Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Аясаар нь байна гэдэг үнэхээр хэцүү юм аа. Би яавал дээр вэ?

Сайн байна уу. Захиа бичих гэсэн чинь яаж явуулахаа мэдэхгүй, сэтгэгдэл дээр нь бичлээ. Би нөхөртэйгөө гэрлээд бараг гурван жил болж байна. Бид бие биедээ хайртай, нэгнийхээ төлөө золиосолж чадах бүхнээ золиослоод одоо сайхан ажил төрөлтэй, санхүүгийн хувьд санаа зовох юмгүй, хамтдаа хүнээс дутахгүй сайхан амьдарч байна. Хүмүүс биднийг сайхан хосууд гэдэг байх.

Бид хоёулаа өмнө нь амьдралтай байсан. Манай нөхөр миний анхны эр хүн байгаагүй л дээ, өөрөөр хэлбэл би түүний төлөө бүхнийг зориулаагүйд гомдож явдаг гэсэн. Үүнээс болж хэрүүл их гарна. Ядаж байхад миний өмнө нь холбоотой байсан хүнийг таньдаг болохоор бүр уурлаад байдаг юм. Одоо бүр гаараад архи уухаараа /монголчууд дийлэнх нь архи уудаг шүү дээ/ агсан тавьж, бүр гар хүрдэг болсон. Тасраагүй байхдаа хайр минь гээд л бөөн юм болдог.

Тасрахаараа дандаа агсан тавьж, зоддоггүй юм аа гэхэд ямар нэг байдлаар бие өвтгөж, чимхэх ч юм уу, эсвэл уйлуулж байж санаа нь амардаг. Тэгээд энэ бүхэн миний буруу хэмээн уцаарлаж, эсвэл бүр тэсэхгүй болтол харааж, элдвээр дуудах юм.

Би эхлээд биеэ барин уучлал гуйдаг байснаа дараа нь ана мана хэрэлддэг болоод, одоо бүр адилхан цохилцдог болсон. Гэхдээ би яаж эр хүнийг дийлэх вэ дээ. Хохирч байгаа юм чинь. Эрүүл болсон хойноо надаас өөр чухал хүн байхгүй мэт аашлаад, би тэрэнд нь хууртаад л. “Архи битгий уугаач ээ” гэхээр би өөрийнхөөрөө байна чи ямар амьдралаа сайхан эхэлсэн биш гэж буруутгана. Тэгээд л согтуу ирнэ.
Хааяа найзуудтайгаа уулзаад ирэхэд нь үхтэлээ айдаг.

Тэгээд л одоо яах бол оо гээд түгшээд суудаг. Үнэнийг хэлэхэд дутах юмгүй, мөнгөтэй, ажилтай, нэр төртэй найз нөхөдтэй, байр сууцтай, хайртай хүнээ дэргэдээ байлгаж байж /би түүнийг надад хайртай гэдэгт итгэдэг/. Гэтэл хаа хамаагүй болоод өнгөрсөн зүйлээс болж намайг яллаж дандаа буруутгах юм. Одоо залуу байна сайхан амьдаръя гэж их гуйсан ч олигтой үр дүнд хүрээгүй. Хэсэг тусдаа байж, нэг нэгнийгээ ойлгохыг хичээе гээд ч хэрэг алга.

Утсаар ярьж, чи ийм болгосон учир чи тэвчиж амьдрах ёстой гэх юм. Нэг л амьдрах насандаа бүх зүйл нь байхад хүн яахаараа ингээд байдаг юм бол оо?

Эрчүүд юу боддог, ийм тохиолдолд яагаад ийм ааш гаргадаг, яавал би энэ бүхнийг зогсоож хайраа, амьдралаа аварч болох талаар зөвлөөч. Гуйж байна. Бас юу гэх бол гээд үгээ хүртэл хянаж ярина гэдэг амаргүй шүү дээ. Хааяа нэг дурсамжаа яримаар л байх юм. Хүний хэлснээр аясаар нь байна гэдэг үнэхээр хэцүү юм аа. Би яавал дээр вэ? Надад туслаач.

Сэтгэлзүйч

Хамтын амьдрал гэдэг амаргүй. Тэс өөр орчинд өссөн хүмүүсийн аливаад хандах хандлага ч ихэнхдээ зөрчилддөг. Харин хайр үүнийг нэгтгэж, хэн нэг нь буулт хийдэг.

Таны захидлаас харахад та “эхлээд биеэ барин уучлал гуйдаг байсан” хэмээн бичжээ. Түүний ингэж аашилж байгаагийн гол буруутан нь та өөрөө байх магадлалтай. Өөрөөр хэлбэл түүнийг өмнөх харилцаанаас болж таныг зэмлэхэд, та “хэрэг”-ээ хүлээн, уучлал гуйснаар нөхөр чинь таныг шийтгэх, буруутгах бүрэн эрхтэй болсон хэрэг. Түүний энэ байдлыг анхнаасаа эрс эсэргүүцсэн бол байдал даамжрахгүй байх байсан.

Тиймээс юуны өмнө та өөрөө түүнийг танидаггүй байхдаа эсвэл түүнтэй дотно харилцаанд ороогүй байхдаа хийсэн үйлдэл, харилцааныхаа төлөө хариуцлага хүлээх учиргүй гэдгийг сайтар ухамсарлаж, ойлгох хэрэгтэй. Та өөрийгөө буруугүй гэдэгтээ бат итгэсэн үед өөрийгөө хамгаалах гарцаа олно.

Хамгийн эхний алхам бол нөхөртэйгөө өөрийнх нь өмнөх амьдралын талаар ярилцаж, түүний гаргаж буй зан авир нь гэр бүлийн харилцааг эвдэж, энэ байдлаас үүсч байгаа сөрөг нөлөөний талаар хэлээд үзээрэй.
Удаад нь эмэгтэйчүүд “хайртай учраас хардаж, бусдын адил уудаг” хэмээн нөхрөө хаацайлах дуртай. Хардалт гэдэг удам дамждаг. Архинд дурласан эр хүнийг хүмүүжүүлэх найдлага, зорилго тавих хэрэггүй. Архидалт бол буруу зуршил, найз нөхдийн муу нөлөөний үр дагавар бус, ноцтой өвчин гэдгийг сана. Хардалт ч ялгаагүй. Тиймээс нөхөртэйгөө хамт мэргэжлийн эмч, сэтгэлзүйчээс туслалцаа ав. Хэрвээ нөхөр тань энэ бүхнийг хүсэхгүй бол эцсийн алхмыг бодолцож үзээрэй.  

Эцэст нь тэсвэртэй, хүлээцтэй зан сайн зүйл. Гэвч согтуудаа таныг элдэвээр зовоодог нөхөртөө хүлээцтэй хандах нь зөв үү? Олон эмэгтэйчүүд “Уг нь миний нөхөр надад хайртай. Согтуу үедээ л …” гэх тайлбараар өөрийгөө хуурдаг. Итгэж, найдаж болохгүй хүнийг сайн хүн гэж дүгнэх нь өрөөсгөл биз ээ. Архидах, хардах өвчинд нэрвэгдсэн бүх хүмүүс худалч, амиа хичээгч, өөрийнхөө төлөө хүүхдийнхээ “хоолыг булаан, эхнэрээ зовоохоо” юман чинээ бодохгүй болдог.

Архидалт дагуулсан хардалтаас болж ажил төрлөөсөө халагдан, албан тушаал буурдаг байна. Хартай эрчүүдийн эхнэр яг л тэсрэх бөмбөгөн дээр сууж байгаа мэт байнгын түгшүүр зовнилд байдаг. Тиймээс чөлөөтэй амьсгалж, тайван байхын тулд “торноосоо” гарах талаар бодож үзээрэй. 


0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.