Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АН дахь ротаци улс төрд ухралт авчрах уу

ХЭН, ХЭНИЙГ ЯМАР ҮНЭЭР ЯЛАВ
Засгийн эрх барилцагч АН-ын дотоод сонгууль буюу Үндэсний зөвлөлдөх хороо, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн гуравны нэгийг шинээр томилж, чөлөөлөх ажил ерөнхийдөө дуусчээ. Монголын хамгийн либерал гэгддэг энэ намын үзэл баримтлалыг эрх ашгийнхаа тусын тулд гуйвуулагч хэсгийнхэн ҮЗХ, ГЗ-ийн саяхан болж өнгөрсөн сонгуулиар ихэд идэвхтэй ажилласан гэлцэнэ. Баянгол дүүрэг, Нийслэлийн АН-ын хорооны даргаар өөрийгөө дархалсан С.Эрдэнэ тэднийг манлайлж, О.Магнай, Ж.Батзандан нар шадар хиа маягаар зорилгоо биелүүлэхэд нь үүрэг хүлээж, тус дэм үзүүлжээ. Болж өнгөрсөн үйл явдал ийм бодлыг нийгмийн олонхид төрүүлээд байгаа юм.
Сонгууль болоод дууссан гэж байгаа ч зарим аймаг, дүүрэгт маргаантай асуудал үлджээ. Мөнгө, төгрөгний гарлага ч чамгүй юм байна. Зодоон цохионы хэрэг ч зарим газар, ол ны нүдэн дээр болоод өнгөрч. Ийм байхад улс төрчдийн лообийгоо хийдэг “VIP” өрөөнд нүднээс далд, чихнээс ангид юм нэлээд болсон байж таарна. Тийм болохоор ҮЗХ, ГЗ-ийн дотоод сонгуультай холбоотойгоор зарга үүсгэж, шүүхээр орох хэрэг нэлээд гарч болзошгүй байгаа аж. Энэ нь ч зөв биз. Тэгэхгүй бол нэгнийгээ барьж аваад цус нөжтэй нь хольчихдог, дараа нь мөнгө төгрөг, албан тушаалаар амаа үдүүлчихдэг явдал энэ нийгэмд амь бөхтэй оршсоор байж мэднэ. Үнэнийг илчилж, танхай улстөрчдийг буруушаахгүй аваас балмад, ойворгон хүмүүс төрийн эрх барихыг үгүйсгэмгүй байна. Нэг намын дотоод “уралдаан” Парламентын сонгууль мэт сүр дуулиантай болж, зодоон цохиондоо хүрсэний шалтгаан юу вэ? АН-ын аймаг, дүүргийн хороо ихэд эрх мэдэлтэй байдагтай энэ нь холбоотой гэнэ. Намын хорооноос дэмжлэг авч чадвал ҮЗХ, ГЗ-ийн гишүүн болох ногоон гэрэл ерөнхийдөө асчихна. Улмаар УИХ-д нэр дэвших, Засгийн газрын бүрэлдэхүүнд орох “шаанс” бий болоод эхэлнэ. Ийм л учраас дүүрэг, аймгийн намын байгууллагад нөлөөлөх нь ашигтай байдаг аж. АН-ын удирдлагын нэгнээс энэ талаар лавлахад “тийм шүү дээ” гэсэн товч, тодорхой хариу хэлж байна лээ. Нөгөө О.Магнай ҮЗХ-ны сонгуулиар Нийс лэлийн Сонгинохайрхан дүүрэгт ялагдаад, аргаа бараад С.Эрдэнийг бараадаад Х.Тэмүүжинг ялаад, Баянгол дүүр гээс “гараад ирлээ”. Х.Тэмүүжин нь О.Магнайгаас хааш хаашаа илүү гэдгийг юманд наанатай, цаанатай ханддаг олон хүн хэлдэг юм билээ. Түүнтэй ижил улс төрийн намтартай Ж.Батзандан Засгийн газрын гишүүн асан, Ерөнхийлөгчийн зөвлөх, улс төрд өөрийн мөртэй П.Цагааныг нэрийг нь татуулаад ҮЗХ-нд сонгогдохоор болжээ. П.Цагаантай тохироо хийгээд шахаа үзүүлсэн байх үндэстэй. Нэртэй улстөрч агсны хүүг өөртэй нь хүчтэй өрсөлдлөө гээд Дундговийн намын дарга Л.Данзанноров гэгч нүдчихжээ. Х.Баттулга ГЗ-ийн гишүүний төлөө өрсөлдөөд С.Одонтуяа гэдэг хүүхэнд далаараа тавиулчихлаа гэхэд улс төрийн хүрээнийнхэн ихэд гайхаж байсан. “Женко”- гийн эсрэг С.Эрдэнэ тэргүүтэн шаргуу ажилласны “баримт” энэ болов уу. ҮЗХ-ны сонгуультай холбоотой наад захын жишээ дурдахад ийм байгаа юм. Хэнийг хэн ялаад гараад ирэв, ялахын тулд ямар үнэ төлөв гэдэг асуудал одоо нэгэнт тодорхой болов. Зөөлнөөр хэлбэл ҮЗХ, ГЗ-ийн сонгууль будилаантай, будаан дээрээ зодоонтой болж өнгөрлөө.

ХАМТАРСАН ЗАСАГТАЙ БАЙХ, ХАЛЗ ТУЛААНД ОРОХ ЭСЭХИЙГ ҮЗХ ШИЙДНЭ
Барууны хүчний холбоогоор овоглосон С.Эрдэнэ, О.Магнай, Ж.Батзандан нарын тунхаглаж, ухуулж байгаа зүйл нь хамтарсан Засгийн газрыг хөрснөөс нь арчих явдал юм байх. Индэрт ил зогсоо нь энэ хэд болохоос ард нь чамгүй хүч хуримтлаад байгаа бололтой. Тэдний чичлүүр Н.Алтанхуяг руу илүүтэй чиглэх байх. Намынх нь дүрмээр бол өөрөө өргөдлөө өгсөн, төрийн албанд ажиллахаар болсон, шүүхийн шийдвэр зэргийг үндэслэж намын даргыг ҮЗХ-ны хурлаар чөлөөлдөг ёстой юм байна. Шинээр сонгогдсон гишүүдийг баталгаажуулах ҮЗХ-ны хурал МАХНын Бага хурлын дараа болох сурагтай. Тэр хурал дээр намын даргын улс төрийн илтгэлийг сонсож таарна. Түүний хэлэх гол санаа ойлгомжтой. Хамтарсан Засгийн газар тогтвортой ажиллахын чухлыг, бие биедээ саад тээг болоогүй байгаа дээрээ том хөдлөхийн ач тусыг Н.Алтанхуяг төдийгүй УИХ, Засгийн газарт ажиллаж байгаа гишүүд нь учирлах биз. Эсрэг талд нь нөгөө хүмүүс зогсож хутган үймүүлж, холион бантан дэгдээх нь ойлгомжтой болж байна. Хамтарсан Засгийн газраас гарч чадахгүй бол намын удирдлагаа огцор ч гэж мэднэ. Гэхдээ ийм юм болохгүй байх, ҮЗХ-ны олонх тэгж жижигхээн эрх ашгийн төлөө далдаганахгүй байх хэмээн удирдлага нь найдаж байгаа бололтой юм билээ. Ийн АН-ын хэсэг нөхөд гал өрдөж эхлэв. Утаа уугиулах, урвуу санааг ужгирахаас нь өмнө дарж авах эсэхийг ҮЗХ-ны олонх шийдэх хэрэгтэй болж байна. Хамтарсан Засгийн газраас гаргаж байгаа шийдвэр, түүний үр дүн удаан байна гэх шүүмжлэл бийг үгүйсгэхгүй. Тийм ч байж мэднэ. Гадна, дотнын том, жижиг эрх ашгийн өмнө тэд урьдынхаасаа илүү хүчээр зогсож байгаа нь үнэн. Идэвхтэй сөрөг хүчний үүрэг үгүйлэгддэг нь ортой. Гэхдээ, харийнхны сонирхол хүчтэй өнгөлзсөн өнөөгийн цагт хамтрахаас илүү хувилбар монголчуудад үгүй билээ. АН дахь ротаци улс төрд ухралт авчрах эсэхийн хариу ирэх сард тодорхой болох юм байна.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.