Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Будлиантай сонгуулийг эсэргүүцвэл төрийн эсрэг хэрэгтэн болж мэдэх нь

УИХ-ын тухай хуульд “..төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахыг завдах, үндэсний эв нэгдлийг бусниулах, хүмүүсийг хооронд нь үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны үзэл номлолоор дайсагнуулах, эвдрэлцүүлэхэд чиглэсэн үг хэлэх, аливаа хүч хэрэглэхийг уриалах”-ыг хориглох гэсэн заалт нэмэх төслийг УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл санаачлаад буй.

Түүнийг нь Төрийн байгуулалтын байнгын хороогоор өчигдөр хэлэлцэхэд нэлээд маргаан дэгдэв. Төрийн эсрэг гэмт хэргээс сэргийлсэн энэ санаа зарим гишүүнд 1937 оныг бодогдуулжээ. Тэр цагт төрийн эсрэг гэмт хэрэгтэн нэрээр олон арван мянган хүн цаазын ял сонссон. Хэрвээ 2012 оны сонгууль шударга бус болбол би гудамжинд гарч жагсана.

Шударга сонгууль явуулж чадахгүй бол олон хүн “долдугаар сарын 1”-ний хэргийг давтахыг үгүйсгэхгүй. Тэдний талд байр сууриа илэрхийлсэн гишүүд яах вэ. Төрийн эсрэг гэмт хэрэгтэн гээд шоронд хийх үү хэмээн Г.Баярсайхан болгоомжлов.

Харин Д.Арвин гишүүн “Бид өндөр хариуцлага хүлээж УИХ-д сонгогддог хүмүүс, юу гэж эх орныхоо эсрэг үйл ажиллагаа явуулдаг юм. Харин олигархууд өөрсдийн эсрэг дуугарсан, тэмцсэн хүмүүсийг төрийн эсрэг гэмт хэрэгтэн нэрээр УИХ-ын тухай хуулиар дамжуулан нухчин дарахыг санаархаж байна. Бат-Үүлээ чи, сүүлийн үед захиалгаар ажилладаг болсон шүү” гэв.

Н.Энхболд, Д.Лүндээжанцан нар Э.Бат-Үүлийн санааг дэмжив. Гэхдээ ойлголтын зөрүүгээ нэгтгэх хэрэгтэйг зөвлөсний дагуу төслийн зарим томъёоллыг сайжруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахаар боллоо.

Э.Төр

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.