Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Амай дэлхийн 69 оронд бадарчилж яваад ирлээ

     Одоогоос дөрвөн жил зургаан сарын өмнө эх ор­ныхоо нийслэлээс дэлхийг явганаар бадарчилж той­рохоор гарсан Амай буюу Ж.Золбаяр дэлхийн 69 орны 500 гаруй хот суурингаар зорчсон аян замын тэмдэглэл бүхий үүргэвчээ мориндоо ганзагалан өн­гөр­сөн ням гарагт Сүхбаатарын талбайд хүрэл­цэн ирж аав, ээж, эмээ, анд нөхөд, ахан дүүс монгол зон олонтойгоо мэндчилсэн юм.
Халуунд халж, өлсөж цангаж, өвдөж, зовж, Израиль, Ливаны дайны талбараар болон Аф­рикийн иргэний дайн болж байгаа газруудаар зорчиж, осолдож Монгол хүний тэсвэр тэвчээрийг үзүүлэн эр зориг гарган дэлхийн олон үндэсний аж амьдрал, хэл соёлыг нүдээрээ үзэж явсаар эх орондоо эсэн мэнд, олз омог дүүрэн ирсэн Амайгийн чин сэтгэлийн үгийг та бүхэнд хүргэж байна.
Тэрбээр, “Би эх орондоо ирэх энэ өдрийг тэсэн ядан хүлээж хэлэх үгээ байнга бодож, бэлдэж байсан боловч өнөөдөр яг бүгдийг хэлж чадна гэдэгтээ эргэлзэж байна. Сэтгэл их догдолж байна. Миний нэр Жамбалсүрэн­гийн Золбаяр. Орчин үеийн хөгжмийн урлагт Амай гэдэг нэрээр олон түмэнд танигдсан залуу. Миний бие дэлхийг тойрох төлөвлөгөөг боловсруулж 2005 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатараас гараагаа эхэлж байлаа. Энэ төлөвлөгөө маань нэг хоног, ганц сарын өмнөөс бэлдсэн төлөвлөгөө биш. Харин 15 гаруй жилийн өмнөөс миний хүсч байсан мөрөөдөл, бэлдэж байсан төлөвлөгөөний эцсийн шийдвэр байсан юм.
Амай хэлэхдээ, энэ аяллын гол ач холбогдол нь миний аавын бэлэглэсэн дэлхийн газрын зураг бүхий улс орнуудын тухай өгүүлсэн жижигхэн ном байсан. Ах бид хоёр энэ номтой багаасаа нөхөрлөж, тоглож байсаар дэлхийн улс орнуудыг бараг бүгдийг нь цээжилсэн. Тэгээд би 26 нас хүрээд дэлхийг тойрох аялалд гарахдаа "Хөгжил, түүний нууц гэж юу вэ?" гэдгийг мэдэх зорилт тавьсан. Бид 200 жил Манжийн дарангуйлалд байхдаа маш их хоцрогдсон, 70 жил бид нэлээд өөрчлөгдсөн, сүүлийн 20 жил бид нэлээд төөрсөн. Энэ хоцрогдол, төөрөгдлөөс гарах түлхүүрийг хаанаас олох вэ гэдгийг би бодохдоо хөгжсөн орноос олъё, хөгжлийн түлхүүрийг хайж олохыг зорьсон юм. Тухайн үед ОХУ-аар дамжиж Европ, хойд Америк, Япон, Солонгос, Дундад улс гээд ойролцоогоор 25 орноор хоёр жил аялаад эх орондоо ирнэ гэж бодож гарсан ч өнөөдөр дөрвөн жил  зургаан сар 12 өдөр бадарчилсан байх юм.
Анх дэлхийг тойрно гэж гарч байхад олон хүн надад санаагаа хэлж байсан. Би дэлхийн улс орноор явж үзмээр байна, үзсэн зүйлээ бусадтайгаа хуваалцмаар байна гэхэд олон хүн доог, тохуу болгож байлаа. Яагаад гэвэл өнөөдрийн Монгол Улсын байдал ямар байгааг хүн бүхэн мэдэж байгаа. Манай улс хэдийгээр ардчилсан гэх боловч бид дэлхийгээр чөлөөтэй аялах боломж байхгүй байна. Гэхдээ би хамгийн хүнд хэцүүгээс нь эхэлж зорьсон зорилгодоо хүрнэ. Европт очоод тэндээс цаашаа Америк явах бодол байсан ч миний хайсан асуултын хариулт олдохгүй байсан. Өөрөөр хэлбэл хөгжилтэй оронд бүх юм нь далд болохыг мэдэрсэн. Эдгээр орны хөгжлийн түлхүүр нь юу юм бэ? 700, 500 жил бүр 40, 50-хан жил хөгжсөн эдгээр улсын хөгжлийн нууц түлхүүр хаана байна гэдгийг би ерөөсөө олохгүй байсан. 
Тэгээд хувь заяа гэх үү, хөх тэнгэр гэх үү би Арабын ертөнц рүү яваад орсон. Бид өнөөг хүртэл өөрийн мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийг үнэн зөв иргэддээ хүргэх бодлого байхгүйгээс бусдын мэдээллийг орчуулан хэрэглэдэг. Үүний сөрөг талыг өөрийнхөө биеэр мэдэрсэн. Арабын орнууд руу орохдоо мусульман, /террорист/ алан хядагчдын нутагт явж байна гэж маш түгшиж, айсан. Гэтэл Арабын улс орнуудаар аялахад манай нүүдэлчдийн соёл иргэншилтэй маш төстэй, гайхалтай хүмүүс байсан. Яагаад бид өөрсдийн иргэддээ дэлхийн улс орнуудын тухай, соёл, ёс заншлын талаар зөв мэдээлэл өгдөггүй юм бэ гэж би Сири улсын хилээр орсон шөнөөс бодож эхэлсэн. Турк улсаас Сири улс руу ороход манай найз нар мэйлээр болгоомжтой байгаараа гэж байлаа. Гэтэл Сири, Арабын улсуудад Европын орнуудаас хамаагүй илүү тайван байсан төдийгүй нүүдлийн соёл иргэншил нь яг тэр хэвээрээ огт эвдэгдээгүй, даяарчлагдаагүй байсан. Арабын ертөнцийг танихад мэдээж миний хэлний мэдлэг дутсан. Гэхдээ би хэзээ нэг өдөр эх орондоо ирээд энэ араб соёл, мусульман, христ, еврей соёлуудыг бодит байдлыг монголчууддаа зөв ойлгуулж, энэ жалгын үзлээсээ гарах бодлогыг зөв хийх юм шүү гэсэн зорилгыг өөртөө тавьсан. Бидэнд хорвоо ертөнцийг илүү өргөн, илүү дээрээс харах боломж байна. Гэхдээ бид хуучны тэр хаалтаас гарах хэрэгтэй гэдгийг би ойлгосон. Тэгээд би Иордан улсаас Израилиар дайраад Африк тив рүү орлоо. Энэ тив миний хувьд үл мэдэх ертөнц байсан. Миний англи хэл төдийгүй олон улсын харилцааны мэдлэг ч африкийн соёлыг таних аргагүй байсан. Бадарчлал гэдэг бол буудалд буугаад амраад явах биш, тухайн улс үндэсний хамгийн гүнд нь орж, дотроос нь таньж судлахыг хичээж зорьж ажилласан. Израиль улсаас Арабын улсын виз авч чаддаггүй гэдгийг тухай үед мэдэхгүйгээс болж Египет улсад орсноор тэнд найман сар шахам гацаанд байж харийн, таньж мэдэхгүй хүмүүстэй хамт амьдарсан. Тэгээд би араб хэлээр бага зэрэг ярьж эхэлсэн, араб соёл, сэтгэлгээ, дуу хөгжмийг нь сонсож, араб дууны үгийг нь ойлгохыг хичээсэн. Монгол дуу хөгжим нь байгаль, дэлхий, ээжийгээ магтан дуулдаг шиг араб дуу яг тийм юм билээ. Египет улсад гацаж байхад Израиль, Ливаны дайн болсон. Би энх тайван цагт оршин тогтнож байгаа Монгол Улсын иргэн хүн дайныг огт мэдэхгүй. Гэхдээ би дайн гэж юу байдгийг мэдэх хүсэлдээ хөтлөгдөж би буцаж дайны бүс рүү явсан.
Энэ дайны бүсэд мэдээж үүргэвчтэй залуу явж байхад цэрэг, тагнуулынханд хэд хэдэн удаа шалгуулсан. Тэдэнд өөрийгөө таниулахдаа би тэнгэр бурхан шүтдэг, аль нэг шашин, улс төрийн талыг барихгүй зөвхөн дайны тухай сурвалжилмаар гэж хэлсэн. Тэгээд энэ дайны бүсэд 10 хонохдоо өдөр бүр дунджаар 160-220 удаа бөмбөг унаж байгаа газар ямар байдгийг би тэмдэглэлдээ бичсэн. Энэ бүсэд байхдаа дайн гэж ямар аймшигтай юм, миний эх оронд минь дайн хэзээ ч бүү тохиолдоосой гэж бодсон. Хүмүүс үндсэрхэг, бие биенээ үзэн ядах үзлээсээ татгалзаасай гэсэн үүднээс Монголынхоо хэвлэл мэдээллийнхэнд хандаж энэ дайныг сурвалжилж үзүүлэхийг хүссэн. Харамсалтай нь надаас мөнгө нэхсэн. Би тэндээсээ Африкийн Судан улсад очиход иргэний дайн болж байсан. Африк тивийн 32 орноор зорчихдоо иргэний  5-6 дайны дундуур гарч явсан. Надад буцах хүсэл огт байгаагүй. Миний сэтгэлд ганцхан Монгол гэсэн үг надад эрч хүч өгч байсан. НҮБ-ын хамгаалалтад орж үзлээ, буу тулгуулж үзсэн. Монгол бид дэлхийн улс орнуудыг өөрсдөө мэдэж судлах чухал юм гэдгийг ойлгосон. Олон улс орнуудын хэл соёл, шашныг нь судалж зохих хэмжээнд судалсан боловч нэг л зүйлийг огт бэлтгэлгүй байснаа мэдэрсэн. Тэр бол ганцаардал гэж ямар хэцүү болохыг өөрийн биеэр ойлгосон. Огт танил бус харийн хүмүүстэй хамт хоёр жил гаруй Африкт байж үзлээ. Үнэхээр ганцаардал гэж юу болохыг мэдсэн.
Хөгжил гэж юу юм гэдгийг ойлгож мэдэрсэн. Бид аялахад санхүүгээс эхлээд гадаад харилцааны асуудлаас үүдсэн визийн асуудал гээд олон, олон бэрхшээл байдгийг мэдэрсэн. Гурван жилийн өмнө аялсан Европ тивд буцаад ирэхэд анх үзэж байсан цэвэр цэмцгэр Европ хүмүүс цаг, байр, мөнгөний төлөө л байдаг хүйтэн харилцаа байгааг мэдэрсэн. Харин бидний нүүдлийн соёл иргэншил маань ямар нандин зүйл болохыг ойлгосон. Бид энэ зан заншил, соёлоо, монгол сэтгэлгээгээ хадгалах ёстой гэдгийг сэтгэл зүрхээрээ мэдэрлээ. Надад ярих зүйл маш их байгаа ч одоо бүгдийг ярих боломжгүй. Харин  аян замын туршид үзсэн, харсан, туулсан, судалсан бүхнээ та бүхэнд хүргэх болно. Эцэст нь хэлэхэд хамгийн сайхан орон хаана байна гэвэл, би миний эх орон гэж ам бардам хэлэхийг хүсч байна гэсэн юм.
"Монгол залуустайгаа хамтраад олон сайн үйлс хийж улс орноо сайхан хөгжүүлэх болно гэдгээ ч Монголын ирээдүй хойч үеийнхний бахархал болсон Амай хэлж байсан нь монголчуудын хайр, талархал, бахархалыг төрүүлж, хуран цугларсан олон түмний нижигнэсэн алга ташилт уухайгаараа түүнд урам хайрласан билээ."


Д.Өлзийсайхан "Монцамэ"

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.