Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

А.МӨНХБАЯР: Эмч болохоор бэлтгэж байсан ч волейболд дурласан

“Алтайн барс” багийн ахлагч, ОУХМ А.Мөнхбаярыг спорт сонирхогчид андахгүй. Түүнийг лигийн тэмцээнүүдэд тоглохыг харах гэж фэнүүд нь зорьж ирдэг. Тэрбээр волейболын спорттой нөхөрлөсөн цагаасаа багийнхаа тамирчдын түшиг тулгуур болж яваа. Тус баг, клубийнх нь амжилт түүний хичээл зүтгэлтэй холбоотой. Залуучуудын УАШТ-д багийнхан нь дөрвөн удаа түрүүлж, аваргаар шалгарсны гуравт нь тамирчдаа өөрөө дасгалжуулан, ахалж оролцжээ.

-Волейболын лигийн тэмцээнийг “Алтайн барс” багийнхны
гал гарсан тоглолтгүйгээр төсөөлшгүй. Хөгжөөн дэмжигчдээ огшоож, хөглөж ирсэн дурсамжаар тань ярилцлагаа эхэлье.

-Би волейболын “Үндэсний дээд лиг”-т 2006 оноос тоглож эхэлсэн. “Тэнүүн-Огоо” компанийн дэргэдэх “Тэнүүн-Огоо” клубийг 2011 онд дасгалжуулагч Б.Мөнхнарангийн хамт байгуулсан. Түүнээс хоёр жилийн дараа “Алтайн барс” клубийг байгуулж, өнөөг хүртэл багаа ахлан тоглож байна. Клубээ анх байгуулахдаа нуруулаг, нэгнээ гэсэн сэтгэл, зүтгэлтэй тамирчдаар бүрдүүлнэ гэж бодсоноо биелүүлсэн.

-“Хасу мега старс” багийн гол өрсөлдөгч нь танайхан. Тэдэнтэй “Үндэсний дээд лиг 2019” тэмцээнд аваргын төлөө ана мана тоглож, аман хүзүүдсэн. Өрсөлдөгчөө багагүй сандрааж тоглосныг бодоход нэлээд судалж, тактик боловсруулсан байх.

-Бид аваргын төлөөх тоглолтын өмнө өрсөлдөгч багтайгаа хэрхэн тоглохоо төлөвлөж, тактик боловсруулсан юм. Өмнөх лигийн тэмцээнүүдийн бичлэгийг нэгбүрчлэн үзэж, тоглолтынх нь арга барилыг багагүй судалсан. Туршлагатай тамирчдаас холбон тоглогч Ч.Отгонбаяр манай бүрэлдэхүүнд тоглосон. Багийн холбон тоглогчоос амжилт ихээхэн шалтгаалдаг. Тиймээс голлох үүргийг тэр гүйцэтгэсэн. Бид тамирчин байхаасаа нэгнээ мэднэ.

-Дэмждэг багийнхаа тоглолтыг үзэхээр ирсэн хүмүүс Спортын төв ордныг нураах нь холгүй хашхирч байсныг санаж байна. Хамгийн сэтгэл догдлуулам агшныг багт тань тоглосон Японы легионер тамирчид харуулсан шүү дээ.

-Тийм ээ. “Үндэсний дээд лиг”-ийн тэмцээнд өмнө нь “Эрчим”-ийнхэн багтаа анх Японоос нэг эрэгтэй, хоёр эмэгтэй легионер тоглуулж байв. Манайхан 2019 онд тус улсаас хоёр эрэгтэй легионер, тэр дундаа чөлөөт хамгаалагч урин тоглуулсан нь Монголын волейболын спортын түүхэнд өмнө байгаагүй онцлох зүйл болсон. Тэр хэрээр тэмцээн өрсөлдөөнтэй, сонирхолтой болж, хөгжөөн дэмжигчдийг гайхашруулж чадсан. Миний хувьд клубээ анх байгуулахдаа Монголын волейболын спортыг шинэчилж, Азийн түвшинд гарахад нэг шат ахиулъя гэсэн бодолтой байлаа. Энэ спортод дуртай, нуруу өндөр, тоглолт сайтай тамирчдыг багтаа авч сургаад, бодсоноо хэрэгжүүлэхээр зорьсон. Цаашдаа өөр орны тоглогчдыг урьж тоглуулбал волейболын хөгжилд ахиц гарна гэж боддог. Клубүүд ч гэсэн тоглолтоо сонирхолтой байлгахын тулд энэ спортод салхи оруулж, шинэчлэх зорилготой байгаа. Тиймээс холбоо маань хойшдоо сонирхолтой тэмцээнүүд зохион байгуулж, дэмжих тал дээр тодорхой ажил хийх байх.

-Математик, химийн хичээлд тэргүүлж, олимпиадад байнга оролцдог, сурлага сайтай хүүгийн сэтгэлийг волейбол татсан нь тун сонирхолтой байна л даа.

-Би Дархан-Уул аймгийнх. Аав, ээж минь тус аймагт илгээлтээр ирж, суурьшсан цагаасаа “Дархан нэхий” компанид өнөөг хүртэл ажиллаж байна. Бага байхад аав хичээл номд минь анхаарч, математик, химийн олимпиадад байнга оролцуулдаг байлаа. Тухайн үед ангийн маань гурван найз аймгийн шигшээ багт тоглодог байсан юм. Есдүгээр ангид ордог жилээ волейболын секцэнд явдаг нөхдөө дагаж энэ спортод сонирхолтой болсон. Тэр өдрөөс хойш гэрээс гарахгүй, хичээл хийж суувал биеийн хөгжлөөр үеийнхнээсээ хоцрох гээд байгаа мэт санагддаг болсон. Волейболд сэтгэл улам татагдаж, дасгалжуулагч Б.Уранчимэг багшийн удирдлагад найзуудтайгаа хичээллэж эхэллээ. Намайг секцэнд орсон жил ЖАЙКА-гийн мэргэжилтэн И.Сатоши Дарханы шигшээ багт дасгалжуулагчаар ирсэн. Дугуйлангийн сурагчид зуны амралтаараа хөдөө явахад би үлдэж, япон багштайгаа гурван сар бэлтгэл хийсэн. Энэ спортоор хичээллэж эхэлснээс дөрвөн сарын дараа өсвөрийн УАШТ-д оролцох болсноор волейбол сонирхол төдий бус, амьдралын минь салшгүй хэсэг болсныг ойлгосон юм. Тэр тэмцээнээс багаараа хүрэл медаль хүртсэн нь хойшдоо волейбол тоглох эрч хүч өгсөн гэж боддог.

-Сурлага сайтай, ангийнхаа шилдгээр шалгардаг хүүгээ спорт руу урвахад танайхан хэрхэн хүлээж авав?

-Аравдугаар ангиа төгсөх жилдээ өдрийн талыг Спортын ордонд өнгөрөөдөг болоход багш нар маань дуртай байгаагүй. Аав, ээжид энэ тухай байсхийгээд л хэлнэ. Миний сурлага өмнөхөөсөө жаахан муудаж, химийн хичээлээр улсын олимпиадаас хүрэл медаль хүртлээ. Эмч болохоор бэлтгэж байсан ч хичээлээ хойш тавьж, волейболд дурласан. Хавар сургуулиа төгсөж, намар нь МУИС-ийн Эдийн засгийн сургуульд элсэн суралцсан. Оюутан болоод удаагүй байхдаа их сургуулийнхаа багт тоглож, хичээлийнхээ хажуугаар бэлтгэл хийдэг боллоо. Намайг амьдралд сургасан дараагийн багш бол волейбол гэж би хэлэх дуртай.

-Та багийнхаа тамирчдаас ахмад нь байх аа?

-Одоо ид тоглож байгаа тамирчидтай харьцуулахад бидний үеийнхэн ахмад нь болжээ. Волейболын спорт хурд, тэсрэлт шаарддаг. Энэ спортоор хичээллэдэг тамирчид залуу насандаа амжилт гаргадаг болохоор бид залгамж халаагаа бэлдэж байгаа. Миний хувьд 2013 оноос клубийнхээ залуучуудын багийг дасгалжуулж байна. Манай залуучуудын багт 21 хүртэлх насныхан байдаг. “Алтайн барс” багийнхан залуучуудын УАШТ-д найман удаа оролцохдоо дөрөвт нь аваргаар шалгарч, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ.

-Шигшээ багт ирж байгаа тамирчдад суралцах зүйл их. Тэднийг багтаа ямар шалгуураар авав?

-Надад нэг зарчим байдаг. Залуучуудыг багтаа авахдаа эхлээд хүмүүжил, зан чанар, хандлага, дараа нь волейболд дуртай, эсэхийг нь хардаг. Хүн дуртай зүйлдээ тэмүүлж байж амжилт гаргадаг. Спортод сонирхол төдийхнөөр хөл тавивал багахан саад бэрхшээлтэй нүүр тулгарахад шантарч холддог. Гэхдээ өндөр хүн болгон волейбол тоглодог гэвэл өрөөсгөл. Тамирчин хүн бие бялдраас гадна ухаалаг, мэдрэмжтэй, сахилга баттай байх ёстой. Ганцаараа биш багаараа тоглодог тул хариуцлага хүлээх, нөхөдтэйгөө хамтарч ажиллах чадвараас суралцах нь зүйтэй. Хөдөлмөрлөснийхөө хэрээр ур чадвараа ахиулан, тэмцээнд оролцох тусам туршлага хуримтлуулж өөрийгөө хөгжүүлдэг. Багийн спортын тамирчид зорилгынхоо төлөө нэг хүн шиг зүтгэж байж амжилт гаргадаг онцлогтой. Тоглогчид нь авьяас, чадвартай ч багийн уур амьсгал нэгдмэл бус байвал амжилтаас атгахгүй. Тэгэхээр баг нь тухайн тамирчинд хоёр дахь гэр нь байх ёстой. Бэлтгэл хийхдээ цуглаж, тоглочихоод бусад үед тус тусын зам мөрөө хөөдөг бол баг болж бүрдэхгүй. Ийм тохиолдолд амжилтын тухай яриад ч хэрэггүй. Тамирчин хүн хийж буй зүйлдээ дурлахгүйгээр амжилт гаргахгүй.

-Та шигшээ багт хөл тавьсныхаа дараахан элсний волейболын тэмцээнд өрсөлдсөн санагдана.

-Шигшээ багт 2013 онд хөл тавьсан. Түүнээс хойш элсний волейболын шигшээ багт тоглож, гадаад, дотоодын тэмцээнүүдэд оролцсон. Миний оролцсон анхны тэмцээн бол Тайваньд 2013 онд зохион байгуулсан Зүүн Азийн АШТ байлаа. Гадаадын томоохон тэмцээнд анх удаа оролцсон болохоор тоглохоор гарахдаа сандарч байснаа мартдаггүй.Дараа жил нь Филиппинд зохион байгуулсан Азийн клубүүдийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай өрсөлдсөн. Манайхан Тайванийн Каошунь хотод 2014 онд болсон Зүүн Азийн элсний волейболын бүсийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж, III байрт шалгаран Монголын волейболын спортод түүхэн амжилтыг эхлүүлсэн юм.

-Эхнэр тань “Энагура” багт тоглодог байсан гэл үү?

-Тийм ээ. Миний эхнэрийг Э.Мөнхшүр гэдэг. Волейболын тамирчин байсан болохоор намайг маш сайн дэмждэг юм. Бидний мэргэжил нэг, сонирхол ч ижил. МУИС-ийн волейболын багт оюутан байхдаа хамт тоглож танилцсан. Нэг багт тоглодог байсан болохоор дотносож, гэр бүл болсон. Надад бэлтгэл хийх, тэмцээнд оролцох, залуучуудын багаа дасгалжуулах гээд зав бага гардаг. Өглөө бэлтгэл хийж, эсвэл тэмцээнд оролцчихоод ядарсан амьтан ирэхэд эхнэр гэрийнхээ бүх ажлыг амжуулсан байдаг. Хань минь тэмцээнтэй өдрүүдэд хоол унд, өмсөх хувцсыг маань бэлдэхээс гадна хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэн өгч, авахаас өгсүүлээд миний оролцоогүйгээр олон ажлыг зохицуулж ирлээ.

-Тамирчид аав, ээжийнхээ хичээллэдэг спортыг өвлөсөн байдаг юм билээ. Хүү тань волейбол сонирхдог уу?

-Манай хүү волейболд дуртай. Өнгөрсөн намар хичээл дээрээ бичсэн бахархлын захидалд “Би ааваараа маш их бахархдаг. Миний аав волейболоор олон жил хичээллэж амжилт гаргасан. Тиймээс оролцсон тэмцээн болгоныг нь үзэх дуртай. Ирээдүйд би аав шигээ волейболчин болно” гэсэн байна лээ. Бид хүүгээ бага байхад нь бэлтгэлдээ дагуулаад явдаг байлаа. Хөлд орохгүй удсан юм. Тэгсэн нэг өдөр “Эрчим” багийн Б.Давааням ах хүүг минь босгож байгаад волейболын бөмбөг өнхрүүлтэл хэд алхаад л хөлд орчихсон. Хүү минь одоо 10 настай. Намайг багийнхантайгаа бэлтгэл хийх үед хааяа дагаж ирээд бөмбөг зөөгөөд л гүйдэг юм.

9
Зөв, гоёЗөв, гоё
2
Хөөрхөн юмХөөрхөн юм
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
Савж уналааСавж уналаа
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

Leave a Reply to Anonymous Cancel reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 thoughts on “А.МӨНХБАЯР: Эмч болохоор бэлтгэж байсан ч волейболд дурласан