Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Амтат өгөөш Херо Б.Баатар”

2014 оны нэгдүгээр сарыг эргэн саная. МАХН-ын дарга Н.Энхбаяр гэргий О.Цолмонгийнхоо хамтаар “Hero entertainment” студийн бэлтгэдэг “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцов. Улс төрийн зорилготой бус, хувь хүний түүхэн замналыг харуулсан хөрөг нэвтрүүлэг болсныг улс төр судлаачид тухайн үед онцолж байлаа. Гэхдээ л Н.Энхбаяр онцгой зүйл ярьсан. Хүмүүс уярсан, бас итгэсэн. Улмаар олон нийтийн анхаарлын төвд тэр дахин орсон.

Олны итгэлийг шуурга эргүүлэхтэй адил өөр лүүгээ татсан эл ярилцлагын дараа 2016 оны парламентад МАХН илүү олон суудал авч мэдэхээр нөхцөл үндсэндээ үүссэн. “Илүү ихийг ч ярьсан байж мэднэ” гэх хардлага эрх баригч намынхныг зовоож, 2016 оны сонгуулиар байр сууриа алдахгүйн тулд “Hero entertainment” студийг дайлаар мордож, олон нийтэд цацаагүй гэх бичлэгийг олох үүргийг Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурцад даалгасан гэдэг. Б.Хурц ч алба хаагч нарт тусгай үүрэг өгч, гүйцэтгэх ажиллагаа явуулж, эрснээ олжээ. МАН-ынхан бичлэгийг гол хөзрөө болгож, УИХ-ын сонгуулийн өмнө дэлгэсэн.

Тодруулбал, 2016 оны нэгдүгээр сарын 9-нд Н.Энхбаяр, О.Цолмон нарын бичлэгийг олон нийтэд цацав. Ингэж л Н.Энхбаярыг өрсөлдөөний талбараас амархан шахаж гаргасан. Тухайн бичлэгт О.Цолмон “Би Н.Энхбаяраас ч илүү хор найруулж чадна, Сү.Батболд нар миний дэргэд юу ч биш. Ц.Элбэгдорж Н.Энхбаярыг алахаар шийдчихсэн байсан, Бан Ги Мун утасдаж болиулсан…” гэх агуулгатай зүйл ярьсан нь олны гайхширал, дургүйцлийг нэг зэрэг хүргэсэн. Салхи ийн эргэсэн юм. Гол нь хөшигний ардах бичлэгийг “Hero entertainment” студийн найруулагч Б.Баатар задруулсан, худалдсан гэх хардлагууд ар араасаа хөвөрсөн. Нууц бичлэгийг задалснаас хоёр хоногийн дараа “Херо” Б.Баатар “Hero entertainment”-ийн “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хар материал алдагдсан. Энэ бол нарийн зохион байгуулалттай хулгайн хэрэг. Үүнийг тэд эртнээс маш нарийн төлөвлөн хэрэгжүүлжээ. Бид Монголдоо баталгаатайд тооцогдох серверт материалаа хадгалдаг. Цагдаагийн байгууллага, Оюуны өмчийн газарт хандсан. Илрүүлж чадна гэдэгт итгэлтэй байна. Цахим гэмт хэрэг ул мөрөө заавал үлдээдэг. Монголын цагдаа тунгалаг байгаа. Харин Монголын улс төр хамгийн доод түвшиндээ хүрч, бохирджээ” хэмээн “Өнөөдөр” сонины 2016 оны нэгдүгээр сарын 12-ны дугаарт ярилцлага өгсөн удаатай. Өөрөөр хэлбэл, хөшигний ардах ярианы бичлэгийг цацаагүй, харин алдсан буруугаа хүлээж, олон нийтээс уучлал гуйсан.


Яг түүний хэлснээр, Монголын улс төр хамгийн доод түвшиндээ хүрснийг илтгэх бас нэг үйл явдал болсон. Өөрөөр хэлбэл, Б.Хурц нэг удаа Б.Баатарын нууцад халдаж чадсан, хоёр дахиа чадна гэдгээ харуулах шиг болсон. Дахиад л “Херо” шуугиан “тарив”. Тодруулбал, Х.Баттулгын хуурай дүү “Херо” Б.Баатар тухайн үеийн Шадар сайд У.Хүрэлсүхтэй холбоотой, утсаар ярьсан бичлэгийг хэн нэгэн хаанаас ч юм бэ гаргаад ирэв.

Тухайн үед Б.Баатар мөн л мэдэгдэл хийж, “Улс төрийн орчинд ажилладаг хүмүүстэй хамтраад ирэхээр золиослогддог юм байна. Үнэнийг хэлье. Би золиос болсон. Х.Баттулга гэж хүнийг багаасаа мэднэ. Зураач гэдэг утгаар нь хүндэлдэг. Миний хувьд домогт эр хүн” хэмээж байсан. Гэхдээ хэн ч түүнд итгээгүй. Бүгд л Б.Баатарыг Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчийг өвдөг шороодуулсан буруутнаар цоллож, цовдлох нь холгүй элдэвлэж, гутаасан билээ. Ер нь Б.Хурц сонгууль угтан гүйцэтгэх ажиллагаа явуулах бүрдээ “Херо” Б.Баатарыг “Амтат өгөөш”-өө болгож байсан шиг…
Энэ бүхний нууц зах зухаасаа задарч буйг ойрын өдрүүдэд өрнөсөн үйл явдал илтгэх болов уу. Монголдоо төдийгүй дэлхийд данстай тагнуулч Б.Хурц ийнхүү улс төрд орсноор, олон хүний замд “нүх ухаж” өөрөө урагшилж байв. Өдгөө “Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр” гэдэг шиг Б.Хурцын хийсэн бүхэн өөрийнх нь эсрэг нотлох баримт болж байх шиг. Товчхондоо, Б.Баатарын ярьсан зүйл цагийн аясаар батлагдсаар. “Херо” буруугүй ажээ.

8
Зөв, гоёЗөв, гоё
6
ХарамсалтайХарамсалтай
5
Савж уналааСавж уналаа
5
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
4
Хөөрхөн юмХөөрхөн юм
4
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

270 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

270 thoughts on ““Амтат өгөөш Херо Б.Баатар”