Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

БИН ЛАДЕНИЙ ТИТМИЙГ АЛЬ-АВЛАКИ БУЛААВ

Алан хядах ажиллагаагаараа аюул учруулж болзошгүй учраас даруй устгавал зохих этгээдүүдийн нэрсийн жагсаалтыг Америкийн ТТГ гаргасан хэмээн Европын эх сурвалж мэдээлж байна. Ийм жагсаалтыг урьд нь зөндөөн гаргаж, нөгөө л Осама бин-Ладен “өнгөлж” байсан даг. Тэгсэн чинь уг жагсаалтыг 39 настай, йемен гаралтай Анвар альАвлаки гэгч саяхнаас тэргүүлэх болсон байна. Үүнийг албан ёсоор нотолсон мэдээлэл байхгүй ч үнэн байж болохыг бас үгүйсгэхгүй байгаа юм.

Аль-Авлакийг устгахыг бүр дөрөвдүгээр сард Америкийн засаг захиргаа зорьж байсан нь нууц биш. Түүнийг гурван ч удаагийн алан хядах ажиллагаанд оролцсон гэж үздэг. 2009 оны арванхоёрдугаар сарын 25-нд Амстердам-Детройт маршрутаар нисэж байсан онгоцыг дэлбэлэх оролдлого хийсэн нигер үндэстэн Умар Фаруктай холбоотой байсан гэж ч сэжиглэдэг.

Исламын хэт даврагч үзэлд бүрэн автсанаас өнгөрсөн оны намар Техаст цэргийн бааз дээр хамт алба хаагчдаа буудсан АНУ-ын армийн хошууч Малик Хасантай ч холбоо сүлбээтэй байсан байж мэднэ гэдэг. Энэхүү Анвар аль-Авлаки Америкийн Нью-Мексико муж улсад йемен гаралтай гэр бүлд төрж, Колорадогийн их сургуульд сурч байжээ. Гэвч 90-ээд оны дунд үеэс лалын шашинд гүнзгий автаж, бин-Ладенд хиймэл дагуулаар холбоо барих боломж олгож байсан АльКайдагийн хэн нэгэнтэй ойр гэгдэн 1999 оноос Холбооны мөрдөх товчоо (ХМТ)-ны хараанд орсон аж. Гэвч түүний эсрэг нотлох баримт олж чадаагүй тул хэргийг хаасан байна.

Гэтэл Виржини муж улсын Грейт-Фолле хотын сүмд хамба болоод байсан альАвлаки 2001 оны есдүгээр сарын 11-ний алан хядах ажиллагаанд талархалтай хандаж буй нь мэдэгдсэнээс ТТГ, ХМТ-ны анхааралд дахин өртсөн байна. Гэвч тэрбээр 2002 онд Америкаас гарч явжээ. Нэг жилийн дараа нөгөөх чинь Иракт оччихсон, тус улсыг эзэлж аваад байсан Америкийн цэргийн эсрэг лалынхантай мөр зэрэгцээд тулалдаж явсан аж. Тэгснээ Йемендээ очсон ч 2004 онд баривчлагдаж, эцэг өвгөдийнхөө эх орны шоронд нэг жил орчим суув. Энэ удаа ч алан хядах ажиллагаанд оролцсоныг нь нотолж чадсангүй.

Түүнээс хойш аль-Авлакийн сураг энд тэнд гарч, Сомалид байна гэнэ , Англид байхыг нь харжээ гэх үг сонсогдох боллоо. Түүгээр ч барахгүй Йемений тусгай албад түүнийг устгачихаж гэнэ гэсэн мэдээ өнгөрсөн оны эцсээр дуулдсан ч ташаа зүйл байв. Харин түүний байх дуртай зайлшгүй нэг газар байдгийг нь гарцаагүй зөв тогтоосон нь интернэт байлаа. Тэрбээр техникийн хамгийн сүүлийн үеийн хэрэгслийг сайн ашигладаг нэгэн аж. Түүний өөр нэг онцгой аюул нь англи хэл түүний төрөлх хэл юм.

Хэлний бэрхшээлгүй учраас Америк, Канад, Өрнөд Европ, БИН ЛАДЕНИЙ ТИТМИЙГ АЛЬ-АВЛАКИ БУЛААВ Австралиас залуучуудыг лалын хэт даврагчдын эгнээ рүү уруу татахад түүнд түвэгтэй биш байдаг. Сүүлийн үед Өрнөдөд алан хядах ажиллагаа үйлдэхийг оролдсон, санаархсан хүмүүс бараг бүгд аль-Авлакитай ямар нэг байдлаар холбогдож байсан байдаг. Сүлжээний ажиллагаа идэвхтэй явуулдгаас нь үүдэн Америкийн тусгай албад түүнийг бин-Ладенаас аюултай гэсэн дүгнэлт хийгээд байна.

Бин-Ладен Афганистан, Пакистаны хил орчимд агуйд орогнон “ёс суртахууны хувьд хуучирсан” видео илгээмж хааяа олны сонорт хүргэж байх болсон бол аль-Авлаки болж буй үйл явдалд маш хурдан хариу барьдаг. Алан хядах ажиллагаа явуулах талаарх заавар нь ч гүйцэтгэгчдэд бинЛаденыхаас түргэн хүрнэ. Түүний намтар ч бин-Ладеныхаас харьцангуй цэвэр аж. Одоогийн байдлаар “тэргүүн зэргийн алан хядагч” цолыг энэхүү аль-Авлаки булаан аваад байна. 2001 оны есдүгээр сарын үйл явдлаас хойш амиа алдахаас эмээн үнэн хэрэгтээ идэвхтэй үйл ажиллагаанаас хөндийрсөн бин-Ладенаас энэ хүн хол даваад байгаа юм.

Орчин цагийн цахим төхөөрөмж, сүлжээг чадмаг ашиглан алан хядах ажиллагааг хүчтэй сурталчилж, лалын шашинт залуусыг Өрнөдийн эсрэг тэмцэлд турхирах ажлыг тэр шаргуу хийдэг юм. Хүмүүсийн сайн мэдэх You Tube сүлжээнд л гэхэд түүний ухуулга сурталчилгаа бүхий 1900 видео бичлэг байрлуулсан байна. “Аль-Кайда”-гийн идэвхтэй үйл ажиллагааны төв шилжээд байгаа Йемен юм уу, Сомалид аль-Авлакийг байгаа болов уу гэж таамаглаж байгаа. Түүний араас нэлээд удаан хугацаанд ажиглаж байгаа ХМТ-ны ажилтан Рэй Форньегийн үзэж буй гаар бол шашны номлогч маань зохион байгуулалттай алан хядах бүлгийн гишүүн мөн аж.

2002 онд түүнийг Жон Кеннедигийн нэрэмжит нисэх онгоцны буудал дээр баривчилсан хэрнээ сулласныг Форнье маш их гайхдаг. Есдүгээр сарын 11-ний аймшигт ажиллагааг мөрдөн шалгаж буй хүмүүст аль-Авлаки маш үнэтэй хүн байсан гэж тэр үздэг. Түүний ярьснаар бол 2001 оны есдүгээр сарын 11-нд онгоц барьцаалж, Пентагоныг мөргүүлсэн Навар аль-Хазми, Халид аль-Мидхар нартай тэрбээр урьд нь сүмд уулзаж учирч байжээ.


Р.ЖАРГАЛАНТ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.