Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Биднийг арслан болгох БРЭНД буюу ОЮУТОЛГОЙ

Оюутолгойн гэрээ батлагдаад сар гаруй хугацаа өнгөрч байна. Гадаад, дотоодод олон хүний сэтгэл тайвширч, дараа дараагийн үйл ажиллагааных нь зам чөлөөлөгдөж, бас гадаад, дотоодын цөөнгүй нэгний цээжийг хорсгож, төлөвлөсөн бодсонд нь тээг тавьж энэ гэрээ батлагдсан.
Арслангийн барьсан амьтны зэмийг тойроод өөрсдөө ч халдаж, ойртож чадахгүй байж өрөөлийг ч дөхүүлэхгүй тэмцэлдэн, хялалзан, архиралдсаар өөр нэгэнд алдаад өлөн гуринхай чигээрээ тарж оддог амьтдын араншинг “National Geography”-гаар үзэж байгаа юм шиг л сонин өрсөлдөөнийг сүүлийн зургаа долоон жилийн турш бид харцгаасан. Оюутолгойг тойрон хэчнээн хэрэлдэж хэмхэлдэв ээ! Яг цөөвөр чоно шиг. Цаг урсаад байдаг. Ходоод өлсөөд байдаг…
Эцэстээ хоосон үлдэхдээ тулах шахсан. Энд, тэндгүй л Оюутолгой шиг ангийн сураг дуулдаж, идэш бэлдэж өгсөн арслангууд зүг, байрлалаа өөрчлөхөд тулахад өөрсдөө ан барьж чадахгүй үлдэгсэд л хөөрхий болох байлаа.
Азаар монголчууд ухаарч, эвлэж чадсанаар “азгүй цөөврийн” хувь заяанаас хэлтийж гарсан. Өөрөөр хэлбэл, монголчууд уул уурхайн салбараа гаднынханд өгөх үү, өөрсдөө ашиглах уу гэсэн эргэлзээ, тээнэгэлзэл, эцэс төгсгөлгүй үргэлжилсэн хэрүүл, маргаанд цэг тавьж чадсанаараа энэ гэрээ батлагдсаны, энэ гэрээг баталсны үнэ цэнэ оршино. Одоо бол хэрүүл, хараал, хардалт, хордолт тэр тусмаа хорсол огт хэрэггүй. Бид уул уурхайн асар том, чадалтай компанитай боллоо. Монгол Улсад албан ёсоор байгуулагдаж, Монгол Улсын аж ахуйн нэгжийн бүртгэлд бүртгүүлсэн “Оюутолгой” ХХК-ийн тухай энд өгүүлж байна. Энэ бол Монгол Улсын уул уурхайн компани. Мэдээж гадаадын хөрөнгө оруулалттай. Гэхдээ дэлхийд данстай, нэр нөлөөтэй, хур туршлагатай компанийг сонгож, хамтарч чадсанаараа бид алдаагүй бөгөөд азтай. Монголчуудын хувьд маш том боломж, бас нэр төрийн хэрэг, энэ бүхнээс ч илүү хариуцлага мөн бөлгөө.
Бид эзэмшиж байгаа хувь, хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ гэсэн үг. Оюутолгойн гэрээ батлагдсан нь, “Оюутолгой” ХХК байгуулагдсан нь, монголчууд бид бусдын барьсан ан, амьтны сэг, зэм үлдэгдлээр бус, өөрсдөө барьж, басхүү өөрсдийн сонголтоор дээж, сороос нь хооллодог амьдралд шилжиж, тийм чадварт суралцах боломжтой болж байна гэсэн үг.
Хариуцлага гэж юу байдгийг монголчууд одооноос, Оюутогойгоос ойлгон суралцаж эхэлсэн нь хожим бид цээжээ дэлдэн чанга дуугаар зарлаж болох бахархал. Бас энэ бол Монгол Улс XIII зуунаас хойш дэлхийн зулайд дахин залагдах боломж, нэр хүндэд хүрэх зам гэдгийг монгол хүн бүр ойлгоосой гэж хүснэм. Яагаад Хятадын хэвлэлүүд биднийг Оюутолгойн гэрээнээс хойш хорссон өнгөөр дайрч, яагаад орсоууд өр ширийн мартагдсан, шийдэгдсэн яриаг д ахин, дахин босгож тавиад байгааг бид сайн анзаарах хэрэгтэй. Яагаад гэвэл тэдний төсөөлшгүй амжилт, алдрын замд монголчууд бид гараагаа эхэлсэн буюу. Бидний оронд тэд өөрсдөө байхыг тэчьяадан хүсэж, мөрөөдөж байсан юм. Биднийг хүчирхэг болохыг эс тэвчин, өөрсдийнхөө барьсан ангийн өвдөл, цөвдлөөр хооллосон цөөврийн амьдралд барьж байхыг тэд зорилгоо болгож ирсэн болоод тэр.
Монголчууд нэгдэж, эвтэй байхдаа хүчтэй болдог, амжилтад хүрдэг гэсэн амьдрал, түүхээр батлагдсан,  нотлогдсон теорем байна. Ард түмний 80 гаруй хувь нь Оюутолгойн гэрээг хурдан баталж, анг горьдож бус, эрдэж барьдаг арслан болохыг хүссэн шүү дээ. Одоо бид Оюутолгойг монгол ухаан, монгол хариуцлага, монгол бодлого гэж юу байдгийг дэлхийд таниулсан брэнд болгох учиртай. Оюутолгой гэдэг нэр Монгол Улсын чанар чансааны бэлгэдэл болон дэлхийн дайдад хүрэх, түгэх ёстой. Монгол хүн бүр үүнийг үүргээ гэж ухамсарлах учиртай.
    “Sony” “Ford” “Hyunday” гэсэн нэрийг хүн болгон Япон, Америк, Солонгосын хөгжил, чанар чансааны бэлгэдэл хэмээн ойлгож, хүлээн авдаг шиг Оюутолгой гэдэг нэр Монголын чадал чансаа, хөгжлийн бэлгэдэл брэнд болоосой гэж хүснэм.
    Бид Чили, Австрали, Канад, Америкийн уул уурхайн туршлага судалж өчнөөн давхилдацгаасан шиг ойрын ирээдүйд дэлхийн улс орнууд “Уул уурхайгаа яаж Монголынх  шиг байлгах вэ?”, “Монголын уул уурхай шиг”, “Монголын хөрөнгө оруулалтын орчин шиг” гэх мэтээр сайн, шилдгийн үлгэр загвар, жишээ болгон ярьцгааж, Монголыг, монголчуудыг зорин биднээс суралцахаар хөлхөлддөг болох учиртай. Тийм л үндэсний брэндийн тухай бид бодож, хөдөлмөрлөх хэрэгтэй болоод байна. Яахын аргагүй цаг, боломж ирлээ бидэнд.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.