Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

БАГАНУУРЫН УУРХАЙ “МООД”-НООС ГАРАХ УУ

ӨВӨЛ БАЯРТАЙ

Уул уурхайн салбар “моод” болж мөнгөтэй нэгний сонирхол энэ салбар луу зүглэж, бүр энэ талаар “мэддэггүй” хүн ховор болж. Нүүрсний шинэ ордуудын сургаар 32 жилийн түүхтэй Багануурын уурхай тэдний бараанд нь дарагдаж байна гэж үү. Монгол Улсын нүүрсний хэрэгцээний 40 хувь, төвийн бүсийн хэрэглэгчдийн 60 гаруй хувийг дангаараа хангаж ирсэн Багануурын уурхайн байр суурь ганхах учиргүй байлтай. Нэгэнт өөрийн орон зай, зангарагтай болчихсон, манай нүүрсний зах зээлийн том тоглогч Багануурын уурхайг өвөл болохоор санах биш, өвөл өнгөрч буй энэ үед “эргэх”-ээр шийдсэн юм.

Өнгөрсөн өвөл их хатуухан болж. өвөлжилтийн бэлтгэлд дүн тавьсан жил байлаа. Ойрын хэдэн жилд ийм хатуу өвөлтэй таарч байгаагүй гэж ярьж буй хүмүүс цөөнгүй. Биднийг гэрэл цахилгаантай, халуун дулаан амьдрах нөхцөлийг бүрдүүлж ирсэн Багануурын уурхай өвлийг хэрхэн давав гэсэн асуулттайгаар уурхайн босгыг алхлаа.

Өвөл дөхөх үед Багануурын уурхайн асуудал хурцдаж, дулааны станцуудаас авлагаа авч чадахгүйгээс гал алдаж магадгүй байна гэх хэл ам тасардаггүй. Үнэндээ энэ уурхай зогсвол үндэсний аюулгүй байдал хөндөгдөх нь тодорхой. Төвийн эрчим хүчний сүлжээнд хамаардаг II, III, IV дулааны станцууд, Дархан-Сэлэнгэ болоод Эрдэнэтийн станцыг эндээс “идэш”-ээр хангаж буй. “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дамбапэлжээд дээрх асуултыг тавихад урдаас “Та нар ямар давав.

Бид яг л адил” гэсэн товч хариултыг хэлэв. Манай уурхай ихээхэн ачаа үүрсэн гэдгийг түүний яриа нотолж буй юм. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-наас энэ оны дөрөвд үгээр сарын 10 хүртэлх хугацаанд цаг агаар -30 хэмээс буурааг үй. Зарим үед бүр -48, -50 хэм хүрсэн ч “хөлдөх аюул”-аас холуур байж чаджээ. Өмнө нь 25-40 хоногийн нүүрсээ нөөцөлж чаддаг байсан бол өнгөрсөн өвөл 3-7 хоногийн нөөцтэй үеүд ч таарсан гэнэ. Дээрх хугацаанд өдөр бүр 200 вагон нүүрс ачуулж байжээ.

Төмөр замынхан сайн ажиллаж, вагоноор хангаж өгсөнд баярласан гэдгээ захирал Д.Дамбапэлжээ хэлсэн юм. Улаанбаатар хот руу хатуу хучилттай зам болоод төмөр замын сүлжээгээр нүүрсээ тээвэрлэдэг дэд бүтэц сайтай нь уурхайн давуу тал юм. Урт өвөл, 200 гаруй вагон нь өмнөх жилээсээ илүү зардал шаардаж, 1.3 тэрбум төгрөгийн нэмэгдэл зардал гаргажээ.

 

БИД АРД ТҮМЭНТЭЙГЭЭ ХУВААЛЦСАН

Багануурын уурхайн тонн нүүрсний үнэ 18600 төгрөг. Нүүрсний үнийг төрөөс барьдаг учраас үүнээс дээгүүр үнэлэх боломжгүй. Харин ч 16200 төгрөг байсан үнийг нэлээд юм болж байж хоёр мянга гаруй төгрөгөөр нэмэгдүүлээд буй. Тэглээ ч өртгөө нөхөж чадахгүй байгаа юм. Тодруулбал, тус уурхай нэг тонн нүүрс тутмаас 2100 төгрөг алдаж байна.

Энэ нь 4.8 тэрбум төгрөгийн алдагдалд хүргэжээ. Өмнө нь үүнээс илүү алдагдал үүрдэг байсан гэнэ лээ. Төрийн мэдэлд ихэнх нь төвлөрдөг учраас нүүрсний үнэ нэмэх гэхээр “ард түмний нуруун дээр ачаа үүрүүлэх гэлээ” гээд ард түмэндээ “хайртай” хүмүүс олширчихно. Тэгээд л Дулааны станц, Төмөр зам нь үнээ нэмнэ гээд Засгийн газарт асуудал тавина. Өвлийн ид хүйтэнд нэг машин (5 тн) нүүрс 340-400 мянган төгрөгт хүрээд байхад Багануурын уурхайн үнэ дэндүү чамлалттай сонсогдоно.

Ченжүүд нэг тонн нүүрсийг 80 мянган төгрөгөөр зарж, халаасаа түнтийлгэнэ. Тэгэхээр ченжүүд баяжиж, уурхай алдагдал хүлээсээр байх уу. Нэг тонн нүүрсээр хэдэн кВт цахилгаан, дулаан үйлдвэрлэдэг юм бол. Энэ асуултад оновчтой хариулт олддоггүй. Бас л бодмоор. Нэгдүгээр сарын байдлаар уурхай есөн тэрбум төгрөгийн авлагатай байгаа гэнэ. Дулааны станцууд нүүрснийхээ үнийг сайн төлж байгаа гэсэн. Яагаад гэвэл цахилгааны үнэ нэмсэн, төрөөс татаас авсан нь тэдэнд эерэг нөлөөлж буй бололтой. Төр өөрийн мэдлийн дулааны станцуудаа харж үзэхээс аргагүй.

Харин одоо “Багануур” ХК-ийн 75 хувийг төр эзэмшиж буй. Одоо гэж хэлэхийн учир бол уг уурхайг хувьчлах тухай яригдаад эхэлсэн байгаа. Уурхайн нөөц 300 гаруй сая тонн гэдэг. Гэхдээ үүнийг балансын нөөц гэж тодотгоод байгаа. Балансын бусыг оруулан тооцвол, нийт нөөц 590 сая гэсэн том тоо гарна. Үүнээс 80 сая тонныг нь ашиглаад байгаа ажээ.

Жилийн хүчин чадал 4.0 сая тонн боловч дотоодын хэрэглэгчдийн нүүрсний хэрэгцээнээс хамааран 2.9-3.0 сая тонн нүүрс олборлож байна. “Байгалийн баялаг бол ард түмний өмч. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Багануурын уурхай ашгаа ард түмэнтэй хуваалцаж ирсэн өгөөмөр уурхай” гэж Д.Дамбапэлжээ захирал ярьсан. Түүний ярианаас Багануурын уурхайн нүүрс бидний амьдралын чанарт нөлөөлж ирсэн гэсэн санаа цухалзаж байна.


ДАХИАД Л ӨВӨЛ БОЛНО

Өвлийг баяртай гэж хэлэх цаг арай болоогүй ч юм шиг, гадаа зэврүүн байна. Гэхдээ айхтар хүйтэн үе холдож, өдөр бүр 200 вагоноор нь ачиж байсан нүүрсний хэмжээ өнөөдрийн байдлаар 108 хүрч доошилжээ. Өвөл дууслаа ч санаа амарч суухын учиргүй юм. Дахиад л өвөл болно. Цаг дулаарахаар тэсгим хүйтнийг мартан, зун, намрын найр наадам хэсэж явсаар гэнэт өвөлтэй тулдаг нь нууц биш. Бүх хүчээ шавхан байж өвлийг давсан Багануурын уурхай засварын ажилдаа анхаарлаа хандуулаад эхэлжээ.

Техникийн 90 гаруй хувь нь хугацаа нь дуусаж, хуучирч мууджээ. 7.5 жил ашиглах ёстой техникийг ес дэх жилдээ ашиглаад явж байна. Тэгэхээр бүтээмж, аюулгүй байдал хэрхэн алдагдахыг таашгүй. Тиймээс холбогдох газрууд нь өвлийг хэрхэн давав гэдэгт дүгнэлт хийн, ирэх өвлийн бэлтгэлд эртнээс анхаарах нь зүйтэй болов уу. 20 хоногийн нүүрсний нөөцтэй байх гэсэн хуулиа дагаж эртнээс өвлийн бэлтгэлээ базаахад анхаарах хэрэгтэйг өнгөрсөн өвөл сануулсан.

Манай улсад нүүрсний 40-өөд уурхай бий гэдэг. Багануурын уурхай бусадтайгаа өрсөлдөх чадвар байна уу. Багануурын нүүрс бол физик, химийн шинж чанараараа зөвхөн эрчим хүчний зориулалттай биш, дахин боловсруулж метан, шатдаг хий, түлш, шингэн ба шахмал түлш болон бусад хими технологийн түүхий эд болох бүрэн боломжтой нь судалгаагаар батлагдаад буй. Тус компанийн захирлын хэлснээр “Багануурын уурхайтай өрсөлдөх уурхайг бий болгоход таван жил хэрэгтэй” гэнэ.

Монгол Улсын нүүрсний салбарын чиг хандлагыг тодорхойлох, олон жилийн туршлага хуримтлуулсан, 1000 гаруй хүнийг ажлын байраар хангаад буй “Багануур”-ын уурхай “моод”-ноос мөд гарахгүй л болов уу.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.