Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

БУСДАД ХУУРТСАН МОНГОЛ ЭМЭГТЭЙ ТУРКИЙН ШОРОНД ГУРВАН САР ХОРИГДЖЭЭ

Турк, Кипр, Грек рүү ажилчин гаргах зарын дагуу бүртгүүлж, 3500 доллараа төлж явчихаад хүний наймааны золиос болох дөхсөн нэгэн эмэгтэйг тагнуулын байгууллагынхан саяхан эх оронд нь авчирчээ. Хохирогч Б болон түүний нөхөртэй сар шинийн өмнөхөн уулзаж ярилцлаа.

-Таныг Туркэд хүний наймааны золиос болох гэж байхад тагнуулын байгууллагаас очиж авчирсан гэсэн. Хэзээ, яаж яваад Туркэд очсон юм бэ?

-Би 2009 оны наймдугаар сард “Зар мэдээ” сонинд нийтлэгдсэн “Турк, Грек, Кипр рүү гэрээгээр ажилчид явуулна” гэсэн зарын дагуу утсаар холбогдож Ч гэдэг залуутай ярилцаж, явахаар болсон юм. Ч намайг өөрийн биеэр хүргэж өгнө, надаас гадна өөр хүмүүс байгаа гэж итгүүлсэн. Тэрбээр Туркэд хүргэж өгөөд ахтайгаа уулзуулж, ажилд оруулж өгнө гэж байсан. Гэтэл энэ бүхэн шал худлаа байсныг сүүлд мэдсэн. Ч намайг хүргэж өгсөн ч юм байхгүй. Би хэл мэдэхгүй харь оронд ганцаараа үнэхээр хэцүүдсэн. Уг нь нөхөр бид хоёр хоёулаа явах гэж байсан юм. Манай хүн араас ирэхээр төлөвлөж байсан л даа.

-Ч мөнгийг чинь авчихаад яагаад хүргэж өгөөгүй юм бэ. Цаашаа яаж ганцаараа явав?

– Ч анх эндээс шууд онгоцоор явна гэж байсан ч онгоц бүтэхгүй боллоо гээд Замын- Үүд хүртэл галт тэргээр хүргэж өгсөн. Уг нь Турк, Грек, Кипр хүргэж өгнө гээд 3500 доллар авсан шүү дээ. Гэтэл түүний бичиг баримт зөрчилтэй гээд Замын-Үүдийн хил, гаалийнханд саатуулагдаж намайг цааш нь нэг Өвөрмонголыг дагуулж явуулсан. Тэр хүн нь намайг Бээжингийн онгоцны буудалд хүргээд Туркийн онгоцны тийз авч өгөөд орхиод явсан. Би тэнд ганцаараа, хэл ч мэдэхгүй нислэг эхлэх цагийг нь хүлээж байгаад онгоцонд сууж Туркэд очсон. Гэтэл намайг тосож авах ёстой Ч-ын ах Г гэдэг хүн ирдэггүй. Дохио зангаагаар туркүүдэд ойлгуулж байж, Г-тай утсаар ярьж дөрвөн цагийн дараа тэр ирж намайг цааш авч явсан.

-Тэгээд хаана, ямар ажилд оров?

-Г намайг дагуулан “Мерси” гэдэг аралд хүргэсэн. Тэндээсээ Кипр рүү гаргана гэсэн ч халууны улирал нь эхэлсэн, ажил олдохгүй эндээ ажилла гэж надад хэлээд зочид буудлын угаагч, цэвэрлэгчээр ажилд оруулж өгөөд явсан. Би эндээс жуулчны 14 хоногийн визтэй явсан болохоор зочид буудалд нь нэг сар ажиллаад л гудамжинд гарсан. Учир нь визгүй хүн ажиллуулдаггүй хуультай юм билээ. Улмаар амьдарч байсан байрнаасаа ч хөөгдсөн. Уг байрны нэг өрөөнд таван эмэгтэй амьдардаг. Халуунд хувцсаа ч тайлах эрх байхгүй. Учир нь лалын шашинт оронд эмэгтэй хүн задгай хувцастай явж болохгүй юм билээ. Тэгээд хамт амьдарч байсан таван эмэгтэйн хамт нэг орон дээр бүтэн сар байсан даа. Юу болсон талаараа Г-д утсаар ярьж хэлсэн чинь “Чи наанаа долоо хоног аргалж бай. Надад хэцүү байна. Хэд хоногоос чамайг пакистанчууд хилээр гаргана” гээд утсаа тасалсан. Би тэр зочид буудалд нэг сар ажиллаад 980 лирийн цалин авсан. Туркийн нэг лира нь манай нэг төгрөгтэй ханш нь ойролцоо юм шиг байна лээ. Уг нь намайг Монголоос явахад сарын хамгийн доод цалин нь 700 евро, тэгээд цагаачлалын албанд бүртгүүлж өгнө гэсэн. Гэтэл ямар ч тийм зүйл байхгүй. Энд анх бидэнтэй уулзахдаа Ч нь бид олон жил Турк, Кипр, Грек рүү хүн зуучилж байна. Удахгүй оффистой болно гэж байсан нь бүгд худал байсан.

-Тэгээд Грек рүү ч гарч чадаагүй Туркийн шоронд орсон хэрэг үү?

-Ч-ын ах Г намайг “Чи түр хүлээж бай. Чамайг пакистанчууд хил давуулж өгнө. Би мөнгөгүй болчихлоо. Чи өөрийнхөө мөнгөөр гар гэж утсаар ярьснаас хойш сураггүй болсон. Тэгээд пакистанчуудтай нь хамт хил гарах гэж яваад баригдаж, Туркийн шоронд дөрвөн сар шахам хоригдож байгаад эх орондоо ирлээ. Би хэл мэдэхгүйн зэрэгцээ пакистанчуудыг дагаад хил гарчихсан бол өдийд хүний наймааны золиос болчихсон ч байх юм бил үү. Хэрэв хүний наймааны золиос болсон бол бид яаж ч чадахгүй шүү дээ.

-Тэгээд энэ хугацаанд ар гэрийнхэнтэйгээ яаж холбогдож байв?

-Би гар утасныхаа гадаадад ашиглах үйлчилгээг идэвхжүүлээд 2009 оны есдүгээр сарын 7-нд явсан юм. Энэ үйлчилгээг ашиглаж нөхөртэйгөө, ээж, аавтайгаа холбогдож байлаа. Тэгээд хил гарах гэж яваад баригдсаныгаа ар гэрийнхэндээ мэдэгдээд утсаа хураалгасан. Намайг визгүй явсан гээд саатуулсан. Шоронд орчихоод хаашаа ч хандахаа мэдэхгүй хэцүү л байсан. Шоронд нь маш хүнд хэцүү байсан. Бямба, ням гаригт л тахианы мах өгнө бусад үед идэхэд ой гутмаар хоол өгдөг юм билээ. Өглөөний цайнд нэг жижиг талх, хүйтэн устай л өгдөг. Тэндхийн шоронд нэг монгол залуу, нэг хүүхэн байсан. Залууг нь сая нааш нь авчирсан. Хүүхнийг нь хил гаргах гэж байсан пакистанчуудыг нь заалгана гээд аваад үлдсэн. Тэр шоронд нь эмчийн хяналт гэж байхгүй. Би астам, арьсны харшилтай. Халуун оронд өвчин сэдэрч гар хагараад арга ядахдаа өглөөний цайнд өгсөн цөцгийн тосыг нь гартаа түрхэж байлаа. Нөхөр маань л хууль хяналтын байгууллагад хандсанаар би энэ сарын 9-нд Монголд ирлээ.

Түүний нөхөр Э-тэй ярилцлаа.

-Би өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст хандан эхнэрээ Туркэд хоригдож байгаа талаар мэдүүлсэн. Тус хэлтсийн байцаагч ахмад, Мяасүрэнд өргөдөл, бүрдүүлэх ёстой бусад материалыг нь бүгдийг өгч, анх зуучилсан Ч-ыг ч зааж өгсөн. Ахмад Мяасүрэн тав хоногийн дотор шийднэ гэсэн ч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, эрүүгийн хэрэг үүсгэх шалтгаан байхгүй гээд хэргийг хаасан л даа. Би дараа нь Гадаад харилцааны яам, ЭЦГ-ын төлөөлөгч Эрдэнэбат болон Хүйсийн тэгш эрхийн төвд хүртэл хандсан. Гэтэл ЭЦГ-ын төлөөлөгч Эрдэнэбат ямар ч хариу өгөлгүй ээлжийн амралтаа аваад явчихсан байсан. Өчигдөр Эрдэнэбаттай утсаар холбогдоход “Туркээс хариу ирээгүй байна. Ирэх баасан гаригт ямар нэгэн хариу өгье” гэж хэлсэн.

-Ч-тэй та уулзсан уу. Тэр хүн эхнэрийн тань талаар танд юу гэж ярьж байх юм бэ?

-Би эрүүгийн хэргийг хаах шалтгаан байхгүй гэж үзээд Ч-тай нүүрэлдүүлж өгөөч гэж Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн ахмад Мяасүрэнд хэлж байсан. Гэвч тэгээгүй. Харин манай эхнэрийн ээжид “Танай охин чинь биднээс асуухгүй ажлаас гарсан байна лээ” гэж хэлсэн байгаа юм. Дараа нь “Охиныг чинь бид хил давуулсан чинь танай охин дэлгүүр хэсэж яваад баригдсан байна лээ” гэж хэлсэн. Энэ мэтээр худлаа хэлээд байхад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж цагдаагийн байгууллага хэргийг хаачихаж байгаа юм.

-Та бас эхнэрийнхээ хойноос ажиллахаар явах гэж байсан гэл үү?

-Тийм ээ. Гэтэл тэнд юун ажиллах вэ. Манай хүн золтой л хүний наймааны золиос болчихсонгүй. Би эхнэрээсээ хил дээр баригдчихлаа гэсэн мессеж авангуутаа л цагдаад мэдэгдсэн. Энэ байгууллагууд хөдлөхгүй болохоор нь тагнуулын байгууллагад хандсан юм. Тагнуулын байгууллагынхан харин шуурхай ажиллаж 20 хоногийн дотор эхнэрийг минь эх оронд нь буцааж авчирлаа. Хохирогч Б: Энэ дашрамд иргэдэд хандаж хэлэхэд, гадаадад ажиллуулахаар зуучилж байгаа хүмүүсийг сайтар судлах хэрэгтэй юм байна. Түүний зэрэгцээ тухайн орноо ч сайн судлах ёстой юм билээ. Монголоос Турк, Кипр, Грект ажиллана гэж яваад Туркэд хаашаа ч хөдлөх аргагүй, мөнгөгүй болчихоод байгаа хүн олон байдаг юм билээ. Тэдгээр орон руу зуучилдаг хүмүүс онгоцонд суулгаж өгөөд л хаядаг юм байна шүү. Тэнд ажилгүйчүүд олонтой учраас юун гадаадаас ажилчин авахтай манатай. Ганц, нэг ажилд орсон нь цалингаа ч авч чаддаггүй. Монгол руугаа буцмаар байна гэсэн хүмүүс олон таарсан. Тиймээс Грек, Турк, Кипр рүү явах хэрэггүй гэж хэлмээр байна.

Тагнуулын байгууллага иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах талаар шуурхай арга хэмжээ авч буйгийн жишээ ганц энэ ч биш. Өнгөрсөн зун мөн л БНСУ-д өндөр цалинтай ажилд орохоор зорьсон У гэдэг эмэгтэй Макаод худалдагдаж, хүний наймааны золиос болох гэж байсныг аварч эх оронд нь авчирч байсан талаар бид мэдээлж байсан.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.