Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АМБААР УХАГЧИД буюу БОХИР УЛС ТӨР

Монголын улс төр бохирдсон тухай амтай бүхэн ярьж байна. Үнэндээ ч үгүй ээ, бохирдоогүй гэж хэлэх хүн олдохгүй. Ямар ч үзэгдэл юмс, үйл ажил үүсэн бий болох нь учир шалтгаантай, бас эзэнтэй. Сайн, саар аль нэгний ард түүнийг төрүүлэгч эзэн байх нь зүй тогтол. Тиймээс бохир улс төрийг Монголд ямар нэг юм буюу хэн нэгэн эзэн бий болгосон байж таарна. Бохир зүйл бохироосоо л төрдөг юм гэсэн. Өөрөөр хэлбэл чандмань эрдэнэ хэмээгч ус уг чанараараа ариун зүйл бөгөөд бохир шороо шавар, болчимгүй хүн түүнийг булингартуулдаг. Сүү өөрөө ээдэх нь үгүй. Сүүний ариун чанарт нян халдвал гашилна. Үүн лугаа улс төр гэдэг зүйлийг хүн буюу улстөрчид ээдүүлэн, гашилгадаг ажээ. Өөрөөр хэлбэл Монголын улс төр бохирдсон нь Монголын бохир улстөрчдөөс шалтгаалсан гэж хэлэх гээд байна л даа. “Улс төрд найз байхгүй”. “Улс төр угаасаа бохир”. “Улс төрийг урваж байж л хийнэ” гэх мэт үг манай улстөрчдийн амны алчуур мэт хэрэглэгддэг нь үүний жишээ. “Улс төрийн мөн чанар бол өрсөлдөгчөө гутаах, гишгэх, замаасаа зайлуулах явдал мөн” гэж тэд арай хэлдэггүй ч, ачир дээрээ үйл ажил нь чухамхүү ийшээ л чиглэж байдаг билээ. Аргаа зөвтгөх гэсэн оролдлого байх л даа. Уг нь мөн чанар гэх мэт томыг ярихаасаа өмнө мөс чанарын тухай яримаар байгаа нь Монголын улс төрд илт анзаарагдах болж. Хүний мөс, жудаг хаана ч байх л ёстой. Жудаг дутсан газар бүхэнд хүн худагт унаж өөрийгөө, өрөөлийг шороотой хутгадаг, баастдаг ажээ. Ойрын үед ийм мундраа хутгаж буй дүр зураг нэн элбэгшив. Нэг намынхан бие биенээ, орлогч нь даргаа, өгсөн нь авснаа ямар харгис, хэрцгийгээр дайран довтолж, хугалж нугалж байна вэ. Хан-Уул дүүргийн Засаг даргаар АН-ын харьяалалтай Ж.Ганхуяг гэж дарга сонгогдсон. 2009 онд болсон орон нутгийн сонгуулиар тус дүүрэгт АН ялсан болохоор дүүргийн засаг захиргааг тэд удирдах нь зүй ёсны хэрэг. Гэтэл Ганхуягийг тамгаа авсны маргаашаас л Б.Ариунболд хэмээх журмын нөхөр нь заргалдаж эхэлсэн. Ганхуягийгаа газар доогуур ортол нь муулж, эцэст нь ИТХ-ын үеэр албан ёсоор огцруулах санал хураалгаж үзэв. Тэд дүүргийнхээ намын байгууллагын удирдагчид нь бололтой юм билээ. АН нь МАХН-ын, МАХН нь АН-ын хүнийг сиймхий л гарвал огцруулчих гээд байдаг дүр зураг одоо өөр тийш эргэж, нам дотроо гэдсэндээ хөлөө хийлцдэг болсны жишээ энэ. Жил гаруйхны өмнө Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Ч.Сайханбаяр, Засаг даргын орлогчоор Р.Хадбаатар нар сонгогдож, хамтраад сайхан ажиллана аа хэмээн тэврэлдэж байв даа. Гэтэл орлогч нь өнгөрсөн нэг жилд даргынхаа амбаарыг ухаж мониторинг хийх ажилд цаг заваа зарсан бололтой. (Амбаар гэдэг үг эсэн бусын эд хогшил агуулах сав гэдгээс гадна бөгс гэсэн шилжмэл утгатай билээ. Бөгс рүү нь өшиглөхийг амбаардах гэнэ) Амбаарыг сайн ухвал юу ч гарч ирж мэднэ. Идэх хоол, өмсөх хувцас, тавих тавилганаас эхлээд эвдэрсэн индүү, хугарсан таяг, хулганын хор ч тэнд байж л байдаг. Орлогч тэндээс овоо юм олжээ. Хуурамч дипломтой гэнэ. Ерөөсөө дээд сургууль төгсөөгүй байх нигууртай гэнэ. Тайлангаа зөв тавьж чаддаггүй гэнэ. Байчихаад компьютерт бичиг баримт шивсэн ажилтны үсгийн дүрмийн алдааг “Энэ хар даа, ямар ч боловсролгүй нь харагдаж байгаа биз” хэмээн ичиглэв. Дашрамд дурдахад төрийн хэл мохож, бичгийн боловсрол гээгдсэн нь манай аль ч шатны төрийн байгууллагын бичиг баримтад нэн тодорхой, замбараа цадигаа нэгэнт алдчихаад байгаа билээ. Л.Амгалан хэмээх бүсгүй Баянгол дүүргийн Засаг дарга болсон. Тамгаа авсных нь маргаашаас улайрсан дайралт гал болон дүрэлзсээр байна. Амгаланг “алаагүй” сонин, телевиз алга. Зарим нь энэ сэдвээр мэргэжив. Энэ дайралтын отрядын дарга, шургуу, дайчин нөхөр бол өмнөх дөрвөн жилд тус дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан П.Цогтбаатар гэнэ. “Амгаланг гутаахуй” хэмээх сэдвээр тэр өвчлөөд байгаагийн шалтгаан нь дахиад дөрвөн жил Засаг даргын суудалд суучих гэтэл нэг бүсгүй хөндөлдсөнд байгаа аж. Улайм цайм уначихаад тахимаа өгөхгүй зогсоод байдаг бөхчүүд хааяа харагддаг. П.Цогтбаатар дарга хэрвээ бөх байсан бол хэзээ ч элэг бүсээ тайлахгүй, уяаг нь бүр төмрөөр хийж, тас зангидан гагначихаад барилдаанаас барилдааны хооронд заргалдаж явах юм байна л даа. Ийм унадаггүй, давдаггүй, бас түрүүлдэггүй бөхтэй бол төр, түмний наадмыг үзэх хүн үгүй болох нь ойлгомжтой. Тэр амбаараа ухсаар л байгаа. Түүний бусдаас ялгаатай нь уйгагүй, тасралтгүй ухдаг, ухах бүртээ нэг юм олдог, олсноо “юм болгодог”-т байгаа юм. Үрчийж хатсан өрөөсөн гутал, өвдөг нь цоороод мартагдсан өмд гээд юу ч байсан “өөд нь татаж” чаддаг “ажилсаг” чанар бол зөвхөн түүнийх. Ер нь Улаанбаатарын МАХН-ынхан ер нь эмэгтэй даргад аллергитай бололтой. 1996 оны сонгуулийн дараа Чингэлтэй дүүргийн Засаг даргаар С.Нармандах хэмээх эмэгтэй ажиллаж байв. “Ардчилсан холбоо” эвсэл засаг барьж байсан үе. Гэтэл гэнэтхэн МАХН-ынхан Нармандах даргаа огцруулах юм болоод бужигнаад явчихав. Бүр саналаа нэгтгэж, ИТХ-ын шийдвэрээ нийслэлийн Засаг даргад өргөн барьсан санагдана. Тэр үеийн хотын Мээр Ж.Наранцацралт МАХН-ынханд “Улаанбаатар есөн дүүрэгтэй. Нэг нь л эмэгтэй даргатай. Найман эрэгтэй даргаа ичээхээр сайн ажиллаж байгаа хүн шүү дээ. Та нар саналаа татаж авбал яасан юм бэ” гээд буцааж байсныг санаж байна. Дараа нь 2004 оны сонгуулийн дараа Сүхбаатар дүүргийн Засаг даргаар Ц.Цогзолмаа (одоогийн нийслэлийн Засаг даргын орлогч) ажилласан. Гэтэл намын нөхөд нь бас нэг ялихгүй шалтгаанаар өөлж, ухсаар байгаад унагачихсан юмдаг. Бүсгүйчүүдээ унагадаг эрчүүдийн ичгүүргүй дайралт Амгаланг ирж мөргөөд байгаа юмдаг уу даа. Баян-Өлгийн Засаг дарга, МАХН-ын С.Хавалын амбаарыг АН-ын Х.Ержан ухаж эхэллээ. Жил гаруйхны өмнө нэг нь аймгийн ИТХ-ын дарга, нөгөө нь Засаг даргын албыг хашиж, гар ганзага нийлж явсан хоёр. Төрийн алба хашиж байгаа хэн боловч намаа хойш тавиад засгийн ажлын төлөө сэтгэл нэгтгэн зүтгэх ёстой л доо. Хавал, Ержан хоёр энэ зарчмаар гайгүй ч ажиллаж байсан байх. Гэтэл гэнэт ухах, ухуулах үйл ажиллагаа өрнөөд эхэлсний цаад санаа нь аймагтаа хоёр нам хамтран засаг барих, цаашлаад Х.Ержан дарга хуучин суудал буюу ИТХ-ын даргын ширээнд буцаж суух явдал гэнэ. Өлгийд болж буй зуд турхан энэ зорилгын дэргэд юу ч биш бололтой. Аймгийн захиргааны өмнө барьсан гэр галтай, тэнд суугчид казтай байгаа учраас малчид түлшгүй, малгүй болж байгаа нь хамаагүй гэнэ. МАХН-ын дарга нарын мөргөлдөөнтэй харьцуулахад Өлгийнхнийг өршөөлд хамруулж болох ганц шалтгаан нь тэнд АН нь МАХН-ынхаа амбаарыг ухаж байгаад оршино. Иймэрхүү жишээ дүүрэг, аймгаас халиад сум, хороо, багт хүртэл түгэн дэлгэрч байгаа бөгөөд халдварт нян нь гахайн ханиадаас хамаагүй хурдтай тархаж, мөддөө тогтворжих шинжгүй, басхүү анагаах вакцин Монголд л лав олдохгүй байгаад гай нь оршиж байгаа юм. Нам нэгтнээ сэм мөргөх дайнд мөнгө, цаг хоёрыг ёстой хайр найргүй цацна. Яасан ч барагддаггүй мөнгө, ямар ч дуусдаггүй өшөө хорсол байдаг юм, бүү мэд. Нэг намынхан дотроо толхилцох нь өрсөлдөгчдөд нь бэлэн зэхсэн зууш болж харагддаг бол эгэл хүмүүсийн нүдэнд ичиг, ичиг байдаг. Энэ бүхний цаана байгаа бас нэгэн толботой тодотгол нь амбаар ухагчид дандаа эрчүүд байгаа явдал. Монгол эр хүнийг тодорхойлох гүдэс гүндүү- гүй, ноён нуруутай, ханилснаа хадардаггүй, хавийнхнаа ичээдэггүй гэх мэт эрхэм шинж чанаруудад тэд огт тохирохгүй. Гараа газарт шүргэсний төлөө “Гурван хөлтэй бөх байдаггүй юм аа. Тахимаа ав. Чи давсан” гээд элэг бүсээ тайлчихдаг эр жинхэнэ эрчүүдийн дунд л байдаг юм. Цогтбаатар дарга шиг далаараа шал арччихаад “би унаагүй” гээд гүрийгээд байдаг хүн бол эр хүн биш. Унаа морь нь эцчихээд ягтаж яваа эрлийн хүнд унаж явсан мориныхоо цулбуурыг атгуулчихаад, эмээлээ үүрээд алхчихдаг хүн эрчүүдийн дотор л байдаг. Ариунболд, Хадбаатар нар шиг дөрөө харшуулж яваа андынхаа олом, жирмийг огтолдог хүнийг эр хүнд огт тооцдоггүй билээ. Иймэрхүү хүмүүсийг адгийн амьтан гэх бөгөөд хэзээ нэгэн цагт, хэн нэгэнд итгэгдэх, алба тушаал хаших, андлан нөхөрлөх боломж бололцоогоо тэд өөрийнхөө гараар арчин устгаж байгаагаа анзаардаггүй бөлгөө. Бохирдсон улс төрийг бохир улстөрчид төрүүлж байгаа тухай эхэнд дурдсан. Тэгвэл бохир улстөрчдийн гал тогоонд жудаггүй эрчүүд зонхилж буй ажээ. Бусдын араас шороо цацдаг, ханцуйндаа хутга нуудаг, адаглаад амбаар ухаад салдаггүй ийм хөгийн эрчүүдээр дүүрсэн Монголын улс төрөөс эхүүн үнэр ханхлах нь аргагүй. Амбаар ухах хообийтой гишүүдээ ядаж нам нь номхруулж, хурууг нь тайрдаггүй юм гэхэд бурууг нь улайлгаж баймаар байна. Тэгэхгүй бол хулгайчийн сэтгэл хэзээ ч ханадаггүй гэдэг билээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.