Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ардчилсан нам талцах уу, шинэчлэгдэх үү

Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг цагаан барс жилийг дамнуулан бүтэн жилийн турш улс даяар тэмдэглэж буй АН-д юу болоод эхлэв ээ. “Ардчилсан хүчний холбоо”, “Амлалт нэхэх хөдөлгөөн”, “Иргэний хөдөлгөөнүүдийн нэгдсэн холбоо” зэрэг АН-ын угшилтай төдийгүй нам дахь лидерүүдийг нь элсүүлсэн төрийн бус байгууллагууд ар араасаа төрж, үйл ажиллагаагаа эрчимжүүлэн, идэвхжүүлж эхэлсэн нь олон таамаг, хүлээлтийг нийгэмд бий болгоод байна. Зарим нэг нь үндэсний хувьсгалын хэмжээний өөрчлөлт шинэчлэлтэд олон нийтийг уриалан, өдөөж эхэлсэн нь Монголын улс төрийн түвшинд ямар нэгэн “хувьсгал”-ын тохироо бүрдэв үү гэх эргэлзээ, хардлагыг нийгэмд төрүүлэх боллоо. Монгол дахь ардчилсан хувьсгал шинэ шатанд дэвших гээд байна уу эсвэл АН-д “хувьсгалт” шинэчлэлт болох гээд байна уу.
Өнөөдөр АН дахь Ардчилсан хүчний холбоо анхдугаар их хурлаа хийнэ. Маргааш нь Иргэний хөдөлгөөнүүдийн нэгдсэн холбоо бас их хуралдайгаа зарласан. Улс төрийн зорилготой хэмээн зарим хүний хардаж буй энэ хоёр байгууллага хөдөө орон нутагт салбар, хороодоо байгуулж эхэлсэн. Одоогоор албан ёсны гишүүнчлэлээ зарлаагүй ч олон түмнээс хэр зэрэг дэмжлэг хүлээх нь энэ хурлаас нь харагдана. Гэхдээ албаны эх сурвалжийн хэлснээр намын харьяалал үл харгалзан олон үзэл бодлыг нэгэн зорилгод нэгтгэсэн хэмээн мэдээлж буй ч дэмжигчдийн олонх нь УИХ дахь АНын бүлэг болон улс төрөөс гадна үлдсэн гишүүдээс нь бүрдэж байгаа юм байна. Энэ нь АН-ын гишүүдийн сэтгэл санаа, нэгэн зорилгыг хоёр хувааж байна гэх хардлага ч бий. Үүнээс болоод тус намын хороо, үүрүүдийн талцал туйлдаа хүртэл хурцдаж буй нь ч нууц биш юм. “Ардчилсан хүчний холбоо” одоогоор АН-ын удирдах дээд байгууллага Үндэсний зөвлөлдөх хороондоо цөөнх буюу 47 хувийн суудалтай, нийт аймаг дүүргийн намын дарга нарын 40 хүрэхгүй хувь нь эднийх гэсэн мэдээлэл бий.
Үүнийгээ ядаж 68 хувьд хүргэж байж АН-ын их хурлыг хуралдуулах, намын даргын асуудлыг хөндөх боломжтой гэж улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Одоогийн байдлаар тэд Улаанбаатар хотын есөн дүүрэгт салбар зөвлөлөө байгуулж, үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж эхэлсэн. Гэвч АН дахь “Алтангадас”-ынхны үнэмлэхүй олонх болсон зарим аймаг, дүүрэгт тухайлбал Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт АН хоёр хэсэг хуваагдчихсан, зарим намын хороо нь хоёр ч тамгатай болсныг хэвлэлүүд мэдээлж байна. УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулиар Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт АН үнэмлэхүй ялалт байгуулж, Хан-Уул дүүрэг нийслэлийн Парламентад түүхэндээ анх удаа дийлэнх олонхийг бүрдүүлсэн. Гэтэл тамгаа хоёр хуваатлаа хямарснаас ИТХын дарга, Засаг даргаа огцруулах аянд мордоцгоож, МАХН-ынхан хөнгөхөн зууш болгон тамшаалж сууна. Харин Чингэлтэйн АН-ынхан УИХ-ын гишүүдээрээ удирдуулан дүүргийн даргын суудлын төлөө нам дотроо дайтаж эхэлжээ. Мөн хөдөө орон нутгийн намын байгуулагынхан ч бужигнаантай байна.
Тухайлбал, өмнөх сонгуулиас эхтэй Дархан-Уул аймгийн намын гишүүдийнх нь зарга одоо хүртэл эцэслээгүй бол Ховд, Булган аймагт гишүүдийнх нь тэмцэл гаарчээ. Энэ мэт АН доторх бужигнаан, талцал дээр дурдсан холбоо, хөдөлгөөн болон УИХ болон нам доторх фракц бүлэглэлүүдийнх нь үзэл бодлын зөрчилдөөн идэвхжсэнтэй холбоотойг улс төрийн хүрээнийхэн үгүйсгэхгүй байна. Үүсэл гарал, баримталж буй байр суурийг нь судалвал үүнийг бас нотолж байгаа юм. Тухайлбал, “Ардчилсан хүчний холбоо”. Энэ холбооны тухай өгүүлэхээс өмнө АНын болон фракцуудынх нь угшил гарлыг сонирхвол сонин түүх сөхөгдөнө.


ХОЛБОО ХӨДӨЛГӨӨНҮҮДИЙН 20 ЖИЛИЙН ӨМНӨХ ТҮҮХ БУЮУ АН

Өнгөрсөн 20 жилийн улс төрийн түүхэндээ АН 1996 оны УИХ-ын сонгуульд “Ардчилсан холбоо эвсэл” байгуулан оролцсоноор Парламентад анх удаа олонх болж байлаа. Гэвч тухайн үед энэ эвсэл үхрийн эвэр шиг ашиг сонирхол, үзэл бодол зөрүүтэй хэд хэдэн фракц хөдөлгөөн, холбооны нэгдлээс бүрдсэн. Тиймдээ ч талцал, хуйвалдаанаар дөрвөн Засгийн газраа огцруулж байсан. Түүх сөхвөл тухайн үеийн нам, фракцууд нь ардчилсан хувьсгалын давалгаагаар 1990 онд байгуулагдсан эвсэл холбоонд суурилж байжээ. Тухайлбал, Монголын ардчилсан холбоо \МоАХ\, удирдагч нь Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж. Хожим энэ нь Ардчилсан нам болсон. Ардчилсан социалист хөдөлгөөн \АСХ\ , удирдагч нь Р.Гончигдорж, Н.Алтанхуяг. Хожмоо Социал демократ нам болсон.
Шинэ дэвшилт холбоо \ШДХ\, удирдагч нь Да.Ганболд, Н.Батбаяр. Хожмоо Үндэсний дэвшлийн нам болсон. Эдгээр холбоо, хөдөлгөөн нам болон өргөжиж улмаар АН гэх нэгэн малгай дор нэгдсэнээр гурван сонгуулийн циклийг үдсэн ч нэгэн толгойд зангилагдаж чадалгүй салж нийлж, өрвөлзөж шоволзсоор өнөөдрийг хүрчээ. Ардчилал, олон ургальч үзэл байх ёстой гэж тэд үүнийгээ өмөөрдөг ч одоо үүсээд байгаа хөдөлгөөн, холбоод өнгөрсөн түүхийг давтаж болохыг үгүйсгэх аргагүй юм.


20 ЖИЛИЙН ДАРААХ АН

2008 он. МоАХ-ны анхдагч Ц.Элбэгдорж Ардчилсан намын дарга болж, УИХ-д намаа тэргүүлэн оролцов. Сонгуулийн дараах үймээн. “Долдугаар сарын 1”- ний энэ үйл явдлын дараа Ц.Элбэгдорж огцрох мэдэгдлээ хийлээ. Энэ агшинг АН дахь “Алтангадас” фракцынхан алдалгүй Н.Алтанхуягийг Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар Ардчилсан намын дарга болголоо. С.Баяр “стандартын бус” хэмээн нэрлэсэн Засгийн газраа байгуулахдаа АН дахь “Алтангадас” фракцынхныг төдийгүй МоАХ-ны Х.Баттулга, “Зүүн хойд Ази”-ийн Лу.Болд, “мүдняк”-ийн С.Ламбаа нарын төлөөллийг Засгийн газартаа оруулав. Ингэснээр наанаа нэг даргатай ч цаанаа олон толгойтой АН-ын олон фракцынхныг аргамжиж байв.
Харин одоо энэ аргамжаа хэвээр байх эсэх нь АН-аас хамаарах цаг ирж байна. Одоогийн Парламент дахь АН-ын 25 суудлыг фракцуудаар нь авч үзвэл: Социал демократ угшилтай буюу “Алтангадас” фракцийнхан, Н.Алтанхуяг, Г.Батхүү, Д.Алтангэрэл, Батж.Батбаяр, Кюү.Д.Батбаяр, Лү.Гансүх, Д.Ганхуяг, Р.Гончигдорж, Р.Сайханбилэг, Ц.Сэдванчиг, З.Энхболд, С.Баярцогт нарын 11 гишүүн, МоАХ-ны фракцийнхан: Х.Баттулга, Я.Батсуурь, Г.Баярсайхан, Д.Одхүү, Д.Тэмүүжин, С.Эрдэнэ нар, мүднякийн фракцийнхан: Р.Амаржаргал, Н.Батбаяр, Ц.Баярсайхан, Лу.Гантөмөр, Д.Зоригт, С.Ламбаа нарын зургаан гишүүнтэй бол Зүүн хойд Ази буюу аль нэг фракцийн нэгдлээс ангид гишүүдэд Э.Бат-Үүл, Лу.Болд, Л.Гүндалай нар орж байна.
Улс төрийн хүрээнийхний хэлж буйгаар эдүгээ АН-д “хувьсгал” хийж болзошгүй “Ардчилсан хүчний холбоо”- нд дээрх фракцуудын төлөөлөл бүгд оржээ. Уг холбоонд одоогоор УИХ-ын 14 гишүүн нэгдээд байгаа юм байна. Тухайлбал, З.Энхболд, С.Эрдэнэ, Д.Одхүү, Д.Зоригт, Д.Ганхуяг, Лу.Гантөмөр, Л.Болд, Г.Баярсайхан, Х.Баттулга, Н.Батбаяр, Р.Амаржаргал нар юм. Харин Х.Тэмүүжин, С.Ламбаа, Ц.Баярсайхан нар одоогоор албан ёсоор гишүүнчлэлд ороогүй аж. Энэ холбоо зөвхөн нийслэлээр хязгаарлахгүйгээр үйл ажиллагаагаа улс даяар явуулж, хөдөө орон нутагт салбар хороодоо байгуулж байгаа. Энэ тохиолдолд төв намтайгаа зэрэгцэхүйц лидер дагасан улс төрийн том хүчин болох магадлал бий.
Тиймээс хүчирхэгжсэн тохиолдолд АН-ын хамгийн эрх мэдэл бүхий фракц гэгддэг “Алтангадас”-ыг МАХН-тай үүрд хамтад нь үлдээнэ гэсэн ажиглагчдын таамаг, хардалтыг ойшоохгүй байхын аргагүй юм. 2008 оны Парламент байгуулагдахад “Алтангадас” фракц АН-д давуу эрхтэй байсан бол “Ардчилсан хүчний холбоо” байгуулагдсанаар 20 жилийн өмнөх улс төрийн холбоодыг дахин нэгтгэж улс төрийн үзлийн баруун чигт явж байна гэж ажиглагчид үзэж байна. Харин “Амлалт нэхэх хөдөлгөөн” нь бас л Парламент дахь АН-ын нэр бүхий гишүүдээс үүсэлтэй. Хамтарсан Засгийн газар байгуулагдах үед АН-ын хэсэг нөхөд ард түмэнд амласан Эрдэнийн хувь хишгээ өгөхийг шаардаж, фракц үүсгэж байсан. Амлалтаа биелүүлж чадахгүй бол хамтарсан Засгийн газрыг орон зайгаа тавь хэмээн шаардаж байсан.
Харин тэдний энэ шаардлагыг одоо “Амлалт нэхэх хөдөлгөөн”-ийхөн үргэлжлүүлж буй. “Эрдэнийн хувь” бүлгийг зохион байгуулж асан Р.Амаржаргал гишүүн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Энэ асуудлыг анх хөндөж тавьснаараа УИХ дахь 15 гишүүн уг хөдөлгөөнд зохиогчийн эрхтэй оролцох байх гэж бодож байна” хэмээн хэлжээ. Мөн “Иргэний хөдөлгөөнүүдийн нэгдсэн холбоо”-г ч АН-аас салангид үзэж болохгүй. Тус холбоог тэргүүлж буй Ж.Батзандан, О.Магнай нар хамгаалуулахын тулд нэгэн цагт энэ намын батлахыг өвөртөлсөн гэдгийг сануулахад илүүдэхгүй биз ээ. Энэ бүгдээс үзвэл АН-д талцаж, задрах эсвэл “хувьсгал”-ын хэмжээний шинэчлэл хийх тохироо ямар нэгэн байдлаар бүрдэж эхэлсэн бололтой.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.