ний дотор Москвагийн Парламент санал хураалт явуулж Захирагчийг томилно. Улс төр судлаачид, ажиглагчдын үзэж буйгаар хамгийн их найдвар төрүүлж байгаа нэр дэвшигч нь Сергей Собянин гэнэ. “Нэгдсэн Орос” намын идэвхтэй гишүүн тэрбээр олон жил төрийн алба хашихдаа томоохон төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай, зарчимч, шударга нэгэн гэнэ. Мөн Валерий Шанцевт ч Ю.Лужковын халааг авах магадлал бий аж. Тэрбээр Нижегородск мужийн Амбан захирагчаар ажиллаж, тус мужийн дэд бүтэц, эдийн засгийг хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Харин өөрийгөө Москвагийн захирагчийн албыг өлхөн хашчих чадалтай гэж зарласан “өөдрөг” В.Жириновский “Игорь Левитин хэрэв энэ албанд томилогдвол Ю.Лужковын бий болгосон хүнд суртал, авлигын сүлжээг таслан зогсоож, нийтийн тээвэр, дэд бүтцийн салбарт дорвитой өөрчлөлт хийж чадна гэж сөрөг хүчний намууд үзэж байна” хэмээн “Комсомольская правда” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ. Москва хотын захирагчийн үүргийг гүйцэтгэж байгаа Владимир Ресин “Нэгдсэн Орос”-т элсэх өргөдөл бичсэн хэмээн шуугиж байгаа ч намын удирдлага энэ талаар мэдэгдэл хийгээгүй. Уг нь түүнийг энэ албанд томилогдох нь гэсэн таамаглал бий. Гэвч намын харьяаллаас болсон уу, өөр шалтгаан байна уу, юутай ч тэрбээр нэр дэвшигчийн жагсаалтад багтсангүй. Сөрөг хүчний намуудаас энэ суудалд санаархсан Либерал Ардчилсан намын удирдагч, Думын гишүүн Владимир Жириновский, Төв тойргийн (ЦФО) бүрэн эрхт төлөөлөгч Георгий Полтавченко, Төрийн Думын гишүүн Александр Лебедев нарт “шаанс” бага байгаа гэж хэвлэлд бичжээ. Юутай ч өөрийн гэсэн Засгийн газар, Парламенттай, ОХУ-ын нийгмийн хөгжил, улс төр, эдийн засгийн өнгө төрхийг тодорхойлдог, 10 гаруй сая хүнтэй Москва хэмээх “вант улс”-ын тэргүүнийг төрийн Дум, “Нэгдсэн Орос” тун нарийн шалгуураар шүүн тодруулах бололтой.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.