Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Архигүй амьдралаас архитай амьдрал руу өнгийхүйд

Би энэ сэдвийг хөндөхөөсөө огтхон ч ичихгүй байна. Архигүй амьдралын замыг сонгоод яг нэг жил есөн сар гурав хоног болжээ. Архины эхүүн үнэр ханхлуулалгүй салхи татуулан сэтгэл тэнүүн алхах сайхан. Харамсалтай нь сүүлийн хэд хоногт мөнөөх үнэр маань нэг л таатай мэт санагдах болж, нөхрийн журмыг бодож барьсан хундага сэтгэл дэгэлзүүлэх болов.

Яг энэ тохиолдолд “Эмчдээ хандаарай” гэж хэлсэн тэр нэгэн сайхан сэтгэлт эмчийн үг санаанд зурсхийх нь тэр. “…Эмч хүн авралын дээд ээжий…” гэж дуулахын учир тэр биз. Ер нь тэгээд өвгөд “Хүү минь эр хүн гишгэсэн мөрөө эргэж харж бай” гэж захидаг нь учиртай. Нөгөөтэйгүүр “Ингэхэд би чинь хэн болчихоод ингэтлээ дээгүүр харж явна вэ” гэх бодол ч дотор сэтгэлд минь буусан юм. Тэр даруйдаа архигүй амьдралыг эхлүүлсэн тэр нэгэн газар руугаа буцахад хүрэв. Бидний багад нэг дуу байсан даа. Түүнийг зохиомол дуу учраас дуулж болохгүй гэдэгсэн.

Тэр дуу “…Батцагааны орой дээрээс Баруун тийш харах юм бол” гэж эхэлдэг билээ. Яг тэр дуунд гардаг шиг архигүй амьдралын замд үдсэн Наркологийн төвийн хоёр давхар байшин нийслэл хотын баруун дүүрэгтээ, байсан байрандаа байж байна. Хэнээс ч дутахгүй өнгө үзэмжээ засчихжээ. Цагаан байсан байр үл ялиг ягаан туяатай, нов ногоон дээвэртэй болчихож. Бидний ид залуу, сархдан дунд умбаж ахуйд энэ байрны үүдэнд төдий л олон хүн харагддаггүй, эл хульхан байдагсан.

Тэгтэл юу вэ, ямар нэгэн их, дээд сургуульд элсэлтийн шалгалт өгч буй мэт олон хүн дараалалд зогссон байх юм. Нүд нь бүлцийж, элгээ эвхсэн хэн нэгнийг хань ижил нь, аль эсвэл аав, ээж хэн нэг нь дагуулаад очсон нь яг л аль нэг сургуулийн элсэлтийн шалгалтыг санагдуулна. Гэхдээ энэ нэг их муу явдал биш ээ. Тэр нэгэн цагт хүмүүс Наркологийн эмнэлгийг үзэшгүй муухай газар, архаг архичдын аргаа барахдаа барааддаг орон гэж ойлгодог байсан цаг өөрчлөгдсөнийг харуулна. Басхүү өнөөдрийн нийгмийн сэтгэхүй архинаас гаръя гэсэн сайн тал руугаа эргэснийг илтгэнэ. Дугаарласан олны дундуур чихэлдсээр цонхон дээр очвол хатуу үгтэй ч зөөлөн сэтгэлтэй Б.Оюунчимэг эмч яг л “Сэрэлт” киноны Бумаа авгай мэт “Бид бүгдийг чинь хүлээж авна.

Даанч ор хүрэлцэхгүй байна шүү дээ. Өнөөдрийн байдлаар 10 гаруй хүн шалан дээр хэвтэж байна” гэж байна. Түүнийг хүлээх зуур, эмнэлгийн гадна байрлуулсан сандал дээр суунгаа энэ эмнэлгийн тухай, энд учирч явсан хүмүүсийн тухай зарим нэг зүйлийг эргэн дурсахад хүрэв. Урьд энд цэцэрлэг байсан юм билээ. 1997 он санагдана. Сайн дурын гэхээсээ илүүтэй цагдаагийн хамгаалалттай, албадан эмчилгээний газар байсан юмдаг. Тэнд “Шөнийн бороо”-ны Зориг ирчихсэн гитар тоглож байж билээ. Түүний дараахан энд Наркологийн эмнэлэг нээгдэж сайн дураараа эмчлүүлэгчдийг хүлээж авах болсон. Нэгэнт сайн дурын эмчилгээ болохоор бидний хэсэг үе үехэн болзоо тавин байж ирж эмчлүүлэхийн зэрэгцээ элдвийг эргэцүүлэн үймж бужигнадагсан. Ш.Уянга, Ц.Батбаяр, Ж.Болд-Эрдэнэ гээд хэдүүлээ үе үе ирнэ. Басхүү хэн нэгнийгээ “урин” байж хэвтүүлнэ.

Энэ л эмнэлэгт байхдаа Ш.Уянга маань “Энэ цонхны цаана …” шүлгээ бичиж, хэнд ч хар буруу санаж яваагүй мөртөө “…Хоёр үгтэй хүнтэй үг ярьж болохгүй Хоёр үзүүртэй зүүгээр үйл мэтгэж болохгүй” хэмээн бичиж байж билээ. Хөөрхий муу “алмас” Батбаярын маань эгч Ц.Цэцгээ энд сувилагчаар ажилладаг тул бид үе үе энд “цугладаг байсан хэрэг л дээ. Төдөлгүй бид тус эмнэлгийн ерөнхий эмч Х.Хулантай танилцсан юм. Сайхан сэтгэлтэй энэ бүсгүй өнөө хэр хань ижил, гэр бүлдээ нүд үзүүрлэгдэн, “архичин” гэсэн гашуухан үгийг дуулж, алдаж онож яваа олон хүнд тусалж явна. Төдөлгүй Б.Оюунчимэг эмч эмчилгээ хийлгэсэн хүмүүст амжилт хүсэж “За тэгээд хичээж үзээрэй…” гэж үдэн гаргаад, шинэ үйлчлүүлэгчдээ хүлээн авах ажлаа цэгцэлж дууслаа. Хулган, хулгасаар орвол “За бие чинь сайн уу. Архи уулгүй сайн яваа гэдгийг чинь дуулаад баярлаж суулаа. Юу болов. Аль нэг үзүүлээтэх” гэсээр угтав.

Тэрбээр “Одоо дахиад жаахан тэвчвэл бүрмөсөн архигүй амьдрах бололцоо чамд байна” гэж урам хайрлаад зөвлөгөө өгөв. Улмаар долоо хоног хэвтэж эмчлүүлэх хэрэгтэй болж дээ гэдгийг ч зөвлөсөн юм. Ийнхүү миний бие архигүй орчноос архитай амьдрал руу эргэн нэг харахад хүрсэн билээ. Өнөөдөр энэ эмнэлэг 50-60 хүн хүлээж авах хүчин чадалтай. Гэтэл архины эмчилгээ хийлгэх хүсэлтэй хүмүүсийн дараалал тавдугаар сарын 20 хүртэл дуусжээ. Ор хүрэлцэхгүй үед шалан дээр хэвтээд ч гэлээ хордлогоо тайлуулж архигүй амьдрал руу оръё гэж хэлэх хүн олон. Бидний үйлчлүүлж байсан үеэс нэг их өөрчлөгдсөн зүйл алга. Хэдийнэ үеэ өнгөрөөсөн энэ хуучин байшинг чадах чинээгээрээ тордож, будаж шунхаджээ. Ерөнхий эмч Х.Хулан “Намайг 2001 онд энэ ажлыг авахад жилд 624 хүн үйлчлүүлж байлаа. Тэгвэл өнгөрсөн онд 1900 хүн эмчлүүлсэн. Ор хүрэлцэхгүй хэцүү л байна” гэж ярьж байсан.

Энд сүүлийн үед ямархуу хүмүүс хэвтэж эмчлүүлж байгааг сонирхохгүй өнгөрч болсонгүй. Илт анзаарагдсан зүйл бол яах аргагүй эмэгтэйчүүд архины амьдрал руу нэлээд эрчимтэй орж байгаа нь тодорхой байв. Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө дөө, энд эмэгтэйчүүд хэвтдэг анхны тасаг нээгдэж байсныг санах юм. Тэр үед хоёр бүсгүй л байсан санагдана. Тэдний нэг нь Монголын нэлээд хүчирхэг компанийн ерөнхий нягтлан, их сайхан бүсгүй байж билээ. Тэгвэл өнөөдөр тус эмнэлэг эмэгтэйчүүдийн хоёр ч том тасагтай, тэнд янз бүрийн насны эмэгтэйчүүд хэвтэж хордлого тайлуулж байв. Зарим нь ч архитай хамаагүйгээр эмчлүүлж байсан биз ээ.

Гэхдээ л өнгөрсөн онд хэвтэж эмчилгээ хийлгэсэн 1900 хүний 230 шахам нь эмэгтэй байжээ. Яагаад ч юм бэ энэ баримт хаа нэгтээ баар, зоогийн газраар ороход хаа сайгүй ширээ тойрон суугаад архидаж байдаг бүсгүйчүүдийн бас нэгэн дүр зургийн илэрхийлэл мэт. Эмэгтэйчүүд архинд хордсон ч түүнийгээ ил гаргадаггүй, хаа нэгтэй нуугдаж байгаад хордлого тайлуулчихдаг, эсвэл өөр эмнэлэгт төлбөр төлөөд хэвтчихдэг болохоос бодит байдал дээр архины амьдралын зовлонг туулагчдын дунд эрчүүдтэй эн зэрэгцэх хэмжээнд болсон байхыг үгүйсгэх аргагүй. За тэгээд энэ эмнэлэгт хөгшин, залуу, эр, эм гээд Монголын бүхий л давхаргын төлөөлөл бий. Нэг хэсэг нь бизнес хийж яваад “шатаж” балраад архинд орсон байхад зарим нь ёстой л бидний залуугийнх шиг эрх, танхи насандаа архины амьдралын хүрээлэлд орсон байх жишээтэй. Энд нэг зүйл их л сонирхол татсан юм.

Тэр нь юу вэ гэхээр эхнэр хүүхэд нь салахдаа байрыг нь зараад гадаадад талийж өгсөн, эцэстээ орон гэргүй шахуу болж, ах дүүгийнхээ хаяаг бараадан суугаа эрчүүд нэг бус тааралдсан явдал. Хаа сайгүй сонсогдох болсон энэ нэгэн эмгэнэлт явдал мөн ч олон эрчүүдийг архины амьдрал руу түлхэж дээ. Цаашлаад эхнэр нь гадаадад гараад 10 гаруй жил боллоо хэмээн гансарч суугаа эрчүүд ч байх юм. Тэд “Тэр үед эхнэртэйгээ гадагш гарсан бол хаанаас ингэж суух вэ” хэмээн гансарч суух юм билээ. Дээрх баримт бас л нэгийг хэлээд байх шиг. Монголын хөдөлмөр эрхлэлтийг зуучлах эрх бүхий байгууллагууд хэн нэгнийг гадаадад гарахад нь гэр бүлийн асуудлыг нь сонирхож байсан бол олон гэр бүл салж сарнихгүй ч байсан юм бил үү дээ. Энэчлэн хүмүүс архинд орж буй шалтгаан янз бүр л байх шив дээ. За тэгээд Монголын нийгмийн архидалтын багахан зайг өнгийхөд л ийм дүр зураг байгаагаас биш Монголчууд дээдэс, доодос, хөгшин залуу, эр эм гэлтгүй архин далайд живж байгаа шүү дээ.

Нэг хэсэг, тодорхой хэлбэл 20-иод жилийн өмнө мөнгөний оронд архийг валют болгон хэрэглэж байсны хор уршиг өнөөдөр илэрч байна. Хээл хахууль, нөгөө их гайхаад бие биенээ хардаж сэрдээд байгаа олигархи гээчийг тойроод бөөн л архидалт эргэлдэж байна. Тэдний хэд нь архаг архичин болохыг өнөөдөр хэн ч тодорхойлж чадаагүй байна. Тэдний дэргэд сайн дураараа архинаас гаръя гэж бэдэрч яваа хүмүүс хамаагүй илүү ухамсартай юм даа гэх бодол ч төрөх болов. Архи уудаг хүн дэлгүүрт согтуу ороод архи өгөхгүй бол “Би улсдаа татвар төлж байна. Төлөх төлөхдөө онцгой албан татвар төлөлцөж байна” гэж даналздаг. Тэр ч бас ортой биз ээ. Нээрэн ч өөрийн өртөг гэж хариу ч үгүй архи гэгч идээ, түүнийг зарж, борлуулснаас авдаг онцгой албан татвар Монголын төсөвт ихээхэн жин дарсан хэвээрээ байна. Гэтэл тэр онцгой албан татварыг сайн дураар бүрдүүлэгчдийн дүр зураг ямар байна вэ.

Архинаас гарах гэж бэдэрч яваа заримд нь эмчлүүлэх ор олдохгүй шалан дээр хэвтэж байна. Өнөөдөр бид архи үйлдвэрлэж л байгаа юм бол, нийгэмд үзүүлэх дараагийн хор уршгийг тооцох ёстой. Манай томхон архи үйлдвэрлэгчдийг хэрэглэгчдэдээ зориулж эмнэлэг барих мөнгө гаргаач гэхэд тэд татгалзахгүй байх. Монголчууд бид архидалттай тэмцэж байгаа нь энэ гээд архийг хорьж, бүрхээр шатааж үзсэн. Тэглээ гээд амжилт олсон бил үү. Харин өнөөдрийн цаг үе, хүмүүсийн сэтгэл зүй архи хэрэггүй, архинаас гаръя гэсэн чигт хандаж байна.

Монголчууд олон л шалтгаанаар архинд орсон байх. Гэхдээ түүний нэг үндэс нь нийгмийн ядуурал, төсөв босгохын тулд, төрийг тэжээхийн тулд учир тоймгүй урсгасан архин далай гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Цаг үе ороо бусгаа байлаа шүү дээ гэж төр тайлбар хийх хэрэггүй. Басхүү та нарыг хэн архинд ор гэсэн юм гэж хатуурхах ч хэрэггүй. Түүний оронд архинаас гаръя хэмээн бэдэрч байгаа хүмүүст зориулж хөрөнгө мөнгө зарах цаг хэдийнэ болсон. Тэгж байж л бид архитай хийх тэмцэлд ялалт байгуулна. Амьдралын замд тэнцвэрээ олохгүй яваа иргэн хүндээ олигтойхон эмнэлэг барьдаггүй юм гэхэд томхон шиг байр гаргах цаг нэгэнт болсон санагдана.

Барих барихдаа архины амьдралыг марттал, өөрийн сэтгэл санаагаа сэргэтэл тийм сайхан газар байгуулах хэрэгтэй санагдана. Би энэ сэдвийг бичихдээ огтхон ч ичихгүй байна. Харин ч олон гэр бүлийн нулимсанд дэвтээж бичсэн энэ үгийг чихтэй нь сонсч, нүдтэй нь үзээсэй гэж хүсч байна. Монголын төр нэгэн цагт иргэдээ архинд живэхэд түлхсэн бол өнөөдөр тэднийг татан гаргахад гараа сунгах цаг ирлээ. Архигүй амьдралын зүг ганцаараа биш олуулаа алхмаар байна.

Б.ДОРЖ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.