Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АН СОНГУУЛЬД ЯЛАГДАХ БЭЛТГЭЛЭЭ БАЗААЖ БАЙНА

АН дээр доргүй будлиантай байна. Саяхан болж өнгөрсөн ҮЗХны ротацийн сонгууль гал дээр тос нэмж орхив. Түүнийг тойрсон маргаан одоо ч дуусаагүй, зарим гишүүнийх нь зарласан улс төрийн суулт өлсгөлөнгийн хэлбэрт шилжих хүртлээ байдал хурцдав. Нийслэлийн Хан-Уул, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт болсон сонгуулийн маргаан оргилдоо хүрч, Үндсэн дүрмийн хорооныхоо шийдвэрийг хүлээж байгаа аж. Тэнд маргааны эцсийн цэгийг тавих учиртай. Гэвч Үндсэн дүрмийн хорооны зургаан гишүүн Н.Алтанхуягийн, С.Эрдэнийн гэж талцсанаас ирц нь бүрдэхээ больжээ.

Ийн АН хямралын эрин үеэ эхлүүлээд байна. Үүнийгээ тэд ардчилал, ил тод байдлын илэрхийлэл гэж буй ч нам доторх хагаралын үр дагавар хамтарсан Засгийн газрын хувь заяанд хар толбо болон үлдэх эрсдэлтэй юм. АН доторх албан тушаал, эрх мэдлийн төлөөх тэмцлийг Хан-Уул дүүрэгт өрнөөд удаж буй намын хорооных нь үйл явдал, үймээн самуунаар нь харуулъя. Энд эрх мэдлийн төлөөх увайгүй явдал эхлээд бараг хоёр он үдлээ. 2008 оны орон нутгийн сонгуулиар тус дүүргийн эрх мэдлийг АН анх удаа авсан юм. 35 суудлын 26-д нь АН, Эх орон нам, ИЗНын эвсэл ялалт байгуулсан. Ингэж “улаан” дүүрэг “цэнхэртсэн” ч увайгүй явдал удалгүй эхэлжээ. Нам, эвслээ үнэмлэхүй ялалтад хүргэсэн АН-ын хорооны дарга Ж.Ганхуяг ном ёсоор Засаг дарга болов.

Гэтэл Ариунболд хэмээх нөхөр хаанаас ч юм гарч ирээд, Засаг даргын суудлаа надад өг, намын тамгаа ч шилжүүл гэсэн шаардлага тавиад эхэлсэн байна. Ариунболд нарын шаардлагаар Засаг дарга Ганхуягт итгэл үзүүлэх эсэх асуудлаар дүүргийн ИТХ хуралдаж, цөөн саналаар Ганхуяг суудалдаа үлдсэн байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар Засаг даргад итгэл үзүүлэх эсэх асуудлыг сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд нэг л удаа хэлэлцэх учиртай гэнэ. Санасандаа хүрээгүй Ариунболд дарга дээрх хуулийг үл хайхран ИТХын хэдэн төлөөлөгчийг цуглуулж, Ганхуягт итгэл үзүүлэх эсэх асуудлаар дахин хуралдаж, өөртөө ашигтай шийдвэр гаргуулж амжив. Түүнийгээ Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярт уламжилж, Ганхуягийг огцруулах шийдвэрт гарын үсэг зуруулж дөнгөжээ. Гэтэл Ариунболд нарын зохион байгуулсан ИТХ-ын тогтоол хууль зүйн үндэслэлгүй байна гэсэн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр яг тэр өдөр нь гарсан байна. Эрх зүйн чадамжийн хувьд шүүхийн шийдвэр нь хотын даргынхаас илүү.

Гэвч шүүхийг хүндэтгэх бодол Ариунболд нарт төрсөнгүй, Хан-Уулын удирдлага, АН-ын хорооны эрх мэдлийг олж авах тэмцлээ үргэлжлүүлсээр иржээ. АН-ын хорооны хуучин байрнаас ялгахын аргагүй шинэ байрыг Ариунболд нар “Нэхмэлийн шар” гэх орон сууцны буланд бариулаад авчээ. Нийслэлийн АН-ын улсын бүртгэлийн гэрчилгээгээр намын тамга хийлгээд тавьчихаж. Уг нь дүүргийн тамгыг дүүргийн намын хорооны улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэж олгодог юм билээ. Намд гишүүн элсүүлэхдээ намын даргын гарын үсэгтэй батлах гардуулдаг аж. Н.Алтанухягийн гарын үсэгтэй батлах Ганхуягт нь байдаг бол “хулхи” дарга Ариунболд С.Эрдэнийн гарын үсэгтэй тамгаар гишүүнчлэлээ өргөжүүлж байгаа юм байна.

Засаг дарга, намын хорооны даргын төлөөх тэмцэлд АН-ын дээд удирдлага ч татагдан оржээ. С.Эрдэнэ Ариунболдыг лообийдож, Ганхуяг нь хууль ёсны хүн гэж Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат нар үзэж байгаа аж. Энэ бүх ороо бусгаа байдал МАХН-д тун ашигтай байх нь мэдээж. Ер нь эцэс төгсгөлгүй энэ маргааны цаад зохион байгуулагч, захиалагч, санхүүжүүлэгч нь МАХН-ынхан гэж хардах хүн ч байна. Ариунболд нь бүр дүүргийн Засаг дарга асан, УИХын гишүүн Д.Загджавын гэр бүлийн хүний хамаатан ч гэх яриа дуулдав. Нэг үе МАХН-ын гишүүн байсан ч гэх. Одоо АН доторх МоАХ бүлэглэлд харьяалагддаг ч Ариунболд МАХН-ын зохион байгуулалт, санхүүжилтээр ажиллаж байна гэж нөгөө тал нь хардах болжээ. Нам нь, байр нь байсаар байтал зэрэгцээд нам байгуулж, байр бариулж байгаа нь халаас хоосон хүний хийх ажил биш нь мэдээж. Хоёр он улирч, дараагийн сонгууль чимээлсэн үед АН-ын доторх энэ тэмцэл маргаан намдаа огтхон ч ашиггүй нь дэндүү ойлгомжтой юм.

Гэтэл эрх мэдлийн төлөөх дуулиан шуугиан хумигдах бус улам дэвэрсээр байгаа аж. Манай сурвалжлагчийн авсан энэ гэрэл зураг нэг байшингийнх биш. Хан-Уул дүүргийн АН-ын хорооны хоёр өөр байрных. Талцсан гишүүд нь тус тусдаа бариулсан байр юм. Түүхэндээ анх удаа ялалт байгуулсан намынхан өөр зуураа эвдрэлцэж байна гэхэд эргэлзмээр. Харин зарим гишүүнийх нь хэлж байгаачлан МАХН тэднийг тоглоомондоо ашиглаж байгаа нь ортой байж мэднэ. Энэ эмгэнэлт жүжиг хэсэгтээ үргэлжлэх нь тодорхой. Харин үр дүнд нь АН-ынхан Хан-Уул дүүрэгт дахиад хэзээ ч ялалт байгуулахгүй гээд хэлчихэд нэг их хол зөрөхгүй л болов уу. Уг нь тэд хүрсэн амжилтаа дараа дараагийн сонгуулиар ахиулахыг зорих ёстой нь мэдээж.

Жирийн гишүүдийн зарим нь албан тушаалын төлөө маргаашаа мартагнан ийн “алалдаж” байхад АН-ын дээд удирдлага хуруугаа ч хөдөлгөхгүй, хумсаа нуусан муур шиг байх нь гайхалтай. Уг нь нам гэж байгаа юм бол МАХН шиг зангарагтай баймаар юм, АН. ХанУулын АН-ынхны хооронд өрнөж буй балай явдал Сонгинохайрхан дүүргийн МАХН-ынхан дунд бас болсон. МАХНын Удирдах зөвлөл нэг өдөр хуралдаад л даруулгагүй гишүүдээ дарж авцгаасан. Энэ бол улс төрийн ардчилал, хариуцлагатай тогтолцооны тод илрэл байв. Гэтэл “ардчилсан” гэх хаягтай АН-д тэр зарчим алдагджээ. Хан-Уулын АН-ын хорооны гишүүдийн маргаан Баянзүрх, Чингэлтэй дүүрэг, ДарханУул аймгийн намынханд халдварласан. Дараагийн сонгуулиар унах нүхээ АНынхан өөрсдөө ухаж, МАХН түүн дээр нь сурмаг тоглож байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.