Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

А.ЦЭЛМҮҮН: Го олонд түгээгүйн учир нь цэргийн нууцтай холбоотой байжээ

“Го кали” клубийн тоглогч А.Цэлмүүн энэ спортоор хичээллэж, богино хугацаанд амжилт гаргасан тоглогчдын нэг. Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сард болсон доод лигийн тэмцээнд өрсөлдөж, III байрт шалгарсан бол дунд лигт түрүүлсэн юм. Өнгөрсөн жилийн УАШТ-ий багийн төрөлд хүрэл медаль хүртсэн тэрбээр өдгөө дөрвөн кюү цолтой, 117 тамирчнаас чансаагаараа 13-т жагсаж буй. Түүнийг “Залуус” буландаа урилаа.

-Оюуны спортын олон төрөл бий. Өөрийн тань сонирхлыг го юугаараа тэгтэл их татав?
-Би гогоор сонирхож хичээллэхдээ хэн нэгнээр заалгаагүй, интернэтээс сурсан. Тэр үед ямар нэртэй болохыг нь ч мэдэхгүй тул монгол хэл рүү хөрвүүлж, эртнээс хөгжиж ирсэн го хэмээх хөлөгт тоглоом гэдгийг ойлгосон юм. Тоглох тусам сонирхлыг минь их татсан. Нэг өдөр Ш.Баяржаргал ахтай уулзаж, сайн сурах хүсэлтэй байгаагаа хэлэхэд “Чи манай клубт өдөр бүр ирж бай” гэснээр үргэлжлүүлэн хичээллэсэн. Сүүлийн үед цар тахал хаа сайгүй дэгдсэн болохоор гэртээ бэлтгэл хийж байна.

-Интернэтээс хараад сурах мэргэжлийн багшаар заалгахаас өөр. Хөлөг дээр анхны нүүдлээ хийхэд ямар мэдрэмж төрсөн бэ?
-Хөлөг дээр анх нүүхдээ “Би энэ тоглоомыг ямар зорилгоор сурч байгаа билээ, яавал хурдан сайжирч, хождог болох вэ” гэж өөрөөсөө асуусан. Хожигдох тусам хор шар хөдөлж “Ямар нүүдэл хийгээд ийм амархан ялагдчихав, тоглолтоо хэрхэн сайжруулах вэ” гэж боддог байв. Ур чадвараа ахиулахаар хичээллэж байгаад одоо л тэмцээнд оролцох боломжтой боллоо гэсэн үедээ өрсөлдсөн. Гэтэл дунд шатнаас анхлан суралцагчидтай тоглох үед санаснаар ахисангүй. Тэмцээнд өрсөлдсөн ч дээд түвшнийнхэнд хожигдож, дорвитой амжилт гаргахгүй, дундаж үзүүлэлттэй удсан.
-Тэгэхээр тоглолтынхоо түвшин, ур чадвараа ахиулахын тулд мэргэжлийн багш дасгалжуулагчаар заалгах шаардлагатай болсон байх нь.
-Тийм ээ, тоглолтынхоо түвшинг ахиулахаар Ц.Сансар ахын клубийг зорьсон. Тэрбээр Монгол дахь гогийн сонирхогчийн ангилалд хамгийн өндөр буюу таван дантай нь. Дунд шатны тоглогчдыг клубтээ хичээллүүж, тоглолтынхоо арга барил, тактикаас заадаг. Түүний удирдлагад хичээллэснээр тодорхой хэмжээгээр сайжирч, дунд лигийн тэмцээнд түрүүллээ.
-Гогийн тоглогчид хөлөг дээр өөрийн арга барил, тактикаар тоглодог. Тухайн хүний сэтгэл зүй ямар байгааг нүүдлээс нь мэдэж болдог уу?
-Солонгосчуудад го тоглох нь ухаан суусан хүний ажил, япончуудад тухайн хүнийг танихын тулд ганцхан өрөг го тоглоход хангалттай гэх үг бий. Мэргэжлийн нэг алдартай тоглогч гогийн талаар “Нүүж сурах амархан ч сайн тоглоход бүхий л амьдрал хангалтгүй” гэж хэлсэн байдаг. Өрсөлдөгчийнхөө нүүрний хувирал, сэтгэл зүй, сандарч түгшсэн, өөртөө итгэлгүй, бухимдаж байгааг нүүдлээс нь мэдэж болдог. Хэрвээ өрсөлдөгч тань ямар нэгэн зүйлд санаа зовнисон бол сул нүүдэл хийж, булангаа илүү хамгаалдаг. Бухимдалтай бол өрсөлдөгчийнхөө тоглолтын талбай руу хүчтэй довтолж нүүнэ. Иймэрхүү нүүдэл тоглолтынхоо тактикийг нураадаг талтай. Би сайн тоглодоггүй байсан нь хүчтэй өрсөлдөгчөө хараад “Хожих болов уу, өмнө нь тоглоод ялаагүй юм чинь одоо ч барахгүй биз дээ” гэж өөртөө илтгэлгүй ханддагт байсан. Ийм бодолд уягдаж, өөрийгөө хөгжүүлэхгүй хүлдэг байснаа ойлгосон юм. Үүнээс хойш өөртөө зорилго тавьж, аль болох тоглолтдоо төвлөрөхийг хичээсэн. Хожигдож сэтгэлээр унахаас илүү хурдан сэтгэж, хожлыг өөрийн талд хэрхэн эргүүлэх талаар бодож, тоглолт бүртээ дүгнэлт хийдэг.
-Гэрийнхэн тань хэр ойлгодог болсон бэ?
-Манайхан намайг анх юу сонирхож тоглоод байгааг нэг их анзаараагүй. Го гэж ямар тоглоом байдаг юм, яаж тоглодог вэ гэж хааяа нэг асуудаг байсан. Тэмцээнд байр эзэлж, медаль хүртcэн үеэс ойлгож эхэлсэн. Ойр дотнын хүмүүсээс эмээ минь сайн дэмждэг. Тэмцээнд амжилттай оролцвол баярлаж, урамшуулна. Гэрийнхэн минь тэмцээнтэй өдрүүдэд санаа тавьж, “За яав, яаж тоглов” гэж асуудаг болсон шүү.
-Шагналынхаа салхийг хүрэл медалиар хагалж байсан гэл үү?
-Тийм ээ, би хүрэл медальдаа дуртай. Амжилтад тэмүүлэх эрч хүч, урам зориг өгдөг. Хичээллээд удаагүй ч хичээснийхээ хүчинд нэлээд медаль хүртжээ. Доод лигээс дунд руу дэвшиж тоглохдоо боломж, нөөцөө гаргасан. Өөртэйгөө сайн ажилладаг болсноор алхам алхмаар урагшилж л байна.

ТУУШТАЙ, ТЭВЧЭЭРТЭЙ ГЭДЭГ ҮГ АМЖИЛТТАЙ ХАМТ ЯВДАГ

-Дунд лигийн тэмцээнд өрсөлдөгчөө хэрхэн ялсан талаар сонирхуулаач?
-Миний хамгийн хүчтэй өрсөлдөгч Г.Болд ах. Түүнтэй урьд нь тоглож байсан өргүүдээ тэмцээний өмнө үзэж, алдаагаа олсон. Тоглолтын үед “Дийлдэггүй өрсөлдөгчөө хожиж үзэх сэн. Хэрвээ ялагдвал тэр л биз” гэсэн бодол төрж, зоригтой давшсан. Тэрбээр намайг хождог байсан тул ялна гэсэн бардамнал нүүдлээс нь анзаарагдсан юм. Надтай тоглохдоо сууриа буруу тавьснаа анзаарч, түрүүлж довтлох байрлал сонгосон. Бид тоглолтын дунд үе хүртэл ана мана үзэлцэж, төгсөлд нь би хожсон. Түүний давшилтын нүүдлийг тасалснаар миний оноо илүү болж, ялалт ойрхон байгааг мэдэрсэн юм. Тэмцээнээ амжилттай өндөрлүүлснийхээ дараа өөртөө баярлаж билээ. Тэр үед зорилгодоо хүрэхэд хичээл зүтгэл хэрхэн нөлөөлдөг, тууштай, тэвчээртэй гэдэг үг амжилттай хамт явдгийг ойлгосон.
-Таны зан чанар, хүсэл мөрөөдөл, тэмүүллийг го хэрхэн өөрчилсөн бэ?
-Намайг олон талаар хөгжүүлж байгаа. Хэрвээ би тоглох бүртээ сууриа буруу тавибал ялагдсаар л байна. Тиймээс шинэ зүйл эхлүүлж, амьдралд хөл тавихдаа ч хазгай гишгэвэл бүдэрч, алхахад амаргүй болно шүү дээ. Тэгэхээр нүүдлээ зөв эхлүүлж байгаа шигээ амьдралдаа ч гэсэн зөв алхам хийх хэрэгтэй. Алдаа гаргахгүйн тулд буруугаа засаж, залруулахыг өөртөө үргэлж сануулдаг. Би өмнө нь дуртай киногоо үзэж, хөгжим сонсож, хөгжилдөж, цагийг үр дүн багатай өнгөрүүлдэг байж. Харин одоо үүнийг хийхгүй л бол хэзээ ч хөгжихгүй, хожихгүй гэж боддог болсон. Ялагдах тусам хожих нууцаас мэдэхийг хүсдэг. Хүчтэй өрсөлдөгчтэй тоглож, түүнээс их зүйл сурч, туршлага хуримтлуулахыг хичээдэг. Өөртөө үүрэг өгдөг болсноор аливаад хариуцлагатай ханддаг болж байна. Ухааны царааг тэлж, хөгжүүлдгээрээ го гайхамшигтай. Монголд одоогоор гогийн клубийн сургалт оюуны спортын бусад төрөл шиг хөгжөөгүй. Энэ нь тоглолтын талаар өгүүлсэн ном, сэтгүүл, гарын авлага түгээмэл байдаггүйтэй холбоотой.
-Амжилтаа ахиулж чадахгүй нь гэж бодохоор хааяа урамгүй санагддаг байв уу?
-Би жилийн өмнөөс тоглох сонирхол буурч, нэг хэсэг хөндийрсөн. Нэг өдөр Ц.Золжаргал ахаас амжилт гаргахгүй байгаа шалтгаанаа асуухад “Чи өөрийгөө ялагдана гэж тогловол хожигдсоор л байна. Ийм бодолтой тоглох тусам улам л дургүй болно шүү дээ” гэсэн. Тэр өдрөөс хойш “Гог яах гэж сурсан билээ, сайн тоглогч болохыг хүсэж тэмүүлсэн биз дээ” гэж өөртөө хэлсэн. Өөрийнхөө өргөөс шинэ зүйл олж харахгүй, өрсөлдөгчөө тооцоолоогүй нүүдэл хийхэд хожигдчихдог болохоор тоглолтоосоо урам авч чадахгүй байлаа. Тиймээс гогийн тухай өгүүлсэн ном уншиж, интернэтээс арга барил, тактикуудыг үзэж, өөрийн тоглолтод туршсанаар арай өөр өнцгөөс харж эхэлсэн.
-Спортоор хичээллэхэд хүрээлж буй хүмүүсийн сонирхол нөлөөлдөг гэдэг юм билээ . Найзууд тань өөрөөр тань го заалгаж тоглодог уу?
-Найзууд маань сонирхож, хааяа тоглодог. Гэхдээ тэднээс тууштай хичээллэх хандлага одоогоор харагдахгүй байгаа. Сонирхох төдийхнөөр сурвал амжилт хэзээ ч гаргахгүй. Спортод чин сэтгэлээсээ дурлах, сонирхож хичээллэх хоёрт ялгаа их бий. Ямар ч спортыг сэтгэлийн хөөрлөөр бус хүсэл, сонирхолдоо тулгуурлаж хичээллэх нь илүү үр дүнтэй. Ангийн нөхөд минь “Чи өмнө нь сахилгүйтэж, салбагнадаг байсан, одоо юм бодоод чимээгүй суудаг болжээ” гэдэг юм. Оюуны спортоор хичээллэгсэд анхаарлаа төвлөрүүлэн олон цаг сууж тоглодог болохоор сэтгэл зүйн хувьд тэвчээр, хатуужилтай байхыг шаарддаг. Готой нөхөрлөөд өөрийгөө өөрчлөгдөж байгааг олон зүйлээс анзаарсан.
-Мэргэжлийн тоглогч болохыг хүсдэг биз дээ?
-Гог амьдралынхаа зорилго болгохоос илүү өөрийгөө зөв хөгжүүлж, төлөвшүүлэхийг хүссэн. Сонирхогчийн ангилалд амжилт гаргаж, мэргэжлийн тоглогч болох зорилготой. Азийн орнуудад зохион байгуулдаг тэмцээний шагналын сан өндөр. Тиймээс амьдралынхаа баталгаа болгосон мэргэжлийн тоглогч олон. Мэргэжлийн тоглогч болтол амаргүй. Олон зүйлийг орхиж, зөвхөн зорилгынхоо төлөө амьдарна гэсэн үг. Амжилтад хүрэхийн тулд саад бэрхшээлтэй тулгарна, туулна. Азийн орнууд хүүхдүүдийг багаас нь гогоор хичээллүүлж, мэргэжлийн тоглогч болох гарааг нь эхлүүлдэг. Тиймээс тэд амжилтын төлөө өрсөлддөг. Миний хувьд хожуу хичээллэсэн тул энэ тухай ярихад арай эртдэнэ. Монголд одоогоор гогийн анхлан суралцагчид Р.Тунгалаг эгч, Ш.Баяржаргал ах нарын удирдлагад бэлтгэл хийдэг. Манайд го спортын бусад төрөл шиг хөгжихөд мэргэжлийн дасгалжуулагч нар хэрэгтэй. Би оюутан, цар тахал хумигдаж, олон улс хилээ нээхээр АНУ-ыг зорино. Тэнд сурч, ажиллахын хажуугаар гогийн мэргэжлийн клубт бэлтгэл хийх бодолтой байгаа. Тууштай хичээллэж, ДАШТ-ээс медаль хүртэх миний гол зорилго. Хичээвэл хүсэл мөрөөдөлдөө хэзээ нэгэн цагт хүрэх байх.

ЕВРОПЫН ШИЛДГҮҮДИЙГ БУУЛГАЖ АВДАГ ХҮЧТЭЙ ӨРСӨЛДӨГЧИД АЗИД Л БАЙДАГ

-Тамирчид хүчтэй өрсөлдөгчөөсөө суралцаж, өөрийгөө хөгжүүлдэг шүү дээ.
-Миний хүчтэй өрсөлдөгчдийн нэг бол Г.Номин-Эрдэнэ. Гогоор хичээллэсэн цаг хугацаа ч ойролцоо. Түүнийг эхэндээ хождог байсан ч сүүлдээ ялагддаг болсон. Тэрбээр богино хугацаанд ур чадвараа ахиулсан нь нүүдлээс нь анзаарагддаг. Миний талбай руу зоримог довтлоход нь сайн хамгаалахгүй, зугтаах маягтай нүүж ялагддаг байв.Тоглолтоосоо алдаагаа олж харсан тул сүүлийн тэмцээнд өөрийгөө дайчилж, түүнийг хожсон. Гогийн тоглогч Б.Билгүүн бид хоёр үеэл. Тэрбээр доод лигт түрүүлсэн. Бид бэлтгэл хийхдээ нэгнийхээ сул талыг олж хардаг. Тэрбээр миний нүүдлийг хараад “Чи өрсөлдөгчтэйгөө эхний үед эн тэнцүү үзэлцэж, явц дунд алдаа гаргаад ялагдчих юм. Хожихгүй гэсэн итгэлгүй байдал нүүдлээс чинь харагддаг” гэдэг бол би түүнд “Чи олон нүүдлийн цаадахыг хар. Ойрын зүйл бодож нүүхээр амархан хожигдоно. Тиймээс анхаарлаа төвлөрүүлээд, тогтвортой сууж тогло. Хөлгөө сайн хар. Тэвчээргүй, хурдан нүүгээд хожигдох гээд байна” гэдэг юм.
-Тэмцээнд хамгийн уран нүүдэл, сонирхолтой тоглолтыг хэн гаргадаг вэ?
-УАШТ-д туршлагатай эмэгтэй тоглогчдоос Р.Тунгалаг, эрэгтэйчүүдээс Ц.Оюутбилэг, Э.Оюунболд, Г.Болд нар тун сонирхолтой тоглодог. Миний төсөөлөөгүй, өмнө харж байгаагүй уран гоё нүүдэг юм.
-Судлаачид гог өнөөг хүртэл олны дунд түгээгүй шалтгааныг олон янзаар тайлбарладаг юм билээ.
-Азийн орнуудаас Япон, БНСУ, БНХАУ-д го өндөр хөгжсөн. Эдгээр улсад өнөөг хүртэл хөгжиж байгаа нь олон зууны түүхээс улбаатай. Го анх хаана, хэрхэн үүссэн түүхийг судалсан юм. 4000 жилийн өмнө Хятадын нэг мэргэн хаан хал үзээгүй эрх хүүгээ хатуужил тэвчээртэй болгохын тулд го хэмээх хөлөгт тоглоом зохиож тоглуулсан гэдэг. Хүү нь өдөр бүр уйгаггүй хичээллэсээр ухаан сууж, улс орноо удирдах хэмжээнд хүрчээ. Эртний хаад, ноёд хүүхдүүдээ го тоглуулж, байлдааны тактик боловсруулах аргад сургадаг байсныг гэрчлэх түүх бий. Хаан, түшмэл, цэргийн жанжид зөвхөн ордонд тоглож, дайснаа хэрхэн ялах тухайгаа төлөвлөн ярилцдаг байж.
-Энэ тоглоом олон зууныг туулж, өнөөг хүргэсэн ч шатар, даамын хэмжээнд хүртэл хөгжөөгүй шалтгаан нь юу байсан юм бол?
-Хаан, түшмэл, цэргийн жанжид дайлаар мордохын өмнө го тоглож, байлдааны тактик боловсруулдаг байсан тул эгэл олны дунд дэлгэрүүлэхийг хоригложээ. Хэрвээ тэд сурвал ноёдоос илүү ухаантай болох тул ордонд зөвхөн ихэс дээдэст тоглохыг зөвшөөрдөг байсан гэдэг. Гог олны тоглодог хөлөгт тоглоом болгоогүйн учир нь төрийн бодлого, цэргийн стратеги, төлөвлөгөө, тактикийг гадагш задлахгүй тулд ихэд нууцалдаг байсантай холбоотой. Хятадын эртний хаадын тухай өгүүлсэн кинонд цэргийн жанжид го тоглож гардаг нь ийм учиртай. Япон, Хятад, Солонгос улс дайчдаа хүчирхэг байлгаж, дайсныхаа эсрэг байлдааны уран арга хэрэглэн буулгаж авахыг эртнээс зорьж ирснийг энэ тоглоом илэрхийлдэг. Тиймээс одоо ч гэсэн иргэдийнхээ оюун санааг хүчирхэг байлгахын тулд хүүхдүүдийг багаас нь хичээллүүлж, мэргэжлийн тамирчин болгодог. Орчин үед го оюуны спортын нэгэн төрөл болон хөгжиж байна. Европын шилдгүүдийг хөлөг дээр буулгаж авдаг хамгийн хүчтэй өрсөлдөгчид эдгээр улсад байдаг. Ази хүмүүс аливаа зүйлд хүлээцтэй, ул суурьтай, алсын бодлоор хандаж, олон талаас нь эргэцүүлж дүгнэж шийдвэр гаргадаг нь хөлөгт тоглоомтой холбоотой байж болох юм.
-Шатар, даамын нүүдлээс гогийнх өөр. Хэрхэн тоглож, өрсөлдөгчөө хождог юм бэ?
-Го хар, цагаан чулуутай. Цагаан нь 180, хар нь 181 ширхэг. Хар чулуу авсан тоглогч эхэлж нүүснээр хөлөг дээрх тулаан өрнөнө. Өрсөлдөгчийнхөө талбайг хамгийн их эзэлсэн тоглогч ялагчаар шалгардаг. Үүгээрээ оюуны спортын бусад төрлөөс хамгийн олон нүүдэлтэй гэгддэг. Япон, Солонгос, Хятад улс мэргэжлийн тоглогчдоор тэргүүлдэг бол сүүлийн жилүүдэд Европын орнуудад хөгжиж байгаа. Олон улсад хийсэн судалгаанаас харахад го тоглох нь хүүхдийн тархины хөгжилд онцгой нөлөө үзүүлэхийн зэрэгцээ зан төлөвт нь эерэг хандлага гарсныг тогтоосон. Го тоглоход өрсөлдөгчөө хүндлэх, алдаагаа олох, хөлөг дээр тоглолтын шинэ хувилбарууд харуулах, сэтгэл зүйн хувьд тогтвортой байх, зөв шийдвэр гаргах, ёс зүйтэй байх гээд олон чадварыг төлөвшүүлдэг. Энэ ташрамд, гогоор сонирхон хичээллэж байгаа залууст хэлэхэд аливаа зүйлийг сэтгэн бодож, бодитоор харж сурахад энэ спорт их нөлөөлдөг. Тэр дундаа баруун, зүүн тархийг зэрэг ажиллуулдаг болохоор оюун ухааныг хөгжүүлж, ямарваа зүйлд сатаарахгүйгээр хүлээж авах чадвартай болгодог. Хэрвээ сурахыг хүсвэл өөрийн сонирхолд тулгуурлаж хичээллээрэй. Цаашид амжилтаа ахиулсаар сонирхогч, мэргэжлийн тоглогч болохыг зоривол сэтгэлээ сайтар чагнаж, сонголт хийх хэрэгтэй. Тууштай байдал, тэвчээр хатуужил, хичээл зүтгэлээс амжилт ихээхэн шалтгаалдаг. Өөрийг тань сорих олон саадыг туулах сэтгэлийн хаттай байгаарай.

8
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “А.ЦЭЛМҮҮН: Го олонд түгээгүйн учир нь цэргийн нууцтай холбоотой байжээ

  • Avatar Uchralbayar says:

    Za amjilt2 Vneheer mundag bnshvv !!! tsaashdaa 3P pro ranktai bolohiin toloo, mongoliin anxnii P tsoltoi go toglogch bolohiin toloo hicheegeerei !!!