Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.Алтангэрэл:”Би хэзээ ч барьж өгөхгүй надад итгэж болно”







 

Манай хууль бусаар ажиллаж байгаа иргэд  элчинд сайдын яаманд бүртгэлтэй болчихвол бариад өгнө гэж айдаг. Би хэзээ ч барьж өгөхгүй надад  итгэж  болно.

Монгол Улсаас Их Британи,  Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад  суугаа Онц бөгөөд Бурэн эрхт элчин сайд Б.Алтангэрэлтэй хийсэн ярилцлага.

Хоёр улсын хооронд анх дипломат харилцаа хэдэн онд тогтсон бэ? Та хэддэх элчин сайд нь бэ?

Манай улсаас Британид суух   анхны элчин сайдаар Д.Балжинням гэдэг хүн томилогдож Польш Улсаас хавсран хамаарч байсан юм билээ. Д.Бажинням гуай 1963-1969 онд элчин сайдаар хавсарч ажилласан.  Лондонд суух байнгын элчин сайд С.Дамбадорж гуай 1969 он томилогдож 1973 он дуустал 4 жил ажиллажээ. Би Британид суугаа 11-дэх элчин сайд нь юм байна. Монгол, Британийн хооронд дипломат харилцаа 1963.01.23-нд тогтоосноос хойш  47 жил болж байна. Ер нь Британи бол манай улсыг хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоосон анхны өрнөдийн орон юм. Британи Улаанбаатарт 1964 онд Элчин сайдын яамаа нээсэн нь,  манайд Элчин сайдын яамаа нээсэн Өрнөдийн анхны орон болдог юм шүү.

Эднийх ДНБ –нийхээ 70 гаруй хувийг үйлчилгээний салбараас олдог гэсэн. Одоо гудамжаар хаа сайгүй л жижиг үйлчилгээний газрууд хаагдаж “To let” гэсэн зарлал тавигджээ. Их Британий эдийн засгийн хямрал ямар байгаа бэ?  

Герман, Франц зэрэг Өрнөдийн орнууд  санхүү, эдийн засгийн уналтаа өнгөрсөн оны 6-7 сард зогсоолоо гэсэн бол  Их Британи 2010 оны 2 сард эдийн засгийн  уналтаа  зогсоож чадлаа гэж  албан ёсоор зарласан. Бусад орон ДНБ –хээ дөнгөж 3-4 хувийг банкны салбараас олдог байхад Британи  ДНБ-хээ 11-12 хувийг  банкны салбараас олдог. Энэ утгаараа  санхүүгийн энэ удаагий хямрал эдийн засагт нь  Өрнөдийн бусад оронтой харьцуулахад хүнд тусаж  хямралаасаа  хамгийн сүүлд гарч байгаа бололтой. Ажилгүйчүүдийн тоо 2.5 саяд хүрсэн. Нийгмийн халамжийн сайн тогтолцоотой орон тулдаа нийгмйин талын  хөтөлбөрүүдээ доголдуулаагүй  ч хямралаас хүнд гарч байгаа. Лондонг дэлхийн санхүүгийн  төв гэдэг.Энд дэлхийн том банк,биржүүд төвлөрч байдаг.

Одоогоор  Британид хэдий тооны монголчууд ажиллаж сурч амьдарч байна вэ? 

Албан бус мэдээгээр  7-8 мянган монголчууд байдаг гэдэг юм.  Ер нь сүүлийн 2 жил хүмүүс нутагтаа нэлээд буцсан. Одоо Монгол Улсын хүн амын тооллого, Засгийн газраас Эрдэнийн хувь хүн бүрт өгөх,иргэний шинэ үнэмлэхтэй болох зэрэгтэй  холбоотой иргэдийн  бүртгэлийг интэрнетийн вэб сайт дээрээ тавиад дөнгөж 1500 орчим хүн л бүртгээд байна. Лондонд 5 мянга орчим,Манчистерт 900 гаруй иргэд байдаг гэдэг. Бид албан ёсны тоог гаргахыг чармайж бүртгэж  л байна.Хууль бусаар ажиллаж байгаа хүмүүс элчингийн бүртгэлд орвол баригдана гэж айгаад байдаг. Ер нь өөрийнхөө иргэдийг хүнд барьж өгдөг Элчин сайдын яам гэж байх ёсгүй шүү дээ. Монголчууддаа хэлэхэд айх зүйлгүй бүртгэлдээ хамрагдаарай. Хүүхдүүдээ ч бас бүртгүүлэх хэрэгтэй гэж хэлэх байна.

Хараар ажиллаж байгаа хүмүүс элчин сайдын яаманд  олноороо бүртгүүлвэл жагсаалтаараа баригдана гэж айж байгаа. Ингэхгүй гэх ямар баталгаа байна вэ? Энд байгаа хүмүүс, монголд байгаа гэр бүл нь паспортоор нь гадаадад байгаа гээд бүртгүүлэх нь найдвартай гэж бодох байхаа даа.

Британид  хуулийн дагуу оршин сууж байна уу? эсвэл хууль бусаар оршин сууж байна уу?гэдэг нь бидэнд чухал бус бүгд л манай иргэд. Бид өөрсдийн иргэддээ бүхий л бололцоогоороо туслах үүрэгтэй. Ийм учраас манай иргэд Элчин сайдын яаманд ямарч айлтгүйгээр хандаж зөвлөлгөө авч байх нь зүйтэй.

Эндэхийн Номе Оффисоос олимпоос өмнө хууль бус иргэдийг гаргана.Нэрсийн жагсаалтаа өгнө үү гэвэл та яах вэ? Би нэрсээ өгөхгүй  эсвэл байхгүй гэж болох юмуу?

Би Британийн ямарч байгууллагад иргэдийнхээ талаар мэдээлэл өгөх шаардлагагүй. Олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байгаа гэмт хэрэгтэн этгээдийн хувьд хоёр талын гэрээний үндсэн дээр мэдээлэл өгч болно. Өөр тохиолдолд бид иргэдийнхээ талаар Британийн талд мэдээлэл өгөхгүй байх бүрэн эрхтэй.

Элчин сайдын яаманд иргэд ихэвчлэн ямар асуудлаар ханддаг бэ? Ямар нэг байдлаар эрх нь зөрчигдсөн иргэддээ ямар туслалцаа үзүүлдэг бэ?

Иргэд ЭСЯ-д иргэний бүртгэлтэй холбоотой асуудлаар ихэвчлэн хандаж байдаг. Тухайлбал,шинээр паспорт авах,сунгуулах,төрсөн хүүхдээ бүртгүүлэх, гэр бүл батлах, итгэмжлэх магадлагаа авах гэх мэт.Элдэв гэмт хэрэг хийх,архи дарсны асуудал Британид байгаа монголчуудын дунд харьцангуй бага байдаг.Жилдээ 20 орчим хүн визний зөрчилтэй саатуулагдаж байдаг. Эрх нь зөрчигдсөн хүмүүст өмгөөлөгч авч өгөх,хэрэг төвөгөөс нь салгах,эх оронд нь буцаах зэрэгт туслалцаа үзүүлдэг.Өнгөрсөн жилээс “Иргэдэд туслах сан” бий болж тэндээс эмнэлгийн тусламж үзүүлэх, төлбөрийн чадваргүй болж хүндэрсэн иргэдэд буцах зардал олгоход нь  бичиг баримтыг бүрдүүлж төвд хүргүүлж шийдвэрлүүлж байна.Саяхан манайд нэг хүн магистарт суралцах тусламж хүссэн. Энэ хүсэлт нь дээрхи сангийн заалтанд тохирохгүй юм билээ.Харин тэргүүний хөгжилтэй орнуудад магистарт суралцах хүмүүс тодорхой шаардлага хангасан гэж үзвэл БСШУЯ-ны шийдвэрээр 15 000 хүртлэх долларын тэтгэлэх авдаг. Ийм тэтгэлэгийн  сан БСШУЯ-ны дэргэд байдаг. Энэ сан тусгай дүрэмтэй, болзолыг нь хангасан хүмүүстэй холбогдох гэрээ байгуулж мөнгөө олгодог журамтай.

Манай элчин сайдын яамны баримталдаг зарчим бол өөрийн орны иргэдээ хар байна уу? ямар байна гэдгээр ялгаварлан харьцахгүй адилхан үйлчлэх зарчим баримталдаг. Бидэнд хандаж буй хүмүүсийг визийн чинь хугацаа дууссан уу?, харласан уу ? гэж асуудаггүй. Тэгэх шаардлага, хэрэгцээ байхгүй. Бидний үүрэг бол тэдэнд туслах үүрэгтэй. Дахин хэлэхэд манай хүмүүс монгол зангаараа бүртгэлд орвол баригдана  гэж бодож зугтаж байдаг.Би ирснээсээ хойш ямарч асуудлаар аль болохоор туслахыг хичээж байгаа шүү. Манайд  иргэдтэй харилцах асуудлыг 2 хүн хариуцаж ажиллаж байгаа.

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын хуульд 10 жил энд амьдарч ажилласан гадаадын  иргэдэд иргэншлийн эрх олгодог гэж хүмүүс ярьдаг нь үнэн үү?

Ийм өршөөлийн хууль гарч  ажил хийж татвар төлж байсан иргэдэд иргэшлийн эрх олгох, байнга оршин суух виз олгодог юм билээ. Одоо энэ хуулийн заалт их чангараад байгаа.

Их Британид ажиллаж байгаа манай иргэдийн  нийгмийн даатгалд төлсөн мөнгийг Монгол  руу шилжүүлэх асуудал яригдаж байсан ямар шатандаа байгаа бэ?

Өмнөх жилүүдэд  НД-ын газраас хүмүүс ирж ярьж байсан юм билээ. Манай хоёр улсын НД-ын тогтолцооны систем өөр байгаа нь асуудлыг шийдэхэд төвөгтэй болгож байгаа юмаа. Тухайлбал манай НД улсынх байдаг,эднийх хувийн компани байгаа юм.Эднийх тэтгэвэр тэтгэмжийнхээ 90% – 98%-г нийгмийн даатгалаас  авдаг байх  жишээтэй. Манай иргэдийн ихэнх нь хараар ажилладаг эзэнтэйгээ тохироод цалингаа бэлнээр авчихдаг болохоор НД –д ихэнх нь хамрагдаж чадахгүй байна. Гэхдээ энэ асуудал бүр ч болохгүй асуудал биш л дээ.

Хоёр улсын иргэний харъялалтай байх асуудал яригдаж байна уу? Манай улс цөөхөн хүн амтай тэгээд аль оюуны потенциалтай хүмүүсээ гадаадын иргэн болгож их алдаж байна л даа.Энэ асуудлыг нааштайгаар ойрын үед  шийдэх  ямар боломж байна  бэ?

Энэ асуудал манай улсын хувьд үндсэн хуулийн заалтаар зохицуулагддаг. Үндсэн хуульд монгол хүн нэг л улсын харъяалалтай байхаар заасан учраас энэ заалтаа л баримталж мөрдөх ёстой.  Гэтэл амьдрал дээр гадаадад байгаа иргэд маань хоёр улсын харъялалтай болчихоод явж л байна.Тухайлбал АНУ, Британи, Ирландад төрсөн хүүхдүүд хоёр иргэншилтэй болж байна. Британи давхар харьяалалыг  зөвшөөрдөг юм. Британийн хуучин колони байсан орнуудаас бүрддэг хамтын нөхөрлөлийн орнууд бий. Энэ хамтын нөхөрлөлд 50 гаруй улс багтдаг. Эдгээр орны иргэдийн дунд давхар харьяалал их байдаг нь ажиглагдаг.          

Манай  иргэдийн  хувьд давхар харьяалал үүсч буй тохиолдол бий.  Монгол хүн өөрийн  иргэншлээс гарах дургүй байдаг юмаа. Давхар харъяалалын асуудлыг шийдвэрлэхэд Үндсэн Хуулийн заалт хөндөгдөх тул эл асуудлыг УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж шийдвэр гаргах хэрэгтэй болно байх.

 Лондонд 2009 оны 12 сард болсон Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын гол ач холбогдол юу байсан бэ? Гадаад дотоодын ямар хүмүүс оролцсон бэ? Яагаад ийм чухал уулзалтанд монголын хэвлэл мэдээллийн хүмүүсийг оролцуулдаггүй юм бэ?

Европын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт үнэхээр их ач холбогдолтой болсон.Монголын уул уухайн талаар  3-4 том төсөл танилцуулагдаж,30-40 төсөл тараагдсан. Нэр хүнд бүхий томоохон компани,  банкны төлөөлөгчид гээд гадаадын 140 гаруй, монголын 80 төлөөлөгчид оролцсон.Хөрөнгө оруулагчдын сонирхлыг манай уул уурхайн баялаг нүүрс,зэс,алт,уран… зэрэг татаж байгаа. Өндөр хөгжилтэй орнууд Британи,АНУ,Канад, Франц зэрэг улсын хөрөнгө оруулагчид  уул уурхайн салбарт  хөрөнгө оруулвал ашигтай. Үүнийг дагаад шинэ технолог давхар орж ирнэ шүү дээ. Энэ удаагий чуулга уулзалтын зорилго нь тодохой төслийг хөрөнгө оруулагчдад танилцуулах,  тэдний ашиг сонирхлыг Монгол руу татах явдал байсан. Энэ зорилгоо биелүүлсэн гэж үзэж байгаа.

Британи Улсын иргэд  манайд 400 гаруй лицензыг эзэмшдэг гэж “Алтангадас” сэтгүүлийн хавтас дээр байсан. Эдгээр лицензийг зуучилдаг “бүлэг”таниас өмнөх   элчин сайдаар албан болон албан бусаар дамждаг байсан байж  магадгүй. Мэдээж жирийн иргэд хийхгүй өндөр албан тушаалтнууд зуучилдаг шүү дээ? Та юу гэж бодож байна бэ? Танд уул уурхай байгаа л биз дээ?

Үнэхээр Их Британий хөрөнгө оруулагчид ийм олон лиценз эзэмшдэг бол өндөр хөгжилтэй орон гэдэг утгаар нь  баяр хүргэхээс өөр яахав. Харин тэдний нэрийг барьсан лиценз наймаалагч нар байвал дэмий л юм. Надад уурхай, лицензийн аль аль байхгүй.

 Манай уул уурхайн баялагийг гадаадынхан эзэмшээд,олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцааг нь арилжаад 3000% ашиг олж байгааг та уншсан биздээ? Юу гэж бодож байдаг бэ?

 Манай Ерөнхий сайд С.Батболд харин энэ тал дээр үр дүнтэй ажлууд хийж эхлүүлээд байгаа шүү. Монголчууд өөрийнхөө баялагыг олон улсын хөрөнгийн бирж дээр гаргахаар  Лондон, Конг Хонгийн хөрөнгийн биржид бүртгүүлэхээр судалж байна.

 

 Төрийн өмчит  Монгол эрчим,Монгол эрдэс, Монгол дэд бүтэц гэсэн гурван компани байгуулж өмчөө төвлөрүүлэх гэж байна. Эдгээр компанийг л дээрх биржид бүртгүүлж, хувьцааг нь арилждаг болох хэрэгтэй юм.

 

Та улс төрч,дипломат ч хүний хувьд Монгол улсын одоогийн тогтолцооны системийг юу гэж үздэг бэ? Яагаад улс орон хөгжихгүй  ард түмэн улам ядуураад  байна бэ?

Манай төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулсанаар элчин сайд нар улс төрийн албан тушаалтан биш төрийн албан хаагч болсон шүү. Би бол мэргэжлийн дипломатч хүн гадаад харилцааны яам зэрэгт ер нь  мэргэжлээрээ 30 гаруй жил ажиллаж байна.

Манай улс ардчиллыг сонгоод 20 жил болж байна. Хүний эрх эрх чөлөөг дээдэлсэн,зах зээлийн нийгмийг байгуулна гэж тунхагласан Үндсэн хуулиа батлаад 18 жил болж байна. Үндсэн хуулийг сайн хууль гэж үздэг. Харин ардчилсан  нийгмийн тогтолцоог хэрэгжүүлэх  явцад их бага алдаа гарч буруу зөв янз бүрийн л юм болж  туршлага дутсан ч явдал байгаа гэж боддог.

Тухайбал, хувьчлал дээр алдаа гарсан гэж боддог.Одоо бол монголын онцлогт тохирсон ,мэдлэг, технологт суурилсан, эрдэс баялаг дээрээ тулгуурласан зөв сайн менежмент хийх хэрэгтэй байна гэж боддог.

Манай улсын хөгжлийн үзэл баримтлал чинь мэдлэгт суурьлагдсан,орчин үеийн өндөр хөгжилтэй техник технологи бүхий нийгэм байгуулах гэж байгаа л даа.

Монгол улсын төрийн бүх шатны байгууллага дээрээсээ эхлээд авилгалын сүлжээ үүсгэж татвар төлөгдөгчдийн мөнгийг идэж уудаг, уул уурхайн лицензээр газар нутагаа зарж асар их баяжих болсон  зэргийг яах ёстой бэ?

Улс орны эдийн засгийн хөгжлийг чөдөрлөж байгаа авилгалыг устгах ёстой.  Монгол Улс  авилгалын эсрэг олон улсын конвенцд нэгдэх ажлын хэсэгт би орж ажиллаж байсан. Агентлаг байгуулсан нь нэг алхам болсон. Уул уурхайн лицензийг дамжуулан наймаалж мөнгө олох хэрэгсэл болгож болохгүй л дээ.

Танд Британид ирэхээр зорьж байгаа монголчуудад  анхааруулж захиж хэлэх зүйл юу байна бэ?

Ирж байгаа хүмүүс зорилгоо зөв тодорхойлж, сурах гэж байгаа нь сурах зорилгоо л биелүүлэх, ажиллах нь ажиллаж амьдрал ахуйгаа өөд татах л хүсэл зорилготой байгаа шүү дээ. Хууль дүрмийн дагуу зөв визтэй орж ирвэл,хүндрэл төвөгт орохгүй шүү дээ. Эдний визтэй холбоотой хууль дүрэм улам чангарч байгаа нь хараар ажиллах явдлыг улам хүнд хэцүү болгож байгааг анхаарах ёстой.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.