Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АНАТХ-д УИХ-аас хүргүүлсэн шаардлагын хариу

  АМЛАЛТ НЭХЭХ АРД ТҮМНИЙ ХОЛБОО,
                                      ТУСГААР ТОГТНОЛ ЭВСЭЛ,
                              МИНИЙ МОНГОЛЫН ГАЗАР ШОРОО
                               ХӨДӨЛГӨӨН,  ҮНДЭСНИЙ СОЁМБО 
                                 ХӨДӨЛГӨӨНД

Шаардлагын хариу

Улсын Их Хуралд 2010 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 14 цаг 10 минутад ирүүлсэн ”Шаардлага”-тай танилцаад дараахь хариуг хүргүүлж байна. Үүнд:
Нэг. “Үндсэн хууль болон Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг зөрчиж ард түмнийг төөрөгдүүлэх, хууран мэхлэх замаар засгийн эрхийг авсан … бэлнээр өгөхөөр амласан 1 сая, 1.5 сая төгрөгийн амлалтаа биелүүлэлгүй бултуулж зувчуулж байгаа” гэсний тухайд:
МАХН болон Ардчилсан нам сонгуульд оролцохдоо дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэх, улс орны өмнө тулгамдсан бусад томоохон асуудлыг хамтарч шийдвэрлэх зорилгоор хоёр намын Хамтарсан Засгийн газрыг байгуулан ажиллаж байна. Хамтарсан Засгийн газрын 2008-2012 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт ашигт малтмалын стратегийн болон томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, түүнээс олсон орлогоос Монгол Улсын иргэн бүрт 1.5 сая төгрөгийн хувь, хишиг хүртээх зорилтыг дэвшүүлсэн бөгөөд түүнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэхийг Засгийн газарт даалгасан юм. 
Хууль тогтоомжийн хүрээнд Улсын Их Хурлаас баталсан удирдамж, чиглэлийн дагуу ашигт малтмалын томоохон ордыг ашиглах зорилт хэрэгжиж эхлээд байна. Үүнтэй уялдан Засгийн газраас 2010-2012 онд Монгол Улсын иргэн бүрт хүртээх хувь, хишигийн 1.0 сая төгрөгийг тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх, боловсрол, эрүүл мэнд, орон сууцны эрхийн бичиг олгох, 500.0 мянган төгрөгийг бэлнээр үе шаттайгаар өгөхөөр шийдвэрлэснээ өнгөрсөн 7 хоногт олон нийтэд албан ёсоор мэдэгдээд байна.
Өнөөгийн байдлаар Засгийн газраас эхний ээлжинд 70.0 мянган төгрөгийг иргэддээ өгч, цаашид сонгуулийн үеэр дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг бүрэн ханган биелүүлэхийн төлөө холбогдох судалгаа тооцоог нарийвчлан хийж, эрчимтэй ажиллаж байна.   
Хоёр.“Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр хүчингүй болгосон Үндсэн хуулийн нэмэлтийг баримтлан үйл ажиллагаа явуулсаар байгаа” гэсний тухайд:

Улсын Их Хурал 1999 оны 12 дугаар сард анх удаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд энэ асуудал нь Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу хянагдаж, хүчингүй болсон. Дараа нь Улсын Их Хурал 2000 оны 12 дугаар сард Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг дахин авч хэлэлцэж нийт гишүүдийн дөрөвний гурваас дээш хувийн саналаар баталсан билээ. Үндсэн хуулийн энэхүү нэмэлт, өөрчлөлтийн талаар Үндсэн хуулийн цэцээс ямар нэг шийдвэр гараагүй бөгөөд өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тул шаардлагад дурьдсанчлан “хүчингүй болгосон нэмэлт” гэж үзэх үндэслэлгүй юм.
        Гурав.“Ашигт малтмалын тухай хуулийг Үндсэн хуульд нийцүүлэн өөрчлөх үндсэн үүргээ биелүүлсэнгүй” гэсний тухайд:
        Ашигт малтмалын тухай хуулийг анх 1994 онд баталснаас хойш 11 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, 2 удаа шинэчлэн найруулж мөрдөж байна. Уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно”, 5.5-д “Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно” гэж тус тус заасан. Эдгээр заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэж заасныг зөрчсөн байж болзошгүй гэдэг асуудлыг Үндсэн хуулийн цэц 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр эцэслэн шийдвэрлэж, Үндсэн хууль зөрчөөгүй болохыг тогтоосон юм. Үндсэн хуулийн цэцээс ийнхүү шийдвэрлэсэн хэдий ч энэ нь уг хуулийг өөрчлөхгүй гэсэн үг биш юм. Улсын Их Хурлаас улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн шаардлагыг харгалзан Ашигт малтмалын тухай хуулийг боловсронгуй болгох арга хэмжээг цаашид ч авсаар байх болно.
 Дөрөв.“Улсын Их Хурлын гишүүд сонгогдсон тойрог бүртээ 1 тэрбум, нийт 76 тэрбум төгрөгийг хуваарилж … Үндсэн хууль зөрчлөө” гэсний тухайд:
2010 оны улсын төсвийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэх явцад иргэд сонгогчдын хүсэлт болон орон нутгийн удирдлагаас ирүүлсэн саналыг үндэслэн Улсын Их Хурлын гишүүд бүс, орон нутагт зайлшгүй шаардлагатай гэж үзсэн хөрөнгө оруулалтын тодорхой төсөл, арга хэмжээнүүдийг шийдвэрлүүлэх тухай саналаа бүрэн эрхийнхээ дагуу гаргаж, төсөвт тусгуулсан. Төсвийн хуулийг мөрдөж эхэлснээс хойш тавигдсан зарим асуудал, тухайлбал, өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, амаржих газруудын нөхцөл байдлыг сайжруулах, цалин хөлс, ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, гэр бүл, хүүхдийг дэмжсэн арга хэмжээнд нэмэлт хөрөнгө гаргах зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор Улсын Их Хурлын дарга Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах чиглэлийг Засгийн газарт өгч, Улсын Их Хурлын 2010 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд төсвийн тодотголыг эхний ээлжинд авч хэлэлцэхээр төлөвлөөд байна. “Шаардлага”-д дурдсан асуудал болох орон нутгийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн хөрөнгө оруулалтын жагсаалтыг дахин авч үзэх болно. 
Та бүхний шаардсанчлан, Улсын Их Хурал тарах эсэх тухай асуудал нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэгддэг. Нийт ард түмнийхээ чөлөөт, ардчилсан сонголтоор байгуулагдсан Улсын Их Хурал нь Үндсэн хуулийн бус аргаар тарах эрхгүй болохыг үүгээр уламжилж байна. 

     ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН   БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА                    Ө.ЭНХТҮВШИН
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.