Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АН: Төгрөг үнэгүйдсэнээс болж бүтээгдэхүүний үнэ 40 хувиар өссөн

УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн төгрөгийн ханш сүүлийн жилүүдэд хэрхэн унасан, иргэдийн амьдралд энэ нь яаж нөлөөлж байгааг харуулах зорилготойгоор чуулганы танхимд “Монгол Улсын хүн бүр 27 сая төгрөгийн өртэй”, “Тэвчиж болох зардлаа тана” гэх зэргийг бичсэн самбар байршуулж, Төрийн ордонд бүтээгдэхүүн болон ханшийн мэдээллийг тавьсан юм. УИХ-ын гишүүн Ц.Туваан “Төрөөс ирэх онд баримтлах мөнгөний бодлогыг чуулганаар хэлэлцэж байна. Монголбанк төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр бодлого боловсруулах ёстой. Гэтэл өнөөдөр ам.долларын ханш 2860 төгрөгт хүрлээ. “Ногоон”-ы ханш өсөөд, төгрөгийнх сулрах тусам иргэдийн өдөр тутам хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, худалдан авах чадвар нь буурч байгаа. Үүнийг баримттайгаар үзүүлж байна” гэсэн юм. 2016 онд 20 мянган төгрөгөөр худалдаж авдаг байсан бүтээгдэхүүнийг дөрвөн жилийн дараа 40 хувиар өндөр үнээр борлуулж буйг тэд дэлгэн харуулсан байв. Өөрөөр хэлбэл, иргэдийн худалдан авах чадвар энэ хэрээр буурсан аж.

УИХ-аар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж буй бөгөөд үүнд АН-ынхан шүүмжлэлтэй хандаж байлаа. Баялаг бүтээх, ажлын байр нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдээ дэмжих чиглэлд дорвитой төсөв тусгахгүй, халамж олгох, байшин барихад хөрөнгө зарцуулахаар хуваарилж байгааг Ц.Туваан гишүүн шүүмжлэв. Үр ашиггүй зардлаа танаж, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжихэд хангалттай хөрөнгө тусгахыг АН-ын бүлгийн гишүүд шаардаж буй бөгөөд үүнийг эрх баригчид хүлээж авахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжих гэнэ. Мөн төсвийг энэ хэвээр баталбал хуульд нь хориг тавих хүсэлтийг Ерөнхийлөгчид хүргүүлэхээ мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Өнгөрсөн 26 жилийн хугацаанд манай зах зээлд 10.1 их наяд төгрөг эргэлдэж ирсэн. 2016 оноос хойш энэ тоо 22 их наяд төгрөгт хүрчээ. Зах зээлд ийм их хэмжээний мөнгийг огцом нийлүүлснээс төгрөгийн ханш унасан. Монголбанкнаас төгрөгийн ханшийг тогтвортой байлгахын тулд интервенц хийхэд дөрвөн жилийн хугацаанд 8.3 тэрбум ам.доллар зарцуулсан ч үр ашгаа өгсөнгүй. Нөгөөтээгүүр, Монголбанк 5.3 их наяд төгрөгийн үнэт цаас хуримтлуулсан учраас банкууд зээл гаргах эх үүсвэргүй болсон. Түүнээс гадна хугацаа хэтэрсэн зээлийн өр, банкны чанаргүй зээлийн хэмжээ өссөн байна. Энэ бүхэн зөвхөн Монголбанкны асуудал бус, эрх баригчид буруу бодлого хэрэгжүүлсэнтэй холбоотой” гэв.

Бэлтгэсэн: Б.Нандин

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.