Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АН“ТҮҮХЭН СОНГОЛТЫГ” ТҮҮХИЙРҮҮЛЛЭЭ

 Хамтарсан Засгийн газрын сүүлэн дээр АН хутга тавилаа. Тус намын Гүйцэтгэх зөвлөл уржигдар орой хуралдаад хамтарсан Засгийн газраас гарах шийдвэр гаргасан байна. Бүрэн эрхийн хугацаа нь дуусахад зургаан сарын хугацаа л үлдээд байхад ийм шийдвэр гаргасан нь гурван жил гаруйн турш хураан хуримтлуулж, бараг анх удаагаа МАН-ынхтай тэнцүүлсэн, зарим талаар илүү гаргасан байж болох рейтинг, нэр хүндээ шавартай хутгаж орхив. Харин хамтарсан Засгийн газарт орохыг анхнаас нь эсэргүүцсэн АН-ын гишүүдийн хувьд туйлын хүсэл нь биелэв. Зарим нь ч бүр намын даргадаа баяр хүргэжээ. Улс төрийн ийм шийдвэрийнхээ талаар АН-ын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ дахь бүлгийн дарга Ч.Сайханбилэг нар өчигдөр “4-11” уулзалтын үеэр сэтгүүлчдэд мэдэгдсэн юм. Улс орны том эрх ашгийн төлөө хамтарч Засгийн газар байгуулснаа тунхаглаж, сөрөг хүчний байр суурийг хадгал гэсэн зарим гишүүнийхээ шаардлагыг няцааж байсан намын дарга өөрийн биеэр сууж байгаад тэдний хүслийг бие лүүлэхээ мэдэгдэх нь тэр.

Н.АЛТАНХУЯГ: Түүхэн үүргээ гүйцэтгэлээ, тиймээс Засгийн газраас гарч байна

Ийнхүү нэгэн цагт ширээний ард хамт сууж байж гарын үсгээ зурсан Гэрээгээ зөрчиж, олон түмний дийлэнх олонхийн дэмжлэгийг хүлээж байсан, Монголын түүхэнд тодоор бичигдэж үлдэх учиртай байсан “Түүхэн сонголт”-ыг түүхийрүүлж орхилоо. АН-ын дарга Н.Алтанхуяг “2008 оны сонгуулийн дараа долдугаар сарын 1-ний үймээн болж, таван хүний амь эрсэдсэн. Үүний дараа улс төр цаашид сөргөлдөөнтэй хэвээр байх уу, яах вэ гэсэн асуулт гарсан. Ингээд улс төрийн тогтвортой байдлыг хангаж, хөгжил цэцэглэлтийн төлөө зүтгэхийн тулд манай ҮЗХ-ноос Засгийн газарт орох шийдвэр гаргасан. Хамтарч ажилласан учир дэлхийг хамарсан эдийн засгийн хямралыг гарз багатай туулж, олон жил дуншсан уул уурхайн томоохон ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гаргаж, үйлдвэрлэлийг дэмжих томоохон ажлыг эхлүүллээ. Засгийн газарт орсноор ногдсон түүхэн үүргээ нэр төртэй, хариуцлагатайгаар биелүүллээ. 2012 оны сонгуульд АН, МАН тусдаа оролцоно. Тус тусын мөрийн хөтөлбөрөө боловсруулна. АН түүхэн үүргээ гүйцэтгэсэн учир хамтарсан Засгийн газраас гарах нь зөв гэж үзлээ” гэсэн юм. Үнэндээ тэд түүхэн үүрэг гүйцэтгэх ёстой боломж, магалгүй 2012 оны сонгуулиар засгийн эрх барих ховор боломжоо үгүй хийснээ анзаарахгүй байгаа бололтой. Ойрын үед тус намын ҮЗХ хуралдаж, эцсийн шийдвэрийг гаргах учиртай. Тиймээс АН-ын удирдлагын хэмжээнд байр сууриа илэрхийлсэн нь энэ гэнэ. Энэ мэдэгдлийг хийх үеэр Төрийн ордны “Б” танхимд АН-ын бүлэг, ажлын хэсгийн бүх ажилтан цугласан байсан юм. Мөн тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат “Энэ шийдвэр АН-д сонгууль эхэлсэн гэдгийг харуулж байна. 2012 онд Монгол Улс ардчилсан засаглалтай болох ёстой. Ард түмнийхээ эсрэг зэвсэг барьдаг засаглалыг ардчилсан гэхгүй. Тиймээс ирэх сонгуульд бид дангаар оролцож, 2012 онд жинхэнэ ардчилсан засаглалтай болохын төлөө ажиллана. Ард түмэн үүнийг хүсэж байна, хэн хийх вэ гэж харж байгаа” гэсэн юм. АН-ын даргаас зарим асуултад хариулт авлаа.

-АН сонгуулийн өмнө Засгийн газраас гарах шийдвэр гаргаснаараа хариуцлагаас бултаж буй хэрэг биш үү?

-Амжилт, алдааны аль алины хариуцлагыг бид хүлээнэ.

-Та Ерөнхий сайдтай энэ асуудлаар ярилцсан уу. АН-ын сайд нар ажлаа өгөхөөр орны хүмүүсийн томилгоог ярих болно байх.

-Мэдээж дуулгасан. Ер нь ч энэ тухай манай хэвлэл мэдээллийнхан гурван жилийн турш дуулгаж байгаа. Манай намын зургаан сайд ажлаа өгөхөөр МАН хүмүүсээ томилох биз. Богино хугацаанд томилгоо хийхэд нь бид хүчин зүтгэнэ. АН бол хийвэл хийдэг эрийн цээнд хүрсэн, хоншоортой нам. -Сонгуулийн дараа “бялуу” хуваах болохоор хамтарчихаад, одоо больж байна. Ирэх дөрвөн жилд танай хоёр нам хамтрах уу? -Хамтарсан Засгийн газарт АН “бялуу” хуваахаас илүү хариуцлага хүлээж ажилласан. Ванга биш дараагийн удаа хамтрах эсэхийг хэлэх боломжгүй. Ер нь хамтрах зүйл дээрээ хамтраад өрсөлдөхдөө өрсөлдөөд явах болно.

С.ТУУЛ

“ГЭРЭЭГ ДАНГААР ЦУЦЛАХЫГ ХОРИГЛОНО”

  Гарман дээр морио сольдоггүй монголчууд ханилж явсан нөхрөө хаясан хүнд заяанаасаа дургүй. Сүүлийн гурван жил, дөрвөн сарын хугацаанд тогтвортой ажиллаж ирсэн Засгийн газарт өчигдөр “цав” суулаа. Хамтарсан засгаас гарах мэдэгдэл хийхийг нийгмийн олонх таашаахгүй гэдгийг АН-ын удирдлага мэдэхийн дээдээр мэдэж байсан ч Н.Алтанхуяг дарга нам дотроо аргагүй хүнд байдалд орсон нь тодорхой болов. “МоАХ”, “Барууны хүчний холбоо”, “Нэг ардчилал” гэх фракцууд нэгдсэнээр “Алтангадас”-ынхан нам дотроо цөөнх болсон бололтой. АНыг хамтарсан Засгийн газраас гаргах зорилгоор ҮЗХ-ндоо олонх болохын төлөө Х.Баттулга, З.Энхболд нар хэдэн сарын өмнөөс ажиллаж эхэллээ гэх мэдээлэл сүүлийн үед тасралтгүй ирэх болсон юм. “Алтан гадас”-аас бас хэдэн хүн урвуулж авсан сурагтай. Ингээд тэд олонх болсон учир сүүлийн хэдэн өдөр намын даргадаа хүчтэй шахалт үзүүлэх болов. Эцсийн эцэст Н.Алтанхуяг Засгийн газраас гарч, Намын дарга хэвээрээ үлдэхээс өөр сонголтгүй болсон байна.

Өчигдөр болсон үйл явдлын оршил ийн өрнөж, мэдэгдэл гаргахад хүргэжээ гэж дүгнэж болохоор байна. Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат, Ч.Сайханбилэг нарын мэдэгдлийг олон нийт тийм ч таатай хүлээж аваагүй нь анзаарагдаж байна. МАН-ын дарга С.Батболд цочирдон хүлээж авснаа хэлэв. Арга ч үгүй байх. Урьд орой нь 2012 оныг Өрхийн хөгжлийг дэмжих жилээр зарласнаа мэдэгдэж, энэ ажлыг хамтарсан Засгийн газар бодит үр дүнд хүргэнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж байсан юм. Н.Алтанхуяг ийм шийдвэр гаргах болсноо намын удирдах байгууллага, УИХ дахь бүлгийн гишүүддээ ч хэлээгүй юм билээ. Гүйцэтгэх зөвлөлийн болоод УИХ-ын гишүүд нь дарга нарыгаа мэдэгдэл хийсний дараа “юм болоод” байгааг ойлгож эхэлжээ.

АН-ын даргын мэдэгдлийг энэ сард болох ҮЗХ-ны хурлаас албан ёсоор баталгаажуулах нь тодорхой болж байна. “УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа сонгууль будилаантай болсон гэдгээс үүдэлтэйгээр долдугаар сарын 1-ний үйл явдал болж таван хүний амь нас үрэгдсэн хар үйл явдал болсон. Үүний дараа Монгол Улс улс төрийн хувьд сөргөлдөөнтэй байдлаар цааш явах юм бол яах вэ гэсэн асуултын тэмдэг дээр очсон. Энэ үед АН тодорхой хэмжээгээр ухаалаг шийдвэр гаргаж, хамтарсан Засгийн газарт орж ард иргэдийнхээ ахуй амьжиргааг дээшлүүлэх, улс төрийн тогтвортой байдлыг хадгалах, Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлтийн төлөө хүчин зүтгэе гэсэн шийдвэрийг ҮЗХ гаргасан” гэж АН-ын дарга тайлбарлаж байна. Тэгвэл 2008 оны есдүгээр сарын 12-ны өдөр байгуулсан таван зүйл, 12 заалт бүхий МАН, АН-ын хамтран ажиллах гэрээг эргэж сөхье л дөө. Гол гэсэн хэсгээс нь иш татан сануулахад илүүдэхгүй байх.

Ерөнхий үндэслэл хэсэгт, ”Ард түмнийхээ аж амьдралыг дээшлүүлж, ядуурлыг бууруулах, үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлж, ажлын байр буй болгох нөхцөлийг бүрдүүлэх, шударга ёс тогтоож, ардчилал, хүний эрхийг хамгаалах, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлэх, авлига, хүнд суртлыг арилгах, ашигт малтмалын орлогоос иргэн бүрт хүртээх чадавх бүхий зах зээлийн зарчимд нийцсэн үсрэнгүй хөгжсөн эдийн засгийг цогцлоон байгуулах зорилгоор 2008-2012 онд хамтран ажиллахаар тохиролцож энэхүү ГЭРЭЭГ байгуулав. Ашигт малтмалын нөөц баялагтаа тулгуурлан улс орноо хурдацтай хөгжүүлэх эдийн засгийн бодит боломжийг ашиглах, хоёр намын 2008 оны УИХ-ын сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгжүүлэх, улс төрийн тогтвортой, тааламжтай нөхцөлийг бүрдүүлэх шаардлага амьдралаас урган гарч байна. Ийм нөхцөлд нам улс төрийн хүчнүүд, түүний дотор ард иргэдийнхээ дийлэнх олонхийн дэмжлэгийг хүлээж УИХ-ыг үндсэнд нь бүрдүүлж байгаа МАН, АН-д өндөр хариуцлага ногдож байна.

Манай хоёр намд улс орон, ард түмний язгуур эрх ашгаас илүү үнэт зүйл байхгүй гэдгийг иш үндэс болгож, хүн ардаа эрүүл саруул, боловсролтой, чинээлэг, аж төрөх нөхцөлийг хангах, улс орноо XXI зуунд үсрэнгүй хөгжүүлэх түүхэн сонголтыг хийлээ” гэсэн байна. “Гэрээний хугацаа 2012 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдах УИХ-ын бүрэн эрх хэрэгжиж эхлэх хүртэл хүчинтэй байна”, “Гэрээг өөрчлөх буюу цуцлах саналыг Удирдах зөвлөл, Гүйцэтгэх зөвлөл тус тус дэмжсэн тохиолдолд авч хэлэлцэнэ”, “Гэрээгээр хүлээсэн үүргээ талууд ноцтой зөрчөөгүй тохиолдолд аль нэг тал нь дангаар цуцлахыг хориглоно” гэсэн зүйл, заалт бас бий. Гэрээнд МАН-ыг төлөөлж, М.Энхболд, Сү.Батболд, Г.Занданшатар, Д.Лүндээжанцан, Э.Мөнх-Очир, Ц.Нямдорж, АН-ыг төлөөлж С.Баярцогт, Н.Батбаяр, Х.Баттулга, Ц.Баярсайхан, Ч.Сайханбилэг, Ц.Сэдванчиг нар гарын үсгээ зуржээ.

С.БАТБОЛД: Ийм шийдвэр гаргасанд харамсаж байна, хамтран ажиллах гэрээгээ нухацтай авч үзнэ

Хамтарсан Засгийн газраас АН гарахаар шийдсэнийг удирдлагууд нь мэдэгдсэний дараа МАН-ынхан түргэн авч, удирдлагууд нь Ерөнхий сайдын өрөөнд хуралдлаа. Үүний дараа Ерөнхий сайд ямар ч асуултад хариулахгүй гэдгээ урьдчилан сануулаад хариу мэдэгдэл хийв. Ирэх оныг өрхийн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж хэвлэлийнхэнтэй уржигдар уулзахдаа Ерөнхий сайд “АН Засгаас гарахгүй” гэсэн итгэлтэй байжээ. Тэгвэл үүний дараа АН-ын дарга Н.Алтанхуяг түүнтэй уулзаж, дээрх шийдвэрээ дуулгасан байна. Тэрбээр хамтарсан Засгийн газрын тэргүүний хувьд өмнөө дэвшүүлсэн зорилт, хийж дуусгах олон ажил бийг сануулж, эхэлснээ хамт дуусгах санал тавьжээ. Энэ талаар Ерөнхий сайд “Гэвч АН-ынхан өнөөдөр хамтарсан Засгийн газраас гарахаа мэдэгджээ.

Нэг талаас ийм шийдвэр гаргасанд нь харамсаж байна. Ханилж яваад нөхрөө, унаж яваад морио гэдэг шиг алхам боллоо гэж улстөрчийн болоод хувь хүнийхээ үүднээс хэлье. 2008 оны сонгуулийн дараа МАН олонх буюу 46 суудал авсан. Гэвч хөгжлийн томоохон асуудлуудыг хамтарч шийдье, эв нэгдэлтэйгээр улс орны том эрх ашгийг авч үзье гээд Засгийн газарт АН-ыг урьсан. АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга 2012 онд ардчилсан засаглал байгуулах нь зөв гэж ярьсанд харамсаж байна. Энэ бол хамгийн ардчилалтай, зөвшилцлийн Засгийн газар. Бид хамтраад тодорхой зорилго дэвшүүлж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Энэ бүхэн маань улс орныг үсрэнгүй хөгжилд хөтөлнө. Хамтарсан Засгийн газар эдийн засгийн хямрал, зуд гэх мэт олон бэрхшээлийг туулж чадсан. Тиймээс ч өнөөдөр эдийн засгийн өсөлт 20 хувьд хүрлээ. Уг нь эхлүүлсэн энэ бүх ажлаа дуустал явах ёстой. Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт 82 хувьтай байгаа. АН-ын ҮЗХгоор эцсийн шийдвэр гаргахдаа нухацтай ярьж, улс төрийн эрх ашгийн өмнө эх орныхоо эрх ашгийг тавина гэж найдаж байна. Бид ч чухам ийм зарчим баримталж ажилласан. Үүнээс гадна хамтарсан Засгийн газрын гэрээ бий. Засгийн газраас гарах болбол хоёр тал зөвшилцөхөөр гэрээнд заасан. Тиймээс гэрээний талаар ч нухацтай авч үзнэ” гэсэн юм.

Н.АЛТАНХУЯГ ДУУГАРАХГҮЙ БОЛ Х.БАТТУЛГА МЭДЭГДЭЛ ХИЙХ БАЙЖЭЭ

Уржигдар, түүний өмнөх өдөр Н.Алтанхуяг дарга нэлээд хүчтэй шахаанд орсон бололтой. Эцэст нь Н.Алтанхуяг, Х.Баттулга, З.Энхболд нар тохиролцжээ. Н.Алтанхуягийг дараагийн сонгууль өнгөртөл намын даргын суудалтай чинь үлдээе гэсэн болзлыг зөвшөөрч, хамтарсан Засгийн газраас гарах мэдэгдэл хийхээр болжээ. Хэрвээ намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ дахь бүлгийн дарга нар мэдэгдэл хийхгүй бол Х.Баттулга мэдэгдэл хийхээр бэлдэж байсан гэнэ.

ТАНХИМЫН САНАЛААР НАМЫН ДАРГАА ОГЦРУУЛАХ УУ

Энэ сарын 21-нд болох ҮЗХны хурлын товыг 11-12-нд болгож нааш нь татаж магадгүй гэнэ. Уг хурлаар АН-ыг Засгийн газраас гаргах асуудлыг нэн түрүүнд шийдэх нь ойлгомжтой. Намын даргыг огцруулах асуудлыг ч танхимаас хэн нэг нь гарган тавьж, хэлэлцэн шийдвэрлэх боломж бас бий гэнэ. ҮЗХ-ны 228 гишүүний 150 орчмыг нь Х.Баттулга, З.Энхболд нар өөртөө нэгтгээд байгаа сураг бий. Намын дараагийн даргын төлөө Х.Баттулга, З.Энхболд нар өрсөлдөхийг эх сурвалж үгүйсгэхгүй байна.

Го.ЭНХТӨР

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.