Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Амны хаалт л аварна

Манай улсад цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн. Гэсэн ч Засгийн газраас хатуу хөл хорио дахин тогтоолгүй, үйлчилгээний байгууллагуудын цагийн хуваарийг өөрчлөх зэргээр тухайлсан арга хэмжээ авч, ажил, бизнесийг хэвийн явуулах шийдвэр гаргав. Ерөнхийлөгч ч ийм утга бүхий мэдэгдэл хийхдээ иргэдийнхээ ухамсарт найдаж буйгаа дурдсан. Төр, засгийн зүгээс ийм арга хэмжээ авав. Үүнтэй зэрэгцээд бизнесийн байгууллагынхан чангарч эхэлснийг “Алтжин” худалдааны төвийн удирдлага түрээсийн мөнгөө төлөөгүй лангуу түрээслэгчдийнхээ ажлын байрыг лацдаж эхэлснээс харж болно. Халдвар хурдтай тархаж, батлагдсан тохиолдлын хоногийн үзүүлэлт 300-гаас буурахаа больсон энэ үед хаана, хаанаа, хэн хүнгүй ажил, амьдралаа хохирол багатай явуулахад туслах, хамгийн энгийн бөгөөд найдаж болох хамгаалалт нь амны хаалт болоод байна.

Амны хаалтын ач тусыг ойлгодог, бусдаар хэлүүлэх хэрэггүй гэх хүн бий л байх. Гэтэл бодит байдалд хайнга хандсаар. Гудамжинд яваа хүмүүсийн хэдийнх нь нүүр, ам ил байдаг вэ. Зарим нь нүглийн нүдийг гурилаар хуурахтай адил амны хаалтаа чихэндээ углаад, эрүүн доогуураа татаад явдаг. Олуулаа согтуу явдаг нөхөд бол бүр юу ч үгүй харагдах. Гадаа тоглож байгаа хүүхдүүд ч амны хаалтаа эрүүн доогуураа зүүчихсэн инээлдэж, хөөцөлдөж явах. Энд дурдсан хүмүүст шаардлага тавихад муухай харах, зөрүүлж элдвээр хэлэх нь энүүхэнд. Хоорондын зай барих тухайд бүр хэлэх ч юм биш. Зоогийн газар, ресторанууд ширээ хоорондын зай баримтлуулж үйлчилдэг гэх ч үнэн хэрэгтээ хэрэгжүүлдэг нь цөөн. Тэгэхээр өнөөдрийн тухайд Ерөнхийлөгчийн хэлсэн иргэдийнхээ ухамсарт найдах тухай яриа бараг хоосон гэсэн үг.

Ийм нөхцөлд авралын цорын ганц арга байж ч мэдэх амны хаалтад онцгой ач холбогдол өгч мэдээллийг сэргээн хүргэе. Цар тахал дэгдэж эхэлсэн цагаас хойш дэлхийн улс орнууд амны хаалтын тухайд янз бүрийн бодлого баримталж эхэлснийг бид мэднэ. Эцсийн дүнд буюу жил гаруйн хугацаанд болж өнгөрсөн үйл явдлыг хураангуйлан дүгнэхэд ард түмэндээ амны хаалт тогтмол зүүхийг шаардсан улсууд, тэр дундаа Азийн орнуудад өвчлөл эрс бага, харин төр, засгаас нь хүртэл үүний хэрэг байхгүй хэмээн ард олноо төөрөгдүүлж ирсэн газарт өвчлөл их болов. Тухайлбал, Америкт коронавирусээр өвдсөнөөс болж 500 гаруй мянган хүн нас барсан.

Улс орнуудын ард иргэддээ амны хаалт чухал биш гэж хэлж байсан удирдагчид ч “Андуурчээ, амны хаалт зүүгээрэй” гэх лугаа адил дуугарч эхэлсэн. Өнгөрсөн оны тавдугаар сард хэд хэдэн эрдэмтэн хамтарч “Science” сэтгүүлд зөв зохистой үйлдвэрлэсэн буюу шүүлтүүр болон бусад талаар стандарт хангасан амны хаалт зүүх нь маш сайн хамгаалалт болно гэсэн нийтлэл гаргасан. Тэгэхээр өнгөрсөн оны зургадугаар сараас дэлхий нийтээр амны хаалт зүүх болсон гэсэн үг. Тэр болтол цэнхэр гараг даяар хэдий хэрийн вирус тархаж, өнөө хэр устаж үгүй болохгүй зүдрээж байна.

Амны хаалт яагаад чухал вэ. Юуны өмнө шинж тэмдэггүйгээр, эсвэл бага зэргийн зовуурьтайгаар (хамрын ханиад гэж андуурахаар) коронавирус тээгчдээс хамгаална. Мөн вирусийн нягтшил өндөр байх магадлалтай эмнэлэг, нисэх онгоц, ресторан, агааржуулагч муутай олон хүнтэй ямар ч байгууламжид ороход хамгаална. “Аюулгүйн зай” хоёр метр гэх ч энэ нь хангалтгүй үзүүлэлт хэмээн дээрх эрдэмтэд хэлжээ. Яагаад тэр вэ. Хүн хооронд ийм зайтай байхад вирус агаар дуслын замаар халдварлахгүй, өөрөөр хэлбэл, хүрч очихгүй гэж 1930-аад онд эрдэмтэд тогтоосон түүхтэй аж. Гэтэл өдгөө судалгаа хийж, дүгнэлт гаргаж буй эрдэм шинжилгээний ажилтнууд тухайн үед өнөөдрийнх шиг нарийвчлалтай багаж, төхөөрөмж байгаагүй учраас “аюулгүйн зай”-г хоёр метр гэж тогтоожээ, одоо бол тийм биш гэж байна. “Ковид-19”-ийн тухайд ханиах, найтаах төдийд бус, зүгээр л амьсгалахад тархах тул олуул бөөгнөрөхгүй байх, амны хаалт тогтмол зүүхийг чухалчлаад буй. Коронавирусийн тухай хүмүүсийн мэдлэг арвижиж буй ч сануулахад гэмгүй болов уу. 100 микрометрийн хэмжээтэй дусал салхигүй үед гурван метрээс таван секундийн хугацаанд гадаргууд буудаг аж. Харин нэг микрометр хэмжээтэй нь агаарт 12 цагийн турш байдаг тухай “Sience”-д бичжээ. Үүнээс үзэхэд “аюулгүйн зай”-ны тухай ДЭМБ-ын тодорхойлолт ч эргэлзээтэй хэмээн эрдэмтэд үзэж буйгаа илэрхийлсэн. Мөн задгай орон зайд коронавирус байхгүй гэж ойлгон тайвширч болохгүй. Нэг талаас байгалийн хэт ягаан туяа “ажлаа хийж”, “дайсны цэргүүд”-ийг устгах ч зарим дусал тоосны ширхэгт дайгдан хаашаа л бол хааш тэнүүчлэх гэнэ. Амьсгалын замын, агаар дуслын үүсгэгчтэй халдварт өвчний үед тухайлбал, илт ханиаж, найтааж буй өвчтөнийг тусгаарлан, бусдыг аварч ирсэн уламжлалт аргыг “Ковид-19”-ийн үед хэрэглэхэд үр дүн хангалтгүй байгаад гол учир буй. Яагаад гэвэл шинж тэмдэггүйгээр өвчин буюу вирус тээгч дийлэнх нь байх бөгөөд тэдгээрээс халдвар авсан нь хүнд, хөнгөн хэлбэрээр өвчилж, зарим нь хорвоог орхих, төгсөх үгүй нь мэдэгдэхгүй нөхцөл байдал үүссэн билээ. Эрдэмтэд эцэст нь коронавируст олзлогдохгүй байх оновчтой арга бол бусдад тамхины утаа үнэртэхгүй төдий зайд ойртохгүй байх эсвэл амны хаалтыг горимын дагуу тогтмол зүүх хэмээн тодорхойлж.

Манай улсад зарим хүн амны хаалтыг хэрхэн зүүж байгаа тухай эхэнд дурдсан. Цаашид, эрдэмтдийн үзэж буйчлан аврах гол арга болсон амны хаалтыг иргэн бүр зөв, гол нь ухамсар, хариуцлагатайгаар зүүхийн чухлыг ойлгуулах, хүмүүсийн ой тоонд ортол сурталчлах ажлыг чанартай хийх шаардлагатай байна. Энэ үүрэг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд хамаардаг. Тэднийхээс олон нийтийн дунд ухуулан таниулах ажил хийгээгүй, ажилладаггүй гэж хэлэхгүй. Учир нь тус байгууллагаас эрхлэн гаргасан төрөл бүрийн хэвлэмэл бүтээгдэхүүн, видео материалууд байдаг. Ард иргэд тэдгээрээс ойлголт авч, амьдралдаа хэрэгжүүлдэг байх. Гэхдээ халдварын тархалт оргил үедээ гэхээр ихэссэн өнөө цагт контентуудынхаа агуулгыг шинэчилж, шинэ сэргэг мэдээлэл, мэдлэгийг оновчтой өгөх байдлаар бэлтгэж түгээх хэрэгтэй санагдана.

Нэгэн үе амны хаалтын хомсдол үүсээд байсан. Одоо бол элбэг байна. Үндэсний үйлдвэрлэгч цөөн байгууллага эмийн сан, эмнэлгийн байгууллагуудад нийлүүлдэг. Мөн бизнесийнхэн БНХАУ, Турк зэрэг улсаас оруулж ирж байна. Монголын үйлдвэрлэгчид “Монгол Улсад чанарын шаардлага хангаагүй буюу вирус шүүх чадваргүй, өөрөөр хэлбэл, шүүлтүүргүй амны хаалт оруулж ирсээр байна. Тийм учраас иргэд анхаарал болгоомжтой байж, баталгаатай, чанарын шаардлага хангасныг сонгоорой” хэмээн сануулсаар буй.

Амны хаалт чанартай, эсэхийг мэдэх, ялгах боломжгүй бол эмийн сангуудад худалдаж буй үйлдвэрийн бүтээгдэхүүнийг сонгоход хангалттай аж. Үнэ ч боломжийн буюу нэг бүр 350 төгрөг орчим байна. Коронавирус нь дээр дурдсанчлан маш бага хэмжээтэй тул даавуун, нэхмэл эдлэлд шүүгдэхгүй талтай гэдэг. Өөрөөр хэлбэл, вирус чөлөөтэй нэвтэрнэ гэсэн үг. Тийм болохоор зориулалтын материалаар оёсныг хэрэглэх нь тустай.

Манай улс дэлхийн гүрнүүдийн нэгэн адил хүн амаа вакцинжуулж эхэлсэн бөгөөд үр дүн нь хэдхэн сарын дараа харагдах байх. Гагцхүү өдгөө эх сурвалж нь мэдэгдэхгүй нэлэнхүйдээ тархаад буй вирусийг өөртөө болон бусдад халдаахгүйн тулд цаг зав, хөрөнгө ч төдийлөн шаардахгүй амны хаалт зүүх найдвартай аргыг санан санан хэрэглэж, нийгмээрээ эрүүл аж төрөхийн төлөө сэтгэл гаргах түүхэн цаг үе тохиож байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.