Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“БОР ШУВУУНЫ БОДЛОГО” БА МАХН, АН-ЫН СҮҮДРИЙН ТОГЛОЛТ

МАХН ТӨР ЭРГҮҮЛНЭ ГЭВ ҮҮ

МАХН зарим сайдаа эргүүлэн татаж, хариуцлага тооцох гэнэ. Т.Бадамжунай, Т.Ганди нарыг эхний ээлжинд зөөлөн суудлаас нь “зөөх” төлөвтэй гэсэн мэдээлэл өнгөрөгч долоо хоногийн “супер” дуулиан байлаа. Эл эндүүрлийг эх адаггүй үглэсэн бор шувуу завсар зайгаар нь “БСШУ-ы Ё.Отгонбаярын оронд Д.Оюунхорол сайд болно” хэмээн саадгүй бурахаа мартсангүй. Тэр ч байтугай “Эрдэс баялгийн Д.Зоригт өөрийн хүсэлтээр ажлаа өгөх болсон. Хэл ам ихтэй хэцүүхэн ажил юм хэмээн сайн дураараа албанаасаа татгалзсан” гэсэн мессеж ч нисэж эхлэв. Ийнхүү МАХН-ынхан хариугүй төр эргүүлэх гэж байгаа мэтээр андуу шуугиж, төрийн ордон хэсэгтээ тухгүйтэв. МАХН-ыг чиглэсэн энэ мэтийн мэдээлэл зарим талаар хагарал, талцал болон жинтэйхэн газардаж, бие биедээ үл итгэх эвгүй уур амьсгал ах намыг жиндүүлсэн гэхэд хилсдэхгүй. Босон суун жиргэсэн богширго албаны эх сурвалжийн өрөөнөөс цахим шуудангаар өртөөлөн өдөр тутмын сонинуудын хаалгыг тогшсон нь байдлыг бүр ч будлиулж орхисон. Түүгээр ч барахгүй Засгийн газрын хэвлэлийн албаны хаягнаас хаа сайгүй хагарлын хар чулуу мэт цацагдсан нь энэхүү эндүү мэдээлэл тодорхой зорилго агуулсныг гэрчилнэ.

С.ЭРДЭНЭ, Х.БАТТУЛГА НАРЫН ХӨЛД АН ДАЙВАВ УУ

Чухамдаа Ерөнхий сайд С.Бат болдын сууд лыг чиглэсэн дээрх “бор шувуу” зам зуур АН-ынхныг ч бас багагүй бачимдуулав. “Хэрэв нам шийд вэр гаргавал сайдын ажлаа хүлээл гэн өгөхөд бэлэн” хэмээн Батлан хамгаалахын сайд Л.Болд ам алдав. АН-д Ардчилсан хүчний холбоогоор дамжуулан нөлөөгөө бэхжүүлэхээр шуударсан С.Эрдэнэд эдүгээ шинэхэн холбоо нь “хэрэггүй” болсон бололтой.

“БОР ШУВУУНЫ БОДЛОГО” ба МАХН, АН-ын сүүдрийн тоглолт

Анх зургаан Ерөнхийлөгчтэйгээр байгуулагдсан Ард чилсан хүчний холбоо саяхнаас эв нэгдлээ гээж, гурав салаалсан гэсэн мэдээ бий. Үнэн хэрэгтээ МоАХ-ны хоёр талд он удаан “бяр үзэн” тэвчээр зааж буй С.Эрдэнэ, Х.Баттулга нарын хөлд АНын дотоод амьдрал багагүй дайвах болсон талаар эх сурвалж үг унагаж байх юм. С.Эрдэнэ МоАХ-ны дарга байх үедээ газрын наймаанд гар дүрж, тус холбооны газрыг арилжин халаасаа түнтийлгэсэн явдал АНынхны дургүйцлийг хүргэсэн талаар одоо ч энэ намын “хашир гарууд” ярьдаг. Харин Х.Баттулга МоАХ-ны байр савыг засварлан өөд нь татаж, ахмад ардчилагчдыг ажлын байртай болгохоор зүтгэж, энэ холбоогоор овоглодог сониныг хөл дээр нь босгосон гэдгийг хэн хүнгүй мэднэ.

Ийнхүү нэгэн цагт МоАХг Х.Баттулгад алдаж байсан С.Эрдэнийн хорсол эдүгээ Ардчилсан хүчний холбоогоор дамжин хурцдаж байгааг учир мэдэх улс нуухыг хүсэхгүй байна. Гэхдээ, С.Эрдэнийн ээлжит довтолгооноос Н.Энхбаяр үнэртэж, энэ утгаараа хамтарсан Засгийн газрыг чиглэх болсныг АНын хашир лидерүүд сануулах болсоор удлаа.

ХУУРАМЧ ГАЗАР ХӨДЛӨЛТӨД ХЭН ТЭСЭЖ ҮЛДЭХ ВЭ?

Угаас хамтарсан Засгийн газар байгуулагдсанаасаа эхлэн АН-д элдэв нэр хоч өгөх шалтгаан, маргааны шалтаг болсоор өнөөг хүрсэн. Олзуурхууштай нь Н.Алтанхуягийн эв нэгдлийг зөөлөн буюу мөлхөө тактикийг эрхэмлэдэг хувь хүний араншин эвлэхгүйг эвлүүлж, амжихг үйг амжуулсаар ирсэн нь нууц биш. АН-ын генсекийн албыг нэг биш удаа хашиж байсан хашир улстөрч тэрбээр эдүгээ ч Тэргүүн шадар сайдын хувьд хамтарсан Засгийн газрын өмнө тулгарсан маргаантай бүх асуудлыг нуруундаа үүрч, энэ чиглэлийн ажлын хэсгүүдийг удирддаг юм билээ. Нөгөө талаар АН-аас томилогдсон сайдууд болон бүлгийн дарга Ч.Сайханбилэг нар итгэл үнэмшлээ хүчтэй хамгаалж чаддаг онцлогтой. Өөрөөр хэлбэл, АН-аас үе үе илэрч буй дүүргийн намын хороодын маргааныг тус намын УИХ дахь бүлгийн гишүүд, сайд нар төрийн ажлынхаа гадуур өнгөрөөдөг нь үнэлж болох том давуу тал юм. Гэхдээ МАХН гурван сайд, хоёр дэд сайдаа солих гэнэ хэмээсэн андуу “анализтай” зэрэгцэн АН өнөөх л С.Ламбаа, Л.Болд нараар “туг тахих” төлөвтэй гэсэн мэдээлэл түгж амжив. Энэ бүхнийг хуурамч газар хөдлөлтөд хэн нь тэсэж үлдэхийг тандсан холын санаатай судалгаа гэж хэлбэл илүүтэй онох болов уу.

С.БАТБОЛД ДОГОЛОН САНДАЛ ДЭЭР СУУХГҮЙГЭЭ МЭДНЭ

Энэ мэтээр МАХН, АН-ын нэр бүхий сайдуудыг чиглэсэн “сандал ширээ донсолгох” аястай тандалт хувь хүний нэр хүндэд халдах замаар үргэлжилж байна. “МАХН С.Баярцогтыг ашиглан хар ажлаа хийлгэж, халаасаа түнтийлгэж байна” хэмээсэн тайлбарыг энд дурдаж болно. Ялангуяа Монголын толгой олигархуудын тэмцэл төмөр замын маршрутаар дамжин хүчтэй илэрч, улс төр-бизнесийн бүлэглэл үүд Тавантолгойн их бүтээн байгуулалтын эргэн тойронд бие бие рүүгээ чулуу шидэлцэж буй өдгөө үед хамтарсан Засгийн газрыг энэ байтугай элдэв муугаар түнших нь зүйн хэрэг. Гэхдээ, Ерөнхий сайд С.Батболд сайд нараа хольж, солих гэж буй мэтээр нийгэмд буруу ойлголт төрүүлэхийг чармайж байгаа нь анзаарагдана. Улс төр, бизнесийн тогоонд чамгүй олон жил чанагдсан С.Батболд энэ мэтийн халаа сэлгээ бодох завгүй байгааг нийгмээрээ харж байна. Тэрбээр өөрийн эхлүүлсэн эдийн засаг, боловсрол, уул уурхай, хөрөнгийн зах зээлийн шинэчлэлийн бодлогыг бодит ажил хэрэг болгохын төлөө өмнөхөөсөө ч илүү сайд нартаа наалдаж, тулж ажиллах болсон нь хэн нэгэнд таалагдаагүй бололтой. Шуудхан хэлэхэд С.Батболд Ерөнхий сайдын хувьд танхимаа нягтруулж, цул хүч болгож чадсан явдал хамтарсан Засгийн газрыг үл ойшоодог хүмүүсийн эгдүүцлийг төрүүлэх болжээ. Угаас огцорсон огцруулсан олон ч Засгийн газрын намтар түүхийг бид мэднэ. “Шүд сугалах” хэмээх муухай үг зүгээр ч нэг улс төрийн хэллэгт нэмэгдээгүй. Энүүхэндээ гэхэд хамтарсан Засгийн газрын эв нэгдэл, мөн чанарыг сорих, тандах зорилгоор нисгэсэн бор шувуу зорьсондоо хүрсэнгүй. Тэгээд ч С.Батболд доголон сандал дээр тухлахгүй гэдгээ мэдэхийн сайнаар мэдэж байгаа.

ШАНАГАА ГОЛСОН БОЛГОН НЬ “ШАНАА ӨГӨХ” ГЭЭД БАЙВАЛ…

АНАТХ гэгчээс зарласан жагсаал, дөрөвдүгээр сарын 5, 28-ны өдрүүдэд газар хөдөлнө гэсэн улс төрийн зорилготой хоосон цуурхал, фэнгшүй гэгдэх С.Ганбаатарын эмч, багш нарын нэрээр хийсэн ээлжит шоу энэ хаврын “талбайн амьдралыг” тодорхойлж байна. АН-д байгуулагдан, богино хугацаанд албан ёсны түвшинд өндрөө аваад буусан Ардчилсан хүчний холбоо ч бас үүнд өнгө нэмсэн. Сайд нарын сандлыг хөлгүй болгох явцуу аргачлал “бор шувуу нисгэх” технологийн дагуу хэсэгтээ хөнгөн үймээн тарив. АН-ын дарга Н.Алтанхуягийг эзгүйчилсэн мессежүүд энд тэндээс “хонх цохих” нь олширлоо. Харин дараагийн удаа Оюутолгойн гэрээг гоочилж, Тавантолгойг тойрон бүжиглэх хандлага мэдрэгдэж байна. Хаврын ээлжит синдром намрыг хүртэл үргэлжлэх магадлал өндөр. УИХ хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон амин чухал шийдвэрүүдээ эцсийн байдлаар үзэглэх хүртэл энэ мэтийн дэл сул “халдлага” дундрахгүй нь тодорхой. Хамтарсан Засгийн газраас сайд нараа татчихвал АН 2012 онд үнэмлэхүй ялалт байгуулна гэж ямар “хэрээ гуагласныг” хэлэхэд хэцүү. МАХН дангаараа засаг толгойлбол аймаар том амжилт гаргана гэж бас хэн гээч зайран бөөлснийг мэдэхэд бэрх. МАХН, АН-ын хэн нь түрүүлэн барьсан байшингаа ша тааж, өргөсөн тооноо буулган, үзэглэсэн гэрээгээ “нулимахыг” ард түмэн түгшин ширтэж байгаа нь харин үнэн. Энэ бүх үймээн, цуу яриа, “бор шувууны бодлого” хэнд хэрэгтэй вэ? Оюутолгой, Тавантолгойгоос томхон хүрздэхээр санаархан, шанагаа голсон нэгний үйлдэл бус уу?

Шанагаа голсон болгон нь Засгийн газарт “шанаа өгөх” гэж зүтгээд байвал шаналгаа гэдэг нь тэр билээ…

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.