Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байдал хяналтаас гарч, Кыргыз цэргийн тусламж хүсэв

Кыргызийн өмнөд мужийн Ош, Жалал-Абад хотуудад үндэстэн хоорондын мөргөлдөөн болж байдал хяналтаас гарчээ. Алагдсан иргэдийн тоо хэд хүрсэн талаар баттай мэдээлэл байхгүй ч зургадугаар сарын 13-ны байдлаар 77-85 орчим хүн амь үрэгдсэн мэдээ байна. Галт зэвсэг, төмөр саваагаар зэвсэглэсэн Кыргызийн үндсэрхэг үзэлтнүүд, дээрэмчдийн бүлгүүд Ош хот дахь узбек иргэдийн гэр орныг галдан шатааж, өмч хөрөнгийг нь тонон дээрэмдэв. Аллага хядлага, дээрмээс айж ширвээсэн олон мянган узбек Ош, Жалал-Абад хотоос дүрвэн гарчээ.

Цагаандаа гарсан дээрэмчид узбек иргэдийн орон гэрт халдаад зогссонгүй, их сургуулийг шатааж, дэлгүүр, үйлчилгээний газруудыг тонож, орон нутгийн цэрэг, цагдаагийн байрыг бүслэн авч галт зэвсэг, тусгай хэрэгсэл булаан авчээ. Орон гэргүй болсон хүмүүс Узбекийн хилийг чиглэн явж байгаа тухай АР агентлаг мэдээлэв. Ош хотын улс төрийн удирдагчдын нэг Омурбек Суваналиев “Бүх юм шатаж, хаа сайгүй алагдсан хүмүүс.

Жинхэнэ дайн болж байна” гэжээ. Кыргызийн Ерөнхийлөгч Роза Отунбаева үймээн дэгдсэн хотууд руу цэрэг, хуягт техник, нисдэг тэрэг илгээсэн ч байдал хяналтаас гарсан гэдгийг хүлээн зөвшөөрөөд, “Тохиролцоо хийх оролдлого бүтэлгүй болж, эмх замбараагүй байдал улам газар авч байна. Гаднын хүчний туслалцаагүйгээр дэг журам тогтоох боломжгүй боллоо” гэсэн байна. Тэрбээр зургадугаар сарын 12-нд цэрэг илгээхийг ОХУ-аас хүссэн ч татгалзсан хариу авлаа. Кремль “Кыргызийн дотоод явдалд оролцохгүй. Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх боломжтой” гэсэн хариу өгөв. Гэхдээ тус улсад энхийг сахиулагчид илгээх талаар ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан орнуудтай хамтран ярилцаж болох юм гэсэн мэдээллийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Наталья Тимакова өгчээ.

Кремль тусламж үзүүлэхээс татгалзсан учраас Кыргызийн Түр Засгийн газар АНУ-д хандан хүсэлт тавих эсэх нь тодорхойгүй байна. Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Брайн Уайтмен “Кыргыз ямар нэг хүсэлт гаргасан талаар юм олж сонсоогүй” гэв. Шинэ Үндсэн хуулийн талаарх бүх ард түмний санал асуулгыг тасалдуулах гэж Ерөнхийлөгч асан Курманбек Бакиев, түүний гэр бүлийнхэн Ош хотод самуун дэгдээсэн гэж Кыргызийн Түр Засгийн газар мэдэгдсэн. Үймээн дэгдсэн хотуудад хөл хорио тогтоосон ч дээрэм тонуул, аллага хэрээс хэтэрч байгаа бөгөөд Бишкекээс ирсэн тусгай хүчнийхэн дэг журам тогтоохын тулд галт зэвсэг хэрэглэж болно гэсэн тушаал авчээ.

О.Тогоо

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.