Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусдын хүүхдийг дүрэмгүй асардаг үйлчилгээ

Нэгэн танилынх маань хүүхэд асрагч хөлслөөд эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирсон жишээ өгүүлье. Тэднийх ипотекийн болон автомашины зээлтэй учраас эхнэр, нөхөр хоёул ажил хийх шаардлагатай. Гэвч хүүхэд нь цэцэрлэгийн насанд хараахан хүрээгүй тул энд, тэндхийн зараас “шүүрдэж” байгаад нэг асрагч ажиллуулсан юм билээ. 20 гаруй настай асрагч бүсгүй хүүхдэд нь эхэндээ их л элгэмсэг хандаж, гэр орныг нь хүртэл цэвэрлэдэг байж. Харамсалтай нь, түүний сайхан ааш нь гэрийн эздийн итгэлийг олж, дээрэм хийх “хэрэгсэл” байжээ. Асрагч эмэгтэй мөнгөн аяга, эхнэрийнх нь үнэт эдлэл зэрэг зүйлийг даах хэмжээгээрээ хулгайлаад, хүүхдийг ганцааранг нь орхиод зугтсан аж.

…Хүүхэд нь цэцэрлэгт явж эхлэнгүүт эхчүүд ажил хийх нь 8.3, орлого нь 10.5 хувиар өсдөгийг МУИС-иас гаргасан эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаанд дурдсан байна. Хөдөлмөрийн насны эмэгтэйчүүдийг нийгэмд тэгш оролцуулах, ажилтай, орлоготой байлгахын тулд хүүхэд харах, хамгаалах, асрах үйлчилгээ рүү чиглэсэн төрийн бодлого өдгөө нэн тулгамдаж буйг эцэст нь тэмдэглэе…

Айлын эзэд ажлаа тараад ирэхэд гэр нь ямар байдалтай байсан талаар “Хаалга үүд цоожгүй, тавилга, хэрэгсэл орвонгоороо эргэсэн, нялх үр минь нус, нулимстайгаа хутгалдчихсан сууж байсан нь одоо ч нүдэнд харагддаг” хэмээсэн. Азаар хүүхдэд нь ямар нэгэн муу юм тохиолдоогүй. Хууран мэхлэгчийг цагдаагийн байгууллагад мэдэгдэж, иргэний үнэмлэхийнх нь хаягаар хайлгасан ч олдоогүй гэнэ лээ.

Асрагч хөлслөөд эд хөрөнгөө дээрэмдүүлэх, хүүхдийнхээ эрүүл мэндээр “тоглуулсан” энэ мэт жишээ цөөнгүй юм байна. Өр зээлтэй өрхийн гишүүдийн нэг нь хүүхдээ хараад гэртээ суучихвал амьдрал нь хэцүүддэг. Өндөр цалин өгч, асрах төвөөс хүн хөлслөх боломжгүй нь ихэвчлэн зарын дагуу, хувиараа хүүхэд харагч ажиллуулдаг гэсэн. Даанч хувиараа ийм хөдөлмөр эрхлэгчдийн олонх нь найдваргүй тул эцэг, эхчүүд хэнд хандахаа мэддэггүй байна. Цаашлаад хүүхэд асрах үйлчилгээний төвүүдэд хандаад ч хохирсон нь олон бий аж. Тэгвэл хүн амын багахан хувийг эзэлдэг боломжийн амьдралтай хүмүүс гадаадаас хүүхэд асрагч хөлсөлдгийг мэддэг хүн цөөн болов уу. Ихэвчлэн Филиппинээс мэргэжлийн асрагч хөлсөлдөг тухай албаны хүн хэлсэн.

Монголд хүүхэд асрах үйлчилгээ хөгжөөгүй, “ногооноороо” байгааг дээрх баримт зах зухаас нь гэрчлэх биз ээ. Саяхан “Positive Mongolians” төслийг санаачлагчид болон хүүхэд асрах үйлчилгээ үзүүлдэг “Хаппи фловерс” төвийнхний хооронд маргаан дэгдэж, шүүх, цагдаадаа тулсныг уншигчид мартаагүй байх. Тэдний маргааныг өнгөц дүгнэвэл, хувь хүмүүсийн л үл ойлголцол байсан. Олон нийт ч тэгж л хүлээн авсан. Гэтэл үнэн хэрэгтээ эл асуудал хүүхэд харж, асрах, хамгаалах үйлчилгээтэй холбоотой том сэдэв юм. Мэргэжлийн байгууллагууд хүүхэд асрах үйлчилгээ үзүүлдэг хувь хүн, төвүүдийн үйл ажиллагааг нэлэнхийд нь зохицуулах хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх зайлшгүй шаардлагатайг уг үйл явдал нотолсон. Учир нь манайд одоо болтол хүүхэд асрах үйлчилгээг зохицуулсан дүрэм, журам алга. Гэтэл холбогдох албаныхан үүнийг тоосон ч үгүй.

Ийм байхад хүүхэд асарч, харах төвүүдийн чанар, стандартыг ярих нь илүүц биз. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхнаас энэ талаар тодруулахад “Хүүхэд асрах үйлчилгээтэй холбоотой гомдол, санал иргэнээс ирүүллээ гэхэд манайх шалгах удирдамж, баримтлах стандарт байхгүй. Юугаа “барьж” хянаж, шалгах билээ. Уг нь хууль, эрх зүйн орчныг нь бүрдүүлэх талаар олон жил ярьсан ч шийдвэр гаргагчдад хүрээд, гацчихдаг юм. Хүүхэд асрахыг журамлах нь битгий хэл, өндөр өнжүүлэх төвүүд болон хүүхэд харах үйлчилгээний хууль, эрх зүйн орчныг ч сайн бүрдүүлээгүй л байна. Хувь хүн бусдын хүүхдийг дүрэмгүй шахам харж, асарч байгаа нь үнэн. Ийм үйлчилгээ явуулдаг газар, хувь хүмүүсийг хянаж, шалгах гэхээр мөрдөх заавар, зөвлөмж ч алга. Энэ асуудлыг анхаарч, шийдэх шаардлагатай” гэсэн юм.

Нэг үеэ бодвол өдгөө хүүхэд асрагчийн эрэлт нэмэгджээ. Сургуулийн өмнөх боловсролыг Монголд хоёр наснаас олгодог. Түүнээс өмнөх насныхныг асрах төрийн үйлчилгээ манай улсад байхгүй учраас эцэг, эхчүүд ажил хийхдээ нэг бол ойр дотнынхондоо, эсвэл хувь хүмүүст л хүүхдээ даатгаж байна. Уг орон зай, бизнесийг олж харсан зарим хүн хүүхэд асрах үйлчилгээний төв гэх албан нэрний ард сайн дурынхны нэгдэл байгуулчихаад түмний хүүхдээр хууль, дүрэмгүй “тоглож” байхад мэргэжлийнхэн нүдэн балай, чихэн дүлий суугаа нь гайхмаар. Заавал хүүхдүүд гэмтэж бэртэн, эсвэл хүчирхийлэлд өртсөний дараа хайхрах ёстой гэж үү. Тэдгээр төвийн цөөнгүй нь ямар ч туршлагагүй, хүүхдээрээ шахам хүмүүсийг асрагчаар ажиллуулдаг. Өглөө нь ажилд авсан хүнээ сургаж, дадлагажуулалгүйгээр оройд нь хүүхэд асруулахаар явуулдаг талаар эцэг, эхчүүд одоо ч гомдоллосоор байна. Хүүхдийг мөнгө олох “хэрэгсэл” төдийхнөөр харж, хандаж байгаа газрууд асрагч нараа сургаж, мэргэшүүлэх нь юу л бол.

Германд хүүхэд асрагчаар цөөнгүй жил ажилласан Г.Ариунаа “Миний мэдэхээр Герман, Австри, Швейцар зэрэг улсын иргэд Монголоос хүүхэд асрагч хөлсөлдөг. Хүмүүсийг сургаж, зуучилдаг газар ч манайд цөөнгүй бий. Эхний ээлжид хэлний дамжаанд багадаа гурван сар сурна. Дээрх орнуудын иргэд гадаадаас хүүхэд асрагч авах сонирхолтой байдаг. Үүний албан ёсны нэр нь “Соёлын солилцооны хөтөлбөр” гээд бод. Цаад утга нь асрагчаар дамжуулан тухайн улсын ёс заншил, соёлыг хүүхдэдээ таньж, мэдүүлэх зорилготой. Би Германд хүүхэд асрагчаар ажиллаж байхдаа олон зүйл сурч, мэдсэн. Тухайн айлдаа байрлаж, хүүхдүүдийг нь сургууль, цэцэрлэг, дугуйланд нь хүргэж өгч, авч, хамт тоглож, хөгжин цагийг үр бүтээлтэй өнгөрүүлдэг байлаа. Анх очиход гэрийн эзэд хүүхэдтэй хэрхэн харилцах, өдрийн дэглэмийг нь, юунд дуртайг, хэдэн цагт унтдаг зэргийг нэгбүрчлэн зааж, сургасан. Надаар хүүхдүүдээ харуулахаас өөр ямар нэгэн ажил хийлгээгүй. Чөлөөт цагаар минь сургалт, дамжаанд явуулж, төлбөрийг нь ч төлсөн. Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд тогтмол хамруулсан. Гадаад хүмүүсийн хүүхэд асрагч ажилд авахдаа тавьдаг гол шалгуур нь эрүүл, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, гэрийн хаяг, байршил нь тодорхой, сургалт, зааварчилгаанд тогтмол хамрагддаг байхыг чухалчилдаг. Монголд ийм үйлчилгээ олон улсын стандарт, дүрмийн дагуу хараахан хөгжөөгүй учраас эцэг, эхчүүд хувь хүмүүс, байгууллагуудад итгэхгүй байгаа хэрэг. Зах зээл нь, ажиллах сонирхолтой хүн ч олон байгаа учир зохих стандартыг нь хангаж, хэрэгжүүлбэл хүүхэд асрах үйлчилгээнд тулгамддаг асуудлууд аажмаар цэгцрэх байх” гэсэн юм.

“Хүүхэд асрагч ажилд авна” гэсэн зарын дагуу хувиараа ийм хөдөлмөр эрхэлж байсан Б.Чимэг “Би оюутан байхдаа сургалтын төлбөрөө олохын тулд олон ажил хийсэн. Хүүхэд асрагчаар гурван жил орчим ажилласан. Сайн, муу олон ч айлтай таарч байлаа. Зан харилцаа сайтай айл байхад цалингаа өгөхгүй нь ч цөөнгүй. Хувиараа хүүхэд асрагч хийдэг хүмүүсийн цалин ер нь бага. Хүүхэд асруулна гэчихээд гэрийнхээ бүх ажлыг зарц шиг хийлгэдэг айл бий. Өглөө бүр гутлаа тослуулж, хоолоо хийлгэн, гэрээ цэвэрлүүлж, хүүхдээ харуулчихаад юу ч хийсэнгүй гэж загнах энүүхэнд. Нуулгүй хэлэхэд, хувиараа асрагч хийдэг хүмүүс гэрийн эзэд хэрхэн хандаж байгаагаас шалтгаалж хүүхэдтэй нь харилцдаг болов уу. Мэдээж зодож, хүчирхийлэхгүй ч цаанаа л нэг хөндий байдаг. Хүүхэд асрагчийг хүчирхийлэх гэж оролдсон, цохисон жишээ ч миний эргэн тойронд цөөнгүй. Тиймээс хүүхэд асрах үйлчилгээг албан ёсных болгож, багачууд, эмэгтэйчүүдийг хүчирхийлүүлэхээс сэргийлэх хэрэгтэй” гэж ярилаа.

25-39 насны эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт жил ирэх тусам буурсан статистик байна. Шалтгаан нь энэ насанд эхчүүд амьдралынхаа ихэнх хугацааг хүүхэд асрахад зарцуулдаг аж. 2019 онд ажилгүй эмэгтэйчүүдийн тоо 64 000 орчим байсан бол энэ оны эхний улиралд 71 000 гаруй болж нэмэгджээ. Хүүхэд нь цэцэрлэгт явж эхлэнгүүт эхчүүд ажил хийх нь 8.3, орлого нь 10.5 хувиар өсдөгийг МУИС-иас гаргасан эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаанд дурдсан байна. Хөдөлмөрийн насны эмэгтэйчүүдийг нийгэмд тэгш оролцуулах, ажилтай, орлоготой байлгахын тулд хүүхэд харах, хамгаалах, асрах үйлчилгээ рүү чиглэсэн төрийн бодлого өдгөө нэн тулгамдаж буйг эцэст нь тэмдэглэе.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.