Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Багш нар шаардлагынхаа хариуг авчээ

Тус шаардлагын хариуг та бүхэнд бүрэн эхээр нь хүргэж байна.

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ  ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНД

ШААРДЛАГЫН  ХАРИУ            2010.04.09                           Улаанбаатар хот
Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам боловсролын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн шинэчлэлийг хэрэгжүүлэх, багшаа хөгжүүлж чадваржуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн төлөө тодорхой бодлого, арга хэмжээг  хэрэгжүүлж ирснийг энэхүү хариуны эхэнд товч дурдъя.
Дэлхий нийтэд санхүү, эдийн засгийн хямрал нүүрлэсэн сүүлийн жилүүдэд багшид олгох улирлын үр дүнгийн урамшууллыг буй болгож, одоогийн байдлаар 53 667 багш, ажиллагсдад улирал бүр 15.6 тэрбум төгрөгийн урамшуулал олгож байгаа, 25 ба түүнээс дээш жил ажилласан багш, захирал, эрхлэгч, орлогч захирал, хичээлийн эрхлэгч, хичээлийн зохицуулагч, нийгмийн ажилтан, арга зүйч, дадлагын болон байрны багш, цэцэрлэгийн туслах багшийг тэтгэвэр тогтоолгоход 12 сарын, үүнээс сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт 10, түүнээс дээш жил ажилласан бол 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг, мөн сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн багшид 5 жил тутамд 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж өгдөг болсон, 2009 онд батлагдсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай” хуулиар МСҮТ, түүнтэй адилтгах мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшид Боловсролын тухай хуулийн 43.1-д зааснаас гадна 5 жил тутамд нэг удаа 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж буй байгууллагаас нь олгох болсон, төрийн албан хаагчдад зориулсан 4000 орон сууцны зээлийн 42,2 хувьд   багш, салбарын ажилтныг хамруулах боломжийг бүрдүүлсэн, багшийн мэргэшлийн чадавхийг дээшлүүлэх сургалтад жил тутам дунджаар 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө зориулсан зэрэг тодорхой арга хэмжээг боловсролын салбарт хэрэгжүүлж ирлээ.
БСШУ-ны сайд, Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр хамтарсан ажлын хэсгийг энэ оны эхнээс байгуулж, багш нарын цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг олгож буй байдал, цалингийн сан хүрэлцээтэй байгаа эсэхийг шалгаж, цалин хөлсийг нэмэгдүүлэх боломжийг судлан асуудал боловсруулж байсан энэ үед багш нарын төлөөллөөс ирүүлсэн шаардлагыг хүлээн авч, үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагатай удаа дараа уулзалт зохион байгуулж, яам, нийслэлийн ажлын хэсгийг ҮЭ-ийн ажилтнуудаар өргөтгөж, хамтран ажилласны үндсэн дээр бид авах арга хэмжээг тодорхойлж, эл хариуг хүргүүлж байна. 
1.Нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын нормативыг нэмэгдүүлэн батлах тухайд:
“Нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын норматив” нь боловсролын салбарын урсгал төсөв болон санхүүжих хүүхдийн тоогоор шууд тооцоологдон Засгийн газрын тогтоолоор баталгааждаг нэг хүүхдийг сургахад шаардагдах дундаж хувьсах зардал байдаг. 2009 онд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, төсвийн орлого шаардлагын хэмжээнд бүрдэхгүй байгаатай холбогдож боловсролын салбарын урсгал төсөв 16.6 тэрбум төгрөгөөр багасаж батлагдсан нь “нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын норматив” дундажаар 13.5 хувиар буурахад хүргэсэн юм.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам салбарынхаа 2010 оны төсвийн тодотголд хувьсах зардлын нормативыг дундажаар 15 хувиар нэмэгдүүлэх үндэслэл тооцоог Сангийн яамтай хамтран гаргаж төсвийн тодотголын төсөлд тусгалаа. Чингэснээр энэ оны хичээлийн шинэ жилээс хувьсах зардалд нийт 7 тэрбум төгрөг нэмж олгогдох болно.
2.Боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын үндсэн цалинг 2 дахин нэмэх тухайд:
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам салбарынхаа ажиллагсдын үндсэн цалинг нэмэгдүүлэх асуудлыг холбогдох яамд, Засгийн газарт удаа дараа тавьж, шийдвэрлүүлж ирснийг Та бүхэн мэднэ. Төр засгийн зүгээс төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлыг авч хэлэлцээд энэ талаар 3 талт хэлэлцээр эхлүүлэхийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд үүрэг болгосон тул энэ хүрээнд асуудал шийдвэрлэгдэнэ гэж үзэж байна.
Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6.1-28.6.4-т  “төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, жишгийг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу БСШУ-ны яам боловсрол соёл шинжлэх ухааны салбарын ажилчидын цалин хөлсийг нэмэгдүүлэх тооцоо, судалгааг боловсруулж эрх бүхий байгууллагад хүргүүлсэн болно.
3.Төсөв захиран зарцуулдаг сургууль, цэцэрлэгийн удирдлагуудыг салбарын яам томилох, чөлөөлөх эрхийг олгох зэргээр Боловсролын хуульд зохих өөрчлөлтүүдийг оруулах тухайд:
Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг Боловсролын тухай хуулийн 31.1.5 дахь заалтын дагуу Сум, дүүргийн Засаг дарга нь томилж, чөлөөлж байгаа.
Үйлдвэрчний эвлэлээр дамжуулан багш нараас, сургууль, цэцэрлэгийн удирдлагын хариуцлагын тогтолцоог буй болгох, тэднийг улс төрийн нөлөөллөөс ангид байлгаж, зөвхөн шударга сонгон шалгаруулалтын дүнгээр шийдвэр гаргадаг болгох, менежментийн хувьд мэргэжлийн удирдлагатай болгох  агуулгаар эдгээр байгууллагын захирал, эрхлэгчийг яам томилдог байх шаардлага тавьжээ.
Бид асуудлыг судлан үзээд, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд, орон нутгийн өмчит төсвийн байгууллагын хувьд сургууль, цэцэрлэгийн удирдлагыг томилох, чөлөөлөх эрх нь орон нутагтаа байхыг дэмжихийн зэрэгцээ төвлөрлийг сааруулах, ингэхдээ хариуцлагын тогтолцоог хадгалах, мэргэжлийн удирдлагыг бэхжүүлэх үндэслэлээр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр боловсролын дээд шатных нь байгууллагын ерөнхий менежер буюу аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга томилж, чөлөөлдөг байхаар өөрчлөх нь зүйтэй гэж үзэж байна.
Энэхүү өөрчлөтийг Боловсролын тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль,  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах  замаар энэ онд багтаан шийдвэрлүүлэх болно. Мөн боловсролын багц хууль, соёл, шинжлэх ухааны салбарын хуулиудад оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулж байгаа бөгөөд эдгээрт багш, ҮЭ-ийн байгууллагын саналыг тусгаж ажиллана.
4.Багшийн бодит орлогыг бууруулдаг үзүүлэн хийх, нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулах зэрэг сургалт хичээлийн зардал, анги кабинет тохижуулах зардал, ангийн урсгал засвар, цэвэрлэгээний зардал, хичээлээс гадуур зохиогдох уралдаан тэмцээний гэх мэт зардлуудыг төсөвт тусгах тухайд:
“Нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын норматив”-т шаардлагад дурдагдсан тодорхой зардлууд багтаж санхүүждэг. Яам хувьсах зардлын нормативыг нэмэгдүүлэх асуудлыг тооцож тодорхойлон Сангийн яамтай тохиролцож, төсвийн тодотголд тусгаж батлуулахаар ажиллаж байгааг дээр дурдсан. Эл асуудлыг шийдвэрлүүлсээр сургууль, цэцэрлэгийн төсөвт дээрх шаардлагад дурдсан зардлууд нэмэгдэж хуваарилагдана.
Сургууль цэцэрлэгүүдийн цалин хөлс, төсвийн зарцуулалтын өнөөгийн байдал, гарч буй зөрчлийг үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй хамтран судалж гаргасан дүгнэлтэд  үндэслэн сургууль цэцэрлэгүүдэд төсвийг нэг зарчмаар бодитой хуваарилдаг, хуваарилагдсан төсвийг зориулалтаар нь бүрэн зарцуулдаг болгох, түүнд тавих хяналтын механизмыг оновчтой болгон, хяналтын цахим технологийг нэвтрүүлэх арга хэмжээ авахын зэрэгцээ сургууль, цэцэрлэгийн удирдлага, нягтлан бодогч нарын хууль эрх зүйн болон төсөв санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх сургалт семинар зохион байгуулах зэргээр тэдний хариуцлагыг өндөржүүлнэ. 
Мөн сургуулийн орлогын төлөвлөлт, бүрдүүлэлт, зарцуулалтын журамд өөрчлөлт оруулахаар Сангийн яамтай хамтран ажиллаж байгаа бөгөөд энэхүү өөрчлөлтийг оруулснаар сургууль өөрийн орлогоо сургууль, багш, хамт олныхоо хөгжилд зарцуулах боломжийг өргөжүүлэх болно.
5. Багш, сургалтын менежер, захирлуудад ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлтийг нэн даруй батлан гаргах тухайд:
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны хамтарсан ажлыг хэсгийг байгуулж, шалгуур үзүүлэлтийн төслийг 2010 оны 4 дүгээр сард багтаан боловсруулах, төслийг 2010 оны 5 дугаар сард багтаан Сангийн яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд танилцуулж, Боловсрол,соёл, шинжлэх ухаан, Сангийн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтарсан тушаалаар батлуулан мөрдүүлж эхлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нарт ур чадварын нэмэгдэл олгох асуудлыг сургуулийн хамт олны хурлын тэмдэглэлийг үндэслэж аймгийн Боловсрол, соёлын газар, дүүргийн Боловсролын хэлтэс дүгнэлт гаргадаг, сургууль, цэцэрлэгийн багш нарын хувьд тухайн мэргэжлийн заах аргын нэгдлийн дүгнэлтийг үндэслэн хамт олны хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэдэг, бусад багш бус ажиллагсдын хувьд сургуулийн хамт олны хурлаар шийдвэрлэдэг байх асуудлыг судлан журамлаж, орон нутаг, сургуулийн түвшинд ур чадварын нэмэгдэл олгох ажлыг хувь хүний нөлөөлөлгүйгээр тэгш, шударгаар зохион байгуулах боломжийг бүрдүүлнэ.
6.Багш, ажилчдын унааны мөнгийг нэмэгдүүлэх тухайд:
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1.3 болон Засгийн газрын 1995 оны 60-р тогтоолыг үндэслэн хот суурин газар ажилладаг улсын хэмжээний нийт төрийн албан хаагчдад өдрийн 200 төгрөгөөр бодож унааны мөнгө олгож байна.
Хот суурин газарт ажиллаж буй нийт 19.5 мянган багш ажиллагчдад унааны нөхөн олговрыг 300 төгрөгөөр тооцож олгоход шаардагдах 429.1 сая төгрөгийн нэмэлт эх үүсвэрийг шийдвэрлүүлэх яамны саналыг Засгийн газарт танилцууллаа. Засгийн газар унааны нөхөн олговрыг нийт төрийн албан хаагчдын хувьд шийдвэрлэх чиглэл өгч ажиллаж байна.
Түүнчлэн унааны нөхөн олговрыг нэгж байгууллагууд дээр тэгш, шударга зарчмаар олгох арга хэмжээ авч, хамт олны хяналтын механизмыг буй болгоно.
7.БСШУ-ны сайдын 2009 оны 561 дүгээр тушаалаар баталсан “Багшийн ажлыг төлөвлөх, үнэлэх, дүгнэхэд баримтлах    чиглэл”-ийг хүчингүй болгох тухайд:
Бага, дунд боловсролын сургалтын тогтолцоо, стандарт, сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн бодлогыг дэмжих, сургалтын чанарыг дээшлүүлэх, багш, ажиллагсад ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу ажлаа үр дүнтэй зохион байгуулдаг байх, хүүхдийн хүмүүжил, төлөвшилд багшийн гүйцэтгэх үүргийг өндөржүүлэх, багш нарын идэвх, санаачилгыг урамшуулан дэмжих, сургуулийн удирдлагын зүгээс багш нарыг ажлаас үндэслэлгүйгээр халахыг зогсоох, багш нарын ажлын байрны баталгааг хангах зорилгоор “Багшийн ажлыг төлөвлөх, үнэлэх, дүгнэхэд баримтлах чиглэл”-ийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд 2009 оны 561 дүгээр тушаалаар батлан гаргасан юм.
Уг чиглэлийг орон нутаг, сургуулийн түвшинд хэрэгжүүлэхэд ойлголтын болон хэрэгжүүлэх арга барилын зөрүүтэй байдал гарснаас багш нарт бичиг цаасны нэмэлт ажил, ачаалал үүсгэх, багшийн ажлыг үнэлэхэд хувь хүний үзэмжээр хандах, санхүүгийн баталгаат байдал хангалттай бус байх явдал гарч байгааг өргөн хүрээнд судалж, шалгах шаардлагатай гэж үзлээ.   
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны хамтарсан ажлыг хэсгийг байгуулж, БСШУ-ны сайдын 2009 оны 561 дүгээр тушаалаар баталсан “Багшийн ажлыг төлөвлөх, үнэлэх, дүгнэхэд баримтлах чиглэл”-тэй холбоотой тавьж буй асуудлуудыг бүхэлд нь шалган хянаж, дүгнэлтийг 2010 оны 4 дүгээр сард багтаан гаргах, түүнд үндэслэн шаардлагатай арга  хэмжээг 2010 оны 5 дугаар сард багтаан авах болно. 
8. Их, дээд сургууль, коллежийн багш нарын статусыг тодорхой болгож, цалин хөлсийг 2 дахин нэмэгдүүлж, тэднийг орон сууцны хөтөлбөрт хамруулах арга хэмжээ авах тухайд:
Дээд боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд “Боловсролын тухай” болон “Дээд  боловсролын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах, “Их сургуулийн эрх зүйн байдлын тухай хууль”, “Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай” хуулийн төслүүд шинээр боловсруулах ажлууд хийгдэж байна.
Эдгээр хуулийн төслүүдэд их, дээд сургууль, коллежийн багш нарын төрийн албан хаагчийн статус болон санхүүжилтийн асуудлыг нэг мөр шийдвэрлэх асуудлыг тусгаж байна. Санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж цалинг нэмэгдүүлэх боломж бүрдүүлнэ.
“Төрийн өмчийн их, дээд сургууль, коллежийн багш нарыг орон сууцны   хөтөлбөр”-т хамруулах журмын төсөл боловсруулан Засгийн газарт оруулахаар бэлтгэж байна.
9.Эрдэм шинжилгээний ажилтнуудад зэргийн нэмэгдэл олгох, судалгааны томилолтын зардлыг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэх тухайд:
Монгол Улсын шинжл‎эх ухаан, технологийн салбарын байгууллагуудад ажиллаж байгаа эрдэм шинжилгээний   ажилтан  нарт  зэрэг цолны нэмэгдлийг олгож байгаа болно.
Эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийн нэмэгдлийг “Шинжлэх ухаан, технологийн тухай” хуулийн 19-ийн 2-д заасны дагуу “Эрдэм шинжилгээний тэргүүлэх” ажилтанд 30, “Эрдэм шинжилгээний ахлах” ажилтанд 20, “Эрдэм шинжилгээний дэд”  ажилтанд 10, “Эрдэм шинжилгээний дадлагажигч” ажилтанд 5 хувь байхаар Засгийн газрын тогтоолын төсөл, танилцуулга  боловсруулсан. Уг асуудлыг бусад салбарын  ажилтны зэрэг дэвийн нэмэгдлийн хамт нэг мөр шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.
 Эрдэм шинжилгээний ажилтны албан томилолтын зардлын хэмжээ төсвийн байгууллагуудад мөрдөж буй шинэчлэн баталсан тогтоолын дагуу олгогдож байгаа юм.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, яамны зүгээс МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Ганбаатар, БШУҮЭХ-ны тэргүүн Д.Тунгалаг, бусад удирдлагуудтай ажил хэргийн байнгын холбоотой байж, жил бүр хамтын хэлэлцээр байгуулж, хэрэгжилтийг зохион байгуулан тайлагнаж, салбарын ажиллагсдын эрх ашиг, бодлогын зарим асуудлаар хороо, зөвлөл, ажлын хэсэгт ҮЭ-ийн төлөөлөл, оролцоог хангах зэргээр хамтран ажиллаж тодорхой үр дүнд хүрч байгааг тэмдэглэхийг хүсч байна.
Энэхүү уламжлалаа бэхжүүлж, хамтын хэлэлцээрээ үр өгөөжтэй хэрэгжүүлж, боловсрол, соёл, шинжлэх ухааны ажилтан, ажиллагсдын нийгмийн болон эрх ашгийн хүрээнд ҮЭ-ийн оролцоо, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, ажил хэргийн шугамаар асуудлаа шийдвэрлэдэг соёлыг төлөвшүүлж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.
Та бүхнийг хүндэтгэсэн,
ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БОЛОВСРОЛ,  СОЁЛ ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД  Ё.ОТГОНБАЯР

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.