Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“БАЯН” ТӨРИЙН БАРААН ШИЙДЭЛ“

    Эрдэнэт” үйлдвэрийг том тогоо той зүйрлэвэл халбага барьсан улстөрчид урт дараалал үүсгэн жагсаж магадгүй юм. Сонгуульд ялсан намын ашиг сонирхол тэнд дөрвөн жилийн хугацаагаар “амьдарч”, эрх мэдэлтэй нэг нь халбагынхаа хэмжээгээр хутган хүслээ биелүүлж аваад, дараагийнхад шилжүүлэх маягаар цөөнгүй жилийг үдлээ. Энэ байдлыг өөрчилж мэдэх хувьчлалын тухай улстөрчдийн яриа чих дэлсээд намжив. 2010-2012 онд хувьчлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэх үеэр маргаан хоёр талд өрнөсөөр асуудлыг бүрхэгдүүлэн, биднийг тэтгэдэг том үйлдвэр хувьчлах жагсаалтад орсонгүй үлдэв.

    Мянга гаруй аж ахуйн нэгжээ хувьчилсан бидний түүх гэгээтэй байгаагүй. Хөрөнгө мөнгө, эрх мэдэлтэй хэсэг хүмүүс давуу эрхтэйгээр өмчийг мэдэлдээ авч ирсэн алдаа дахин давтагдахгүй гэж хэлэхэд эрт байна.
    Монголын төр одоо “баян”, 3.4 их наяд төгрөгийн хөрөнгөтэй. Гэвч төрийн эзэмшилд буй 70 орчим компанийн 70 хувь нь алдагдалтай ажилласаар ирсэн гэдэг. Харин “Эрдэнэт” үйлдвэр бол төсөвт их жин дарж, төрийн үүргийг хуваалцан 49:51 хувиар орос ахтайгаа хамтран хагас жарныг туулж яваа том үйлдвэр юм. Төрд байгаа манай талын 51 хувь нь хатуу, хөдөлдөггүй хөрөнгө болж, удирдлагууд нь үйлдвэрийн дарга, улстөрч хоёрын аль нь вэ гэсэн ойлгомжгүй байдалд байгаа нь менежерийн үүрэг гүйцэтгэж буй төрийн үйл ажиллагаа хангалтгүй гэж үзэхэд хүргэсэн. Бусдын юманд хүнийрхүү хандаж, үр ашигтай байх тухай бодохгүй ирсэн нь даанч харамсалтай.
    Муу менежерийн мэдлээс холдуулах арга нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн мэдлийн хувийг хувьцаа хэлбэрээр дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд гарган хувьчлах зам байв. Хамтарсан үйлдвэрийн статустай тул Оростой ярилцаж байж эцсийн шийдвэр гаргах нь дамжиггүй. Саяын яригдсан хувилбар болох бүлэглэн нэг том компани болгон хувьцаа зарах нь “Эрдэнэт” гэх дэлхийд танигдсан үйлдвэрийг бүдгэрүүлж магадгүй юм. Учир нь тус үйлдвэр өнөөдрийн байдлаар дэлхий дээрх нийт зэсийн баяжмалын экспортын нэг хувь, молибдений баяжмалын экспортын дөрвөн хувийг үйлдвэрлэж, техникийн дэвшил, металл гаргалт нь дэлхийн үйлдвэрлэлийн дундаж түвшинд хүрсэн үйлдвэрийн жишигт хүрээд байгаа. Зэсийн баяжмал үйлдвэрлэдэг ижил төстэй 170-аад компаниас өрсөлдөх чадварын рейтингээрээ наймдугаар байранд ордог гэсэн. Нэгэнт танигдсан ийм үйлдвэрээ дангаар нь хувьчилбал үр дүнд хүрч мэдэх юм. Оюутолгой ордыг ашиглаж эхлээгүй атлаа хэдэн зуун сая доллар Торонтогийн хөрөнгийн биржээс босгоод байгаатай харьцуулахад илүү боломж харагдаж байгаа гэдэгтэй санал нэг хүн цөөнгүй. Нөгөө талаасаа монголчууд хөрөнгийн зах зээлд менежмент хийгээд амжилттай ажилласан туршлага байхгүй тул олон улсын биржийн шалгуурыг давах уу гэдэг асуулт тулгарна.
     Дэлхийн хөгжиж буй орнуудад хөрөнгө оруулалтынхаа 50 хүртэлх хувийг хөрөнгийн зах зээлээс олдог жишиг бий. Хэн их мөнгөтэй нь өмчийн эзэн болдог өмнөх туршлагыг эвдэн орчин үеийн хандлагаар дотоод, гадаадын хөрөнгийн биржэд хувьцааг нь гаргах хэлбэрийг сонгож буй нь сайшаалтай. Олон улсын хөрөнгийн захад “Эрдэнэт”-ийн хувьцаа эзэмшигчид компанийн бүхий л мэдээллийг нээлттэй байлгахыг хүснэ. Тайлан балансыг нь нэхээд, “Энэ мөнгийг яагаад ийм зүйлд зарцуулав” гээд шалгаах болно. Энэ бол өмчийн эзэн хяналтаа тавьж буй хэлбэр. Өөрөөр хэлбэл, төрийн өмчийн үнэгүйдэл арилахад үр дүнтэй. “Төдөн төгрөг хэрэгтэй, түүнийг гарга” гэж дээрээс захиргаадаад суудаг улстөрчдөд “Эрдэнэт”-ийн үүд хаалттай болно.
    Гэхдээ “Эрдэнэт” гэж стратегийн ач холбогдолтой том үйлдвэрээ хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх кампанит ажлын “субботник”- ийн хоморгонд алдчих вий гэсэн болгоомжлол байгааг дурдах хэрэгтэй болов уу. Хэн нэгэн гаднын этгээд манай нэг олигархиар дамжуулан гурван хувийн хувьцааг нь худалдан авахад л “Эрдэнэт” үйлдвэр манай хяналтаас гараад явчихна. Эрдэнэт үйлдвэрийн 51 хувь нь болох хоёр тэрбум долларын хөрөнгийг гаднын хөрөнгө оруулалттай компанид алдахгүй гэж хэлэх баталгаа алга.
     “Эрдэнэт”-ийн хувьцааг хөрөнгийн биржэд гаргаснаар үхмэл хөрөнгөтэй байх биш, тэндээс тодорхой хэмжээний орлого олж болох төдийгүй, хөрөнгийн зах зээлд өрсөлдөх боломжоор хангагдана. Монголын иргэн бүр “Эрдэнэт”-ийн хувьцаа эзэмшигч болж, олон улсын байгууллагуудаас хүүтэй мөнгө зээлэх хэлбэрээс татгалзан, баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулж, үр ашгийг нь хүртэх боломж бүрдэнэ. Энэ бол дэлхийн бизнесийн дүрэм. Манай хөрөнгийн биржийн ямар ч оролцоогүйгээр байгалийн баялгийг маань гадаадын томоохон хөрөнгийн биржэд капитал болгон сүүлийн хоёр жилд тэрбум ам доллар босгосны дараа монголчууд сая л нэг сэрж анхаарлаа хандуулж буй нь баялгийг яаж үнэд хүргэж болдгийг ухаарсны илрэл болов уу. Жил бүр төсөвт оруулж байгаа мөнгийг харж амьдрах уу, арван жилийн ашгаа урьдчилж аваад нэг тэрбум ам доллар босгочихсон нь дээр үү. Яг өнөөхөндөө хөрөнгө оруулалтад мөнгө шаардлагатай байгаа учраас хөрөнгийн биржэд хувьцаа гарган мөнгө босгох нь дээр байж мэдэх. Одоо хэдэн хуурай тооноос өөр “Эрдэнэт” үйлдвэрийн үнэ цэнийг тодорхойлж мэдэхгүй байгаа нь үнэн. Хөрөнгийн зах зээл нь тухайн компанийн үнэ цэнэ ямар байгааг илэрхийлж байдгаараа онцлогтой юм.
    “Эрдэнэт” үйлдвэр төрийн мэдэлд байгаа учраас төр баян байгаа юм. Төр баян байж биднийг “тэжээнэ”. Гэхдээ баян байхын тулд өмчөө өөртөө байлгаад байх нь зөв гэсэн үг биш юм. Хувийн хүчирхэг компаниудыг бий болгохыг төр дэмжих болохоос төр өөрөө компанитай байхыг чармайдаггүй нь олон улсын зах зээлийн хандлагаар тодорхойлогдож буй. Гэхдээ “Эцэг” үйлдвэр “Эрдэнэт”- ийн байр суурийг савлуулах гэж байгаа бол дотроо бодолтой, дороо суурьтай хөдлөх учиртай. Олон улсын биржэд хувьцаа гаргаж арилжина гэдэг бол манайдаа шинэ зүйл болохоор төрийн өмчийн үйлдвэрүүдийн алдагдлыг багасгаж, үр ашигтай болгох зорилго нь туршилтын туулай болж хоцрох вий гэсэн анхааруулга дагаж байна. Тиймээс “баян” төр маань бараан шийдэл гаргахаас зайлсхийх учиртай.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.