Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

А. АЛТАНСҮХ: Багшийнхаа үйл хэргийг үргэлжлүүлж, мөрөөдлийг нь биелүүлсэн


ОУХМ А.Алтансүх Монгол Улсын гавьяат тамирчин Ж.Өлзий-Орших агсны нэрэмжит “TeamOggi” клубийн дасгалжуулагчаар ажилладаг. Түүнийг өвөө Ш.Очирбат нь дугуйн спортоор хичээллүүлж, багаас нь бэлтгэн алдарт хүрэх замд хөтөлсөн гэдэг. Хурд сорих дуртай тэрбээр дүү Б.Марал-Эрдэнийнхээ хамт гадаад, дотоодын олон уралдаанд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг гаргасан юм. Түүнтэй ярилцлаа.

-Таныг дугуйн спортоос зодог тайлах шийдвэр гаргахад спорт сонирхогчид дурамжхан хүлээж авсныг санаж байна. Цаашид уралдсан бол дүүгээсээ дутахааргүй амжилт гаргах байсан гэж ярих хүмүүстэй таарч байлаа.
-Би 2018 онд Ази тивийн АШТ-д оролцохоор бэлтгэл хийж байхдаа унаж, маш хүнд бэртсэн. Түүнээс хойш уралдах боломжгүй болж, багийнхаа дугуйчдыг тэмцээнд оролцоход нь дэмжиж, туслахыг хичээж явна.
-Тэр цагаас эхэлж дасгалжуулагчаар ажиллах болсон уу?
-Тамирчин байхдаа дасгалжуулагчаар ажиллавал ямар бол гэж боддог байлаа. Гэтэл одоо өөрөө бүх зүйлийг хариуцаж, тамирчдынхаа бэлтгэлд анхаарал хандуулаад ирэхээр амаргүй ажил байдгийг ойлгож эхэлсэн. Тамирчин, дасгалжуулагч байхын аль нь амаргүй. Одоо багшийнхаа үйл хэргийг үргэлжлүүлж, дасгалжуулагчаар ажиллаж байна.
-Хүүхэд байхаасаа л энэ спорттой нөхөрлөж, эх орныхоо нэрийг гадаад, дотоодын олон тэмцээнд гаргасан. Амжилтад хүрэхэд өвөө, багшийн тань ухаан, ур чадвар, нөмөр нөөлөг их байсан байх.
-Тийм ээ, ухаан орсон цагаасаа гудамжныхаа найзуудтай сэлбэг, хэрэгсэл тал бүрээс цуглуулж, дугуй босгон, унаж, энэ спортод анх дурлаж билээ. Өвөө минь дугуйгаар хичээллэж, Хөвсгөл аймгаа төлөөлөн улсын тэмцээнүүдэд оролцдог байв. Ач нараа спортоор хичээлэх насанд хүрмэгц өөрийн нэрэмжит дугуйн уралдааныг нутагтаа зохиож байгуулдаг болсон юм. Өвөөгийнхөө удирдлагад хичээллэж, Улаанбаатар хотод уралдахаар ирэхдээ Гавьяат тамирчин Ж.Өлзий-Орших багштай танилцсан.

Азийн аварга Б.Марал-Эрдэнэ дүүгийнхээ хамт уралдаанд оролцсон нь

-Ах, дүүс энэ спортод хамтдаа хөл тавьсан цагаасаа цахиур хагалсан тухайгаа яривал сонирхолтой болов уу?
-Өвөө минь миний анхны дасгалжуулагч. Хүсэл, мөрөөдөлдөө хөтлөгдөж, дугуйгаар хичээллэхэд минь урам хайрлаж, бүх талаар дэмжсэн. Би аймгийнхаа дугуйн АШТ-д оролцож, түрүүлээд, Улаанбаатарт ирж УАШТ-д өрсөлддөг байлаа. Өвөө биднээс гадна нутгийнхаа тамирчдын төлөө дугуйн спортод амьдралаа зориулсан. Бид аав, ээжтэйгээ ярилцсаны эцэст багшийнхаа удирдлагад бэлтгэл хийх болж, Улаанбаатарт ирж, гэр түрээслэн амьдардаг байв. Дүү минь амжилттай уралдаж, өсвөр насныхны ангиллаас гадаадын мэргэжлийн багт хөл тавихдаа олон хэцүү давааг багшийн дэмжлэгээр давсныг эргэн санахад сайхан байна. Тамирчин байхдаа дүүтэйгээ БНХАУ-ын “Ningxia” багт хоёр жил уралдсан. Тухайн үед дүү минь “Тerengganu inc” багийнхны хараанд өртсөн юм билээ. Тэдний бүрэлдэхүүнд нэгдэхэд багш минь их тусалсан.
-Сайн шавь байхын тулд та, шилдэг тамирчин бэлтгэхийн тулд Ж.Өлзий-Орших багш хичээж зүтгэсэн нь амжилтаас тань тодорхой харагддаг.
-“Энх цагт хөлс их урсгавал дайны цагт цус бага урсана” гэдэг үг бий. Багш минь хэд дахин хүнд хэцүү бэлтгэл хийлгэж, тэмцээн дээрх ачааллыг давж гарахыг сургадаг байсан. Зарчимч хүн байсан болохоор намайг их шахсан. Ингэж бэлтгэл хийлгэсний хүчинд амжилт гаргаж эхэлсэн юм шүү дээ. Өдий зэрэгтэй яваа минь багшийн олон жилийн хөдөлмөр, намайг дэмжиж, түшиг тулгуур болж байсных нь үр дүн гэж боддог.
-Б.Марал-Эрдэнэ өдгөө Малайзын мэргэжлийн “Тerengganuinc” багт уралддаг. Дүүг тань Азийн аварга болчихоод тус багт нүүр бардам хөл тавихад олон хүн бахархсаныг санаж байна.
-Бид тухайн үед Хятадын “Ningxia sports lottery” хэмээх мэргэжлийн багт хамт уралддаг байсныг дээр өгүүлсэн. Багаараа Казахстаны Алматыд зохион байгуулдаг “Tour of Almaty” уралдаанд оролцсоны дараа “Terengganu inc” багийн менежертэй ярилцаж, дүүгээ оруулах болсон. Азийн шилдэг баг болохоор дүү минь ч их баярлаж билээ.

-Та хоёр Азийн орнуудад болсон уралдаануудад олон удаа хурд сорьсон. Дүүтэйгээ уралдаж байхдаа ямар тактик, төлөвлөгөө боловсруулдаг байв?
-Дугуй бол багийн спорт. Дүүтэйгээ гэхээс илүүтэй багаар уралдах төлөвлөгөө, тактик боловсруулдаг байлаа. Мэдэх зүйлээ дүүдээ одоо ч харамгүй зааж, зөвлөдөг.
-Дугуйн спортын тамирчид өмсгөлөөрөө ялгардаг. Та олон өдрийн уралдаанд түрүүлж, шар, ногоон, цоохор цамцны эзэн болж байсан даа.
-Тийм ээ, дугуйчид тэмцээнд олуулаа уралддаг тул тэмцээний лидер дугуйчдыг өмсгөлөөр нь ялгадаг. Өмсгөл маш их учиртай. Адилхан хувцастай дугуйчид дундаас бас тухайн улсын аварга дугуйчин хүртэл улсынхаа онцлогийг харуулсан төрийн далбаатай болон ялгах тэмдэгтэй байдаг юм. Гадаадын мэргэжлийн багийн хувцас дээр Монголын төрийн далбаа, алтан соёмбо байхад тэр нь Монголын аварга дугуйчин байна гэдгийг бүгд мэддэг.
-Багшийнхаа захиж хэлсэн зүйлүүдээс нь хамгийн түрүүнд юуг хэрэгжүүлэв?
-Багш багтаа эмэгтэй тамирчин авч байгаагүй. Хувийн дүнгээр залуучуудаа сайн уралдуулахыг хичээдэг байсан юм. Дотоодын уралдаанд бол гурван эрэгтэй, хоёр эмэгтэй тамирчнаар байгууллагын дүнг бодож гаргадаг. Манай багийнхан эрэгтэйчүүдийн ангилалд эхний байр эзэлж сайн уралддаг байсан ч эмэгтэй тамирчингүй болохоор байгууллагын дүн гардаггүй байлаа. Багш бүтэн багтай орж байгууллагын дүнгээр түрүүлэхийг боддог байсан байх. Харин өнгөрсөн жил манай баг багшийн нэрэмжит “TeamOggi” нэртэй болж, багтаа эмэгтэй тамирчид авснаар тэмцээнд улсын аварга болж, мөн тэр жилийнхээ ихэнх уралдаанд түрүүлж багшийнхаа хүслийг биелүүлсэн. Манай багийн нэр их утга учиртай. Багш дэлхийн дугуйн ертөнцөд Ж.Өлзий-Орших гэхээс илүү “Огги”нэрээр алдаршсан. Тиймээс “TeamOggi” гэж нэрлэсэн юм. Манай багийн өмсгөлийг сайн харвал өлзий хээ оруулсан байгаа. Багшийнхаа нэрийг бүтэн оруулсан нь ийм учиртай. Багшийн гэргий М.Ариунзул манай багийг үргэлж дэмждэг хуурай дүү нартай нь ярилцаж байж өгсөн юм. Бидэнд ээжээс ялгаагүй хандаж, ард талыг маань бүрэн хариуцаж, бүх зүйлийг төлөвлөн зохицуулдаг М.Ариунзул эгчдээ талархаж явдаг.

-Та тамирчин байхдаа Швейцарын дугуйчидтай хамтарсан бэлтгэл хийж байсан. Тэдэнтэй одоо ч гэсэн холбоотой байдаг уу?
-Швейцар улсад байрладаг Дэлхийн дугуйн холбооны төв залуу дугуйчдыг мэргэжлийн түвшинд бэлтгэл хийлгэдэг. Ази тивээс Монгол, Солонгос, Иран, Узбекистаны тамирчид бусад улсын дугуйчидтай хамт бэлтгэл хийсэн юм. Миний хувьд тэндээс маш их зүйл сурч ирсэн. Тэмцээн уралдаан байнга болдог болохоор надад гэртээ харих зав гардаггүй байлаа. Монголд ирж 14 хоноод дараагийн тэмцээнд оролцдог байсан тул Улаанбаатарт бэлтгэл хийчихээд л явчихна. Эмээ, өвөө, гэр бүлийнхэнтэйгээ утас, интернэтээр голдуу холбогдож мэнд мэддэг байв.
-Өвөө тань дугуйнаас гадна цана, тэшүүрээр давхар хичээллүүлж бэлтгэл хийлгэдэг байсан гэдэг. Үүний ач тус уралдаанд гардаг байв уу?
-Өвөө биднийг өвөл цана, тэшүүрээр бэлтгэл хийлгэж, аймаг, улсын тэмцээнд оролцуулдаг байсан нь хожим тэсвэр хатуужил суухад нөлөөлсөн. Тамирчид ивээн тэтгэгчгүй бол амжилт гаргахад амаргүй. Энэ спортоор хичээллэхэд ойлгож, дэмждэг гэр бүл, хамт олон, найз нөхөдтэй байх нь хамгийн чухал.
-Дэлхийн аварга, шилдэг дугуйчдаас хэнийх нь техник, тактик хамгийн сонирхолтой санагдаж, бахархлыг тань төрүүлдэг вэ?
-Дэлхийн алдартай дугуйчдаас Швейцарын тамирчин Фабянь Санселлерагийн уралдааны онцлог минийхтэй их төстэй болохоор түүн шиг болохыг хичээдэг байсан.
-Алтансүхийг хэр ур чадвар, авьяас, ухаантай дугуйчин бэ гэдгийг бүх талаар сорьж, амжилтаас атгуулсан ямар уралдаан байдаг бол?
-Тэмцээн болгонд олон зүйлийг эргэцүүлж уралддаг байлаа. Дугуйн уралдаан бол бяр байгаад ухаанаа уралдуулахгүй бол 150-200 хүнээс түрүүлнэ гэдэг маш хэцүү. Би хоббигоо спорт, цаашлаад амьдралынхаа зорилго болгосон. Энэ утгаар яривал дугуй намайг олон талаар өөрчилж чадсан шүү.

-Та тамирчдынхаа техник, хэрэгсэлд анхаарал хэр хандуулдаг вэ?
-Тамирчдынхаа техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлийг шалгаж байх нь миний үүрэг. Тэмцээн болгоны өмнө дугуйг нь шалгана. Мэргэжлийн тамирчид бол жилд нэг дугуй сольдог юм. Бэлтгэл байнга хийж, уралдаанд оролцдог тул элэгдэл их байдаг. Миний хувьд мэргэжлийн багт байхдаа “Focus” брэндийн дугуйн жил болгон шинэчлэгдсэн загварыг унадаг байсан.
-АНЭУ-ын Дубай хотод энэ сарын 22-нд Азийн дугуйн холбооны ээлжит их хурал болж, шинэ ерөнхийлөгч болон Удирдах зөвлөлийн гишүүдээ сонгох сонгууль болно. Энэ удаагийн хурлаараа уралдаан зохион байгуулах асуудлыг нэлээд хөндөх бололтой. Энэ тал дээр та ямар бодолтой байна.
-Азийн дугуйн холбооны ээлжит хурлын талаар өөрийн бодлыг хуваалцахад, одоогийн ерөнхийлөгч нь солигдоосой гэсэн бодолтой байгаа. Учир нь Бахрейн улсад болсон өмнөх хурлаар олон зүйл амлан гарч ирсэн ч биелүүлсэн нь ховор. Азийн бусад орны дасгалжуулагч нар ч над шиг бодолтой гэдэгт итгэлтэй байна.
-Дугуй техникийн спорт тул уралдаанд багтай оролцдог. Монголын тамирчдын хувьд томоохон багтай оролцох боломж одоогоор алга. Тиймээс энэ спортыг эх орондоо хөгжүүлэхэд хамгийн түрүүнд юу дутагдаж байна вэ?
-Олон орны дугуйчид жилийн дөрвөн улиралд тасралтгүй бэлтгэл базаадаг. Гэтэл Монголд өвөл бэлтгэл хийх амаргүй, тусгай зориулалтын зам тэр бүр байдаггүй. Тамирчдад маань авьяас, ур чадвар байлаа ч ийм тохиолдолд амжилтын тухай ярихад хэцүү л дээ. Үүнийг төр, засаг, спортын холбоод анхаарч, дэмжих хэрэгтэй санагддаг.

1
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.