Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Банзалтай генерал

Генерал (generalis) гэдэг латин гаралтай үгээр армийн дээд офицерийн цолыг нэрлэх болсон нь яг чухам хэдийнээс эхтэйг хэлэхэд түвэгтэй ч ийм цолтон анх XVI зуунд Францад “төрсөн” байдаг юм. Одоо бол энэ цолыг дэлхийн ихэнх оронд хэрэглэж байна. Орост Алексей Михайлович хааны үед буюу 1675 оноос цэргийн энэ цолны нэр дуулдах болжээ. Аггей Алексеевич Шепелев гэдэг хүнийг Оросын анхны генерал гэж үздэг. Тэрбээр Думийн хуралд суудаг байснаас “Думийн генерал” ч гэгдэж явсан бөгөөд 1661 оноос Москвагийн шилмэл цэргийн хороог удирдаж байжээ. Оросын шинэ цагийн Зэвсэгт хүчинд генерал цолыг ЗХУ-ын Дээд Зөвлөлийн тэргүүлэгчдийн зарлигаар 1940 оны тавдугаар сарын 7-нд бийб олгосон байна.
Оросын Зэвсэгт хүчинд 100 мянга шахам эмэгтэй алба хаадаг. Тэдний 5000 орчим нь офицер цолтой. Харин генерал эмэгтэй маш цөөхөн байдаг аж. Ийм цолыг эмэгтэй хүнд харьцангуй хожуу олгох болсон байна. Урьд нь бол армид эмэгтэй хүнд тохирох ажил нь ердөө эмнэлгийн сувилагч, тогооч төдийхөн л гэж цэргийн өндөр албан тушаалтай эрчүүд үздэг байжээ. Түүнээс биш эмэгтэй хүн генерал болно гэж зүүдэнд нь ч орж байсангүй. Одоо ч ийм байр суурь байсаар байгаа гэнэ.
 Тэгвэл генерал цолтой болсон эмэгтэй хүнд эмэгтэй хүний гэх шинж чанар огт байхгүй болдог гэж ярих хүн ч цөөнгүй. Бас “ажил хэрэг нь бүтэмжтэй, албан тушаал нь ахиад байгаа эмэгтэйн ард эр хүн байдаг юм” гэх эмэгтэй хүн ч тааралдана.
Оросын анхны генерал эмэгтэй эцэст нь энэ эрхэм цолоо ичгүүртэйгээр хураалгасан юм байна. Холбооны аюулгүй байдлын албаны хошууч генерал асан Наталья Климова албан өрөөнөөсөө шууд Лефортовийн хорих газар руу ачигджээ. Тэрбээр авлигын хэрэгт холбогдсон аж. Түүнийг 27,7 сая рублийн хахууль авсан хэмээн хэд хэдэн хүн буруутгасан байна. Түүнээс гадна Тооцооны танхимын ажилтны гарыг тэрбээр 1,5 мянган доллараар хүндрүүлсэн гэж бас буруутгажээ. Гэхдээ үүнийг хахууль биш бэлэг байжээ хэмээн өмгөөлөгч нь нотолж чадсан аж.
Валентина Терешкова харин сайн явна. Тэгэхдээ л энэ цолонд хүрэх гэж 30 гаруй жил мацжээ. Терешкова нь сансрын нисэгч болсон анхны эмэгтэй бөгөөд 1963 онд хөөрсөн юм. Тэгээд Агаарын цэргийн хүчний хошууч генерал цолыг 1995 онд авсан байна.
Тамара Белкина жижигхэн охин байхдаа л “нөхөр минь цэргийн хүн, манайх гурван хүүхэдтэй байгаасай” гэж хүсдэг байж. Үнэхээр ч цэргийн хүнтэй суужээ. Түүгээр ч барахгүй өөрөө генерал болсон гээч. Хоёр жилийн өмнө хууль эрхийн салбарт хошууч генерал болоход Красноярскийн хязгаарт “ор ганцаар” байв. Эндхийн Дотоодыг хамгаалах газрын орлогч даргын албыг сайн хаасны учир Белкинад энэ цолыг хүртээжээ.
Оросын энэ албанд банзалтай генерал бас нэг байдаг нь Цагаачлалд хяналт тавих газрын дарга Александра Земскова юм. Тэтгэвэр, тэтгэмж хариуцсан байцаагчаар хөдөлмөрийн гараагаа эхэлсэн Земскова 28 насандаа депутатаар сонгогдож байлаа. ДЯЯ-ны хуулийн газрын захирал болоход нь генерал цол олгожээ.
Гаалийн албаны хошууч генерал Валентина Дианова 1995 онд гаалийн байгууллагын босгоор алхахдаа найман жил болоод ийм өндөр цол хэргэмтэй болно гэж толгойд нь яаж орох вэ дээ. “Намайг 2002 онд Оросын Гаалийн академийн Владивосток дахь салбарын даргаар томилсон юм. Энэ бол генерал цолтой хүн хаших алба байв. Тиймээс Владимир Путин уг цолыг олгосон. Би дүрэмт хувцсаа баяр, ёслолын үед л өмсдөг. Генералын хувцаснаас хүмүүс их сүрддэгийг би анзаарсан. Генерал хувцсаа өмсөөд, толгойгоо бардам гэдийн гудамжаар явж байхад жолооч нар хүндэтгэж буйгаа илэрхийлж машинаа зогсоон зам хөндлөн гаргадаг. Миний дарга байсан Виктор Горчаков “Валентина чи эмэгтэй хүн шиг ярих юм. Дарга хүн шиг ярих хэрэгтэй” гэж хэлдэг байлаа. Энэ үгийг би мартдаггүй төдийгүй мөрдөж явахыг хичээдэг.
Би эрчүүдтэй ажиллах дуртай. Тэдний дунд байхад санаа нэг л амар, ая тух ч илүү санагдаад байдаг юм. 1998 онд Олон улсын хууль сахиулах академид би дан эрчүүдтэй ажиллаж байлаа. 48 эр, гурван бүсгүй байсан. Хоёр эмэгтэй нь оросоор ярьж чадахгүй. Тэнд би эм хүнийхээ хувьд үг зөрүүлчих амьтангүй байлаа. Гэтэл эмэгтэй хүнтэй хамт дэлгүүрт орох, хувцас тааруулж үзэх, хувцасний хийц, загварын талаар ярихсан гэх хүсэл надад төрөлгүй яахав дээ. Тэглээ ч ажил дээр бол эв нөхөрлөл хамгийн чухал юм байна гэж яваандаа бодох болсон. Эртнээс мэдэх хэдэн эмэгтэй найз бий л дээ, надад. Тэд маань ямар нэг даргын алба ер хашиж байгаагүй юм.
Гэртээ бол би юуных нь генерал байх билээ. 27 жил хамт амьдарч буй нөхөр минь “Генерал юм чинь шийдвэрээ чи л гарга” гэж наргиан болгодог юм. Бидний амьдралд янз бүрийн үе байсан. Намайг аспирантурт сурч байхад гэр орноо олигтойхон авч явах гэж нөхөр минь онгоцны засварын газар ажиллаж ч байлаа. Дараа нь хүнд гэмтээд ажил хийхээ байсан. Би хэдийгээр гэр амьтай ч гэсэн ажилдаа дуртай. Гэртээ ороод л угааж арчих, хоол хийх, цэцгээ арчлах ажилтайгаа зууралдана.” Генерал Дианова ийн ярьжээ.
Сонирхуулахад, АНУ-ын армид эмэгтэй 20 генерал алба хаадаг байна. Тэгэхдээ энд генерал цол шатлалтай, мөрдөс дээрх ялгах тэмдгээр нь тодорхойлно. Эмэгтэйчүүдийн ихэнх нь бригадын генерал бөгөөд мөрдөс дээр нь ганц тэмдэг байдаг. Энн Данвудн гэдэг америк эмэгтэй л ганцаар мөрдөс дээрээ дөрвөн тэмдэгтэй генерал болтлоо алба хаасан аж.
Саяхан лалын ертөнцөд хүртэл нэг эмэгтэй генерал төржээ. Энэ нь Ааржун ФатмаЗохра юм. Төрийн албанд эмэгтэй хүн ахиж дэвшихийг хуулиар зөвшөөрсний дараа Алжирын Ерөнхийлөгч, армийн ерөнхий командлагч Абдельазиз Бутефлика ийм шийдвэр гаргажээ.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.