Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.Хурцыг суллахыг шаардсан ноот бичиг ГХЯ-наас илгээжээ

Лондонд саатуулагдаад байгаа Б.Хурцын талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэд дарга Ш.Баясгалан, ГХЯ-ны Олон нийттэй харилцах газрын дарга Б.Монхоо нар өчигдөр товч мэдээлэл өгөв. Нэг ч асуултад хариулахгүй гэдгээ Д.Монхоо урьдчилан мэдэгдсэн юм. Тэдний мэдээллээс үзвэл Б.Хурц Үндэсний аюулгүй байдлын хорооны албаны хүмүүстэй нь уулзахаар Англид очсон аж.

Гэтэл өнгөрсөн есдүгээр сарын 17-нд Лондон хотын Хитроу нисэх онгоцны буудалд Их Британийн эрх бүхий байгууллагынхан түүнийг саатуулсан байна. Ингэхдээ 2003 онд С.Зоригийн хэрэгт холбогдуулан Д.Энхбатыг баривчилж, Францаас Белги, Германы нутгаар тээвэрлэсэн хууль бус ажиллагаанд түүнийг буруут гажээ. Дээрх хэрэгт холбогдуулан хэрэв Европын холбооны нутгаар зорчвол саатуулж, ХБНГУ-ын хуулийн байгууллагад шилжүүлж өгөх хүсэлтийг 2006 онд тавьж байсан аж.

Үүний дагуу саатуулсан гэсэн тайлбарыг тус улсаас манай ГХЯ-нд өгсөн байна. 2003 онд ТЕГ-аас Д.Энхбатыг баривчилж авчрах үүрэг өгснийг Б.Хурц тэргүүтэй хэсэг ажилтан гүйцэтгэжээ. Гэвч уг тушаал манай ч, олон улсын ч хуулийг зөрчсөн, ингэж тушаасныг тухайн үеийн Ерөнхийлөгч ч мэдээгүй байсан гэнэ. Хууль зөрчиж, хүн хулгайлсан энэ хэрэг мэдэгдсний дараа Франц, Германы талаас асуудлыг нухацтай тавьж байсан ч манайхан уучлалт гуйхын оронд төрийн нууц мэдээллээ задруулж, ажилтны нэр, гүйцэтгэх ажлын үйл явц зэргээ мэдээлж орхижээ.

Б.Хурцын хэргийг шүүх хурал уржигдар гурав дахь удаагаа болсон ч ирэх сарын 20 хүртэл хойшлуулсан байна. Түүнийг баригдсан өдрөөс Их Британид суугаа ЭСЯ-наас холбогдох мэдээллийг ГХЯ, ҮАБЗ авч байсан хэмээн Д.Монхоо мэдэгдэв. Мөн Б.Хурцыг нэн даруй суллахыг шаардсан ноот бичгийг ГХЯ-наас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн вант улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яаманд есдүгээр сарын 20-нд явуулсан байна.

Б.Хурц албан ажлаар зорчиж байсан, дипломат халдашгүй эрхтэй болохыг сануулсан захидлыг сайд Ц.Нямдорж тус улсын Дотоод хэргийн сайдад хандан хүргүүлжээ.

Мөн ГХЯ-ны Гэрээ, эрх зүйн газрын даргыг тус улсад томилон ажиллуулж, Шадар сайд М.Энхболдоос Ерөнхий шүүгчид нь албан захидал илгээж, даруй суллахыг хүссэн юм байна. Энэ мэтээр арга хэмжээ авч байгаа гэнэ. Одоо манай тал Их Британийн шүүхийн хариуг хүлээж байгаа гэлээ.

С.Уул

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.