Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АН-ын биеэ үнэлэгчид ба МАХН-ын их бага тайз

Хаврын эхэн сарыг угтан бужигнасан улс төрийн амьдрал ээлжит зогсоолдоо зангуу хаяв. Энэхүү түр завсарлага АН-ын удирдах байгууллага дахь хүчний төдийлөн таагүй хуваарилалт, МАХН-ын дарга эх орондоо хөл тавьсан зэрэг тодорхой шалтгааны улмаас бий болсон хүлээлт юм. АН-ын ҮЗХ-ны шинэхэн бүтэц хамтарсан Засгийн газрын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрч, МАХН-д сүүлийн саруудад бий болсон ойлгомжгүй уур амьсгал, эрх мэдлийн эндүү талцал цаг хугацааны эрхээр уужим амьсгаа авахыг сануулсан хэрэг. Чухам энэхүү амьсгаа дарсан завсарлага хамтын хүчээр байгуулан, өнөөдрийг хүртэл амжилт, алдаа онооны түүхээ хамтран бичиглэсэн хамтарсан Засгийн газрын тогтвортой байдалд МАХН, АН-ын овилгогүй бүлгийнхний хэн нь түрүүлж халдах вэ гэсэн сонголт ч байж болох.


МҮДН-ЧҮҮД “БИЕЭ ҮНЭЛЭХ” ҮҮ?
Яг ийм асуулт хамтарсан Засгийн газар байгуулаг дахын өмнөхөн, АНын даргад Н.Алтанхуяг З.Энхболд нар өрсөлдөж байх үед тавигдаж байсан билээ. Тухайн үед АН-ын ҮЗХнд тодорхой жин дарж, 50 орчим суудал эзэлдэг МҮДН гаралтай фракцынхан хаашаа хэлбэлзэнэ, тэр талын шийдвэр илүү бодитой болох нөхцөл бүрдээд байсныг сануулах юун. МҮДН буюу мүднякууд хамтарсан Засгийн газар байгуулахыг дэмжсэн явдал Н.Алтанхуягт хүч нэмэрлэсэн гэж хэлж болно. Саяхан болж өнгөрсөн АН-ын ҮЗХ-ны ротацийн сонгууль мүднякуудад мөн ийм сонголтыг тулгалаа.
Эдүгээ ҮЗХ-ны 228 гишүүний 90 орчим нь З.Энхболдын Ардчилсан хүчний холбоонд харьяалагдаж, 60 нь МҮДН-ын эгнээг бэхжүүлж, үлдсэн хэсэг нь МоАХ, “Алтангадас”-ын угшилтай гишүүдэд оногдож байна. Хүчний эл хуваарилалт АН-ын ҮЗХ хамтарсан Засгийн газрын эсрэг, Н.Алтанхуягийг огцруулахын төлөө “сэлэм эргүүлэхэд” бэлэн болсныг сануулж буй нь нууц биш. Өөрөөр хэлбэл, мөнөөх л МҮДН угшилтай гишүүд Ардчилсан хүчний холбоог дэмжих үү, МоАХ, “Алтангадас”-ын талд гар өргөх үү гэдгээс АН-ын бодлого, улмаар хамтарсан Засгийн газрын хувь заяа шийдэгдэх болчихоод байгаа юм. Үүний цаана тус намын даргын ширээ сандлын асуудал сөхөгдөж байгаа нь мэдээж.


Х.БАТТУЛГА, ЛУ.БОЛД НАР ЗҮГЭЭР СУУХГҮЙ
 Н.Энхбаярын захиалгын хүн гэх тоддотголыг авсан С.Эрдэнэ юутай ч АН-ыг ийнхүү бужигнуулж, ҮЗХ-ны хүчний хуваарилалтыг өөрийн хүссэнээр өөрчилж дөнгөлөө. Түүний энэ алхамд З.Энхболд жийрэг болж, АНын генсек Д.Эрдэнэбат гишгүүр нь болсон талаар тус намынхан шуугиж байна. Намынхандаа нэр хүнд муутай С.Эрдэнэ хэрэв Ардчилсан хүчний холбоог зарлан анхдугаар их хурлаа зохион байгуулсан бол олны дэмжлэг хүлээх нь юу л бол. Тиймээс ч З.Энхболд, Р.Амаржаргал нарын байр суурийг ашиглан тус холбоог байгуулж, санасандаа нэг алхам дөхсөн гэх бөгөөд дараагийн удаад генсек Д.Эрдэнэбатад “түлхүүр тааруулсан” талаар эх сурвалж ам алдаж буй. Д.Эрдэнэбатын ил, далд тусламжтайгаар Хан-Уул, Баянзүрх болон Дарханы намын хороог хоёр хуваан талцуулж, ҮЗХ-ны ротацид О.Магнай, Ж.Батзандан нарын өөрийн гарын хүмүүсийг шургалуулсан нь “Женко” Х.Баттулга, Лу.Болд нарын анхаарлын гадна үлдсэнгүй. ҮЗХ-ны ротацийн үеэр өөрсдийг нь шударга бус байдлаар мөргөн унагасан явдалд Х.Баттулга, Лу.Болд, Х.Тэмүүжин нар ихэд дургүйцсэнийг бид мэднэ. Дургүйцээд ч зогсохгүй Н.Энхбаяраас улбаатай гэх, С.Эрдэнийн арга барилаар өрнөж буй эл “өнгө, мөнгөний” хувьсгалыг таслан зогсоохоор хүч тавьж эхэлжээ. Үүний цаана Нийслэлийн АН-ын хорооны даргын суудлаас С.Эрдэнийг түлхэх, улмаар түүний гар хөл болсон гэх генсек Д.Эрдэнэбатын албан тушаалын асуудлыг ч мөн сөхөх бололтой. АН-ын ҮЗХ-ны ротаци ийнхүү араасаа анхаарал татсан асуултууд дагуулах болов. Энэ мэтийн “цэвэрлэгээнээс” гадна “МҮДН-чүүд хамтарсан Засгийн газрыг дэмжсэн хэвээрээ юү?” гэсэн асуулт гарч ирж байна.


“ФОРТУНА” Н.БАТБАЯРЫН ДАРАГДДАГГҮЙ АМБИЦ

Аль нэг Засгийн газар огцорч, нөгөөх нь байгуулагдах тоолонд сайд болох хүслээ шуудхан илэрхийлж, фракц дамжин албан тушаалын аман наймаанд морддог хүн бол “Фортуна” Н.Батбаяр. Тэрбээр С.Баяр, Н.Алтанхуяг нарын хамтарсан Засгийн газар байгуулагдах үед Сангийн сайд болно хэмээн сэрүүн зүүдэлж, МҮДН-чүүдийн нүүрийг түлж байсан билээ. Түүгээр ч зогсохгүй энэ хүслээ намын даргадаа хэлж, мүднякуудын нэрийн өмнөөс “бойкотлож” байсан гэдэг. “Фортуна” Н.Батбаярын энэ мэтийн амбицийн буянаар МҮДН фракцынхан хоёр ч сайдын суудлаа алдсан гэсэн мэдээ байдаг. Эдүгээ АН-д өрнөж буй С.Эрдэнийн дэгдээсэн түймрийн галыг “Фортуна” Батбаяр улам бүр өрдөн шатааж, өөрөөсөө бусдын сандал ширээнд шүдэнз зураад амжсан юм байх. Намба суусан ч амбицаа барьж сураагүй АН-ын ахмад улстөрчдийн энэ мэтийн үйлдэл О.Магнай, Ж.Батзандан нарын “бацаануудыг” ҮЗХ-ндоо залж, гудамжны хувьсгалыг АН-аар овоглоход хүргэж буй юм. Тодруулж хэлбэл, Н.Энхбаяр, С.Эрдэнэ нарын том эрх ашгийн нөмөрт “Фортуна” Батбаяр нарын амбицтай гишүүдийн жижиг эрх ашиг цэцэглэж, АН талцахдаа тулав. Н.Алтанхуягийн үед ардчилсан Ерөнхийлөгч төрүүлсэн энэ нам хэр удаан хөлөө жийлцэхийг ҮЗХ-ны хурал шийднэ.


МАХН-ЫН ИХ, БАГА ТАЙЗ

АН-ынхан ийнхүү намба алдаж байх зуур МАХН нэг хэсэгтээ бужигнав. С.Баярын эзгүйд, С.Батболдын ар хударгаар Н.Энхбаярын тоглоомын дүрмээр өвчилсөн хэсэг бүлэг бий. Намын боловсон хүчний бодлого нэрээр Ерөнхий сайд С.Батболдын эрх мэдлийг хязгаарлахаар оролдож, улмаар намын даргын суудалд санаархаж асан нэр бүхий нөхөд ч бий. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаярын том эрх ашгийн хөлд МАХН нэг хэсэгтээ хөлөө олохгүй хөрвөөв. Сиймхийг ашиглан албан тушаал ахих, сайдын суудалд дөрөөлөх хүсэлтэй залуус жижиг эрх ашигтаа захирагдан томчуудын дайны хөлд дажин зарлаж баахан давхив. МАХН-ынхан энд тэнд, эрээвэр хураавар байдлаар уулзан хошуу холбож байгаа сураг сарын турш тасарсангүй. МАХН-ын их, бага тайз байнгын үзвэртэй байсан гэсэн үг. Гэвч эл ойлгомжгүй байдал эдүгээ цэгцрэх нь. УИХ-ын дарга, МАХН-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн суудалд тасралтгүй 10 гаруй жил шалтгаалан хойшлох нь. ҮЗХ-ны үеэр Ардчилсан хүчний холбооны нэрээр, мүднякуудын хүчээр сэлэм эргүүлж хувьсгал хийн, намын даргаа огцруулж, улмаар хамтарсан Засгийн газарт халдахаар санаархаж буй АН-ын хэсэг бүлгийнхний сонирхол 2012 оныг чиглэж буй гэх. Хамтарсан Засгийн газрыг татан унагаж, сөрөг хүчний байр суурийг сахиснаар АН 2012 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулна гэж ямар зайран нь айлдсан юм бүү мэд. Сэлэм эргүүлэхдээ тулахын цагт АН-ынхан асуудалд хэтэрхий өрөөсгөл хандсанаа ухаарсан гэсэн мэдээ байгаа юм. Хамтарсан Засгийн газраар тоглох нь ханилж яваад нөхрөө, унаж яваад морио хаяхын үлгэр болж, АНын нэр хүндэд муугаар нөлөөлөхийг зарим гол тоглогчид олж харсан гэлцэж байна. Тиймээс ч “МАХНынхан өөрсдөө эхэлж хөдлөн, барьсан байшингаа нураахыг хүлээе” гэлцэх болжээ. Н.Энхбаярын захиалгын хүн гэх С.Эрдэнэ эдүгээ З.Энхболдын гараар Ардчилсан хүчний холбоог байгуулан, Д.Эрдэнэбатын гараар ҮЗХ-нд нөлөө бүхий байр суурь эзлэн, О.Магнай, Ж.Батзандан нарыг ашиглан Н.Алтанхуягийг огцруулж, хамтарсан Засгийн газраар сор залахад ойрхон ирсэн. Гэвч энэ нь АН-ын нийтлэг эрх ашиг, нэр хүндийг золиослосон болчимгүй алхам байсан гэдгийг тулхтай улстөрчид тунгаан шүүж эхэлжээ.


ХУВЬСГАЛААС ХУВЬСГАЛЫН ХООРОНД…
Улс төрийн амьдрал энэ мэтийн учир шалтгааны улмаас түр завсарлага аваад байна. МАХН нээрэн барьсан байшингаа өөрсдөө түймэрдэх үү? Ардчилсан хүчний холбоо АН-ын даргыг огцруулах уу? МАХН, АН хоёрын аль нь түрүүлж ханилсан нөхөр, унасан унаагаа хаях вэ? Энэ асуултуудын хариулт Монголын улс төрд Н.Энхбаяраар овоглосон шинэ нам байгуулагдах, үгүйг шийдэх магадлалтай. Энэ утгаараа улс төр дэх эрх мэдлийн хуваарилалт, ноёрхсон Н.Энхбаярын танил тоглолт, дасал болсон хор найруулгын эсрэг МАХН-ынхан жижиг эрх ашгаа огоорон, хүчээ нэгтгэхээр нуувчиндаа бүгсэн нь энэ. Иргэн Н.Энхбаярын улс төр, бизнесийн салбарт зэрэг зэрэг эхлүүлэхээр санаархаж буй гэх том нүүдлийн буух буудал нь энэ удаа МАХН лав болохгүй бололтой. “Манай Н.Энхбаяр тийм мундаг юм бол Монголоос хальж, дэлхийд нэрээ гаргамаар юм” гэсэн яриа энэ намд эвтэйхэн тэнүүчилж явна.


ХАНИЛЖ ЯВААД НӨХРӨӨ, УНАЖ ЯВААД МОРИО…
Ямартай ч АН-ын ҮЗХ-ны хурал Н.Алтанхуягийн биеийн байдлаас бизнес бүлэглэлийнхний ашиг сонирхол, Оюутолгойгоос эхэлж, Тавантолгойгоор өртөөлж буй ашигт малтмалын асар их нөөцийн төлөөх тэмцэл хэний гарт шилжих вэ гэдгийг шийдэх өдрүүд үргэлжилж байна. АН-д өрнөсөн зангиатай хувьсгал, МАХН-ын зангиагүй хувьсгал нэг цэгт, нэг хүний ширээн дээр огтлолцож ч болох юм. Тэр үед нөгөө л ирсэн замаараа сурсан дуугаа аялаад буцах уу? Хамтарсан Засгийн газрын хаяаг түшсэн ард түмэн өөрсдийнх нь нэрээр өнгөт хувьсгал хийхээр тэмүүлсэн улстөрчдийн эсрэг дахиад л хувьсгал хийх үү? Хувьсгалаас хувьсгалын хооронд улс орон туйлдаж, улс төр үймж, түмэн олон хилэгнэвэл яана!

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.