Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Америкийн баазыг эсэргүүцэн суулт зарлав

ТОКИО. /СИНЬХУА/. Японы бүс нутагт Америкийн тэнгисийн цэргийн хүчний баазын тоног төхөөрөмжийг нүүлгэн шилжүүлэхийг Окинава мужийн захирагч болон тус мужийн оршин суугчид эсэргүүцэн парламентын ордныхоо гадна суулт зарлажээ.
Окинава мужийн Иомитан тосгоны 90 мянган оршин суугч ням гарагт эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсны дараа суулт зарласан байна. Америкийн тэнгисийн цэргийн “Футемма” агаарын бааз байрлаж буй Окинава мужийн Жинован хотын захирагч Иочи Лха болон Наго хотын захирагч Сусуму Инамине нар энэ суултад оролцжээ. Япон, АНУ-ын Засгийн газар урьд нь тохиролцсон хэлэлцээрийн дагуу Америкийн цэргийн бааз байрладаг бүс нутгийг япончуудын мэдэлд эргүүлэн өгөх үүргээ биелүүлэхгүй байна гэж жагсагчид эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм.
“Япон, АНУ-ын эрх баригчид бааз байгуулсан газрыг эргүүлэн өгөх талаар тохиролцсноос хойш 14 жил өнгөрсөн. Баазын нисэх онгоцны талбай хот төлөвлөлт болон эдийн засгийн хөгжилд саад болж байна” гэж Лха хэлжээ.
1995 онд америк цэрэг орон нутгийн оршин суугч, сурагч охиныг хүчиндсэн хэрэг гарсны дараа Япон, АНУ-ын эрх баригчид Жинова хот дахь “Футемма” цэргийн бааз байрладаг газрыг 5-7 жилийн хугацаанд орон нутгийн оршин суугчдын мэдэлд эргүүлэн өгөхөөр тохиролцжээ. Харин 2006 онд Вашингтон, Токиогийн эрх баригчид Цэргийн хүчний байр суурийн хэлэлцээрийн /СОФА/ хүрээнд “Футемма” баазын агаарын зурвасыг хүн ам цөөн бүс нутаг буюу Наго хот дахь цэргийн бааз руу шилжүүлэхээр тохиролцжээ.
“Бид энэ асуудлаар тун удахгүй эцсийн шийдвэрээ гаргана. 2006 онд байгуулсан “СОФА” хэлэлцээрийн заалтад тавдугаар сард багтаан өөрчлөлт оруулна” гэж Японы Ерөнхий сайд Юкио Хатояма мэдэгдсэн байна. Вашингтоны эрх баригчид энэ хэлэлцээрийн заалтуудын талаар ярилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
С.Отгонбаяр"Монцамэ"

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.