Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

БНАСАУ БНСУ-аас харилцаагаа тасалсан тухай зарлалаа

Пхеньян БНСУ-тай тогтоосон бүх харилцаагаа тасалж буйгаа зарлалаа. БНАСАУ-ын мэдээллийн агентлагийн уламжилснаас үзвэл хилээс хойд зүгт орших хамтарсан үйлдвэрийн бүсээс БНСУ-ын ажилтнуудыг гаргах, тус улсын онгоц, хөлөг онгоцны хувьд БНАСАУ-ын агаарын орон зай, усан хилээ хаах юм байна. БНСУ-ын “Чхонан” хөлөг БНАСАУ-ын шунгагч минад өртөж живснийг олон улсын шинжээчид нотолсноос хойш Пхеньян Сөүлийн хооронд түгшүүртэй байдал эрс хурцадсан юм.

Түүний дараагаар БНСУ БНАСАУ-тай хийх худалдаагаа зогсоож, Умард Солонгосын хөлөг онгоцыг өөрийн улсын усан хилд нэвтрэх, орохыг хориглосон. Умард Солонгос хөлөг онгоцны сүйрэлд өөрсдийгөө огтхон ч хамаагүй гэж нотлон, мөрдөн шалгалтын дүгнэлтийг санаанаас зохиосон зүйл гээд уг хэрэг явдалтай холбогдуулан тус улсын эсрэг хориг арга хэмжээ авбал дайтах болно хэмээн сүрдүүлж буй юм.

Умард Солонгосын хүчнийг байлдааны бүрэн байдалд оруулсан тухай БНСУ-ын “Ренхап” агентлаг энэ сарын 24-нд уламжилсан. Удахгүй АНУ, БНСУ-ын Агаарын цэргийн хүчний хамтарсан сургууль эхлэх ёстой хэмээн Пентагон мэдээлж байна. БНАСАУ-ын зүгээс шунгагч завиар дайралт хийсэн нөхцөлд түүнд өгөх хариу арга хэмжээг талууд боловсруулах юм байна. Бээжинд айлчилсан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон хоёр Солонгосын харилцаанд үүсээд буй түвэгтэй асуудлыг хамтран шийдэхийн төлөө байгаагаа Бээжинд хандаж уриаллаа.

Х.Клинтон одоо Сөүлд хүрэлцэн очоод байна. Вашингтонд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Роберт Гейтс Японы Гадаад хэргийн сайд Тосима Китазаватай уулзаж, тэд БНСУ-ыг дэмжихийн тулд хүч чармайлтаа нэгтгэх тухайгаа амлалаа. Сөүл одоо умард Солонгостой залгаа хил дээр мэдээллийн дайн явуулж байна. Сөүл “Чхонан” хөлөг онгоц живсэн тухай өгүүлсэн зурагт хуудас Умард Солонгосын хотуудаар тараахад бэлдэж байна. Мөн БНСУ-ын цэргийн эрх баригчид БНАСАУ руу чиглүүлэн явуулдаг радио нэвтрүүлгийг зургаан жил завсарласны эцэст саяхнаас дахин сэргээлээ.

Нэвтрүүлгийн хөтөлбөрт барууны хөгжим, хуваагдсан хойгийн хоёр тал дахь эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлыг харьцуулахад зориулсан мэдээ, сурвалжлага ордог юм. БНСУ-ын эрх баригчид мөн ойрын долоо хоногт Умардтай хиллэдэг цэрэггүй бүсийн дагуу хэдэн арван чанга яригч байрлуулахаар төлөвлөжээ. Энэ сацуу Пхеньян өөрийнх нь усан хилийг зөрчлөө хэмээн БНСУ-ыг буруутгаж байна. Тавдугаар сарын 14-нд Сөүл БНАСАУын усан хил рүү хэдэн арван цэргийн хөлөг онгоц хөдөлгөсөн гэж Умард Солонгосын эрх баригчдын мэдэгдэлд дурдсан байна. “БНСУ манай нутаг дэвсгэрийн усанд нэвтэрсээр байвал БНАСАУ өөрийгөө хамгаалахын тулд цэргийн бодит арга хэмжээнд шилжих болно” гэж Умард Солонгосын төрийн мэдлийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тараасан мэдээнд дурджээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.