Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

А.АЛТАНТУЯА: Дээлийн заханд хүний хийморь явдаг гэдэг

Монголчууд үндэснийхээ дээл хувцсаар гоёх нь элбэг болсон. Монгол үндэсний хувцасны өнөөгийн оёдол, урлалын чиг хандлагыг тодорхойлж, уламжлан түүчээлж яваа нэгэн бол “Ур ундрах”компанийн захирал А.Алтантуяа. “Болор цом” яруу найргийн наадмын тэргүүн байрын шагналтанд өөрийн гараар дээл урлаж, бэлэглэдэг түүнийг уншигчид мэдэх биз ээ. Эгэл олон, олны танил эрхэм, төрийн түшээдийн гоёлыг ч энэ бүсгүй урладаг. Хүүхэд байхаасаа хөдөлмөрлөж, хүсэл тэмүүллийнхээ төлөө зүтгэсэн түүний хувь нэмэр оёдлын салбарт багагүй. Тэрбээр “Хэрэглэгчдэд чанараараа танигдахыг би хүсдэг. Хүмүүст чанар хэмээх ойлголт хамгийн түрүүнд бууж байвал тэр л амжилт. Ямар ч зүйлд тооноос илүү чанар л амжилтын үндэс байдаг” хэмээн өгүүлсэн түүнтэй сар шинийн баярын өмнө ярилцлаа.

-Та хол, ойрын зочдын гоёлын захиалгад дарагдаад завгүй ажилладаг байх?
-Тийм ээ, жилийн дөрвөн улиралд захиалга ихтэй байдаг. Тэр тусмаа Цагаан сар, улсын наадам ойртох тусам ажил жирийн өдрүүдийнхээс илүү ундардаг юм. Би 40 гаруй жил наадам, Цагаан сар гээд үндэсний томоохон баяр ёслолоор үйлчлүүлэгчдээ хувцаслаж ирлээ. Хүмүүс үндэснийхээ хувцсаар гоёж, ёс заншлаараа бахархах болсонд баярладаг. Энэ бүхэнд түүхч, эрдэмтэн судлаач, соён гэгээрүүлэгчид их хувь нэмэр оруулж байгаа. Гадаадад амьдардаг элэг нэгтнүүд минь үндэснийхээ хувцсаар гоёдог болжээ. Үүнээс улбаалаад монгол үндэсний хувцас өмсөх сонирхолтой гадаадынхнаас захиалга их ирдэг.
-Чингис хааны зарлигийг хатгасан хувцас тань олны сонирхлыг одоо ч татдаг юм билээ.
-Би олон зохиолч, яруу найрагчтай ойр нөхөрлөдөг. Тиймээс жил бүр “Болор цом” наадамд шалгарсан яруу найрагчийг өөрийн гараар урласан шинэ дээлээр мялаадаг юм. Т.Галсан, П.Бадарч гуай нараас “Хааны зарлиг, сургаалыг монгол цамц дээр монгол бичгээр буулгавал ямар вэ. Ингэвэл зохих уу” гэж асуусан. Тэр сургаалд “Олон аймгийн хүмүүс юу бодож байгааг мэдэхгүйгээр тэднийг дагуулан тэргүүлнэ гэж үгүй. Өчигдөр их суудалд суумагц өнөөдөр улсын хэргийг орхиж, биеийн жаргалыг эрвээс алсдаа төрийн ёсонд харш. Эцэс хойчдоо бол үр ач, залгамжлагч нарт муу суртал үлдэх халтай” гэсэн үг бий. Монгол хүн хүлэг морио их дээдэлдэг. Тиймээс үндэсний хувцас, ахуй соёлоосоо хол байдаггүй. Ёс заншилтайгаа уялдаа холбоотой байдаг тул хүлэг морийг цамцны баруун талд дээдлэн байршуулсан юм. Ийн урласан хувцас маань олон хүнд таалагдсан. Сүхбаатар аймгийн яруу найрагч Ай. Төмөр-Очир зорин ирж, дээл оёулахдаа “Морь гайхамшигтай амьтан. Монгол түмний дээдэлж ирсэн молор эрдэнэ” хэмээн хэлж байлаа.

-Эх орноо уламжлалт соёл, ахуйдаа тулгуурлаж хөгжөөсэй гэж хүсдэг хүн олон. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, өөрсдийнхөө хийж бүтээснээр бахархах цаг ойрхон байна уу?
-Монголчууд дэлхийд гайхуулж бахархах олон зүйлтэй. Чингис хаан сургаалдаа “Өөрсдийн хийснийг хүртэж, өөрсдийн урласныг өмсөж байгаарай” гэж захисан байдаг. Бид хэн үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй зүйлийг брэнд гэж бодож өмсдөг. Брэнд гэх харийн сэтгэлгээнд хүлэгдэж, хүний хийснийг сайханд үнэлэн, өөрийн үндэсний бүтээгдэхүүнийг голсон, цамаан сэтгэлгээ газар авч байгаад харамсдаг. Олны дунд “Ядуу хүн мал саадаг, ядмаг хүн дээл өмсдөг” гэх үг гарсан байх юм. Өвлийн хахир хүйтэн, хаврын хавсарга шуурганд дээл өмссөн хүн осгосон тухай лав мэдэхгүй. Миний аав, ээж малчин. Ахад минь үстэй дээл, эсгий гутал, өмсүүлээд, хониныхоо бэлчээрт идээрэй гээд шар тос, ааруул хурууд өгөөд явуулдаг байсан. Орой мал хотлуулахаар ирэхдээ ах улаа бутарсан хацартай ирдэг байсныг санадаг юм. Энэ мэтчилэн үндэсний хувцасны гайхамшгийн талаар ярьж баршгүй. Монголчуудыг уламжлал, ёс заншил нь олон таагүй зүйлээс аварсаар ирсэн, аварч ч байгаа гэж боддог.
-Монголд үндэсний үйлдвэрлэл төдийлөн хөгжихгүй байна. Залуус эх орондоо ид ажиллах насандаа хилийн дээс алхаж байгаа нь үүнтэй холбоотой юу?
-Монголд тулгамдаж буй асуудал олон. Гэхдээ аль болох давах гарцыг үндэсний үйлдвэрлэгчид эрж хайж байна. Бид хүний гарыг харах ёсгүй, өөрсдөө хөдөлмөрлөж хөгжих нь чухал юм. Миний ажилласан жил бага биш. Монголд өнөө үед оёдолчин олдохгүй байна гэвэл бүү гайхаарай. Энэ үнэн шүү. Ихэнх оёдолчин амьдралаа залгуулахаар өмнөд хөршийг зорьсон. Би хоёр жилийн өмнө ӨМӨЗО-ы олон аймаг хошуугаар явлаа. Хошуу, аймаг болгонд монгол оёдолчид байна. Тэнд эмэгтэйчүүд харийн эрчүүдтэй гэрлэж, үр хүүхэдтэй болжээ. Надад тэр үед “Монголын хүн ам, үндэсний аюулгүй байдал алдагдахад ойрхон болжээ. Эх орноо эрчүүд нь хамгаалдаг байтал Монголд хөгшид, хүүхдүүд нь галаа манаж хоцрох нь. Эрчүүдгүй эх орон эзэнгүй айлаас ялгаагүй. Эх оронтой хүн сэтгэл тэнэгэр, тэргүүн дээгүүр, минийх гэж хэлэх зүйлтэй бардам амьдардаг юм шүү дээ” гэсэн бодол төрж байлаа. Нэг инээдтэй ч гэмээр зүйл сонирхуулж ярья. Одоогоос 10 гаруй жилийн өмнө нэг сайдын хүүхэд хувцас захиалах боллоо. Хувцасны хэмжээ авахаар дөхтөл дөлж зугтаад болдоггүй. Гайхаад асуутал аав нь “Манай хүүхэд монгол хүн харахаар айгаад байдаг юм” гэж хэлээд намайг ухаан алдуулах дөхөж билээ. Монгол хүнийг монгол хүнээ хараад айдаг хүн болгож өсгөнө гэдэг чинь юу гэсэн үг вэ. Энэ бол монгол хүний сэтгэлгээнд нүүрлэсэн хамгийн том эмгэнэл. Хүүхдээ харийн иргэн болгож, хүний нутагт амьдруулахаар яаж Монгол Улсын тухай мэдэх юм бэ. Хатуухан хэлэхэд, монгол эцэг, эхтэй, хүний нутагт өссөн харийн хүн болж байна. Монголд өсөөгүй хүнийг монгол хүн гэж хэлэх хэцүү.

-Та аав, ээжийнхээ аль аль талаас уран удамтай гэв үү. Авьяас урлан бүтээх төдийхнөөр бус, үеийн үед өвлөгдөн үлддэгээрээ гайхамшигтай юм даа.
-Хөдөлмөр хүнийг хүчтэй, хүнлэг болгодог. Намайг олон хүн хүрээлдэг. Энэ бол үндэсний хувцас урлаж байгаагийн минь буян. Зорьж ирдэг олны итгэлийг дааж яваадаа баярладаг. Уран хүнийг хүндэлж ирсэн сайхан уламжлал монголчуудад бий. Би аав, ээжийнхээ аль алинаас нь уран удамтай. Аав минь намайг бага байхад чанасан хонины толгойны тагнайг аваад “Миний охин уран болоорой”, харин хүүдээ шийр өгөөд “Миний хүү сайн бөх болж барилдаарай” гэж ерөөдөг байлаа. Бидэнд аав, ээж минь “Эр төвшин бол гэр төвшин байдаг. Аавынхаа амьдад нэрийг минь хугалав, бурхан болохоор ясыг минь өндөлзүүлэв. Айл аймгийнхаа улстай эвтэй найртай, настай хүнийг хүндэлж яв. Хүн ахтай, дээл захтай гэдэг. Дээлийн заханд хүний хийморь оршдог юм. Дээлийн захыг залгахаар амь нь ордог юм шүү” гэж захидаг байв. Би охидоо багаас нь үйлэнд сургасан.
-Тэгвэл танай хүүхдүүд багаасаа хувцас загварын ертөнцөд өссөн байх нь.
-Охид минь хүүхэд байхаасаа дээл хавж, товч зангидаж, шилбэ хадаж сурсан. Ханийг минь С.Бямба гэдэг. Нөхөр маань хурган дотортой дээлний үсийг гаргууд тааруулна. Том охин хувцас, бага нь малгайны дизайнераар ажилладаг. Бид гэр бүлээрээ үндэсний хувцасны эсгүүр, оёдол, загварыг улам хөгжүүлэхээр хичээн ажилладаг. Манайх дөрвөн зээ охинтой, бүгдийг нь оёдолчин болгож, үйлдвэртээ ажилуулна гэж боддог. Уламжлалыг эх хүн, удмыг эцэг хүн авч явдаг. Би зээ нартаа “Та нар уламжлалаа дээдлэн, хүндэлж яв. Хүнээс гуйхгүй амьдрахад энэ бүхэн хэрэг болно” гэж захидаг. Үр хүүхдүүдээ сайн хүн болгоё гэвэл багаас нь уламжлал, ахуй соёлтойгоо ойр өсгөх хэрэгтэй. Үндэснийхээ гэсэн бүхэнтэй ойр өссөн хүн зөв хүн болж төлөвшдөг.
-Залуус уламжлалт баяр ёслолоор үндэснийхээ хувцсаар гоёж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ ямар үйл ажиллагаанд ямар өнгөтэй хувцас өмсөхөө төдийлөн мэддэггүй нь анзаарагддаг.
-Өвөг дээдэс минь балчир хүүхдэд уужим чөлөөтэй, өнгөлөг дээл өмсгөж ирсэн. Баривч өмсгөөд бүсийг нь нар зөв ороогоод баруун талд нь бүсэлдэг. Ингэснээр гэдэс гүзээг нь даарахаас хамгаалдаг байжээ. Монголчууд хүүхдүүдээ 25 хүрэхэд нь “Нас бие гүйцлээ” гэж ярьдаг. Эхлээд даавуугаар хийсэн хувцас өмсгөж, насанд хүрэхээр нь торго дурдан, 50-60 насандаа очиртой торго өмсдөг уламжлалтай. Чингис хаан “Миний байгуулсан улсын ард олон намрын загсаасан өрмийн дотор шиг шаргал өнгийн хувцсыг эрхэмлэж, найр наадам, сар шинээр өмсөж яваарай” гэж захисан байдаг. Гэтэл үндэсний хувцасны өндөр соёлтой улсын иргэд хэрнээ манайхан найр наадам, баяр ёслолд хар хувцас өмсөөд очиж байна. Хар хувцсыг уй гашуу, хүний хойдын ажил явдал, оршуулгын ёслолд өмсдөг. Унгараас ирсэн нэг томоохон зочин надад “Миний хувьд монголчуудыг хувцасны гайхалтай соёлтой орон гэж боддог. Гэтэл танайхан найр наадамдаа яагаад хар өнгийн хувцас өмсөж ирдэг юм бэ. Ингэх нь маш буруу” гэж хэлж билээ. БХЯ-ны харьяа “Бөртэ” ТӨҮГ-ын ерөнхий захирал, хурандаа Б.Эрхэмбаяр “Танаас зөвлөгөө авч байгаад хүндэт харуулын хувцасны загварыг өөрчилмөөр байна” гэхэд нь “Үүнийг би ганцаараа шийдэж чадахгүй. Хүндэт харуулын хувцас ямар байхыг ард түмэнтэйгээ зөвлөлдөж байж өөрчилье” гэж хариулсан. Миний хувьд гадаадынханд нүүр царай болдог онгоцны үйлчлэгч, орчуулагч, хөтөч нарыг Монгол Улсаа илэрхийлэн, таниулах үндэсний хувцсаа өмсдөг байгаасай гэж хүсдэг. Брэнд гэж хошуурч гүйхээр үндэснийхээ хувцсыг эхлээд өмсөж үзээд ямрыг нь мэдрээсэй гэж залууст хэлмээр байна.

-Аав, ээжийнхээ талаас уран удмыг өвлөж, нэр хүндийг нь сайнаар өргөж явна гэдэг таны хувьд өндөр хариуцлага байдаг болов уу?
-Миний төрсөн нутаг Өвөрхангай аймгийн Хархорин сум. Би олуулаа өссөн. Манай ах нар гэрийн эд хогшил сайхан урладаг. Үр хүүхдүүддээ ур хийцээ өвлүүлж яваа. Хоёр эмэгтэй дүүгийн нэг нь хөөргийн даалин, нөгөө нь уран хатгамал оёдог. Миний аав Өвөрхангай аймгийн Сант сумын уугуул. Аавын минь ах дархан Даш хэмээх нэртэй уран хүн байлаа. Ээжийн минь талд уран дарханчууд бий. Өвөрхангай аймгийн Хужирт сумд ээжийн минь төрсөн дүү Ж.Цогтбаатар бурхны гуу урладаг. Би 2013 онд Далай лам Данзанжамц багштай уулзсан юм. Далай ламд бараалхах олон хүн байлаа. Дэлхий дээр амьдарч буй хүн бүхэнд эхлээд хоол хэрэгтэй, удаах нь мөрөнд углах хувцас, гурав дахь нь гэгээрэх ном соёл байдаг. Тэгсэн хамгийн эхэнд Далай ламын хоолыг барьсан, хоёрт намжир буюу номын хувцас барьсан хүн, гуравт би зогсож байсан. Тэр үед Өндөр гэгээн Занабазарын эдэлж хэрэглэж байсан монгол үндэсний дээлийг хуулбарлан Хубилай хааны малгай, бүстэй бэлэг болгон барьсан юм. Яг тэр мөчид өөрийгөө гэхээс илүү монгол хүн ямар азтай юм бэ гэж бэлгэшээн бодож зогссон. Би дэлхийн үндэсний хувцасны үзэсгэлэнд оролцоод хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байв. Хүн болгон уран байдаггүй. Уран байна гэдэг бурхны хишиг юм.

– “Алтны дэргэд гууль шарлана” гэдэг үг бий. Таны дэргэд хань тань байсаар байгаад уран болчихсон биз?
-Хань минь залуудаа аавтайгаа хамтраад гэрийн тавилга урладаг байв. Тоонот гэрт толгой холбохдоо нөхөр минь гэрийнхээ бүх эд хогшлыг өөрийн гараар урласан. Манай Өвөрхангайд уран дархан олон. Тэр дундаа Уянгын цоохор гэрээр улсдаа алдартай нутаг. Нөхөр бид хоёр нэг нутгийнх. Намайг захиалгад дарагдсан ажил ихтэй үед нөхөр маань дээл хаваад өгчихнө. Үнэнийг хэлэхэд 40 гаруй жил ханилахдаа сар шинийн бууз би чимхэж үзсэнгүй. Нөхөртэйгөө анх танилцаж байхдаа “Чи надтай ханилъя гэж бодож байгаа бол гэрийн ажлаа өөрөө хийнэ шүү” гэж хэлж билээ. Тэр үед надаар дээл хийлгэх захиалга их ирдэг байсан болохоор гэрийн ажил амжуулах зав гардаггүй байв. Аав “За хүү минь, манай охиноор олон хүн дээл урлуулах гэж ирдэг юм, чи ойлгоорой” гэж нөхөрт хэлж билээ. Нэг хөгжилтэй дурсамж байдаг юм. Манай нөхөр надтай танилцчихаад ээжийнхээ хийсэн дээлийг голж л дээ. Тэгсэн ээж нь “Чи тэгвэл уран эхнэр аваад өмсөх дээлээ хийлгээрэй” гэж. Манай хүн ч “Би уран гартай эхнэр заавал авч сууна” гэсэн гэдэг. Намайг завгүй байвал зүү сүвлэчихсэн цамцныхаа товчийг хадаж суудаг юм. Залуу байхад надаар гоёлоо урлуулах гэж олон хүн ирнэ. “Дээл урлаж суугаа чамд зав гарахгүй. Тиймээс би танай сар шинийн буузыг чимхье, мод түлээг чинь хөрөөдөөд, гадаах ажлыг чинь амжуулчихъя” гээд хийдэг байлаа шүү дээ. Битүүний орой хүмүүсийн гоёлыг арай гэж урлаж дуусгаад л сар шинийн өглөөтэй золгодог байлаа. Би оёдолчин болсондоо үнэхээр баярладаг. Хэрвээ утас, зүүтэй нөхөрлөөгүй бол түмэн олон намайг зорьж ирэхгүй шүү дээ.
-Таны ширээн дээрх “Монгол хувцас” гэсэн ном сонирхол төрүүлээд л байна. Үндэсний хувцасны судалгаа хийхэд хамгийн их хэрэг болдог байх.
-Надад хувцас загварын судалгааны хэдэн ном бий. Би ажил, гэртээ ч уншдаг юм. Монгол Улс 33 үндэстэн ястантай, 300 гаруй нэр, төрлийн хувцастай. Судалгааны номуудыг уншиж байж л үндэсний хувцсанд эрэл хайгуул, шинэчлэл хийж байж л хөгжүүлнэ. Хөгжүүлж байж гадаад, дотоодын хүмүүсийн нүүрийг тахална шүү дээ. Судалгааны номоос суралцах зүйл их. Тиймдээ ч өдөр бүр уйгагүй судалж, суралцаж байна. Миний хувьд ястан, үндэстнийх нь хувцасны судалгаанд тулгуурлаж иж бүрнээр нь урлах томоохон зорилт тавьж байгаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “А.АЛТАНТУЯА: Дээлийн заханд хүний хийморь явдаг гэдэг