Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Арабын ертөнц хөдөлгөөнд орлоо

 Хойд Африкийн аялал жуулчлын гол бүс, 10 гаруй сая хүнтэй Тунист нэгэн эр өөрийгөө шатааснаас бүх юм эхлэв. 23 орныг нэгтгэсэн, өөрийн өвөрмөц заншил, шашин, соёл бүхий Арабын ертөнц донслоход хүрлээ. Одоогийн байдлаар Алжир, Бахрейн, Йемен, Иордан, Ливан, Тунис, Египетэд улс төрийн байдал тогтворгүй байна. Нэг удирдагчийн дэглэмд олон жил нухлуулсан ард түмнүүдэд Тунисийн хувьсгал сайхан жишээ болж, эсэргүүцлийн жагсаал тэнд тэндгүй гарч байна. Бүр наашлаад Иран, Туркийн эрх баригчид ч сэрэмжилж эхэллээ.

Умард Африк, Ойрхи Дорнод, Арабыг хамарсан хувьсгалыг ажиглагчид “түүхэн” хэмээн онцолж байгаагаас гадна, тус бүсийн нийгэм, улс төр, гадаад бодлого, геополитик, стратегийн ерөнхий чиг төлөвийг өөрчлөх үзэгдэл гэж дүгнэж буй. 30 жил төр барьсан Хосни Мубаракийн хаанчлал дуусгавар болсон ч тэрбээр Цэргийнхэнд эрх мэдлээ шилжүүлэн өглөө. Иргэний, ардчилсан нийгэм шаардан жагссан египетчүүдийн хувьд энэ нь хүсэн хүлээж байсан зүйл нь биш байв.

Ази, Африкийг холбосон гол гарц Суэцийн сувгийг эзэмшдэг Египетэд болж буй үйл явдал энэ хоёр тивийн эдийн засагт ч нөлөөлөх нь дамжиггүй. Арабын орнуудад эрх чөлөө хэрэгтэй юү? Хэрэгтэй, энд зөвхөн Египет, Тунис, Алжир гэж онцлох шаардлагагүй. Ард түмнийхээ хүсэл, эрмэлзлийг сонсдог, үг хэлэх, хэвлэлийн эрх чөлөөгөө эдлэхийг нь хааж боодоггүй, хүчтэй сөрөг хүчин бүхий тийм засаглал аль ч улс оронд хэрэгтэй гэдэгтэй хэн ч санал нийлнэ. Харин Арабын ертөнц бол арай өөр. Иргэншил, түүх, соёлоороо ойролцоо, нэг шашинтай, тиймдээ ч ертөнцийг үзэх үзэл ижил энэ ард түмнүүдийг хатуу гараар, олон жил нэг удирдагч захирсаар ирсэн нь ч тохиолдол бус. Лалынхан ардчилалд бэлэн үү?

Глобализмын эсрэг национализм

Даяаршиж буй дэлхийд өөрийн хэл соёл, шашнаа аваад үлдчих гэсэн эрмэлзэл Арабын улсуудад бүгдэд нь бий. Америк мөрөөдлөөр жигүүрлэж, тансаг амьдрахаас илүү уулын мухарт, Аллахдаа залбираад сууж байхыг тэд илүүд үзнэ гээд хэлчихвэл хилсдүүлсэн болохгүй. Тиймдээ ч лалын шашинтнууд глобализмын эсрэг национализм хэмээх зэвсэг бодож олжээ. Тэмцлийн арга нь харин терроризм. Дугуй ширээнд сууж, дипломат маягаар тохиролцохоос илүү буу шийдэм, гар бөмбөгөөр зэвсэглэж, халдлага үйлдэх нь үр дүнтэй гэж үзнэ.

Хамгийн ойрын жишээ бол Чечень. Москва, СанктПетербургт байсхийгээд л гардаг халдлагын дараа “Оросууд биднийг тайван орхи” гэж мэдэгддэг Доку Умаров бол тэдний нэг. Тэгэхээр Арабын ертөнц задарвал тэд Америк, Барууны эсрэг нөгөө л терроризмаараа зэвсэглээд босоод ирж ч мэднэ. Арабын Эмират, Египетэд найр тавьдаг Америкийн “заль” тэр үед тус болохгүй ч байж магад.

Тэд ирж Явна…

Дарангуйлагчийг унагалаа, зургаан сар хүлээсний эцэст (жишээлбэл) Засгийн газраа байгууллаа… Тэгээд цаашаа… Энд л асуудлын гол нь байна. Хосни Мубарак огцрохдоо цэргийн эргэлт маягийн юм хийчихлээ. Төр барьж буй Зэвсэг хүчний удирдах зөвлөл сонгууль явуулж, Засгийн газар байгуулахаа түр азнана гэж байна. Энэ завсар “Лалын шашинт ах дүүс” бүлэглэл эрх мэдлийн төлөө тэмцэх нь мэдээж. Сөрөг хүчнийхэн ч гараа хумхиад суухгүй. Бүр тэд тохиролцоонд хүрээд эвслийн Засгийн газар байгууллаа гэж бодъё. Харин ард түмэн үүнд бэлэн байна уу? Хосни Мубаракийн араас дахиад л нэг тиймэрхүү нөхөр гараад ирчихгүй байгаа? Дахиад хүний амь эрсэдсэн хувьсгал хийхгүйн тулд египетчүүд одоо зөв сонголт хийх хэрэгтэй.

В.Путинд анхааруулав

Ираны нийслэл Тегеранд эрх баригчдыг эсэргүүцсэн жагсаал болж, нэг хүн амиа алджээ. Техник, технологийн эрин зуунд хувьсгалд хүртэл интернэтийг ашиглаж болохыг египетчүүд харууллаа. Тахририйн жагсагчид “Facebook”, “Twitter”-ийг ашиглан ард түмнийг тэмцэлд дуудсан. Ираны эрх баригчид Хосни Мубаракийн алдааг давтахгүй нь бололтой, үймээн гарсан эхний өдөр л орон даяар интернэт, гар утас ажиллахгүй болов.

Ираны сөрөг хүчний намын тэргүүн Мехди Кярубигаар ахлуулсан жагсагчид мөн л Ерөнхийлөгчийг огцруулахыг хүсэж буй. Сөрөг хүчнийхнийг нухчин дардаг улс орнууд Тунисийн, Египетийн хувьсгалаас эмээж эхлэв. АНУын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан улстөрч Жон Маккейн “Хосни Мубаракийг огцруулсан явдал Оросын эрх баригчдад анхааруулга болж байна” гэж мэдэгдээд хувьсгалын салхи Ойрхи Дорнодоор зогсохгүй, дундад Азид үлээнэ хэмээжээ.

Манай өмнөд хөрш хамгийн болгоомжтой нь. Хятадын эрх баригчид Арабын орнуудад болж буй үйл явдлын талаар өөрийн орны хэвлэлүүдээр цацахгүй байхыг эрмэлзэж байна. Тэд хэвлэл, мэдээлэлд тусгай цензур тавьж, гаднын цахим хуудсуудыг хязгаарлаж эхэллээ.

Х.ОДОНЧИМЭГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.