Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Буруу замаар олсон хоол бахлуур дээр тээглэнэ гэж сургадаг байв

УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийн цахим ертөнцөөр түр аялал хийе. Хуучцуулын амьдралын хэвшил, сургаал үгс одоо цагт нэн хэрэгтэй учир Н.Алтанхуягийн вэб хуудасны сонирхолтой нэг хэсгээс уншигчдадаа хүргэе гэж бодлоо. Олон хүнд сургамжтай зүйл энд бий. “Норов гуайнх найман хүүхэдтэй өнөр өтгөн айл юм байна. Сайдын аав Б.Норов 1944-1948 онд баруун хил дээр, Байтаг богдод штабын бичээч хийж, цэргийн алба хааж, эх орноо батлан хамгаалах үйлсэд зүтгэсний учир “Бид ялав” медалиар шагнуулсан ахмад дайчин.

Сонинд өгүүлэл, нийтлэл бичдэг, Дээд шүүхэд давж заалдах хүмүүсийн өргөдөл бичиж өгдөг, бичгийн өндөр чадвартай нэгэн байжээ. Аав, ээж нь ажлыг хар бор гэж голдогг үй, “ажлын хүнд, дээлийн цэвэр нь” гэж үздэг, хүүхдүүдээ ажилд сургасан чамбай улс, юмхнаар юм хийхэд гаршсан айл. Аймгийн төвийн айл мөртлөө зун аргал түлнэ, аймгийн хэмжээнд төмрийн хаягдлыг гэрээрээ бэлдэж ачуулдаг, тухайн үед “хог” гээд тээршаадаг байсан машины радиаторыг тэд цуглуулж тушаан гэр бүлийнхээ санхүүг арвижуулдаг байлаа. Аймгийн төвд битүү цас орсон байхад тэдний хашаанд л цас ороогүй юм уу гэмээр цэв цэвэрхэн байдаг аж. Хүүхдүүд хичээлдээ явахаас өмнө хашаа хороогоо цэмбийтэл цэвэрлэх ёстой, хичээлээсээ ирээд модоо хөрөөдөж, зууханд хийх хэмжээгээр хагална, нүүрсээ том жижгээр нь ангилж бэлэн болгоно, зөөврийн усаа хэмнэж, аяга, таваг угаасан усаа самбай (марль)-гаар шүүгээд дээр нь ус нэмж, шалаа угаана гээд юмыг хэмнэх, хямгадах, болгох, бүтээх арга ухааныг багаас нь өвлүүлсэн айл.

“Алдарт эх”-ийн одон дагуулсан тав дахь хүү Алтантуяа (Алтанхуяг) ээжийнхээ тухай ийн дурсчээ. “Манай ээж хүүхдүүдээ онч үгээр сургадаг, зүйр цэцэн үгэнд нэвтэрхий, заримдаа өөрөө зохиож хэлдэг, их хэлэмгий хүн байсан юм. Тухайлбал, “Залхуу хүн завагтаа байгаа махандаа хүрэхгүй“, “Хүний морь унасан хүн бөхийж хатирна”, “Том толгойт хүнийг зарна, том хөлт хүнд зарагдана”, “Үнээний үсүү (сүү)-тэйг үхэхээр нь мэддэг”, “Буруу замаар олсон хоол бахлуур (багалзуур) дээр тээглэнэ”, “Ухаантай хүн нэг заалгаад сурсныг, усан тэнэг нэг насаараа сурахгүй” гээд олон үгийг нь одоо ч бид хэрэглэдэг юм” гэж дурсав. Эцэг, эхийнхээ ачийг дурсаж эдгээр онч үгс, мөн үе үеийн эрдэмтэн мэргэд, жирийн хүний оюунаар бүтсэн сургаалыг түүвэрлээд дүү Отгонбаяртайгаа хамтран “Мөлжүүртэй үгс” номыг Н.Алтанхуяг эмхэтгэж гаргажээ” хэмээн www.altankhuyag.mn-д тэмдэглэжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.