Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Би чамд хайртайгаа нотлох гэж энэ охиныг аллаа

2008 оны 7 сарын 12 –нд Дамбаржаагийн орчимд 15 настай Б охин төрсөн өдрөө тэмдэглэх гэж яваад бусдын гарт зэрлэгээр хөнөөгджээ. 

Харин эдгээр өдрүүдэд газар дээрх ганц охиноо үе тэнгийнх нь “хүүхдүүд”-ийн гарт хөнөөлгөсөн Ц.Гончиг гуай Монгол Улсын шүүх охиных нь хэргийг үнэн зөвөөр шүүж өгөхийг хүсэж, түүнийг дэмжиж буй ард иргэдийнхээ гарын үсгийг цуглуулан Сүхбаатарын талбайд өнжиж байна.

Түүнээс юу болсон талаар тодруулахад: Ж.Хэрлэнчимэг гэгч 20 гаруй насны хүүхэн өөрийн найз Ж.Очбадрахтай миний охиныг хардаж, өмсөж явсан даашинзных нь бүсээр боомилж бүрэлгэн, хогийн цэг дээр хаясан нь мөрдөн байцаалтаар илэрсэн. 

Тухайн үед тэр хоёр муудалцаж Ж. Очбадрах нь Ө.Хэрлэнчимэгт “Чи наадахаа алж чадахгүй, тэгээд  ч наад охин чинь чам шиг янхан биш” гэж миний талийгаач охиныг өмгөөлж байсан гэсэн. Тэгэхдээ хоолойг нь боож алах үед нь хорилгүй хараад зогсож байсан байна. Энэ талаар гэрч нар мэдүүлсэн. Хэрэг болох үед тэд олуулуулаа явсан юм билээ.

Ө.Хэрлэнчимэг миний охины хөл, гарыг хамт байсан хүүхдүүдээрээ даруулж, “Дарахгүй бол та нарыг дараа нь ална” энэ тэр гэж сүрдүүлсэн гэсэн. Тэгээд Ө.Хэрлэнчимэг Б-г алсныхаа дараа найз залуудаа “Би чамд хайртайгаа нотлох гэж энэ охиныг аллаа” гэж хэлсэн нь гэрчийн мэдүүлэгт байгаа. 

Хэрэгт холбогдсон хүмүүсийг мөрдөн байцаах ажил дуусаад зургаадугаар сард Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд шилжсэн юм. Гэтэл шүүх хуралдаан өнөөг хүртэл хурал болгон дээр яллагдагч тал өмгөөлөгчөө ямар нэг шалтгаанаар сольж, шинэ өмгөөлөгч “хэрэгтэйгээ танилцаж амжаагүй” байна гэдэг шалтгаанаар таван удаа хойшлоод байна. 

Ө.Хэрлэнчимэг гэхчийн ээж нь өмгөөлөгч юм билээ. Түүнээс гадна зөндөө хуулийнхан, бүр генерал хүн хүртэл ар талд нь байгаа сураг сонсогдож байна. Тэд хуулийн цоорхойг ашиглаад гаршчихаж. 

Гэхдээ Монголын шүүх шударга шүүнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Зургаа дахь удаагийн шүүх хурал энэ сарын 13-нд болно.

Тэр болтол энд сууж монголчуудынхаа сэтгэлийн дэмийг авахаар шийдээд байна. Хэрэв шүүх хурал шударга шийдвэр гаргачихвал энэ гарын үсэгнүүдийг охиныхоо зурагны ард хийгээд хадгална. Харин дахин хойшлогдвол ХЗДХ-ийн сайд дээр  орох бодолтой байна. 

Энд сууж байхдаа охиныхоо ангийн хүүхдүүдтэй таарлаа. Бүгд л их том болцгоосон байна. Охин минь ингээд  л оюутан болчихсон гүйж явах байсан даа гээд  нулимс унагав.

Хэрэг болсон үед талийгаач Б дөнгөж 15 нас хүрээд байсан бөгөөд Нийслэлийн “Амгалан” цогцолборын 10-р ангийг “Авьяас” алтан медальтай төгссөн байжээ.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.