Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Ашгүй дээ”, хятад ажилчид ирж аминд орох нь

ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ АВАХ 2010 ОНЫ КВОТЫГ БАТАЛЛАА

Монголын бүтээн байгуулалтад оролцох урилгатай хятад ажилчдын десант Эрээнээс Улаанбаатарыг чиглэн галт тэрэг түчигнүүлж айсуй. Шаахайтнуудыг хөл тавимагц хаваржин донхойж зогссон өргөгч цамхагууд хөдөлгөөнд орж, Монголын барилгын салбар сая нэг амилах нь. Түүнчлэн өнөө жил тэдний хүчээр өмнийн говьд уул уурхайн бүтээн байгуулалт өрнөх төлөвлөгөөтэй. Засгийн газар уржигдрын хуралдаанаараа хатуу хучилттай зам, орон сууц зэрэг бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэх гадаадын орнуудын тодорхой тооны инженер, техникийн болон мэргэжлийн ажилчдад 2010 онд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл өгч, нэр бүхий компаниудын инженер, техникийн болон мэргэжлийн ажилтнуудыг ажлын байрны төлбөрөөс чөлөөлжээ.

Гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2010 онд багтаан буцаах ажлыг зохион байгуулж, дүнг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд мэдээлэхийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарт даалгасан байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжийн 2010 онд гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний нийт ажиллагсдын тоонд эзлэх хувийг Засгийн газар тогтоолоор баталлаа.

Энэхүү тогтоолын хавсралтад заагдаагүй салбарт гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тухайн байгууллагын нийт ажиллагчдын тав хүртэл хувь, гадаадын аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөгчийн газар, дотоодын төрийн бус байгууллага болон хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулах хууль ёсны зөвшөөрөл бүхий гадаадын төрийн бус байгууллагад ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг нийт ажиллагчдын 30 хүртэл хувь байхаар баталжээ. Тухайн аж ахуйн нэгжид ногдсон квотоос дээш тооны ажилчин гадаадаас авах шаардлагатай болсон асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийддэг юм байна.

МАХН-ЫН БАЙРЫГ ХЯТАДУУДГҮЙГЭЭР БАРЬЖ БАРДАГГҮЙ ЭЭ

Хятад ажилчидгүйгээр Монголын зам барилга, уул уурхайн салбар “будаа”. Юун Оюутолгой, юун Тавантолгой. Үүнийг Засгийн газар хүлээн зөвш өөрсөн байна. Харин мэргэжилтэй, туршлагатай монгол ажилчдыг базааж ер завдсангүй. Уул уурхайн салбарыг үндэснийхээ ажилчдаар хангах нөхцөлийг өнөөдрийг хүртэл бий болгоогүй нь Монгол Улс саалиа яриад саваа мартсаны үлгэр юм. Ур чадвар, дадлага туршлага илүүтэй шаарддаг уул уурхай бүү хэл Улаанбаатарыг орон сууцжуулах ажлыг аль болох хятадуудад даалгадаг сонгодог жишиг хэдийнэ тогтсон билээ. Монгол компани хүртэл монгол хүмүүсийг ажилд авахаас цааргалж байхад үндэсний хэмжээнд ажилгүйдэл, ядууралтайгаа зууралдаж суугаа нь энгийн логик. Хамгийн сүүлийн тод жишээ гэвэл, МАХН-ын шинэ байрыг барьж байгаа “Өндөр буянт” компани БНХАУаас 300 ажилчин оруулж ирэхээр болжээ.

Энэ компани сайн ажиллахаа бодож хятадуудад итгэсэн хэрэг. Барилгын компанийн захирлууд яагаад хятадуудад ам сайтай байдгаа ил тод зарладаггүй л болохоос өөр зуураа ярих нь тэд монголчуудтай харьцуулшгүй хөдөлмөрч, хичээнгүй улс юм гэсэн. Монголчууд цалин буумагц архи уугаад алга болцгоодог, барилгын материал хулгай хийдэг л гэнэ. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг моодонд оруулна гэж энэ албанд томилогдохдоо амалж байсан. Өнгөрсөн хоёр жил уул уурхайн түрлэг ч их байлаа, сайдын чармайлт ч нөлөөлсөн биз, тоотой хэдхэн МСҮТ-д суралцах залуусын тоо хоёр дахин өсчээ.

Гэсэн ч ойрын хэтдээ монголчуудын ажлын байрыг эзлэн аж амьдралаа залгуулж байгаа хятад иргэдийн тоо цөөрөх төлөв харагдахгүй л байна. Хятад хүний хийдгийг бид чадахгүй байгаагаа зөвшөөрцгөөе. Мэргэжлийн дадлага олгож туршлагажуулах замаар ур чадвар бүхий монгол ажилчдыг өөрсдөө бэлтгэн ажилд авч байгаа компаниудыг дэмжихгүй бол уул уурхайн хурдыг яст мэлхий шиг мөлхөж яваа Монголын боловсрол гүйцэшгүй.

“ОЮУТОЛГОЙ” МОНГОЛЧУУДАД ЗОРИУЛЖ УЛААНБААТАРТ 4000 АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОНО

“Оюутолгой” ХХК одоогийн байдлаар шууд болон шууд бусаар 1500 монгол хүнийг ажлын байраар хангажээ. Энэ сард эхлүүлэх төлөвлөгөөтэй барилгын шатны ажил нь ойрын 3- 4 жилд үргэлжлэх бөгөөд нийт 4000 хүнийг ажилд авах юм. “Оюутолгой” ХХК 2010 онд БНХАУ-аас тусгай мэргэшсэн 2000 ажилчин оруулж ирэх гэж байна.

Гадаадаас авах ажилчин бүрийн тоогоор 216 мянган төгрөгийг сар тутам Монгол Улсын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлөх ёстой. “Оюутолгой” ХХК төслийн нийт ажилчдын 60 хувь Монгол Улсын иргэн байх Хөрөнгө оруулалтын гэрэээний шаардлагыг биелүүлэхийн тулд Улаанбаатар хотод 4000 ажлын орон тоо бий болгохоор Засгийн газартай тохиролцжээ.

“УлаанбаатарАжлын байр” хөтөлбөрт хамрагдах монгол иргэдэд сард дунджаар 180 мянган төгрөгийн цалин олгох бөгөөд гурван жилд 12 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх юм байна. Түүнчлэн их, дээд сургуулийн болон МСҮТ-ийн 200 оюутанд боловсролын тэтгэлэг олгох хөтөлбөр хэрэгжүүлэхийг Засгийн газарт санал болгоод байна.

“ПЕТРОЧАЙНА ДАЧИН ТАМСАГ МОНГОЛ” ХХК-ИЙН ХЯТАД, МОНГОЛ АЖИЛЧДЫН ТОО 3081:424

Дорнод аймгийн Тамсагийн сав газарт газрын тос олборлож байгаа “Петрочайна Дачин Тамсаг Монгол” ХХК-д ажиллаж байгаа хятад, монгол ажилчдын тоон харьцаа 3081:424 байгааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар тогтоожээ. Монгол Улсын Засгийн газар гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах квотыг жил бүр тогтоохдоо монгол иргэдээ мэргэшүүлэх, ажлын байраар хангах замаар жилээс жилд гадаадаас ирдэг мэргэжилтэй ажиллах хүчний тоог бууруулах зорилгыг агуулдаг.

Гэтэл “Петрочайна Дачин Тамсаг Монгол” ХХК-ийн хятад ажилчдын тоонд ийм үзүүлэлт гарсангүй. Түүгээр ч үл барам тус компанийн хятад ажилчдын тоо Дорнод аймгийн харьяат цэргийн насны залуусын тооноос давж гарахуйц хэмжээнд дөхөж очсонд Матад, Сүмбэр сумын иргэд сэтгэл түгшин өгүүлдэг байна. Үндэсний аюулгүй байдалд ноцтой асуудал үүсэхэд ойртож очсон ийм харьцааг өөрчилж дийлэлгүй 10-аад жил өнгөрчээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.