Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бээжинд саатуулсан монгол иргэдээс 7737.06 грамм героин хураан авчээ

 БНХАУ-ын хил гаалийн шалгалт маш чанга, тоног төхөөрөмж нь хар тамхины бүх төрлийг илрүүлэх хүчин чадалтай учир манайхаас бусад орны иргэд хар тамхи зөөдөггүй гэдэг. Хар тамхи, мансууруулах бодис хилээр оруулахыг завдсан иргэдийн ихэнх нь монголчууд байдаг гэнэ. Тиймээс ч тус улсын гаалийнхан “Хаширдаггүй монголчууд” гэж толгой сэгсрэх болжээ. Сүүлийн үед ХЗДХЯны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалангийн хүү хар тамхи зөөсөн хэрэгт холбогдсон гэх мэдээлэл гарах болсон. Бид энэ талаар Бээжинд суугаа Монголын ЭСЯ-ны Консул Ц.Буянбадрахтай холбогдон тодрууллаа.

-Сүүлийн үед монголчууд хар тамхины хэрэгт холбогдон БНХАУ-ын хил дээр саатуулагдах боллоо. Он гарсаар энэ хэргээр хэдэн хүн саатуулагдаад байна вэ?

-Энэ он гарсаар 16 монгол хүн хар тамхины хэрэгт холбогдон саатуулагдсан.

-Дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг гэх юм. Одоо саатуулагдсан иргэд хэдэн настай вэ?

-Одоо шалгагдаж буй 16 иргэний тал нь эмэгтэй. Насны хувьд хамгийн залуу нь 20-той. Хамгийн ахмад нь 55 настай хүн бий.

-Монголчууд гэнэн зангаасаа болдог юм уу, эсвэл тусч зангаасаа болоод хүний ачаа авснаас ийм хэрэгт холбогдоод байгаа бололтой. Энэ хүмүүс бас л хүний ачаа авснаас болсон уу?

-Яг тийм гээд хэж болохгүй байх. Хүн идэж байгаа зүйлээ өөртөө ямар ашиг тустайг мэдэж байж залгидаг шүү дээ. Эдгээр хүний зарим нь бэлтгэсэн үрлэн хэлбэртэй героин залгисан байдаг. Үүнээс үзэхэд мэдээгүй байсан гэж хэлж боломгүй.

-ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалангийн хүү хар тамхины хэрэгт холбогдсон гэх мэдээлэл гарах боллоо. Хамгийн сүүлд саатуулагдсан хоёр иргэний нэг гэх юм. Энэ хэрэг хэзээ болсон юм бэ?

– Энэ оны аравдугаар сарын 27-нд Монгол Улсын иргэн А, А нар гар тээшиндээ героин авч яваад саатуулагдсан. Одоо Бээжингийн хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Эдгээ иргэдийн хэн нь ч Баясгалан гэдэг овоггүй. 1986 онд төрсөн, 25 настай, эрэгтэй А нь гар тээшиндээ 3797.65 гр героин, 1981 онд төрсөн, 30 настай эмэгтэй А 3939.41 грамм героин авч явсныг илрүүлж, саатуулсан тухай бидэнд албан ёсоор мэдэгдсэн.Үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

-Та бүхэн иргэдтэйгээ уулзав уу. Хаанаас хаа хүрч явсан юм бол. Хувь хүний тухай мэдээллийг нууцлах нь зүйн хэрэг. Тэдний эцгийнх нь нэрийг хэлж болох уу?

-Бид иргэдтэйгээ уулзсан. Малайзын нийслэл Куала Лумпураас ирсэн хүмүүс. Энд саатуулагдсан иргэд бүгд л тэндээс ирэхдээ хар тамхи авчраад баригдсан. “Бидний гар тээшинд хэн ийм зүйл хийснийг мэдэхгүй” гэж байна лээ. Эдгээр иргэд наймаа хийдэггүй, хотод ажил хийдэг юм билээ. Төмөрхуяг, Жанлав гэсэн овогтой.

-2008 онд хар тамхи хилээр гаргахыг завдаж, 10-25 жилийн хорих ял сонссон Б.Цэвэлмаа, Б.Норжмаа нар Ялтан солилцох гэрээний дагуу удахгүй эх орондоо ирэх гэж байгаа гэсэн үү. Цаашид хэдэн иргэнээ энэ маягаар авах бололцоотой байна вэ?

-Хүмүүс ялтан солилцоно гэдгийг лангуун дээрээс бараа авахтай адил гэж боддог бололтой. Энэ хоёр иргэний хувьд Ялтан солилцох гэрээ байгуулахаас өмнө яригдсан асуудал. Гэрээ байгуулахаас өмнө манай хоёр орон ялтнаа солилцдог байсан. Нийт зургаан иргэнийг эх орондоо авчирч ял эдлүүлэх хүсэлт тавьснаас хоёрыг нь хүлээн авсан.

-БНХАУ хар тамхины хэрэгт олон жилийн ял оноож, цаазаар авах хуультай. Насаараа хорих ял сонссон монголчууд цөөнгүй бий. Тэдний ар гэрийнхэн эх орон маань иргэнээ аваад ирэх байгаа гэсэн бодолтой юм билээ?

-Хар тамхины хэрэгт холбогдсон иргэдийн ар гэрийнхэн бидэнтэй уулзсан. Ямар хэрэгт холбогдсон, хэдэн жилийн хорих ялаас хэдийг нь эдлээд байгаа, хүмүүжсэн байдал гээд маш олон шалгуураар эцэст солилцох эсэхийг шийддэг. Бид иргэддээ энэ талаар нарийн тайлбарлаж, учрыг нь хэлж өгсөн. ГХЯ-ны Консулын газраас Ялтан солилцох гэрээг үзэж болно. Богино хугацаанд их мөнгө олдог гэдэг үгэнд итгэж хүмүүс хар тамхи зөөдөг бололтой. Энэ нь хэзээ ч бүтэхгүй, маш аюултай зүйл гэдгийг дашрамд хэлмээр байна. Түүнээс гадна танихгүй хүний ачаа тээшийг авч явахгүй байхыг анхааруулъя.

Х.ОЮУНСҮРЭН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.